Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2020/00957/и |
Дугаар | 001/ХТ2021/00563 |
Огноо | 2021-05-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2021/00563
.........нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00782 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1163 дугаар магадлалтай,
.........нэхэмжлэлтэй
.........ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч .............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................... нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие .........ХХК-д 2017.04.03-ны өдөр Худалдааны зөвлөхөөр ажилд орсон. Барилгын төсөвчнөөр ажиллах хүсэлтээ компанийн захиралд илэрхийлсний дагуу компанийн санхүүжилтээр 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 10 хоног, 2019.11.18-ны өдрөөс 10 хоног тус тус сургалтанд хамрагдаж, барилгын төсөвчний гэрчилгээ авсан. 2019.04.08-ны өдөр 4 сартай жирэмсэн байсан ба 2019.08.06-ны өдөр жирэмсний амралтаа авч, 2019.09.27-ны өдөр төрсөн. Барилгын төсөвчний сургалтанд суусан тул компани барилгын төсөвчнөөр ажиллах шаардлага тавьж байсан боловч надтай уг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, жирэмсний амралт авах хүртэл хөдөлмөрийн гэрээнд заасан худалдааны зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэсэн. Компанийн зүгээс барилгын төсөвчний ажлыг гүйцэтгэх, эсвэл худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлнө гэж дарамтлах шинжтэй зүйл ярьсан. Би арга буюу худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019.11.21-ний өдөр фэйсбүүк чатаар захирал руу хүсэлтээ явуулсан. Шинэ ажилд томилсон тушаалыг гаргаад надад мэдэгдэнэ гэсэн үүнээс хойш санхүүгийн ажилтантай 2019.12.26-ны өдөр цалинтай ээж тэтгэлэгт хамрагдах зорилгоор хүүхэд асрах чөлөөний маягтыг авахаар холбогдоход ажлаас халагдсан тушаал гарсныг мэдэгдсэн. Миний бие 2020.01.01-ний өдрөөс хойш ажилдаа орохоор төлөвлөсөн байсан тул уг хугацаанаас эхэлж өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлтэй, нялх хүүхэдтэй байсан тул ажлаас халсан тушаалыг садангийн ахаар 2020.02.20-ны өдөр авхуулсан. Ажлаас халсан тушаал авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул ажилд буцаан томилж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .........нь 2017.04.03-ны өдрийн 17/04 дугаартай тушаалаар тус компанид худалдааны зөвлөхөөр томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа компанийн зардлаар барилгын төсөвчний сургалтад суусны дагуу компанийн захирлын 2018.03.26-ны өдрийн 18/04 дугаартай тушаалаар барилгын төсөвчний албан тушаалд .........томилсон, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2019.08.06-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. 2019.10 сараас ажлаас гарах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Компанийн удирдлагын зүгээс үргэлжлүүлэн ажиллахыг санал болгосон боловч 2019.11.21-ний өдөр тус компанийн захирлын утсаар холбогдон, өөрийн мэргэжлийн дагуу барилгын менежментийн чиглэлээр хотын төвд ажилд орж байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхийг хүсэж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж явуулсан. Ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй ирүүлснээс хойш 1 сарын дараа буюу 2019.12.23-ны өдөр тус компанийн захирлын 19/07 дугаартай тушаалаар .........ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компанийн зүгээс дахин өөр ажилд томилох талаар санал болгосон, хуурч мэхэлсэн дарамталсан зүйл байхгүй. .........өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00782 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан .........ХХК-ийн худалдааны зөвлөхийн ажилд тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч .........нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1163 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00782 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ......... .............. ХХК-ийн Худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3 988 666 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай. гэж 2 дах заалтын дурдсугай. гэснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .........ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 78 768.66 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. ............нь “Констракшн энд буйлдинг суплайс” ХХК-ийн захирлын 2017.04.03-ны өдрийн 17/04 дугаартай тушаалаар тус компанид худалдааны зөвлөхөөр томилогдон ажилласан. 2019.08.06-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан бөгөөд 2019.10 сараас ажлаас гарах хүсэлтэй байгаагаа хэлсэн, компанийн удирдлагын зүгээс үргэлжлүүлэн ажиллахыг санал болгож байсан боловч 2019.11.21-нд тус компанийн захирал ..............-той утсаар холбогдож би өөрийн мэргэжлийн дагуу барилгын менежментийн чиглэлээр хотын төвд нэг байгууллагад ажилд орж байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхийг хүсэж, өөрөө ирэх боломжгүй байна гээд, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж, цахимаар компанийн захиралруу явуулсан. .........нь компанийн зардлаар барилгын төсөвчний сургалтанд хамрагдсан учир компанийн зүгээс цааш үргэлжлүүлэн ажиллахыг санал болгож байсан боловч ажлаас чөлөөлсөн тушаалаа гарсан эсэхийг асууж, авахаар удаа дараа шаардаж байсан учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаас хойш 1 сарын дараа буюу 2019.12.23-ны өдөр тус компанийн захирлын 19/07 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр .........ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Компанийн захирал, удирдлагын зүгээс дахин өөр ажилд томилох талаар санал болгосон, хуурч мэхлэсэн, дарамталсан зүйл огт байхгүй. .........өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Компани өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй болно. .........нь нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй худал зүйлүүдийг ярьсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, харин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснөө хүлээн зөвшөөрч, үгүйсгэж, маргаагүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, .........нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдоогүй, түүнийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгч .........гаргасан өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий хүсэлтийг давж заалдах шатны шүүх үнэлэхдээ “...тус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэсэн агуулгагүй байна.” гэж үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгч .........нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах тухай хүсэлтэй бичиж 2019.11.21-ний өдөр захирал .............-т явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хариуцагч талаас гаргаж өгсөн гар бичмэлийн хуулбарыг өөрийн бичсэн хүсэлт мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгээгүй зэргээр түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасанд нийцэж байгаа нь тогтоогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хариуцагч өөрийн гаргасан шийдвэр үндэслэлтэй гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв.
.........нь хариуцагч байгууллагад 2017.04.03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр худалдааны зөвлөхөөр ажиллаж байгаад 2019.08.06-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авсан, 2019.09.27-ны өдөр хүүхдээ төрүүлсэн байх ба хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцалсан 2019.12.23-ны өдрийн 19/07 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, 2020.03.05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргасан эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон, хоёр шатны шүүх маргааны зүйлийн талаар эрх зүйн өөр өөр дүгнэлтийг хийж, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг анхаарч, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ хангалттай биелүүлээгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
1. .........ажил олгогчид гаргасан хүсэлтэдээ /хх-49/ “...өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэж” бичсэн, уг баримтыг анхан шатны шүүх “...ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргасан...” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “...хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох агуулга байхгүй, өөр байгууллагад ажиллахаар болсонтой холбоотойгоор худалдааны зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөр хүсэл зорилгоо илэрхийлсэн болох нь тогтоогдоогүй...” гэж дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэрэгт байгаа ямар баримтаар хэрхэн үгүйсгэсэн, ажилтны хүсэл зоригийг тайлбарлахад үндэслэсэн баримт, нотолгоог магадлалд тусгаагүй байв.
2.Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ ...Компанийн зүгээс барилгын төсөвчний ажил гүйцэтгэх, эсвэл худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлнө гэж дарамтлах шинжтэй зүйл ярьсан, арга буюу худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг чатаар явуулсан, ...өөр ажил өгнө... гэсэн атлаа ажлаас чөлөөлсөн... хүүхэд асрах чөлөө авах гэж байсан...” гэх үйл баримтыг дурдсан байгааг анхаарч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь өөр ажил гэж ямар ажлыг нэрлэж байгаа, энэ тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ дэмжих эсэх, тушаалыг хүчингүй болгуулахдаа ажилд орохыг хүссэн эсвэл зөвхөн хууль бус актыг хүчингүй болгох зорилготой эсэхийг шүүх тодруулаагүй, энэ талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэх боломжгүй байна.
3. Шүүх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ ажилтан ажилдаа орох хүсэлтийг хэзээ гаргасан, хэрэгт ямар баримт байгаа, энэ талаар тодруулаагүй, ажилтан хэзээ ажилд орох хүсэлт гаргасан үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргасан өдрөөр тогтоосон нь зохигчийн мэтгэлцээгүй асуудлаар, хэрэгт байхгүй баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн гэж үзнэ.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4-т зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй боловч ажилтан гэрээг цуцлах хүсэлт гаргавал түүний санаачлагаар гэрээг дуусгавар болгож болно.
Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулж, зохигчийг мэтгэлцүүлэн, маргааны үйл баримтын талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан аль нэг шийдвэрийг гаргах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00782 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1163 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 78,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ