Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 151

 

Б.Доржбалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 690 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0786 дугаар магадлалтай, Б.Доржбалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Доржбалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот захирамжийн У.Жаргалсайханд холбогдох хэсэг, Нийслэлийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 тоот захирамжийн Л.Мөнхбаярт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0786 дугаар магадлалаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Б.Доржбалын нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 494 дүгээр захирамжийн У.Жаргалсайханд холбогдох хэсэг, 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжийн Л.Мөнхбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Доржбал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй байна.

Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооноос 2007 оны 05 дугаар сард зарлан явуулсан дуудлага худалдааны үр дүнд Төрийн өмчийн хорооны 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 278 дугаар тогтоол гарч, Хилийн 0119 ангийн Соёлын төвийн барилгыг гуравдагч этгээдэд худалдсан. Ийнхүү шилжүүлэхдээ Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар авсан агуулахын зориулалттай 324 м.кв талбайтай обьект, эдэлбэр газрын байршлыг тодорхой заасан.

Харин нийслэлийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжаар иргэн Л.Мөнхбаярт газар эзэмшүүлэхдээ эдэлбэр газрын хэмжээ, байршлыг өөрчилж, манай эзэмшиж байсан газартай давхцуулан газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Анх Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар гуравдагч этгээдэд худалдсан Соёлын төвийн барилгын эдэлбэр газрын хэлбэр нь тэгш өнцөгт хэлбэртэй байсныг Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа “Г” хэлбэртэй болгон байршлыг өөрчилж олгосон.

Энэ нь нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 494 тоот захирамжуудаар гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгохдоо миний амьдарч буй газартай давхцуулан олгосон болох нь Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/4613 тоот шинжээчийн дүгнэлт, Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн Хилийн цэргийн 0119-р ангийн соёлын төвийн барилгын гадна талын фото зургаар тогтоогдож байна.

Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй, маргааны үйл баримттай хамааралтай нотлох баримтыг хангалтгүй, дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Доржбалаас “...1995 оноос өөрийн амьдарч байсан газраа эзэмшихээр хүсэлт гаргасан боловч захиргааны байгууллага хүсэлтийг шийдвэрлээгүй, манай хашаатай хил залгаа Цэргийн 0119 дүгээр ангийн барилгыг хувьчилж авахдаа эдэлбэр газрын байршил өөрчилж, миний газартай давхцуулан газар эзэмшүүлсэн...” гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаар захирамжийн Л.Мөнхбаярт холбогдох хэсэг, 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн У.Жаргалсайханд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Тодруулбал, нэхэмжлэгчийн “...  маргаж буй газар буюу өөрийн 1995 оноос амьдарч байгаа газрыг эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч захиргааны байгууллага шийдвэрлээгүй...” гэх тайлбар нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах түүний нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбартай хамааралтай нотлох баримтууд хэрэгт хангалттай биш байгаагаас шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй, анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр өмч хувьчлалаар 0119 дүгээр цэргийн ангийн Соёлын төвийн барилга, газрыг хувьчилж авсан талаарх нотлох баримтыг гол үндэслэл болгон, хэт өрөөсгөл дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэжээ. 

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас Б.Доржбалд хаягласан 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар албан бичигт “Таны ирүүлсэн хүсэлтийг судалж үзлээ. ...0119 дүгээр цэргийн ангийн эзэмшилд байсан уг газар нь Батлан хамгаалах яамны тусгай хэрэгцээний газар бөгөөд УИХ-ын тогтоол гарч тусгай хэрэгцээнээс гаргадаг болно. Иргэн Уранчимэг нь Төрийн өмчийн хорооны шийдвэрээр өмч хувьчлалаар уг барилга газрыг хувьчилж авсан байна” гэх албан бичгээс гадна нотлох баримтаар ирүүлсэн иргэний хэрэгт мөн дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч Ш.Мягмарсүрэнгийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаар мэдэгдэл, Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 600 дугаар албан бичигт “... Б.Доржбал нь тус газарт 2007 оноос өнөөг хүртэл амьдардаг бөгөөд өнөөдрийг хүртэл хоёр тал маргалдаж байгаа болно” гэсэн баримтууд нь нэхэмжлэгч  Б.Доржбалын “... газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан...” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна. 

Иймээс Б.Доржбал нь хэдийд хүсэлтээ гаргаж байсан, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байсан зэрэг гол ач холбогдол бүхий нотлох баримтууд хангалттай бус байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Доржбалын гомдлыг хангах боломжгүй.

Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0786 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ