Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 128/шш2020/0508

 

2020 оны 08 сарын 14 өдөр Дугаар 128/ШШ2020/0508 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Л.Д/РД:***********/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Л.Д улсад 37 жил, үүнээс төрийн албанд 27 жил, байгаль орчны салбарт 12 жил ажиллаж байна. 2009 оны 6 дугаар сард Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар томилогдож, 2017 оны 1 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад хууль бусаар халагдаж, захиргааны хэргийн 3 шатны шүүхээр ялж, 2018 оны 3 дугаар сард ажилдаа эргэн томилогдсон. Ажилласан хугацаандаа эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хоёргүй сэтгэлээр нойр, хоол, амралтаа умартан хөдөө хөхөрч, гадаа гандаж, чин шударгаар ажиллаж, хөдөлмөрлөсөн. 2009 оноос хойш төсөв санхүүгийн ямар нэгэн дутагдал зөрчилгүй ажиллаж 2016 онд Үндэсний аудитын газраас итгэл үзүүлэх гэрчилгээ авсан. 2016 оноос өмнө яамныхаа салбарын 33 захиргаануудаас ажил үйлсээрээ манай байгууллага байнгын 4, 5 дугаар байр эзэлж манлайлж ирсэн. Би ажил авсан цагаасаа Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хэмжээнд хэт замбараагүй олгогдсон газрыг цэгцлэх, га талбайг багасгах тал дээр санал санаачлага гаргаж, тусгай зөвшөөрлийг цуцлах санал тавьж, 863 га газрын газар ашиглах эрхийг цуцлуулж, 359 га хүртэл багасгаж, нуурын эргийн онцгой хамгаалалтын бүсэд амьдардаг 10 гаруй айл өрх, 5 жуулчны баазын байршлыг сольж нүүлгэсэн нь маш том дэвшил үр дүнтэй ажил болсон. Мөн нуурын эргээр усны онцгой хамгаалалтын бүсийг машин тэрэг орох, майхан сав барих гал түлэх зэргийг хориглох зорилгоор хамгаалалтын дүмбэ/шон/ зоож хөрсний талхлалт, элэгдэл, усны бохирдлоос бүрэн хамгаалж чадсан нь амрагч нар болон иргэдийн талархал хүлээсэн том ажил болсон. 2009-2019 оныг хүртэл манай хариуцан хамгаалж буй газарт хулгайн ан, хууль бус мод бэлтгэл гараагүйн дээр ой хээрийн түймэр гаргалгүй ажиллаж чадсан нь ан амьтан ихээр өсч биологийн төрөл зүйл бүрэн хамгаалагдсан. Миний бие олон жил хөөцөлдөж санал санаачлага гаргасны дүнд орчны бүсийн 6 суманд Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламжийн 3 /гурав/ сая долларын төсөл орж хэрэгжээд байна. Мөн 6 дугаар сарын 24-29-ний өдөр Хөвсгол нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажлын сургалт, хэлэлцүүлэг хурлыг ЮНЕСКО-гийн энэ чиглэлийг хариуцсан эксперт, зөвлөхүүдийг оролцуулан амжилттай зохион байгуулсан. Хөвсгөл нуурыг эко аялал жуулчлалын бүс нутаг болгох санал, санаачлага маань саяхан биеллээ олж Засгийн газрын тогтоол гарсан. Хөрш ОХУ-ын Түнхэний үндэсний парктай хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах ажлыг эрчимжүүлж, ОХУ-ын Түнхэний үндэсний парк, АНУ-ын Иосеймиге парктай нягт хамтран ажиллаж байна. Байгууллагын 25, 30 жилийн ойг өндөр хэмжээнд бүтээлчээр зохион байгуулж олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2 удаа хийж илтгэлүүдээр нь ном гаргаж олны хүртээл болгосон. Эдгээр амжилт бүтээлүүд нь манай хамт олны гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл хөдөлмөрийн үр дүн бөгөөд үүнд миний оруулсан хувь нэмэр байгаа гэдэг итгэлтэй байна. Манай хамт олны болон миний хичээл зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлэн 2015 онд намайг төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, 2016 онд Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр, 2013, 2014 онуудад Байгаль орчны тэргүүний ажилтан, Аялал жуулчлалын тэргүүний ажилтан, 2016 онд Хөвсгөл аймгийн Тэргүүний ажилтан, Хөх сувд гранпри шагналуудаар шагнагдаж хөдөлмөрөө үнэлүүлсэн.

Л.Д миний бие шүүхийн шийдвэрээр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын үүрэгт ажилдаа эргэж томилогдсоноос хойш 3-4 удаагийн шалгалт оруулсан бөгөөд уг шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тушаалаар ажлаас халсан гэсэн бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажил хүлээлцэх ажлын хэсгээс тус тушаалыг гардаж аваад арга буюу үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө.

Ийнхүү тушаалыг гардаж авч үндэслэлтэй танилцан, эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгг заасны дагуу 2019 оны 08 сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөл болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд тус тус гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс надад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2019.06.28-ны өдрийн ******* дугаар шийдвэрээ дахин хянаж үзэн Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах хугацаатай албан бичгийг хүргүүлсэн болно гэсэн 2019 оны 10 сарын 04-ний өдрийн 01/1219 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичиг гаргасныг миний бие 2019 оны 10 сарын 09-ний өдөр гардаж авсан /шуудангийн дугтуйн дээр огноотой/. Улмаар ямар бичиг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргэгдсэн талаар тодруулахад Төрийн албаны зөвлөлөөс тус өдрийн 01/1220 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц-д хандан ...та өөрийн эрх хэмжээний хүрээнд 2019 оны ******* дугаар тушаалыг дахин хянан үзэн хүчингүй болгож, 2019.10.14-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлнэ үү гэсэн байдаг.

Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хууль бус тушаалаа хүчингүй болголгүй, Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг эс биелүүлж 2019.10.14-ний дотор хариу ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааны дотор /2019.10.09-ний өдрөос хойш/ ийнхүү 30 хоногийн дотор шүүхэд хандаж байна.

Тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд: Тушаалд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа/ 3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон.

Тус тушаалын 1 дэх заалтаар зөрчил гэж дараах зүйлийг дурджээ. Үүнд:

1. ... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/695 албан тоотоор дээд шатны удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй, Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй...

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай , 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгээр тушаалыг удаа дараа биелүүлээгүй тул 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон тус хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас халсугай гэжээ.

Ажлаас халах тухай тушаалын 1 дэх заалтад зөрчил болгон дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 10/695 албан бичиг, уг албан бичгийн хавсралт буюу Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөг манайд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээж аваад төлөвлөгөө гаргаж батлан тэр их судалгаа тоон болон зурган мэдээлэл бүгдийг заасан цаг хугацаанд нь нэг бүрчлэн биелэлтүүдийг гаргаж 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Мэдээлэл хүргүүлэх тухай 36 дугаар албан бичгээр ажлын тайланг хүргүүлсэн. Эдгээрийг зөрчил гаргасан гэж хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн тушаалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай , 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгээр тушаалыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан гэсэн нь ойлгомжгүй байна.

Миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай , 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгээр хууль бус тушаалуудыг эс зөвшөөрч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төрийн албаны төв байгууллагад гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Б 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 'Өргөдөл хянан шалгуулах тухай 283 дугаар албан бичгээр гомдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц хүргүүлсэн боловч тус яаманд очоод одоог болтол дарагдсан. Би хэд хэдэн удаа энэ бичгээ хайж хариу нэхээд олдохгүй болохоор нь Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц уулзаж, учир байдлаа хэлж бичиг олдохгүй байхаар нь өөрт байсан нэг хувиа канондаж өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Ц дарга намайг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга дээр өөрөө дагуулж ороод миний өргөдлийг тусгай комисс томилж шалгаад хариу өгөхийг үүрэг болгосон ч тэр Н.Э гэж дарга нь огтхон ч санаа тавилгүй мартагнуулаад өнгөрүүлсэн.

Гомдол хэрхэн шийдвэрлэсэн талаар албан ёсны хариу гараагүй, надад мэдэгдээгүй. Маргаантай, хуулийн хүчин төгөлдөр болоогүй, эрх зүйн үйлчлэлгүй 2 тушаалыг намайг халах аргаа барахдаа үндэслэлгүй тушаалдаа дурдаж, хууль бус сахилгын арга хэмжээг үг дуугүй биелүүлэх ёстой мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна.

Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалуудыг удаа дараа биелүүлээгүй гэснийг юу гэж ойлгох вэ? Монгол Улсьн иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хууль, шүүхийн байгууллагад хандах үндсэн эрхийг шууд хаасан утгатай /Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргах эрхгүй, шууд биелүүлэх ёстой гэсэн утга бүхий/, ноцтой үр дагавартай байна.

2019 оны 6 дугаар сарын эхээр мэргэжилтэн Н.Б таныг халахаар боллоо тушаал нь гарсан гэж хэлэхэд нь би та нар намайг халах гэж байгаа юм бол сонсох ажиллагаа хийдэггүй юм уу гэж сануулж хэлснээр маргааш нь үүрэг гүйцэтгэгч Э.С гарын үсэг бүхий сонсох ажиллагааны мэдэгдэл дотоод сүлжээгээр ирсэн. Би дуудсан өдөр нь очиход нэг хүнтэй юм яриад сууж байсан. Надад цай хийж өгөхөд нь намайг яагаад халах гэж байгаа юм бэ гэж асуухад дэд сайд, Их Хурлын гишүүн /бодвол М байх/ дээрээс шахаад байна гэж хэлснээс өөр юу ч хэлээгүй, харин би л баахан юм ярьсан. Өрөөнд нь суусан хүн юу ч дуугарахгүй сууж байгаад сүүлд нь сонсох ажиллагааны протокол маягийн юм үзүүлэхэд нь би хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсгээ зурсан. Надад ямар ч тайлбар сонсох ажиллагаа хийгээгүйгээр барахгүй хүний урманд ганц үг ч дуугараагүй нь юу гэж ойлгох вэ? Тэр хүнийг сүүлд гарын үсэг зурахдаа Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн гэж мэдсэн.

Эдгээр ойлгомжгүй байдлууд нь төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар олгосон нөхцөл баталгаа, эрх зүйн байдалд хууль бусаар халдах гэсэн удаа дараагийн оролдлого бөгөөд хууль бус тушаалдаа заасан үндэслэлгүй сахилгын арга хэмжээг хүчээр тулган хүлээлгэхээр улайран хөөцөлдөж байгааг илтгэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц-ын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалын үндэслэлд тусгасан Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан /3 удаа зөрчил гаргасан байх/ нөхцөл бүрдээгүй, Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолд төрийн албан хаагчийг албан тушаалаас халахад хэрэглэх зохицуулалт тусгагдаагүй зэргээс үзэхэд илт үндэслэл муутай, хууль бус тушаалаар намайг ажлаас халжээ. Миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн, ямарваа алдаа зөрчил, дутагдал гаргалгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйлгүй байхад ийм шийвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний төрийн албанд ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллах боломжгүй болгон урьд ажиллаж байсантай тэнцэх хэмжээний цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж чадахгүй эрх минь зөрчигдөж байна.

Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн  дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: Энэ албан бичгээр өгсөн 11 үүрэг даалгавраас надад хамааралтай нь 8 ажил байсан. Эдгээр ажлуудыг цаг хугацаанд нь 36 тоот албан бичгээр хангалттай тодорхой бичиж өгсөн Миний бие ажлын байрны чиг үүрэгт заасан 3 зорилтот ажлаа хангалттай сайн хийж байсан гэж үзэж байна. Мөн ажил хүлээлцэхэд намайг зугтсан мэтээр тайлбарласан. 08 сарын 14-ний өглөө утасдаж ажлаа хүлээлгэж өгөх талаар ярьсан. Сонсох ажиллагаа хийх мэдэгдлийн дагуу яамны Тусгай хамгаалалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.******* даргатай уулзсан. 10/695 тоот албан бичгийн хариу болгож, 36 тоотоор хийсэн ажлаа тайлагнан хүргүүлсэн тухай хэлсэн. 36 тоот ирсэн талаар яриагүй, дээрээс шахаад байгаа учраас таныг халахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэж хэлсэн. Өмнө нь 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдэж байсан. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай Л.Дыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хууль зүйн үндэслэлийг тайлбарлахад ******* дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргасан тушаал байдаг. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д Төрийн жинхэнэ албан хаагч ажил үүргээ 2 буюу түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн бол ажлаа халах гэдэг үндэслэл болно гэж заасан байдаг. Уг тушаалын хувьд Хөвсгөл аймгийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Д нь удирдлагаас 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 10/695 дугаартай албан тоотоор өгсөн үүрэг даалгавар, Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 сарын 17-ны өдөр баталсан Хөвсгөл нуурийн байгалийн цогцолбор газарт хийгдсэн хянан шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалгүй биелүүлж, тусгай хамгаалалтын газарт хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй, дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй.

Мөн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 10 сарын 05-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай дугаартай тушаал, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай дугаартай тушаалыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр уг тушаалыг гаргасан байсан. 2019 оны 01 сарын 17-ны өдрийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 36 дугаартай албан тоотоор холбогдох удирдамжид заасан ажлуудыг нэг бүрчлэн гүйцэтгэсэн гэдгээ холбогдох баримтуудыг хавсаргаж, хариуцагч байгууллагад хүргүүлсэн тул энэ үндэслэлээр ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан 2 тушаалын хууль зүйн үндэслэлдээ оруулж тайлбарласан байдаг. Өмнө Л.Дын хувьд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулж шийдвэрлэсэн тушаалыг дурдсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дах хэсэгт Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахын хориглоно гэж заасан байдаг. Гэтэл урьд нь энэ асуудлаар арга хэмжээ авсан, уг тушаал дээрээ давхардуулж 3 буюу түүнээс дээш гэж тоондоо оруулсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д зааснаар Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж заасан. Сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа бол холбогдох хяналт шалгалтыг зохион байгуулж, дүгнэлт гаргаж, энэ талаар танилцуулан тайлбар мэдүүлгийг нь авсны дараа холбогдох дүгнэлтийг гаргах ёстой байсан гэж үзэж байна. Мөн уг тушаалыг гаргахдаа хуульд зааснаар мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулах ёстой. Гэтэл сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй. Энэ байдлыг тайлбарлаж нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, холбогдох материалуудыг яаман дээр ирж судлаад албан тоотоор мэдэгдэл хүргүүлэхдээ маргаж буй захиргааны акт буюу сайдын тушаалыг үндэслэлгүй байна, холбогдох тушаалыг хүчингүй болгуулах чиглэлийг яаманд хүргүүлсэн боловч энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн хуулийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн заалтыг хангаагүй нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах зэрэг эрхүүдийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Мөн нэхэмжлэгч Л.Д нь 2019 оны 01 сарын 31-ний өдрийн чиглэл хүргүүлэх албан бичгийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн талаарх баримт нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд ажлаас халагдахаас өмнө албаны тамга тэмдгийг ашиглаж албан бичгийг үйлдсэн байна. Хариуцагчийн зүгээс тайлбартаа чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг 08 тоотоор гэж тайлагнасан. Гэхдээ энэ нь манай хийсэн ажлыг дурдсан боловч хангалттай хийгээгүй гэдэг хариуг Төрийн албаны зөвлөлд өгсөн. 08 тоот албан бичиг нь 2019 оны 01 сарын 23-ны өдөр, гэтэл чиглэл хүргүүлэх тухай албан бичиг нь 2019 оны 01 сарын 31-ний өдрийнх байна. Гэтэл Төрийн албаны зөвлөл болон шүүхэд өгсөн хариу тайлбартаа 10/695 тоотын хариу болгон өгсөн баримт нь хангалтгүй байна гэдэг. Тиймээс хариуцагчийн хариу тайлбараас харахад 36 тоот албан бичигтэй танилцсан гэж үзэж байна. Хэрвээ ажил үүргээ хангалтгүй гэж байгаа бол сонсох ажиллагаагаа хуульд заасны дагуу хийх ёстой байсан. Хэрвээ сонсох ажиллагааг хуулийн дагуу хийсэн бол уг хэрэг маргаан ойлгомжтой болох байсан гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Л.Д нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасаныг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Л.Дыг албан тушаалаас халах тухай ******* дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд бүрэн нийцсэн тушаал юм. Уг тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4-д ...хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө" гэж заасныг, 24 дүгээр зүйлийн 2-д "...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана... гэж заасныг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д ..хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биөлүүлсэн... бол төрийн албанаас хална гэж заасныг болон Засгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн.

2. Л.Д нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллах хугацаандаа дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биөлүүлээгүй, хариуцсан нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаж чадаагүй.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны Л.Дт сахилгын шийтгэл ногдуулах тухай дугаар тушаал, дүгээр тушаалыг биелүүлээгүй.

Албан тушаалаас халах шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн Тухайлбал: 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Сайдын зөвлөлийн 05 дугаар тэмдэглэлээр Л.Дт хариуцлага тооцохоор шийдвэрлсэн дүгээр тушаалыг гаргасан, мөн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл авах болсныг мэдэгдсэн, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр албан тушаалаас халах болсныг мэдэгдэж, 6 дугаар сарын 17-ны өдөр сонсох ажиллагаа хийхийг сануулсан. Мөн 6 сарын 06-ны өдөр түүнд утсаар сонсох ажиллагааг тайлбарлаж хийсэн болно.

Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нөхцөл байдал маш тодорхой болсон гэж үзэж байна. Нэмэлтээр шүүхээр гаргуулсан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 сарын 10-ны өдрийн 06/1475 албан бичигт тухайн 36 тоот албан бичгийг Л.Д өөрөө гомдол гаргахдаа Төрийн албаны зөвлөлд өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан 36 тоот бичгийг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэхгүй байна. Л.Дын гаргасан гомдлын хавсралт баримтын 5-д тухайн 36 тоот албан бичиг 27 хуудас хавсралт байсан гэж маш тодорхой зааж өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээс харахад тодорхой байна. Мөн 2020 оны 03 сарын 04-ний өдөр 4 бичиг бүртгэгдсэн. Тэдгээр баримтын 2 нь 08 дугаартай 68 хуудастай баримт, нөгөөх нь 34 дугаартай, 37 хуудастай гэдгийг нэхэмжлэгч тайлбартаа дурдсан. 34 дугаартай, 37 хуудас баримт нь газар ашиглах болон газрын маргаантай холбоотой. Энэ нь тухайн 10/695 тоот албан бичгийн хариу болох ажил хийсэн гэх үндэслэл болохгүй гэдгийг тодорхой тайлбарласан. 36 тоот бичиг нь Хөвсгөлөөс гараагүй, Байгаль орчин аялал жуучлалын яаман дээр ирээгүй гэдэг тодорхой харагдаж байна. Мөн манай талаас сонсох ажиллагааг хийхдээ хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Манай талаас Л.Дыг сахилгын шийтгэлээр халсан зүйл байхгүй, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар ажлаас халсан. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д нь түүнийг албан тушаалаас халсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож үйл баримтуудыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Дыг удирдлагаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/695 албан тоотоор өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй биелүүлж, тусгай хамгаалалттай газар хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаагүй үндэслэлээр албан тушаалаас халсан байдаг.

Нэхэмжлэгч нь яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 10/695 албан бичиг, Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөг 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээж аваад төлөвлөгөө гаргаж батлан тэр их судалгаа тоон болон зурган мэдээлэл бүгдийг заасан цаг хугацаанд нь нэг бүрчлэн биелэлтүүдийг гаргаж 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Мэдээлэл хүргүүлэх тухай 36 дугаар албан бичгээр хүргүүлсэн байхад үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй. Захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг хангаагүй. Өмнө сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг биелүүлээгүй гэсэн нь нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй зарчмыг зөрчсөн, сахилгын зөрчлийг шалгаж тогтоон дүгнэлт гаргаагүй гэж маргадаг бол хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 10/695 албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 36 тоот бичиг нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас гараагүй, Байгаль орчин, аялал жуучлалын яаманд ирээгүй, Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, тусгай хамгаалалттай газарт хууль тогтоомж хэрэгжүүлж ажиллаагүй, өмнө сахилгын шийтгэл авагдсан ч идэвх санаачлага гарган хууль тогтоомж хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж ажлаас халсан болохоос сахилгын шийтгэл ногдуулаагүй, сонсох ажиллагааг хуулийн дагуу хийсэн гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргын удирдамжаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтэд 2018 оны 08 дугаар сард шалгалт хийж, шалгалтын дүнг 2018 оны 12 дугаар сарын 5-нд сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 10/695 албан бичгээр[1] Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг хамгаалах, тусгай хамгаалалтад авсан зорилгыг алдагдуулахгүйгээр аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, аялал жуулчлалаас үзүүлэх нөлөөллийг багасгаж тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн цаашид хийж гүйцэтгэх ажлын чиглэлийг хүргүүлжээ. Тухайлбал,

1. Газрын давхцалтай, талбай хэтрэлтэй, солбицлын алдаатай зөрчлүүдийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний дотор арилгах,

2. Бичиг баримтын болон газар ашиглалтын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгах хугацаатай албан шаардлага хургүүлж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний дотор гүйцэтгэлийг хангах;

3. Лэнд менежер программд нэгж талбар бүрээр зөрчлийг арилган мэдээллийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний дотор оруулах;

4. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт орон нутгаас өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрх олгогдсон газруудын эрхийг цуцлуулах талаар сумдын Засаг дарга нарт шаардлага хүргүүлж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан арга хэмжээг авах;

5. Ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах ажлыг зохион байгуулах;

6. Хөвсгөл нуур орчимд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж, зөрчилд тохирсон арга хэмжээ авах, хамгаалалтын захиргаанаас 2016 оноос хойш
хийгдсэн хяналт шалгалтын удирдамж
, танилцуулга, авсан арга хэмжээг нэгтгэн танилцуулах;

7. Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах;

8. Хамгаалалтын захиргааны газар ашиглалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнг ажлын байрны тодорхойлолтод нийцүүлэн мэргэжлийн хүн томилох;

9. Газар ашиглах гуравласан гэрээг жил бүр дүгнэж, мэдээллийн бааз бий болгох;

10. Орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамал,
аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдийг үе шаттайгаар чадавхжуулах арга хэмжээ авах;

11. Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг үе
шаттайгаар чадавхжуулах арга
хэмжээ авах, дээрх үүрэг даалгаврыг заасан хугацаанд заалт бүрээр биелүүлж тайлангахыг үүрэг болгожээ.

Уг албан бичгээр мөн Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 17-нд баталсан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөг[2] хүргүүлжээ.

Энэ төлөвлөгөөгөөр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргад буюу нэхэмжлэгчид хамаарах үйл ажиллагааг авч үзвэл 1/ мэдээллийн сангийн газрын координат, зураглал, хэмжилтийг дахин хянан үзэж, зөрчлийг арилгах арга хэмжээг 2019 оны 1-2 сард зохион байгуулах, 2/ Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажлыг 2019 оны 1-4 сард хангах, 3/ бичиг баримтын болон газар ашиглалтын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хугацаатай албан шаардлага 2019 оны 1-2 сард хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаар хугацаа заан тусгагджээ.

Шалгалтын дүнг хэлэлцсэн сайдын зөвлөлийн хурлын тэмдэглэл[3], шалгалтын танилцуулгаас[4] үзвэл Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй 142 иргэн, хуулийн этгээдээс 72 нь газар ашиглах зөвшөөрөлгүй, 41 нь газрын давхцалтай, талбай хэтрэлттэй, солбицол алдаатай зэрэг зөрчлүүдээс гадна, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт сумдын Засаг даргын захирамжаар газар олгосон өвөлжөө, хаваржаа, зуслангийн зориулалттай 677 нэгж талбарт гэр баазууд байгуулж, аялал жуулчлалын үйл ажиллагаа зөвшөөрөлгүй явуулсан, ус ашиглах дүгнэлт, эрхийн бичиггүй, ус ашигласны төлбөрийг тооцохдоо судалгаа, тоолуурын заалтыг үндэслэдэггүй, харилцан адилгүй тогтоодог, ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах ажил хангалтгүй, газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 124 нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгүй, 134 нь газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгаагүй, 125 нь ус ашиглах дүгнэлт эрхийн бичиггүй, 92 нь хог хаягдал тээвэрлэлтийн гэрээгүй, бохир ус хаях, хог хаягдал зайлуулах цэг харуулгүй, бохир ус хадгалах, түр цооногийн доторлогоонд тавих хяналт хангалтгүй, ус рашаан ашигласны төлбөрийг усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэхэд зарцуулдаггүй, бэлнээр авдаг, усны сан бүхий газрын дэглэмийг зөрчиж бассейн, цэвэрлэх байгууламж барьсан зэргээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим зөрчигдсөн, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийгддэггүй, тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулж тайлагнадаггүй, түүнд хяналт тавьж ажилладаггүйгээс Хөвсгөл нуур, түүний эрэг орчмын экосистемийн өөрчлөлтөд мониторинг хийх боломжгүйд хүргэсэн, орон нутгийн байгаль орчны байцаагч, газрын даамал, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний хууль эрх зүйн мэдлэг болон ажлын хариуцлага сул, байгууллага хоорондын уялдаа холбоо хангалтгүй гэж дүгнэгджээ.

Л.Д нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан тул түүний албан тушаалын тодорхойлолтоос[5] үзвэл тэрээр тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, тухайн хамгаалалттай газрын байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, хамгаалалтын горим дэглэмийг мөрдүүлэх ажлыг удирдлагаар хангах, хамгаалалтын захиргааны бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийг зөв төлөвлөж, ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар байна.

Тиймээс шалгалтаар илэрсэн дээрх тусгай хамгаалалттай газар нутагт хууль тогтоомж, хамгаалалтын дэглэм горим зөрчигдсөн асуудлууд түүний чиг үүрэгтэй шууд хамааралтай байна.

Нэхэмжлэгч нь Чиглэл хүргүүлэх тухай 10/695 албан бичиг, Төрийн нарийн бичгийн даргын баталсан хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээж аваад биелэлтүүдийг гаргаж 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Мэдээлэл хүргүүлэх тухай 36 дугаар албан бичгээр хүргүүлсэн хэмээгээд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахдаа[6] болон шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ирүүлсэн[7] ч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас уг албан бичгийг явуулсан гэх, Байгаль орчин аялал жуулчлалын яам уг албан бичгийг хүлээн авсан гэх үйл баримт гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэгээр тогтоогдсонгүй.

Тухайлбал тус шүүхийн даалгавраар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны баримт бичиг, бүртгэлд үзлэг хийж[8], явуулсан бичгийн 2019 оны бүртгэлээс шүүж үзэхэд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай ******* ******* ХХК-д асуудал шийдвэрлэх тухай агуулгатай албан бичиг /2 хуудас, нь бүртгэлийн 40-д тэмдэглэгдсэн, гэхдээ уг албан бичгийг үзлэгийн тэмдэглэлд хавсаргаснаас үзэхэд ******* ******* ХХК-д асуудал шийдвэрлэх тухай агуулгатай албан бичиг нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай байна. Тус захиргааны 2019 онд явуулсан бичгийн өнгөн хувийн хавтсаас шүүж үзэхэд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай албан бичиг нь Тунхений национальный паркад урилга хүргүүлсэн 1 хуудас албан бичиг байх бөгөөд энэ бичиг нь явуулсан бичгийн бүртгэлд 33 дугаарт 29 дугаартай бүртгэгджээ.

Тус шүүхийн үзлэгээр[9] яамны 10/695 тоот албан бичгийн хариу ирсэн эсэхээр шүүж үзэхэд бүртгэгдээгүй байдаг бөгөөд нэхэмжлэгч нь яамны 10/695 тоот албан бичгийн хариу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай албан бичгийг хавсралтын хамт яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.Бт удирдах ажилтны зөвлөгөөн дээр өгсөн гэх ба Т.Б гэрчээр мэдүүлэхдээ[10] удирдах ажилтны зөвлөгөөн 2019 оны 2 дугаар сарын 28, 3 дугаар сарын 1-нд Пүрэв, Баасан гаригт Улаанбаатар хотод болсон, 2 дугаар сарын 28-нд салбарын хэмжээнд хурал семинар болсон өдөр Л.Д дарга бичиг өгсөн. 3 дугаар сарын 04-нд Даваа гаригийн өглөө Л.Дын өгсөн баримт бичгүүдийг яамны нэг цэгийн үйлчилгээнд цахимаар бүртгэж оруулсан. 4 бичиг байсан, 2 нь хүний нөөцтэй холбоотой, 1 нь Өргөдлийн байнгын хороонд гаргасан иргэдийн өргөдөлтэй холбоотой, 4 дэх нь 68 хуудас хавсралттай газар ашиглалттай холбоотой судалгаа байсан. 1 дугтуйнд бүгд байсан, дугтуйг нэг цэгийн үйлчилгээнд бүртгүүлэхэд задалж бүртгүүлсэн. Өөр бичиг байгаагүй гэдэг.

Яаманд 2019 оны 3 дугаар сарын 04-нд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 4 албан бичиг ирсэн нь 1 цэгийн үйлчилгээний ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдсэн[11], бүртгэсэн цагийн дарааллаар үзвэл 16:31 цагт 08 дугаартай 68 хуудас хавсралттай албан бичиг 2705 дугаарт, 16:33 цагт 32 дугаартай 13 хуудастай албан бичиг /Г.А*******ыг мэргэжилтнээр томилохтой холбоотой/ 2706 дугаарт, 16:33 цагт 31 дугаартай 1 хуудас албан бичиг /сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах хүсэлт/ 2707 дугаарт, 16:34 цагт 34 дугаартай 37 хуудас хавсралттай албан бичиг 2708 дугаарт бүртгэгджээ.

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 2 дугаар сарын 25-ны 34 дугаартай албан бичгийн хувьд Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал сумдын нэр бүхий 67 иргэн нуурын байгалийн цогцолборт газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгохтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, нуурын бохирдол, нутгийн иргэдийн эрх зөрчигдөж буй байдлыг газар дээр нь шалгаж, шаардлагатай арга хэмжээ авахыг хүсэж Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд гаргасан гомдлыг яаманд шилжүүлснийг яамнаас 2019 оны 2 дугаар сарын 14-нд 10/907 тоотоор Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд дэлгэрэнгүй тайлбар авахаар хүргүүлсэн, үүний хариу албан бичиг бөгөөд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргасан тэдгээр 67 иргэний нас, гэр бүлийн байдал, хаяг, газар ашиглах хүсэлт гаргасан эсэх зэргээр мэдээллийг гаргаж 37 хуудас хавсралтаар хүргүүлсэн[12] бичиг бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал арилгуулах асуудалтай хамааралгүй байна.

Мөн тус захиргааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай албан бичиг[13] нь 10/695 тоот чиглэл хүргүүлэх албан бичгийн хариу биш, уг албан бичгээс өмнө гарсан бөгөөд агуулга нь Лэнд менежер программд газар ашиглагч нарын мэдээллийг оруулсан, кадастрын зургийн зөрүүг хамгаалалтын захиргаа засах боломжгүй, программд эрх нээгдээгүй шалтгааныг дурьдаад, газар ашиглагч нарын судалгааг сумдаар нь иргэн, аж ахуйн нэгжээр нь болон үйл ажиллагаа явуулдаг эсэх, газрын маргаантай эсэх, бичиг баримтын зөрчилтэй эсэхээр нь ангилан гаргаж 68 хуудас хавсралтаар хүргүүлжээ.

Энэ 08 дугаартай бичиг нь мэдээллийн санд ашиглах эрх олгогдсон газруудын мэдээллийг бүрэн оруулаагүй шалтгааны талаарх судалгаа болохоос зөрчлийг арилгасан талаарх тайлан биш юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 13-ны А/509 дүгээр тушаалаар газрын кадастрын мэдээллийн санд Лэнд менежер программ хангамжийг нэвтрүүлэхээр шийдвэрлэж, сангийн өгөгдөл мэдээг засварлаж оруулах ажлыг эрчимжүүлэхийг тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын дарга нарт даалгаж, программ хангамжийн хэрэглээнд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангахыг яамны холбогдох газар хэлтсүүдэд үүрэг болгожээ.

Энэ дагуу газар ашиглагч нарын мэдээллийг нэгж талбар бүрээр зөрчлийг арилган Лэнд менежер программд 3 дугаар сарын 01-ний дотор оруулах үүргийг яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10/695 дугаартай чиглэл хүргүүлсэн албан бичигт үүрэг болгосон ч зөрчлийг арилгаагүй нь маргаан бүхий тушаалын бас нэгэн үндэслэл болсон.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программ хөгжүүлэлтийг хариуцаж, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах эрх олгогдсон газрын мэдээллийг хөрвүүлэн оруулах сургалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын алба хаагчдыг хамруулсан, үүнд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Ү хамрагдаж, Лэнд менежер программд хандах эрх үүсгэснээр Лэнд менежер программд хөрвүүлэн оруулсан 135 засварлаагүй төлөвтэй нэгж талбараас Д.Ү 2018 оны 12 дугаар сарын 18-21-ний хооронд 81 нэгж талбарын газар ашиглагчийн болон газар ашиглах эрх олгосон шийдвэрийн мэдээллийг засварлан бүртгэж, засвар дууссан төлөвт, 38 нэгж талбарын мэдээллийг засвар хийгдэж байгаа төлөвт шилжүүлсэн, үүнээс хойш программд Хөвсгөл нуурын цогцолборт газарт иргэн, хуулийн этгээдийн ашиглалтад олгогдсон газрын мэдээллийг засварлаж оруулаагүй талаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар шүүхэд тодорхойлж[14], гэрчээр мэргэжилтэн Д.Ү мөн энэ талаар мэдүүлжээ[15]. Өөрөөр хэлбэл газар ашиглагч нарын мэдээллийг нэгж талбар бүрээр зөрчлийг арилган Лэнд менежер программд 3 дугаар сарын 01-ний дотор оруулах үүрэг хэрэгжээгүй байна.

Дээрх шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн нэг болох орон нутгаас өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй зөрчлийг зогсоож газар эзэмших эрхийг цуцалж хариу мэдэгдэхийг сумдын Засаг дарга нарт хамгаалалтын захиргаанаас 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 30 тоотоор шаардлага хүргүүлсэн, мөн улсын байцаагчийн бичиг баримтын болон ашиглалтын зөрчил арилгуулах 2019 оны 2 дугаар сарын 18-ны 39-04-081/06 дугаартай албан шаардлагаМ ХХК-д, 2 дугаар сарын 13-ны ******* дугаартай албан шаардлага АХХК-д, 2 дугаар сарын 18-ны 39-04-081/04 дугаартай албан шаардлага Д ХХК-д тус тус хүргүүлснээс[16] өөрөөр зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ аваагүй байна.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл Хөвсгөл нуурын улсын тусгай хамгаалалттай газарт хууль тогтоомж, тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын дэглэм, горим зөрчигдсөн, энэ нь хамгаалалтын захиргааны дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, тухайн хамгаалалттай газрын байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, хамгаалалтын горим дэглэмийг мөрдүүлэх ажлыг удирдлагаар хангах, хамгаалалтын захиргааны бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийг зөв төлөвлөж, ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлснээс шалтгаалсан гэж үзээд хамгаалалтын захиргааны дарга Л.Дыг төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалд өмнө нь түүнд сахилгын шийтгэл ногдуулсан 2 тушаалыг дурьдсаныг нэг зөрчилд сахилгын зөрчил давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй. Учир нь ******* дугаар тушаалаар түүнийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.1.4-т зааснаар сахилгын шийтгэлээр биш мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр ажлаас халсан юм. Энэ ч утгаараа энэ маргаанд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам хэрэглэгдэхгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Л.Дыг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10/695 дугаар албан бичгээр өгсөн үүрэг даалгавар, хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй үндэслэлээр ажлаас халах шийдвэр гаргах болсныг мэдэгдэж, 6 дугаар сарын 17-ны дотор хариу тайлбар гаргах хугацаа олгосон байдаг. Энэхүү сонсгох ажиллагааны мэдэгдлийг түүнтэй гар утсаар хийж, мөн албаны шуудангаар хүргүүлсэн[17], энэ дагуу тэрээр 6 дугаар сарын 18-ны өдөр яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргатай биечлэн уулзсан байдаг тул захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө эрх нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх сонсгох, тайлбарлах боломж олгох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд нийцүүлэн хийсэн гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай Л.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 78-80 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 5-9 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 63-64 дүгээр хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 59-62 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 136-142 дугаар хуудас

[6] Хэргийн 3 дугаар хавтсын 160-162, 222-229 дүгээр хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 36-37 дугаар хуудас

[8] Хэргийн 3 дугаар хавтсын 15-147 дугаар хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтсын 238-242 дугаар хуудас

[10] Хэргийн 3 дугаар хавтсын 238-239 дүгээр хуудас

[11] Хэргийн 3 дугаар хавтсын 232-235 дугаар хуудас

[12] Хэргийн 3 дугаар хавтсын 107-108, 112-147 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 172-227 дугаар хуудас

[14] Хэргийн 3 дугаар хавтсын 176-178, 196 дугаар хуудас

[15] Хэргийн 3 дугаар хавтсын 166-169 дүгээр хуудас

[16] Хэргийн 2 дугаар хавтсын 80, 201-204 дүгээр хуудас

[17] Хэргийн 1 дүгээр хавтсын 234-235, 2 дугаар хавтсын 34-35 дугаар хуудас