Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б  ХХК

Хариуцагч: Ц.С

Хариуцагч: Л.Ч нарт холбогдох

2,424,943,130.76 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Булганхишиг, Г.Гантогтох, М.Батсүх, хариуцагч Б  ХХК-ийн төлөөлөгч Ц.Хишигжаргал, өмгөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М  нь зээлдэгчийн хүсэлтээр 2017 оны 8 сарын 28-ны өдөр З-БШ-ЗҮ 2017-90 дугаартай зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулан Б ХХК-д 104,824,320.27 иенийн зээлийг 7.5 хувийн хүүтэй, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эргэн төлөх хугацаатай олгож, зээлдэгчийн Хас банкин дахь 5002168443 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 8 сарын 28-ны өдөр З-БШ-ҮХ-2017-91 “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, Б-БШ-ТТ 2017-92 дугаартай “Тоног төхөөрөмжийн барьцааны гэрээ”, Б-БШ-ТЗ 2017-93 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ”-нүүдийг зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан. Б ХХК нь 2008 онд ашигт малтмалын ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан. Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Хужиртын алтны шороон ордны хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, уг ордод хайгуулын ажлыг 2010 онд хийж гүйцэтгэн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 6 сарын 4-ний өдрийн ХХ-07-09 дугаар дүгнэлтийн дагуу ордын нөөцийг батлуулж, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг авснаар алтны олборлолтын үйл ажиллагааг 2016 оноос эхлүүлсэн бөгөөд 2016 онд нийт 3.5 кг алт олборлон Монголбанкны эрдэнэсийн санд тушаажээ. Зээлийн гэрээнд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2017 оны 9 сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 сарын 8-ны өдөр хүртэл сар тутам төлөхөөр заасан боловч зээлдэгч гэрээний хугацаанд 473,978.13 иенийн хүүгийн төлбөрийг 2017 оны 9 сарын 28-ны өдөр төлсөн. Түүнээс хойших хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 104,824,320.27 иенийн үндсэн зээл болон 3,294,722.85 иенийн хүүгийн төлбөртэй байсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд зориулах байсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд зээлдэгчээс компанийн дансны хуулгыг шаардахад гаргаж өгөхгүй байгаа ба төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. М ны Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 2017/99 дугаартай дүгнэлтэд зааснаар Б ХХК-д зээлийн төлбөрийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр төлөх тухай мэдэгдлийг хүргүүлж, зээл төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх тухай дээрх дүгнэлтийн дагуу шүүхэд хандсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу Б ХХК-иас 104,824,320.27 иенийн үндсэн төлбөр, 3,294,722.85 иенийн хүүгийн төлбөр, нийт 108,110,043.12 иен буюу нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож нийт 2,378,420,948.64 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу тус банк нь нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 5 сарын 1-ний өдөр нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл: 104,824,320.27 иен, үндсэн хүүгийн үлдэгдэл: 4,695,555.17 иен, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 709,629.28 иен, нийт: 110,229,504.72 иен буюу 2,424,943,130.76 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан № Б-БШ-ҮХ 2017-91 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, № Б-БШ-ТТ 2017-92 тоот “Барьцааны гэрээ”, Б-БШ-ТЗ 2017-93 тоот “Барьцааны гэрээ”, № Б-БШ-ҮХ 2017-117 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нүүдэд заасан үл хөдлөх эд хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл, Б ХХК-ийн бусад хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Б  ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б ХХК нь Хужиртын алтны шороон ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл хүсч М инд 2017 оны 5 сард хандсан. Гэвч удтал хүлээлгэсний эцэст 2017 оны 8 сарын сүүлчээр зээл олгохоор болж зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Уг зээлийн эргэн төлөлт нь дээр дурдсан төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй юм. Алт олборлолт нь улирлын чанартай ажил тул 10 сараас эхлэн дараа жилийн хавар болтол түр зогсдог онцлогтой. Анх гэрээ байгуулах үед энэ талаар талууд мэдэж байсан. Ингээд зээлийн гэрээ нь тухайн жилийн эцэст байгуулагдаж буй тул хугацааг нь тухайн жилийнхээ эцэс хүртэл хугацаагаар байгуулж, харин гэрээний хугацааны эцэст сунгах асуудлыг шийдвэрлэхээр харилцан ойлголцолд хүрч зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү ойлголцол, тохиролцоог хэрэгжүүлэх механизм болгож Б ХХК нь зээлийн санхүүжилтээс 234,930,000 төгрөгийг авалгүй үлдээсэн бөгөөд уг зээлийн санхүүжилтийн үлдэгдлээс ирээдүйд тооцогдох хүүгийн төлбөрийг суутган төлөх, улмаар гэрээг сунгана гэж тогтсон. Ийнхүү гэрээний хугацаа дөхөх үед Б ХХК нь талуудын хооронд гэрээ байгуулах үеийн харилцан ойлголцолд үндэслэн гэрээний хугацааг сунгах хүсэлтээ 2017 оны 11 сард хүргүүлсэн. Бидний энэхүү хүсэлтийн хариуг М  2017 оны 12 сарын 1-ний өдрийн 3/1667 дугаар албан бичгээр өгсөн ба ингэхдээ “...хуримтлагдсан хүүгийн төлбөрийг олгогдоогүй үлдсэн 234,930,000 төгрөгийн зээлээр төлүүлэх зөвшөөрлийг ирүүлэх тохиолдолд зээлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх боломжтой байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг ирүүлсэн. Түүнийх нь дагуу бидний зүгээс холбогдох албан тушаалтан буюу зээлийн эдийн засагчид олгогдоогүй зээлийн санхүүжилтээс хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрийг суутгаж, гэрээг сунгах талаар хариугаа өгсөн. Гэвч энэ асуудлыг шийдвэрлэлгүй удааширсан тул 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 17/15 дугаар албан бичгээр гэрээг сунгах талаар дахин хандсан боловч хариу өгөхгүй байсаар зээлдүүлэгч нь шүүхэд ханджээ. Хариуцагчийн хувьд Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зүйлгүй, тиймээс анх хэлэлцэн тохиролцсоны дагуу зээлийн гэрээг боломжит хугацаагаар сунгахаас нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр татгалзсан болно. М аас нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болон зээлийн үндсэн хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлсэн хүүг тооцох нөхцөл бүрдээгүй, ийм нөхцөл бүрдсэн бол тийнхүү бүрдэхэд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М  ХХК нь хариуцагч Б  ХХК, Ц.С , Л.Ч  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 104,824,320.27 иен, зээлийн хүүгийн төлбөрт 3,294,722.85, нийт 108,110,043.12 иен буюу 2,378,420,948.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн зээлийн төлбөрт 104,824,320.27 иен, зээлийн хүүгийн төлбөрт 4,695,555.17 иен, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 709,629.28, нийт 110,229,504.72 иен буюу 2,424,943,130.76 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон Б  ХХК-ийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэж нэмэгдүүлсэн, хариуцагч Ц.С , Л.Ч  нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч Б  ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас  үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөр гаргуулах шаардлагыг зөвшөөрч байгаа, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тооцогдох нөхцөл бүрдэхэд хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

М  ХХК болон Б  ХХК нарын хооронд 2017 оны 8 сарын 28-ны өдөр З-БШ-ЗҮ 2017-90 дугаартай зээлийн гэрээ /хх-11-16 тал/, 2017 оны 9 сарын 7-ны өдөр З-БШ-ЗҮ 2017-90-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-17 тал/  байгуулагдсан байх ба дээрх гэрээнүүдээр М  ХХК нь Б  ХХК-д 2,562,930,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийг жилийн 7.5 хувийн хүүтэй, зээлийн эхний олголт хийсэн өдрөөс 2017 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэх, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл эргэн төлөгдөх дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн үнийн дүнгээс гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох, Б  ХХК нь зээлийг гэрээнд заасан хугацаанд хуваарийн дагуу бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч 2017 оны 8 сарын 30-ны өдөр 45,004,500.45 иен, 2017 оны 9 сарын 6-ны өдөр 59,819,819.82 иен, нийт 104,824,320.27 иенийн зээл авснаас хойш зээлийн хүүгийн төлбөрт 473,978.13 иен 2018 оны 5 сарын 1-ний байдлаар  үндсэн зээлийн төлбөр 104,824,320.27 иен, зээлийн хүүгийн төлбөр 4,695,555.17 иен, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 709,629.28, нийт 110,229,504.72 иен буюу 2,424,943,130.76 төгрөгийн  төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тооцооллыг шүүхэд гаргасан /хх-91 тал/ ба хариуцагч нийт 104,824,320.27 иений зээл авсан болон уг зээл, зээлийн хүүгийн тооцоололд маргаагүй, үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр гаргуулах шаардлагыг зөвшөөрсөн.

Хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ зээлийн санхүүжилтийн үлдэгдлээс ирээдүйд тооцогдох хүүгийн төлбөрийг суутган төлөх, улмаар гэрээг сунгах талаар тохиролцсон, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний хугацаа сунгах хүсэлтийг гаргахад хуримтлагдсан хүүгийн төлбөрийг олгогдоогүй үлдсэн 234,930,000 төгрөгийн зээлээр төлүүлэн зөвшөөрлийг ирүүлэх тохиолдолд зээлийн хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн нөхцөл тавьсан ба бид олгогдоогүй үлдсэн зээлийн санхүүжилтээс хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрийг суутгаж, гэрээг сунгах хариугаа өгсөн боловч энэ асуудлыг шийдвэрлэлгүй удааширсан, улмаар хариу өгөхгүй байсаар шүүхэд хандсан, дээрх нөхцөл байдлаас болж нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тооцогдох нөхцөл байдал үүссэн бөгөөд үүнд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийг хэсэгчлэн олгох талаар заасан байх боловч зээлийн санхүүжилтийн үлдэгдлээс ирээдүйд тооцогдох хүүгийн төлбөрийг суутган төлөх, улмаар гэрээг сунгах талаар тохиролцсон тохиролцоо байхгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтад “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан бол хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

М  ХХК болон Б  ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтад “Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд гэрээний 3.1.10-д заасан хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, гэрээнд заасан зээлийн хүү дээр нэмж банкинд төлнө”, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалтад “нэмэгдүүлсэн хүү гэрээний 3.1.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцүү байна” гэж заасан, улмаар гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2017 оны 8 сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр эргэн төлөлт хийхээр баталсан байх ба зээлийн эх үүсвэр, олголт, эргэн төлөлт зэрэг зайлшгүй шалтгаанаар эргэн төлөлтийн хуваарь өөрчлөлт оруулсан тохиолдолд шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчид нэн даруй хүргүүлэхээр эргэн төлөлтийн хуваарь баталсан зээлийн гэрээний хавсралтад заасан байна.

Эргэн төлөлтийн хуваарийг батлахдаа 114,365,462 иений зээлийг 2017 оны 8 сарын 25-ны өдөр олгох, улмаар сар бүрийн 25-ны өдөр эргэн төлөлт хийх хуваарь баталсан байх боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 8 сарын 30-ны өдөр 45,004,500.45 иен, 2017 оны 9 сарын 6-ны өдөр 59,819,819.82 иен, нийт 104,824,320.27 иений зээл олгосон болох нь тогтоогдсон бөгөөд дээрх зээлийг олгохдоо эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн батлаагүй байна.

Эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн батлаагүй байгаа нь хариуцагч 104,824,320.27 иений зээлийн эргэн төлөлтийг ямар хуваарийн дагуу төлөхийг тодорхой бус болгож байх ба эргэн төлөлтийн хуваарь тодорхойгүй тохиолдолд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй шалтгаанаар нэмэгдүүлсэн хүүг тооцох боломжгүй болгож байна.

Иймд хариуцагч Б  ХХК-аас үндсэн зээлийн төлбөрт 104,824,320.27 иен, зээлийн хүүгийн төлбөрт 4,695,555.17 иен, нийт 109,519,875.44 иен буюу 2,403,961,265.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М  ХХК -д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 709,629.28 иен буюу 15,576,362.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдөр болох 2015 оны 5 сарын 1-ний өдөр мөрдөгдөж байсан Монгол банкнаас зарласан 2014 оны 4 сарын 30-ны өдрийн иений хаалтын ханш  22 төгрөг болох нь Монгол банкны албан ёсны цахим хуудсанд дахь мэдээлэл  /https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear=2018&vMonth=4&vDa=30/-ээр тогтоогдож байх боловч  нэхэмжлэгч нь иений ханшийг 2014 оны 4 сарын 29-ний өдрийн ханш /хх-92 тал/ болох 21.95 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний тооцон нэхэмжилсэн ханшаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн болно. 

М  ХХК болон Ц.С  нарын хооронд 2017 оны 9 сарын 1-ний өдөр Б-БШ-ҮХ 2017-117 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-18-20 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр З-БШ-ЗҮ 2017-90 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000444135 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1401, 1402 тоот хаягт байршилтай, 525 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  М  ХХК болон Ц.С  нарын хооронд 2017 оны 8 сарын 28-ны өдөр Б-БШ-ҮХ 2017-91 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-22-24 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр З-БШ-ЗҮ 2017-90 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004093 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000474108 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 71 дүгээр байр, зоорийн давхар хаягт байршилтай, 299.1 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004092 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000474107 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70 дугаар байр, зоорийн давхар хаягт байршилтай, 230.9 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004097 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000336676 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 71 дүгээр байр, 101 тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004098 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000336677 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70 дугаар байр, 103, 104 тоот хаягт байршилтай, 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  М  ХХК болон Б ХХК нарын хооронд 2017 оны 8 сарын 28-ны өдөр Б-БШ-ТТ 2017-92 дугаартай Барьцааны гэрээ /хх-27-29 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр З-БШ-ЗҮ 2017-90 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 70 тонны даацтай 7 ширхэг хүнд даацын автомашин, М  ХХК болон Б ХХК нарын хооронд 2017 оны 8 сарын 28-ны өдөр Б-БШ-ТЗ 2017-93 дугаартай Барьцааны гэрээ /хх-30-32 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр З-БШ-ЗҮ 2017-90 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс MV-016658 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт, алт баяжуулах скрубберыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.

Дээрх барьцааны гэрээнүүдээс Б-БШ-ҮХ 2017-117 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Б-БШ-ҮХ 2017-91 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Б-БШ-ТЗ 2017-93 дугаартай Барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байна.

Б-БШ-ҮХ 2017-117 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Б-БШ-ҮХ 2017-91 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Б-БШ-ТЗ 2017-93 дугаартай Барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас Б-БШ-ҮХ 2017-117 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Б-БШ-ҮХ 2017-91 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Б-БШ-ТЗ 2017-93 дугаартай Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000444135 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1401, 1402 тоот хаягт байршилтай, 525 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004093 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000474108 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 71 дүгээр байр, зоорийн давхар хаягт байршилтай, 299.1 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004092 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000474107 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70 дугаар байр, зоорийн давхар хаягт байршилтай, 230.9 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004097 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000336676 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 71 дүгээр байр, 101 тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004098 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000336677 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70 дугаар байр, 103, 104 тоот хаягт байршилтай, 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  MV-016658 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт, алт баяжуулах скрубберыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б-БШ-ТТ 2017-92 дугаартай Барьцааны гэрээнд заасан 70 тонны даацтай 7 ширхэг хүнд даацын автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын хувьд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дахь заалтад “Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэж заасан, гэрээнд заасан 7 ширхэг хүнд даацын автомашин бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараар тогтоогдсон тул барьцаагаар хангагдах шаардлага үүсээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн гаргасан Б-БШ-ТТ 2017-92 дугаартай Барьцааны гэрээнд заасан 70 тонны даацтай 7 ширхэг хүнд даацын автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг, мөн нэхэмжлэгчийн гаргасан Б  ХХК-ийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага нь ямар эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж буй нь тодорхой бус, уг шаардлагын хууль зүйн үндэслэл нь ойлгомжгүй байх тул Б  ХХК-ийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б  ХХК-аас 109,519,875.44 иен буюу 2,403,961,265.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М  ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 709,629.28 иен буюу 15,576,362.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000444135 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1401, 1402 тоот хаягт байршилтай, 525 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004093 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000474108 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 71 дүгээр байр, зоорийн давхар хаягт байршилтай, 299.1 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004092 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000474107 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70 дугаар байр, зоорийн давхар хаягт байршилтай, 230.9 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004097 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000336676 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 71 дүгээр байр, 101 тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004098 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000336677 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70 дугаар байр, 103, 104 тоот хаягт байршилтай, 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  MV-016658 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт, алт баяжуулах скрубберыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас Б-БШ-ТТ 2017-92 дугаартай Барьцааны гэрээнд заасан 70 тонны даацтай 7 ширхэг хүнд даацын автомашин, Б  ХХК-ийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М  ХХК нь хариуцагч хариуцагч Ц.С , Л.Ч  нарт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 2 сарын 9-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,050,054.75 төгрөг, 2018 оны 5 сарын 1-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390,560 төгрөг, мөн өдөр төлсөн 70,200 төгрөг, нийт 12,510,814.75 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Б  ХХК-аас 12,274,956 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М  ХХК-д олгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР