Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  ******* тоотод оршин суух,  ******* овогт  ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******/-д холбогдох 

“1,820,170.27 төгрөг гаргуулах, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

“Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, хариуцагч М.*******, гэрч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“....******* миний бие нь Өргөө багийн ******* тоотын хууль ёсны эзэмшигч мөн. Иргэн М.******* нь гэр бүлийн хамт 1999 оноос одоог хүртэл нийт 18 жил Д.******* миний 2 өрөө байранд амьдарч байна. Иргэн Д.******* би 18 жилийн  хугацаанд огт үнэ төлбөр авч байгаагүй. М.*******д дулааны төлбөр барагдуулахыг олон удаа шаардсан боловч огт төлөөгүй, мөн байраа суллаж өгөхийг шаардаж байсан боловч элдэв үг хэл амаар доромжилдог. М.******* нь өөрийн Фэйсбүүк хаягтаа “Өнгөтөд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж зарыг тавьсан байна. М.******* нь М.Сарнайн хамт Д.******* миний өөрийн байр болох ******* тоотын 2 өрөө байрыг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн айлд түрээслүүлсэн байна. Мөн М.******* нь гэр бүлийн хамт 18 жил амьдарсан, мөн үзэмж нь муудаж, амьдрах нөхцөл нь муудсан, байранд засвар хийлгэх шаардлагатай болсон боловч би байрны засварын төлбөр авахгүй, харин дулаанд төлбөртэй, хэрэглээний усны төлбөртэй тул хариуцагч М.*******гаас дулааны төлбөр 1,738,200.85 төгрөг, цэвэр усны төлбөр 81,969.42 төгрөг, бүгд 1,820,170.27 төгрөгийг гаргуулж, мөн байрнаас гаргаж өгнө үү” гэв.

Хариуцагч М.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Д.******* нь миний гэр бүл болох  Д. төрсөн эгч юм. Д. бид  1996 онд гэр бүл болсон.  Одоо 10-19 насны 2 хүүхдийн хамт  амьдардаг. 1996 онд Д. нь эгч *******тайгаа тохиролцож ******* Дархан сум, ******* тоот хашаа байшин барьж өгч одоо амьдарч байгаа энэ байраа *******ас авч орсон.

Тухайн үед нөхрийн маань төрсөн эгч болохоор гэрээ ордероо дараа нь нэр дээрээ шилжүүлж авна гээд л орхисон. Бид 20 жил энэ байранд амьдарч байна. Энэ хугацаанд байрны талаар ямар ч яриа маргаан гарч байгаагүй. Нөхөр Д. сүүлийн 5 жил  Баянхонгорт ажиллаж ирэн очин байсан.  Тэгээд сүүлийн жил гэртээ ирэхээ больсон. Дам сураг сонсоход  Баянхонгорт гэр бүлтэй болсон байсан.

Энэ байдлыг ашиглаж   бидний энэ байр өөрийнх нь нэр дээр байгааг далмидуулан  надаас энэ байрыг авна гэж байгаад гомдолтой байна” гэв.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр Д.,  М.*******,  М.,  М. нар мөн болохыг тогтоож өгнө үү.”гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  Миний бие болон манай гэр бүлийн амьдарч байгаа хашаа байшин нь  бидний эзэмшлийн бөгөөд  1995 онд өөрсдийн зардлаар  хашаа байшингийнхаа материалыг авч дүү *******оор бариулж байсан.

1995 онд М.******* болон Д. нар  нь  гэр бүл болоогүй байсан.

Мөн хариуцагч М.*******г тухайн үед огт таньдаггүй байсан. 1999 онд  М.*******, Д. нар нь  охины хамт Шарын гол сумаас Дарханд амьдрахаар ирсэн.

Дарханд амьдрах орон байргүй байсан учраас би өөрийн байрандаа түр хугацаагаар амьдруулахаар болсон. 

Нийт 18 жил амьдарсан бөгөөд амьдрах хугацаанд нь ямар нэгэн хөлс мөнгө төгрөг авч байгаагүй.

Одоо би өөрийн байрандаа амьдрах гэхээр  М.******* нь байрыг маань суллаж өгөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан  “...М.******* нь гэр бүлийн хамт 1999 оноос одоог хүртэл нийт 18 жил Д.******* миний 2 өрөө байранд амьдарч байна. иргэн Д.******* би 18 жилийн хугацаанд огт үнэ төлбөр авч байгаагүй. ...М.*******г миний өмчлөлийн орон сууцнаас албадан нүүлгэн гаргуулж өгнө үү. М.******* нь дулаан, усны төлбөртэй тул түүнээс дулааны төлбөр 1,738,200.85 төгрөг, цэвэр усны төлбөр 81,969.42 төгрөг нийт 1,820,170.27 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдаан дээр хариуцагч М.******* нь дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд тэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, “...би энэ хэргийн хариуцагч биш, Д. төрсөн дүү Д. нь миний нөхөр юм.  Д.******* нь дүү Д.т уг орон сууцыг өгсөн бөгөөд Д. бид гэр бүлийн хамт уг орон сууцанд 20 жил амьдарсан. Энэ хугацаанд Д.******* нь орон сууцны талаар ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй...” гэсэн тайлбарыг гаргаж гаргаж маргасан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.оос гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д. “...Анх би 1992 онд цэргийн албанаас халагдаж ирээд эгчийндээ ирж очин амьдардаг байсан. Эгчийнх маань хуучин Дарханд ногоон зоорины тэнд хашаа байшинд амьдардаг байсан. Эгч маань нэг өдөр байгууллагаас нь байр өгсөн  гэж ирж байсан. Тэгээд хүргэн ах эгч хоёр  бэлэглэж байна гээд түрхүүрээ өгсөн. Дархан сум Өргөө баг ******* тоот 2 өрөө байранд миний бие 1993, 1994 оны үед байх сайн санахгүй байна. Ямар ч гэсэн дөнгөж ашиглалтанд орж байхад нь очиж амьдарч эхэлсэн. ...Тухайн үед би Баянхонгороос шилжүүлэг хийлгэж ирээгүй байсан. Би байрны асуудлаар ийм зүйл болно гэж огт бодоогүй. Надад бэлэглэсэн юм чинь миний байр л гэж бодож явсан...” гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Нэхэмжлэгч Д.******* нь маргаан бүхий Дархан сумын ******* тоот 2 өрөө орон сууцыг 1994 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хөлсөлж, 1998 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр уг орон сууцыг өөрийн нэр дээр хувьчилан, өмчилж авсан болох нь хэрэгт авагдсан Улс, олон нийтийн мэдлийн орон сууцны байрыг хөлслүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн ******* дугаартай гэрчилгээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч М.******* болон түүний гэр бүл нь 1999 оноос хойш уг маргаан бүхий орон сууцанд амьдарсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч тал бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн тус шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр гаргажээ.

Иргэн зөрчигдсөн эрхээ шүүхэд хандаж хамгаалуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэх хугацааг Иргэний хуулиар тодорхой хязгаарлалт хийсэн нь тус хуулийн 75 дугаар зүйлд заасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байхаар заасан байх тул нэхэмжлэгч Д. дээрх орон сууцтай холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******гаас нэхэмжилсэн ус дулааны төлбөр 1,820,170.27 төгрөгийг холбогдох ус дулааны байгууллагад төлөөгүй бөгөөд тэрээр ус дулааны төлбөр авах байгууллагын өмнөөс хариуцагч М.*******гаас ус дулааны төлбөрийг нэхэмжлэх эрхгүй болно.

Иймд нэхэмжлэгч Д. гаргасан М.*******гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, М.*******гаас ус дулааны төлбөр 1,820,170.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсыг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан Д. гаргасан М.*******гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, М.*******гаас ус дулааны төлбөр 1,820,170.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч М.******* нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,273 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.ТУНГАЛАГМАА