Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1379

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.У -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э Э Э Д  ХХК –д холбогдох

 

Гэм хорын хохиролд 281.422  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг, иргэдийн төлөөлөгч Ж.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.   

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.У  миний бие 2018 оны 04 дүгээр сарын 13 өдрийн 10 цаг 30 минутаас 11 цагийн хооронд тус байгууллагын ресторанаар үйлчлүүлэх зорилгоор орсон. Тухайн үед Нэгдүгээр амаржих газарт би эхнэрээ эмнэлэгт хэвтүүлээд тус ресторанаас хоол авах зорилгоор орсон. Тэр өдөр урд шөнө нь цас их орсон байсан бөгөөд тус байгууллага нь үүдний цасаа бүрэн цэвэрлээгүй байсан. Үйлчлүүлээд гарах үедээ миний бие тус байгууллагын шатан дээр хүүтэйгээ цуг /3 настай/ хальтирч унан босч чадахгүй байх үед “Сүхбаатар дэвшил” ХХК-ийн нэр бүхий гудамжны цас цэвэрлэж байсан 2 хүн тус байгууллагын хашааны цас цэвэрлэж байсан ажилтанд хэлсэн. Тухайн хүн намайг дотогш оруулсан. Биеийн байдал гайгүй байсан учир би гарахаар хувцасаа гөвүүлж байх үед би ухаан алдан унасан, тэр үед байгууллагын жижүүр түргэн тусламж дуудсан байсан. Түргэн ирээд даралт үзээд хэвийн байна. Хүчтэй унасан учир тархи толгойд гэмтэл авсан байж болзошгүй тул яаралтай тархины зураг авахуул гэж хэлсэн Улмаар эмчийн зааврын дагуу миний бие Сонгдо эмнэлэгт тархины зураг авахуулсан.

Иймд тус байгууллагын буруутай уйл ажиллагааны улмаас надад учирсан хохирол болох 281.422 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.У гийн гэм хорын төлбөрт 281.422 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Дээрх заалтад заасны дагуу нэхэмжлэгч шатнаас унасанд хариуцагч байгууллага гэм буруутай байх ёстой.

Гэтэл энэ тохиолдолд хариуцагч нь гэм буруугүй бөгөөд энэ нь дараах байдлаар нотлогдож байгаа болно. Үүнд: Нэхэмжлэгч Д.У  нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө манай ресторанаар үйлчлүүлсэн. Тухайн өдөр цас орж байсан, манай байгууллагын ажилтан хашаанаас эхлэн орж байгаа цасыг цэвэрлэж байх үед энэ асуудал гарсан.

Хаврын цагт орсон цас дороо хайлж, ус болдог бөгөөд тухайн өдөр орж байсан цасыг нэхэмжлэгчийг ресторанаар үйлчлүүлэх үед цэвэрлэж байсан, гадаа цас орж байсан зэргээс нэхэмжлэгч нь шатнаас халтирах боломжтой гэдгийг өөрөө мэдэж байсан. Тиймдээ ч байгууллагын үүдний камерын бичлэгт бичигдсэнээс харахад нэхэмжлэгч ресторан руу орохдоо халтирахаас сэргийлж шатанд наасан наалттай хэсгээр явсан, харин гарахдаа наалтгүй буюу цас тогтсон хэсгээр бууснаас болж унасан байна.

Өөрөөр хэлбэл, цас орж байсан, шатны хэсэг усархаг, цастай үед шатнаас халтирах боломжтой гэдгийг энгийн хүн бүр мэдэх боломжтой, ийм үед хүмүүс шатнаас халтирах эрсдэл өндөр байдаг учир манай байгууллага үүдний шатандаа халтирахаас сэргийлсэн наалт наасан. Энэ нь нэг ёсондоо хальтирч болзошгүйг анхааруулсан анхааруулга, нөгөөтэйгүүр манайхаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангасан, тэднийг эрсдэлээс хамгаалах үүргээ хэрэгжүүлсэн байдал юм. Иймээс нэхэмжлэгч нь цас, бороотой үед өөрийгөө эрсдэлээс сэргийлэхийн тулд ямар ч тохиолдолд халтирахаас сэргийлсэн наалттай хэсгээр явах ёстой .

Хэрэв манай байгууллагын үүдний шатанд халтирахыг анхааруулсан наалт байхгүй байсан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь шатнаас унасан бол манай байгууллага нэхэмжлэгчийн өмнө буруутай болно.

Харин манай байгууллага дээр дурдснаар хууль, журамд заасны дагуу Үилчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд үүдний шатандаа наалт наасан байхад нэхэмжлэгч нь өөрийн буруутай буюу шатны цас тогтсон хэсгээр буусан болгоомжгүй үйлдлийн  улмаас шатнаас унасан.

Иймд нэхэмжлэгчийн шатнаас унасанд учирсан хохирлыг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.У  нь хариуцагч Э Э Э Д  ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд  281.422  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э Э Э Д  ХХК нь Д.У  нь өөрийн болгоомжгүй үйлдлээс болж унасан, мөн хариуцагч гэм хор учруулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр Д.У гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.У  нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутаас 11 цагийн хооронд Э Э Э Д  ХХК-ийн Кайзер рестораны гадна шатны цасыг цэвэрлээгүй байсан тул  хальтирч унаж эрүүл мэндэд гэм хор учирсан тул Улаанбаатар Сонгодо эмнэлэгт үзлэгийн төлбөр 25.000 төгрөг, компьютер томографийн үнэ 208.000 төгрөг, эмийн үнэ 48.422 төгрөг, нийт 281.422 төгрөгийн хохирлыг хариуцах учиртай гэж, хариуцагч Э Э Э Д  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, түүний үндэслэлийг Д.У  нь өөрийн анхаарал болгоомжгүйгээс хальтирч унасан, түүнийг хальтирч унахад хариуцагч талын буруутай үйлдэл байхгүй тул учир гэм хорын хохирлыг хариуцахгүй гэж тус тус тайлбарладаг.

 

Д.У  нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутаас 11 цагийн хооронд Э Э Э Д  ХХК-ийн Кайзер ресторанаас гарах гэж яваад шатан дээр хальтирч унасан үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэж, толгойн доргилт оношоор эмийн эмчилгээ хийлгэсэн, мөн үзлэгийн төлбөр 25.000 төгрөг, компьютер томографийн үнэ 208.000 төгрөг, эмийн үнэ 48.422 төгрөг, нийт 281.422 төгрөгийн хохирол учирсан болох нь Улаанбаатар сонгдо эмнэлгийн эмчилгээний тооцоо-тасалбар, бэлэн мөнгөний баримт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5-8 дахь тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Тодруулбал, болсон үйл явдал, учирсан хохирол нь шалтгаант холбоотой, үүнд хариуцагчийн гэм буруу байсан бол хариуцагч гэм хорын хохирлыг хариуцах учиртай юм.

 

Байгууллага нь өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа барилга, байгууламж, эзэмшил газарт засвар үйличлгээ, тохижилт хийх, цэвэрлэгээ үйлчилгээ хийх, хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдуулахгүй байх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь Кайзер рестораны гадна шатны цасыг цэвэрлэх, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй болох нь үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Э Э Э Д  ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “..тухайн үйл явдал болсон барилга хариуцагч байгууллагын өмчлөлийнх, шатны хэсэг тус байгууллага зохих ёсоор арчлан хамгаалах үүрэгтэй байсан гэдэгт, түүнчлэн үйл явдал болсон өдөр шатыг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй буруутай” гэдэгт тус тус маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь Кайзер рестораны гадна шатны наалтгүй хэсэгт буюу цастай хэсэгт өсгийгөөрөө гишгэсний улмаас унасан байх бөгөөд цас орсон, шат нойтон хальтиргаатай байхад анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн шатнаас хальтирч унасан болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Д.У гаас шүүх бүрэлдэхүүн тодруулж асуухад “Та тодорхой хэмжээний анхаарал сэрэмжтэй байсан бол унахгүй байх боломжтой байсан уу” гэхэд нэхэмжлэгч “Тийм”, “Таны болгоомжгүй үйлдэл байсан уу” гэхэд “Тийм” гэж өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.У  шатнаас хальтирч унасан нь өөрийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн байна гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч Д.У , хариуцагч Э Э Э Д  ХХК-ийн хэн аль нь гэм буруутай гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч Э Э Э Д  ХХК-иас 140.711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.У д олгож, үлдэх 140.711 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасны дагуу хариуцагч хариуцагч Э Э Э Д  ХХК-иас 140,711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.У д олгож, үлдэх 140.711 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.093 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э Э Э Д  ХХК-иас 4.546 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.У д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР

 

 

                                                шүүгчид                                    д.нямбазар

 

 

                                                                                                       О.ОДГЭРЭЛ