Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00622

 

 

 

Д.Жаргалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01577 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1540 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Д.Жаргалан

Хариуцагч: Нийслэлийн ерөнхий боловсролын эрин эверест интернэшнл сургууль

 

нэхэмжлэл: ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтунгалаг хяналтын журмаар 2020.08.07-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Жаргалан, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2019.10.21-ний өдөр тус сургуулийн захирлын 42/19 тоот тушаалаар захирлын туслахын ажилд орж, 2 сарын хугацаанд туршилтаар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2020.02.03-ны өдөр сургуулийн ТУЗ-ын дарга Я.Эрхэмбаяр нь сургуулийн захирал Д.Уртнасанд өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тушаал гарган ажлаас халсан. Миний бие хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл давтан гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсан нь хуульд нийцээгүй. Иймд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор шаардаж байна. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, зөвхөн 3 сарын цалин болон нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Ажил олгогч нь Д.Жаргаланг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т заасныг үндэслэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6 дахь хэсэгт заасан ажил, албан тушаалтай нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн ноцтой зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн. Тус сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд гадна, дотоодын хөрөнгө оруулагч талаас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татаж байгуулсан учир үүсгэн байгуулагч компанийн гүйцэтгэх удирдлагууд хөрөнгө оруулагч талд долоо хоног бүр сургуулийн хүүхдүүдийн мэдээлэл, багш, ажилчдын мэдээлэл, төлбөрийн мэдээлэл зэргийг тогтмол явуулах, 14 хоног тутамд онлайн бизнес хурлаар сургуулийн нөхцөл байдлыг танилцуулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах зэрэг стратегийн төлөвлөгөө гаргаж ажилладаг. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн захиргааны шинжтэй бүхий л ажиллагаа, болон захиргааны ажилчдын ажлыг давхар үүсгэн байгуулагч хянадаг тогтолцоотой. Үүсгэн байгуулагчийн хувьд захирлын туслахаас сургуульд шилжиж ирсэн сурагч, шилжиж явсан сурагч, төлбөрийн мэдээлэл, багш, ажилчдын мэдээлэл зэргийг тогтмол авч үүнийгээ хөрөнгө оруулагч талд тайлагнаж ажилладаг байсан. Гэтэл захирлын туслахын сурагчдын мэдээлэл, өмнөх долоо хоногоос зөрүүтэй, аль эсвэл шилжиж явсан сурагчдын мэдээлэл дутуу, хэлбэрийн болоод агуулгын шаардлага хангахгүй илгээж байсан. Энэ талаар нэхэмжлэгчид үүсгэн байгуулагч талын албан тушаалтнууд мэдэгдэж, ажлаа сайжруулахыг үүрэг болгож амаар болон бичгээр сануулж, зөвлөмж хэлдэг байсан. Мөн захирлын туслах нь үүсгэн байгуулагч буюу сургуулийн удирдах зөвлөлийн даргын шийдвэрийг сургуулийн захиргаанд мэдээллэх, ойлгуулах, даалгасан ажлыг зохион байгуулах үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү ажлыг зөв хүргээгүй, зохион байгуулж чадаагүйгээс даалгасан ажил хоцрох, шаардлагад нийцэхгүй байх алдаа гардаг байсан. Энэ асуудлыг удирдах зөвлөлийн даргын буюу үүсгэн байгуулагч мөн л шийдвэрлэх зорилготой 2020.02.03-ны өдрийн 29 дугаар тушаалаар сургуулийн менежментийн баг хүртэл байгуулж ажилласан. Гэвч төдийлөн ахиц гараагүй, алдаа гарч эргээд энэ нь бизнесийн ирээдүйд сөргөөр нөлөөлөхүйц үр дагаварт хүрч байсан тул Д.Жаргаланг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь сургуулийн захиргаанаас нийт багш, ажилчдын дунд хэлэлцүүлсэн дүрэм, журмын төслийг Удирдах зөвлөлд танилцуулаагүй болно. Тухайн сургуулийн дүрэм болоод хөдөлмөрийн дотоод журмын төслийг Д.Жаргаланд хадгалагдаж цааш нь хуулийн хэлтэст явуулах байсан бөгөөд нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн өдөр болох 2020.02.11-ний өдөр и-мэйлээр явуулсан. Нэхэмжлэгчийн илгээсэн сургуулийн дүрэм болоод хөдөлмөрийн дотоод журам нь үүсгэн байгуулагчийн шаардлагад нийцээгүй, хангалтгүй, дахин сайжруулах шаардлагатай зүйлс байсан учраас тухайн төслийг Удирдах зөвлөлөөс батлаагүй болно. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт нь сургуулийн захиргаа болон, үүсгэн байгуулагчийн албан ёсоор баталсан загвар биш бөгөөд сургуулийн онцлог, хийж гүйцэтгэдэг ажлыг гүйцэт оруулаагүй, наад захын техникийн шаардлага хангаагүй тул хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 102/ШШ2020/01577 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн ерөнхий боловсролын эрин эверест интернэшнл сургуулиас 2,744,102 төгрөг гаргуулж Д.Жаргаланд олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Д.Жаргалангийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар бүрээр тооцож нөхөн төлөхийг Нийслэлийн ерөнхий боловсролын эрин эверест интернэшнл сургуульд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Жаргалан нь Нийслэлийн ерөнхий боловсролын эрин эверест интернэшнл сургуулийн захирлын туслахын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58,856 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1540 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01577 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 58,855.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргахдаа нийт 5 үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх зөвхөн нотлох баримт авагдаагүй, эргэлзээгүй нотлоогүй гэсэн үндэслэлд дүгнэлт хийсэн бөгөөд бусад үндэслэлүүдэд дүгнэлт хийсэнгүй. Учир нь гомдолд дурьдсан бусад үндэслэлүүд нь нэхэмжлэгчийн ажилдаа хариуцлагагүй хандаж байсан, зөрчил гаргасан болохыг уялдаа холбоотойгоор тогтоож байсан болно. Тухайлбал Нийслэлийн ерөнхий боловсролын эрин эверест интернэшнл сургууль нь Д.Жаргаланг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т заасан үндэслэл буюу Ажил, албан тушаалтай нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчийн шаардлагад нийцэж ажиллаагүй, өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлээгүй зэргээр зөрчил гаргасан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон хэрнээ тухайлсан стандарт, зааврын дагуу тоон мэдээлэл гаргаж байх шаардлага нь тодорхойгүй байгаа тул өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй юм. Учир нь тоо мэдээний стандарт заавар бус үнэн зөвийг л хариуцах ёстой ажилтан үнэн зөв тоон мэдээ удаа дараа гаргаагүй нь тухайн ажилтан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болсон гэдгийг анхан шүүх зөв үнэлж дүгнээгүй бөгөөд энэхүү үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. 2. Анхан шатны шүүхийн сургуулийн бүтэц, орон тоог гаргаж батлуулах үүргийг биелүүлээгүй гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн судлаагүйг илтгэсэн бөгөөд сургуулийн бүтэц орон тоог батлах, цаашлаад сургуульд мөрдөгдөх дүрэм журмыг боловсруулж батлуулах ажил 2019.09 сараас үргэлжилсэн бөгөөд 2019.12 сард болон 2020.01 сард нийт багш ажилчдын удаа дараагийн хурлаар хэлэлцэж, төслүүд боловсруулагдсан бөгөөд үүнийг эцэслэн эмхтгэж, сургуулийн удирдах зөвлөлд танилцуулах техникийн шинжтэй ажил нь нэхэмжлэгч-ийн буюу захирлын туслахын үндсэн хийх ёстой ажил юм. Нэхэмжлэгч энэхүү үүргээ удаа дараа биелүүлээгүй гэдэгтэй маргаагүй /ажлаас гарсан өдрөөр л и-мейлээр явуулсан./ бөгөөд харин анхан шүүх үүнийг ялгаж, салгахгүй буруугаар ойлгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 6.2-т заасныг анхаарах нь зүйтэй мэтээр дүгнэлт хийсний зэрэгцээ Удирдах зөвлөлийн эрх үүргийг Нэхэмжлэгчээс шаардсан мэтээр хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй үндэслэлгүй шийдвэрлэсэн асуудалд мөн дүгнэлт хийж, хянасангүй. 3. Давж заалдах шатны шүүхийн Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг засаж залруулах. зөвлөгөө өгснийг зөрчил тогтоогдохгүй байна, мөн хохирол учраагүй гэсэн нь хуульд нийцээгүй дүгнэлт юм. Учир нь хохирол шууд утгаараа бус бизнесийн байгууллагын нэр хүнд. талуудын итгэлцэл, цаашдын хамтын ажиллагаанд үл ойлголцол бий болгохгүй байх зэрэг хамаарах атал шүүх үүнийг хэт ташааруулж, дүгнэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт юм. Тодруулбал, Нэхэмжлэгч нь бизнесийн байгууллагад учирсан хохирол, бодит нөхцөл байдлыг мэдэж байгаа тул энэ талаар маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн маргаагүй, хүлээн зөвшөөрсөн асуудлыг буруугаар тайлбарлаж хохирол тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь удаа дараа техник шинжтэй, мэдээллийг үнэн зөв бэлтгээгүйгээс хөрөнгө оруулагч талын бизнесийн итгэлцэл, нэр хүндэд асар хохиролтой билээ. Өөрөөр хэлбэл байгууллага хоорондын бие биендээ итгэх итгэлцэл, нэр хүнд бууруулж байгааг бодитоор нүдэнд харагдахаар үнэлэх боломжгүй юм. Гэтэл шүүх хариуцагчаас бодит хохирол үүсээгүй л бол нэр хүнд, итгэлцлийг бууруулахад хүргэж байгаа буруутай үйлдэл нь хохирол биш гэж үзэж байгаад гомдолтой байна. Байгууллагын хэвийн үйл ажиллагаа, цаашдын ирээдүй зэрэгт ажилтан бүрийн үүрэг оролцоо чухал бөгөөд нийт ажилчдад захиргааны шинжтэй мэдээ, мэдээллийг хүргэх, төрийн байгууллага сургуулийн уялдаа холбоог хадгалах, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчийн шаардлагыг биелүүлэх гээд маш олон ажилд Захирлын туслах тэргүүлэх байр суурьтай оролцохын зэрэгцээ захирлын техник ажлыг хариуцах үндсэн үүрэгтэй юм. Энэ ч үүднээсээ сургуулиас гадагш гарах аливаа мэдээлэл, бичиг баримтын үнэн зөвийг хариуцаж ажиллах нь Захирлын туслахын үндсэн үүрэг бөгөөд энэхүү үүргээ удаа дараа биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байхад зөвхөн хохирол гэсэн ойлголтоор дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. 4. Цалингийн тооцооллын хувьд анхан шатны шүүх зөрүүтэй тооцоолол хийсэн бөгөөд энэ талаар гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүх уг үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно. Тодруулбал, 2020.01.27-ноос эхлэн Улсын онцгой комиссын шийдвэрээр тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг бүрэн зогсоож, сургуулийн үйл ажиллагаа доголдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2-д зааснаар нийт ажилчдад үндсэн цалингийн 60%-иар тооцон цалинжуулж эхэлсэн билээ. Энэ талаар сургуулийн багш ажилчдын хурлууд удаа дараа болж байсан бөгөөд энэ бол цар тахлын үед бүх нийтээр авч хэрэгжүүлж буй хуулийн тодорхой ойлголт юм. Гэтэл нэхэмжлэгчийн цалинг бүтэн олгохоор шийдвэрлэсэн нь хууль нийцэхгүй болно. Мөн тооцооллын хувьд 2020.02.11 өдрөөс эхлэн 2020.05.20 хүртэл ажлын 69 хоног байхад 72 гэж тооцсон нь үндэслэлгүй байна. 5. Мөн шүүхийн шийдвэрийн огноо зөрүүтэй талаар гомдол гаргасан ч шүүх мөн энэ үндэслэлд дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, анхан шатны шүүхийн 102/ШШ2020/01577 тоот шийдвэр нь он андуурагдаж бичигдсэн /2019.05.20 өдөр/ хэлбэрийн алдаатай байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Д.Жаргалан 2020.03.16-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын эрин эверест интернэшнл сургуульд холбогдуулан захирлын туслахын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийн шаардсан байна. Шүүх хуралдаан дээр ...3 сарын цалин өгвөл ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзана.. гэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 2,744,102 төгрөг гаргуулж Д.Жаргаланд олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар бүрээр тооцож нөхөн төлөхийг сургуульд даалгаж, нэхэмжлэгч захирлын туслахын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч нь 2020.01.02-ны өдрөөс хариуцагчтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж захирлын туслах, нарийн бичгийн ажил үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон байна.

 

Ажил олгогч 2020.02.11-ний өдөр 82/20 дугаар тушаал гаргаж, Д.Жаргаланг ...үүсгэн байгуулагчийн шаардсан сургуулийн хүүхдийн мэдээлэл, сургалтын төлбөрийн мэдээллийг алдаагүй нэгтгэж өгөх, сургуулийн бүтэц орон тоог гаргаж батлуулах зэрэг өгсөн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж хөрөнгө оруулагч үүсгэн байгуулагчийн хооронд үл ойлголцол үүсгэж... ноцтой зөрчил гаргасан.. гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.

Д.Жаргалан ажил олгогчийн тушаалд заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

2. Ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил гүйцэтгэхийг шаардах, уг ажлыг биелүүлээгүй үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй.

 

Сургуулийн хүүхдийн болон сургалтын төлбөрийн мэдээллийг нэгтгэх, сургуулийн бүтэц орон тоог гаргаж батлуулах чиг үүргийн талаар сургуулийн захирлын туслахын ажлын байрны тодорхойлолт /хх15/-д тусгасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлд нийцжээ.

3. Ажилтны ажилгүй байсан хугацааг шүүх буруу тогтоосон тухай хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нөхцөл болохгүй байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч нь ажлаасаа 2020.02.03-ны өдөр халагдсанаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах 2020.05.20-ны өдөр хүртэл ажилгүй байсан нь тогтоогдсон, ажилтны урьд авч байсан дундаж цалин хөлсийг шүүх ...866,635 төгрөг.. гэж тооцсон нь баримттай байна.

 

2020.02.03-ны өдрөөс 2020.05.20-ны өдөр хүртэл ажлын нийт 68 хоногоор тооцвол Д.Жаргаланд 2,830,522 төгрөгийн олговор олгохоор байгаа ч шүүх 2,744,102 төгрөгөөр тогтоосон, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хариуцагчийн гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь сул зогсолтын улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийг зөрчинө.

 

4. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх байдал тогтоогдсонгүй.

 

Хариуцагч гомдолдоо ...шийдвэрийн огноо зөрүүтэй.. байсан гэх боловч уг нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдсонгүй. Түүнчлэн, шийдвэрт оныг ...2019.. гэж бичсэн байсан ч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй байдлыг буруутгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэг, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцэхгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анхан шатны шүүх хуралдаан 2020.05.20-ны өдөр болох тухай шүүх зохигч нарт 2020-05-07-ны өдөр мэдэгдсэн, талууд 2020.05.20-ны өдөр шүүх хуралдаанд оролцсон, энэ талаар 2020.05.20-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан байх тул хариуцагчийн гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, улмаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нөхцөл болохгүй байна.

5. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01577 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1540 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 58,856 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ