Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХНХЯ-д   холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг баталгаажуулах тухай иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч О.Оролзодмаа, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итэгмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э нь Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайдын Б/282 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэн  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр Б.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж дээрх тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажиллаагүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан болж, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 639 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 505 дугаар тогтоолууд гарч, уг шийдвэрүүдээр  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Гэвч хариуцагч тал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл энэ шийдвэр хэрэгжээгүй байгаа тул Б.Э нь ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр  нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эийн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасныг зөрчсөн. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн тогтоол  2017 оны 12 дугаар сарын 04-нд гарснаас хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргааны талаарх нэхэмжлэлээ гаргах ёстой. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь дээрх заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Б.Эийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь буцаан томилсон шийдвэр гараагүй байгаа болно  гэв. 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд холбогдуулан ажилгүй байсан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны дундаж цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг  хариуцагч тал үл зөвшөөрч, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах гэсэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Улсын Дээд шүүхийн тогтоол 2017 оны 12 дугаар сарын 04-нд гарснаас хойш 3 сарын дотор нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Э  нь 2014 оноос Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байгаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын  2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 Дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч гомдол гаргаснаар  Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний  өдрийн 540 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговорт 5 942 929 төгрөг олгохоос ажилгүйдлийн тэтгэмжид авсан 1 658 335 төгөргийг хасч, 4 284 594 төгрөгийг харруцагчаас  гаргуулахаар  шийдвэрлэснийг,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 639 дүгээртэй магадлалаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын  2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/282 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Эийг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилохыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгахаар шийдвэрлэн, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн  шүүх хуралдааны 505 дугаартай тогтоолоор дээрх магадлалыг хэвээр баталж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2. Ажилтан Б.Э-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсноос хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хүсэлт гаргаснаар  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0526 дугаар захирамж гарч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн, 0020 дугаартай гүйцэтгэх хуудас олгогджээ.

Нэхэмжлэгч нь одоог хүртэл ажилдаа томилогдоогүй, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа болох нь зохигчдын тайлбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/704 тоот  “Шүүхийн мэдэгдэл хүргүүлэх тухай”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2/3150 тоот “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” албан бичгүүд,  хэргийн баримтуудаар нотлогдсон.

Үүнээс үзэхэд хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно” гэж заасан.

Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын  санхүүгийн тэмдэг бүхий  нэхэмжлэгч Б.Эийн цалингийн тодорхойлолтод  сарын дундаж цалинг  1 183 361 төгрөгөөр тодорхойлсон байна.

Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний  өдрийн 540 дүгээр шийдвэрээс үзэхэд  2016 оны 12 дугаар сарын 09-нөөс 2017 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэл ажлын 143  хоногийн дундаж цалинтай тэнцэх олговрыг 5 942 929   төгрөгөөр тодорхойлсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу  түүний  нэг өдрийн дундаж цалинтай тэнцэх олговрыг 41 559  төгрөгөөр тооцох нь зүйтэй.

 Иймд нэхэмжлэгч Б.Э нь  2017 оны 07 дугаар сарын 04-нөөс 2018 оны  05 дугаар сарын 18-ныг хүртэлх  ажлын 218  хоногийн цалинтай тэнцэх олговорт  9 059 862 төгрөгийг  нэхэмжлэх эрхтэй, хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй байна.

4. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллага буюу шүүхэд  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар гомдол гаргахаар зохицуулсан ба нэхэмжлэгчийг одоог  хүртэл  ажилд томилоогүй, эрх зөрчигдсөн хэвээр  байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, энэ хугацааны дотор нэхэмжлэгч  гомдлоо шүүхэд гаргасан байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон...ажилтан нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны шимтгэл хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж  баталгаажуулахыг хариуцагчид даалгав.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт  9 059 862  төгрөгийг гаргуулж олгон, зохих журмын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг даалган, нэхэмжлэлийг ханган  шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 159 908 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 9 059 862   төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.Э-ийн  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,  мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 159 908 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                   Ж.БАЙГАЛМАА