Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Х-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг, алданги 3,234,000 төгрөг нийт 19,734,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.                

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Г би П.Х-т 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүйгээр зээлүүлсэн юм. Зээлдэгч П.Х нь зээлээ эргэн төлөхгүй удаж намайг хохироож байсан тул бид харилцан тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан юм. Зээлдэгч П.Х нь зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 7,500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдөр 2,000,000 төгрөг нийтдээ 13,500,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 16,500,000 төгрөг байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “зээлийг хугацаандаа төлөөгүй хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцож төлүүлнэ” гэж заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 09-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу нийт 98 хоног алдангид 3,234,000 төгрөг нийт 19,734,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Надад зээлдүүлсэн гэх 16,500,000 төгрөг нь 2012 оноос 2016 оны хооронд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Батаа 2012 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль болж болзошгүй гэж үзээд дүүргийн намд хандив маягаар бэлнээр өгсөн мөнгө болно. Надад дээрх хандивийн мөнгийг өгөх тухайн үед миний бие Баганхангай дүүргийн ардчилсан намын даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед Н.Батаа нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Багахангай дүүргээс өрсөлдөж байсан тухайн дүүрэгт болсон сонгууль нь маргаантай болсон учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Н.Батаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үеэс эхлээд Н.Батаа нь надаас хандив гэж өгсөн мөнгөө нэхэх болсон.

Надаас мөнгө гаргуулах гээд нэхэмжлэл гаргаад байгаа Э.Г нь Н.Батаагийн хувийн компаний нягтлан бодогч юм. П.Х миний бие Э.Г-гаас мөнгө зээлсэн тохиолдол нэг ч байхгүйгээс гадна Э.Г гэдэг хүнийг зүс мэдэхээс цаашгүй болно. Э.Г гэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр намайг хүчээр дарамталж хэл үгээр дайрч байгаад тэрхүү зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж, нотариатаар гэрчлүүлсэн болно. Ийнхүү дарамталж байгаад гэрээ байгуулсаныг Хан-уул дүүргийн нотариатч Б.Батсүрэн гэрчилнэ. Миний хувьд Н.Батаад ямар нэгэн төлбөр төлөхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн Э.Г нь Н.Батаагийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байх тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хариуцагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч П.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг, алданги 3,234,000 төгрөг нийт 19,734,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг зээлдүүлсэн мөнгөний тооцоогоо нийлж бичгээр хожим 27,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан” гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзалын үндэслэлээ “ ... Багахангай дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байх үед Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Багахангай дүүргээс өрсөлдөж байсан Н.Батаа нь дүүргийн намд хандив хэлбэрээр бэлнээр өгсөн, Э.Г-гаас мөнгө зээлээгүй, зээлийн гэрээнд хүчээр дарамталж гарын үсэг зуруулсан” тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

Хариуцагчийн намд хандив хэлбэрээр хүлээлгэн өгсөн, зээлийн гэрээнд дарамталж гарын үсэг зуруулсан гэх тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна тэрээр татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, Э.Г нь 27,000,000 төгрөгийг П.Х-т нэг сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэх агуулга бүхий хэлцлийг бичгээр байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 4 дэх талд/

Зээлийн гэрээний зүйл болсон 27,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр мөнгийг бодитоор хүлээлгэн өгөөгүй, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлдүүлсэн 30,000,000 төгрөгөөс үлдсэн тооцоо гэдэгтэй талууд маргаагүй, түүнчлэн хариуцагч уг мөнгийг хүлээн авсан талаар маргахгүй байх тул энэ үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Гэрээний агуулга, зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулснаар зээлийн  харилцаа үүсч, талуудын хооронд үүрэг үүссэн байна.

Уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна, хариуцагчийн тайлбараар зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.6 дахь хэсэгт “зээлийг хугацаандаа төлөөгүй хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцон төлүүлнэ” гэж  тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл 98 хоногийн алдангид 3,234,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэрээгээр тохиролцсноор 2016 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс зээлдэгчид зээлийг буцаан төлөх үүрэг үүссэн байх тул уг өдрөөс нэхэмжлэгчийн шаардсан хугацаа буюу 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл хугацааны 60 хоногийн алданги 1,980,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд дурдан буй дээрх үндэслэлүүдээр хариуцагч П.Х-аас үндсэн зээл 16,500,000 төгрөг, алданги 1,980,000 төгрөг нийт 18,480,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Г-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,254,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон,

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П.Х-аас 18,480,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Г-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,254,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 256,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 250,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Гд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ЭНХЖАРГАЛ