| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 182/2020/00542/И |
| Дугаар | 001/ХТ2021/00746 |
| Огноо | 2021-06-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2021/00746
Баянмогод ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01087 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1393 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Баянмогод ХХК
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
нэхэмжлэл: үнэлгээний тайлан хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамираас хяналтын журмаар 2020.08.04-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2019.02.20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаартай шийдвэрээр манай компаниас 677,318,637 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгож, Нийслэлийн Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол 14б байрны 58 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, 48б байр 74 тоот 31.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Сонгино-хайрхан дүүргийн 1- хороо, Овоот тосгон, 1 дүгээр хэсэг гудамж, 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Жамсран уулын өвөр Д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай өмчлөлийн газар, Сонгино-хайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын аманд байрлах 10,000 мкв талбайтай эзэмших эрхтэй газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх явцад ИХ-н 177.1-д зааснаар хөндлөнгийн шинжээчээр барьцаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэн. Мөнх-Оргил трейд ХХК үнэлгээний тайлангаа шийдвэр гүйцэтгэх газарт 2019.11.28-ны өдөр хүргүүлсэн байна. Манай компани дүгнэлт гарсан тухай мэдэгдлийг 2019.12.05-ны өдөр хүлээн авсан бөгөөд үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Төрийн банкны зээлийн барьцааны бариулсан зургаан орон сууцны ихэнх орон сууцны үнэлгээнүүдийг зах зээлийн өнөөгийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээ 2-оос доошгүй үнэлгээний арга хэрэглэхдээ хэт доогуур үнэлсэн аргыг ашиглан үнэлгээчний мэдэгдэлд тусгаж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт гараагүй байна. Манай компанийн Төрийн банкны зээлийн барьцаанд буй өөр ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлгээнд хамруулаагүй түүнчлэн үнэлгээнд хамрагдсан барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019.11.28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: 2019.11.22-ны өдрийн 406/А тоот тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон. Мөнх-Оргил трейд ХХК нь үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн. Хуулийн дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019.12.02-ны өдрийн 4/27494, 4/27489, 4/2795, 4/2797, 4/27490, 4/27499, 4/27491, 4/27496, 4/27492, 4/274963 тоот мэдэгдлээр мэдэгдэж үнэлгээний тайланг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамирт танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 182/ШШ2020/01087 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019.11.28-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай Баянмогод ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Баянмогод ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1393 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлээгүй төдийгүй оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг ...нэхэмжлэгчийн гаргасан барьцааны эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй учраас Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019 оны 11-р сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв...-т гэж дүгнэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1 дахь хэсэг Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.-т, 9.2.Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараахь шаардлагад нийцсэн байна, 9.2.1 .хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.2.хөрөнгийн үнэлгээ хийх явц дахь хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэмдэглэсэн байх, 9.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх-т гэж тус тус заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, барьцааны эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Төрийн банкны зээлийн барьцаанд бариулсан зургаан орон сууцын ихэнх орон сууцны үнэлгээнүүдийг зах зээлийн өнөөгийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Хөрөнгийн үнэлгээг 2-оос доошгүй үнэлгээний арга хэрэглэхдээ хэт доогуур үнэлсэн аргыг ашиглаж, үнэлгээчний мэдэгдэлд тусгаж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт гараагүйг шүүх анзаарч үзсэнгүй. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй төдийгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хязгаарласан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлжээ. ИХШХШТХ-н 165.1-д заасныг зөрчсөн буюу хэргийн оролцогч, гомдол гаргаж нарт шүүх хуралдаан хэзээ, хаана болох талаар мэдэгдээгүй шүүх хуралдааныг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль алийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх, нэхэмжлэгчийн мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлага, гомдлын агуулгыг тайлбарлах, няцаах боломж олгоогүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчжээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж, нэхэмжлэгчийн мэтгэлцэх боломжийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Баянмогод ХХК 2020.02.14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2019.11.28-ны өдрийн тайлан буюу /2019.11.28-ны өдрийн үнэлгээний №99/Ш -с №102/Ш тайлан/-г хүчингүй болгуулахыг шаардсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаар шийдвэрээр Баянмогод ХХК нь 677,318,637 төгрөгийг Төрийн банк ХХК-д төлөхөөр болж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг заасан байна. Шийдвэрт Нийслэлийн Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол 14б байрны 58 тоот 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, 48б байр 74 тоот 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Овоот тосгон, 1 дүгээр хэсэг гудамж, 113/15 тоот 183 кв.м талбайтай хувийн сууц, мөн гудамж 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Жамсран уулын өвөр Д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай, өмчлөлийн газар, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын аманд байрлах 10,000 мкв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар тусгажээ.
Төлбөр төлөгч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлсэн тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
2. Баянмогод ХХК 2019.11.28-ны өдрийн №99/Ш -с №102/Ш дугаартай тайланг хүчингүй болгуулахыг шаардсан боловч эд хөрөнгийг эрх бүхий этгээд үнэлж, энэ талаар хариуцагч зохих журмын дагуу талуудад мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.-т нийцжээ.
Эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 107 дугаар зүйлийн 107.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.6 дахь хэсэг болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.
3. Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно. Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ. Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно. Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдаан 2020.06.26-ны өдөр болох талаар зохигчдод 2020.06.19-ний өдөр мэдэгдсэн /хх3-н 30/ , үүнийг үгүйсгэх баримтыг нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргаж өгөөгүй байна.
... шүүх хуралдаан хэзээ, хаана болох талаар мэдэгдээгүй ...оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн... мэтгэлцэх.. боломж олгоогүй.. гэх гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,6.4, 32 дугаар зүйлийн 32.1, 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.2, 165 дугаар зүйлд нийцэхгүй байна.
4. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.
Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01087 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1393 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.УНДРАХ