Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 261

 

А.Бу-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 602 дугаар магадлалтай 201626012774 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Бу-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй А.Бу- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах”, уг хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Бу-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялд уг хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялыг багтаан түүний биечлэн эдлэх нийт ялыг 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар оногдуулсан 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Бу-ийн цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “А.Бу-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, 2 дахь заалтыг “А.Бу-ийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Бу-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног буюу 1 сар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 жил 1 сар хорих ялаар тогтоосугай” гэж, 4 дэх заалтыг “Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсгүүдэд зааснаар А.Бу-т оногдуулсан 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч А.Бу-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, С.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч С.Чулуунбаатарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Бу- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2 шатны шүүхээс уг гэмт хэргүүдийг намайг санаатайгаар үйлдсэн гэж үзэж тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр шийтгэл оногдуулаад байгааг ойлгож байгаа боловч, хүний амь нас хохирсон хэргийг санаатай үйлдсэн гэдэгтэй санаа нийлэхгүй байгаагаа мөрдөн байцаалтын шатанд болон удаа дараагийн шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Харамсалтай нь хавтаст хэрэгт авагдсан эргэлзээтэй материалын хүрээнд шүүхүүд шийдвэр гаргалаа. Би бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан хэргийг хүлээн зөвшөөрнө. Харин хамт архи ууж байгаад харамсалтайгаар шат руу өөрөө унаж нас барсан талийгаач Төмөр-Очирын тухайд би түүнийг түлхсэн зүйл байхгүй. Талийгаач араас татах шиг болсон, эргээд хартал өөрөө хөл алдах шиг болоод унасан. Гэтэл үүнийг гэрчилж байгаа хүмүүс нь тухайн үед хамт архи уусан, болсон явдлыг тодорхойлох чадваргүй согтуу байсан хүмүүсээр гэрчлүүлсэн. Зарим гэрчүүдийн мэдүүлэг нь зөрүүтэй байхад дахин байцаалт авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Би тухайн үед эргэж хараад бариад авсан бол талийгаач унахгүй байх боломж байсан, болгоомжгүй хандсандаа харамсаж байна. Хэргийг минь хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...өмгөөлөгч миний бие магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх хуралдаан талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэнд явуулах зарчмыг хангаагүй. Шүүх хуралдаанд прокурор гэрчүүдийг оролцуулахаар санал гаргаж түүнийг нь шүүх хангахаар шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдаанд гэрчүүд ирээгүй байхад хуралдааныг шууд хийсэн. Харин өмгөөлөгч шүүх хуралдаанд гэрч Т.Ба-, Ч.Ам-, Ч.От-, Э.Ба- нарыг оролцуулах хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй шүүх хуралдаан хийгдсэн. Хавтаст хэрэгт гэрч Т.Ба-ын хоёр мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, мөн бусад гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад А.Бу-ийг санаатайгаар түлхэж унагаасан гэж шүүх үзсэн. Иймд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...А.Бу-т давж заалдах шатны шүүхээс 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэхэд А.Бу-ийн үйлдсэн гэмт хэргийг хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч А.Бу-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн А.Бу-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бу-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх хохирогч Ж.Тө-г санаатай алсан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөхдөө хууль буцаан хэрэглэх журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.Бу-, хохирогч Ж.Тө, гэрч Ч.Ам-, Б.Ба- нар нь “Оргил” супермаркетийн үүдэнд хамт архи уусан бөгөөд Ж.Төмөр-Очир нь А.Бу-ээс архи нэхэж маргалдсан, улмаар А.Бу- нь Ж.Тө-г шатны уруу түлхэж унагаан, дагзны зүүн хэсгээс зүүн чамархай, зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины эдийн няцрал буюу амь насанд аюултай гэмтэл учруулсан ба уг гэмтэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч нас барсан үйл баримт тогтоогджээ.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба шууд нас барсан буюу хэсэг хугацааны дараа нас барсан, өөрөөр хэлбэл амь хохирогч хэзээ нас барсан нь хэргийг зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Шүүгдэгчийн үйлдэл болон хохирогч нас барсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоотой байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Бу-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтад заалтаар зүйлчилж ял шийтгэл оногдуулан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаан хүргүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаан хүргүүлж буйтай холбогдуулан шүүгдэгч А.Бу-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 602 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаан хүргүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                 Б.ЦОГТ

                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН