Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00772

 
 

П.Ангарагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00867 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1201 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: П.Ангараг

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: Хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяагийн хяналтын журмаар 2020.06.30-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа нэхэмжлэлдээ: П.Ангараг нь төлбөрийг тодорхой хэмжээгээр барагдуулж, одоо 35,992,774 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2019.11.12-ны өдөр албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг үйлдээд төлбөр төлөгч П.Ангарагт өөрт нь мэдэгдэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулж, 2019.11.29-ний өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Амарбаясгалан худалдан авах эрхтэй болжээ. П.Ангараг нь 2019.11.06-ны өдөр СБД-н ЭХАШШ-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-ын 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял авсан ба одоо хорих 409 дүгээр ангид байгаа. ШШГТХ-н 7.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүнд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй байна. П.Ангарагийн хувьд 75 настай ээж, насанд хүрээгүй 2 хүүгийн хамт амьдардаг байсан. Тэрээр өрх толгойлсон эцэг хүн, тухайн байрыг худалдан борлуулснаар өнөөдөр дээрх гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн болон хоригдогч П.Ангарагийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. ШШГТХ-н 33.2.2-т заасан төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах зэрэг эрх зөрчигдөж хоёр дуудлага худалдаа хууль бус явагдсан гэж үзэх үндэслэл үүсч байгаа тул хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: ХУД-н ИХАШШ-н 2013.03.07-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр П.Ангарагаас 172,869,955 төгрөгийг гаргуулж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд П.Ангарагийн өмчлөлийн 51-А байрны 11 тоотын 127.3 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч П.Ангарагт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгийг 2018.12.27-ны өдрийн 16298832 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019.08.13-ны өдрийн 16290832/221 дүгээр тогтоолоор хураасан. ИХ-н 177-р зүйл, ШШГТХ-н 55-д зааснаар талуудад мэдэгдэхэд үнэлгээ харилцан тохиролцоогүй тул 55.2-т заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор 2019.08.21-ний өдрийн 138 дугаар тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, 131,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн. П.Ангарагт 2019.08.27-ны өдрийн 4/18839 дугаар албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг гардуулахад ШШГТХ-н 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хугацааг авсан. Анхны албадан дуудлага худалдаа 2019.10.15-ны өдрийн 11/1 дугаар тогтоолоор 2019.11.01-ний өдрийн 10 цагт тус газар зохион байгуулагдах тухай тогтоол мэдэгдлийг 2019.10.17-ны өдөр П.Ангараг биечлэн гардан авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа 2019.11.12-ны өдрийн 12/1 дугаар тогтоолоор 2019.11.29-ний өдрийн 10 цагт тус газар зохион байгуулагдах тухай тогтоол мэдэгдлийг ШШГТХ-н 14.3, 14.6-д заасны дагуу мэдэгдсэн..ажиллагааны явц бүрд төлбөр төлөгч П.Ангараг өөрийн биеэр оролцож байсан. ШШГТХ-н 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. Мөн хуулийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Иймд хуульд заасан хугацаа хэтэрсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 183/ШШ2020/00867 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох П.Ангарагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1201 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ...Шийдвэр гүйцүйцэтгэх байгууллага нь шинжээчийн дүгнэлт болон анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад хүргүүлж, 2019.10.15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Улмаар хариуцагч НШШГГазар нь 2019.11.12-ны өдөр 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулах тогтоол үйлдэж, 11 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч П.Ангарагийн ээж Р.Дүүриймаад мэдэгдсэн болох нь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч П.Ангарагт өөрт нь мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийж шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. П.Ангараг нь 2019.11.06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял авсан ба тухайн дуудлага худалдаа зохион байгуулагдах тогтоол үйлдэх үед хорих 409 дүгээр ангид байсан. Түүнийг хорих ял аван эрх хязгаарлагдсан байх үед НШШГГ нь 2019.11.12-ны өдөр Албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг үйлдээд төлбөр төлөгч П.Ангарагт өөрт нь мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулж, 2019.11.29-ний өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Амарбаясгалан худалдан авах эрхтэй болсон байна. ШШГТХ-н 7.2-д заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагад ...шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухай хүнд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй байна. Гэтэл төлбөр төлөгч П.Ангарагийн ээж Р.Дүүриймаа нь 1944 онд төрсөн 76 настай хүнд тэрээр хүүхдээ /П.Ангарагийг/ хорих ял авсныг мэдээгүй, хөдөө ажлаар явж байгаа ирэхээр нь хэлье гэхээр тэмдэглэлд гарын үсэг зуруулан ажиллагаа хийж байгаа нь ШШГТХ-н 33.2.2-т заасан төлбөр төлөгчийн ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах зэрэг эрхүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

П.Ангараг 2019.12.10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2019.11.29-ний өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн шүүх 2013.03.07-ны өдөр 387 дугаартай захирамж гаргаж, П.Ангараг нь 172,968,955 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд төлөх, үүргээ биелүүлээгүй бол Хан-уул дүүргийн 1-р хороо, Олимпийн гудамж, 51-А байрны 11 тоот 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахаар заажээ. Төлбөр төлөгч захирамжаас 35,992,774 төгрөг төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих журмын дагуу явагдсан байна.

 

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

2. Эд хөрөнгийн үнэлгээний талаарх санал авч, зохих ажиллагааг хийж, хариуцагч 2019.08.21-ний өдөр үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон. Шинжээч эд хөрөнгийг үнэлж анхны дуудлага худалдаа явагдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих журмын дагуу явагдсан байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч байгууллага нь П.Ангарагт 2019.08.27-ны өдөр үнэлгээний талаарх мэдэгдлийг гаргуулж, анхны албадан дуудлага худалдаа 2019.11.01-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулагдах тухай 2019.10.17-ны өдөр мэдэгдсэн, эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019.11.29-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулах талаар 2019.11.14-ний өдөр төлбөр төлөгчийн эх Р.Дүүриймаад мэдэгдсэн нь баримтаар нотлогдсон байна.

 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, 64-66 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

3. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

 

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа гаргасан гэх үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00867 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1201 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧИД, П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Х.ЭРДЭНЭСУВД