Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2512

 

МАГАДЛАЛ

 

2017.12.11                                                     Дугаар 2512                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Б.О ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02642 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.О ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С С Т ” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, мөн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.О ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгдо эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ямар ч асуудал гаргалгүй ажлаа хийгээд явж байтал 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүнийн нөөцийн ажилтангаас тушаал чинь гарсан, тушаалаа ав гээд ажлаас халсан тухай тушаал өгсөн. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тушаалаа гардаж аваад, дотоод хяналтын ажилтан, менежер н.Жаргалсайханд хандаж, өргөдөл бичиж өгсөн. Менежер өргөдлийг минь аваад эргээд холбоо барина гэж хэлсэн. 2017 оны 6 сард Сонгдогоос ярьж байна гээд миний өргөдлийн талаар асууж байсан. Намайг эргээд ажилд авна гэж итгээд тушаал гардаж авснаас хойш шүүхэд хандалгүй өнөөдрийг хүртэл хүлээж байгаа ч ажилд авсан юмгүй, цалин мөнгөгүй хэцүү байна. Ажлаас халагдах үед 1 сар гарантай жирэмсэн байсан. Энэ талаар өөрийн ажил хариуцдаг даргадаа хэлж байсан боловч өөрийн хүсэлтээр гэж үндэслэлгүйгээр ажлаас халаад өнөөдрийг хүртэл хохироож байна. Иймд “Сөүл Сениор Товерс” ХХК-ийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 58 тоот тушаалыг хүчингүй болгож, хуучин ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүх хуралдаан болох хүртэл хугацаагаар тооцон олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “С С Т ” ХХК нь нэхэмжлэгч Б.О тай 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ" байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 190 дугаартай тушаалаар 3 сарын туршилтын хугацаатайгаар Аж ахуйн албанд үйлчлэгчээр ажилд авсан. Б.О  нь ажиллаж байх хугацаандаа хамт ажиллагсадтайгаа зүй бусаар харьцсан, дээд шатны албан тушаалтны шаардлагыг биелүүлэхгүй байх зэрэг удаа дараагийн зөрчлийг гаргаж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс дээрх      зөрчлүүдэд нь дараах сахилгын шийтгэлүүдийг ногдуулж байсан. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас халагдах тухай хүсэлтэй байгаагаа хэлсэн бөгөөд энэ өдрөөс хойш буюу 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй төдийгүй 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр утсаар холбогдож тушаалаа авахыг хүссэн. Ажил олгогчийн зүгээс Б.О ы хүсэлтээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг ажлаа орхиж явсан өдөр болох 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тогтоож гаргасан. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.О  нь тойрох хуудсаа бөглөж, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гардан авсан. Гэтэл тус шүүхэд дээрх тушаалд холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т "Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гардаж авсан өдрөөс хойш 3 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг гаргасан байна. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 33 дугаартай тогтоолын 28-д хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж тайлбарлажээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд гаргасан хүсэлтдээ ажил олгогчийн зүгээс хуучин ажилд эгүүлэн авна гэж амалсан учраас шүүхэд гомдол гаргаагүй гэх үндэслэлийг дурдсан байх бөгөөд уг үндэслэл нь дээр дурдсан шүүхэд гомдол гаргах эрхийн хугацааг сэргээх үндэслэлд хамаарахгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан хариуцагч “С С Т ” ХХК-ийн зүгээс болон төлөөлөх эрх бүхий албан тушаалтны зүгээс Б.О  эгүүлэн ажилд авах талаар ямар нэгэн амлалт өгөөгүй бөгөөд Б.О ы зүгээс энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй болно. Иймд Б.О ы зүгээс манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Б.О ы ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, мөн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэл гаргах үедээ хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг хамтад нь гаргасан бөгөөд хугацааг сэргээсэн, сэргээгүй талаар шийдвэр гаргаагүй мөртлөө нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв хугацааг сэргээгээгүй бол хүсэлтийг хэлэлцэж шийдвэр гаргасны дараа нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх нь тодорхой болох байсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацаагаа яагаад алдсан талаар шүүхэд тайлбар мэдүүлэн, энэ талаар холбогдох баримтыг хариуцагчаас гаргуулах, гэрчийг асуулгах талаар хүсэлт гаргасан боловч шүүх зөвхөн хариуцагчийн нотлох баримтгүй тайлбарыг үндэслэн хүсэлтийг хангалгүй шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Хариуцагч нэхэмжлэл гаргаснаас хойш, шүүхэд ирж нэхэмжлэлээ гардаж авахгүй 3 сар болоход нэхэмжлэлийг гардуулах, хэргийг шийдвэрлэх талаар ажиллагаа хийхгүй 3 сар болсоны дараа нэхэмжлэгчийн хүссэн ажиллагааг хийлгүй яаран шийдвэрээ гаргасан нь хэргийн оролцогчдод ялгавартай хандсан, нэхэмжлэгчид эрхээ зөрчигдсөн талаар нотлох боломжоор хангаагүй, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй нь энэ хэргийг хариуцагчийн талд шийдвэрлэхээр эхнээсээ шүүхийн шийдвэрийн талаар төсөөлөлтэй байсан гэж үзэхээр байгаа тул гомдолтой байна.

Хариуцагч, нэхэмжлэгчийг огт ажил хийдэггүй, сахилгын зөрчил гаргадаг, өөрөө ажлаасаа гарах талаар хэлсэн тул тушаал гаргасан гэж тайлбарласан боловч үүнийгээ нотолсон ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тэр ч байтугай ажлаас халсан 58 тоот тушаалыг байхгүй гээд шүүхэд гаргаж өгөөгүй. Үүнийг шүүх шийдвэртээ дүгнэсэн боловч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хугацааг сэргээх үндэслэл байхгүй хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч, хууль зүйн мэдлэггүйдээ бус, ажил олгогчийг буруу шийдвэр гаргасан гэж үзэн тушаал гардан авмагцаа 2 хоногийн дараа түүнд бичгээр хандсан. Гомдлыг тухайн үед тамга тэмдэг, бичиг хэрэг хариуцаж байсан менежер н.Жаргалсайханд хандан өгсөн, менежер гомдлыг бичгээр хүлээж аван, мөн амаар гаргасан тайлбарыг сонсоод дээд удирдлагадаа дамжуулна, хариуг өгнө гэж хүлээлгэсэн. Миний бие тухайн үед жирэмсний хордлогоос болж бие тавгүй байсан тул хөдөө аав ээж дээрээ байсан. Үүнээс хойш сар гарангийн дараа мөн утсаар холбогдон дахин энэ үйл явдлын талаар асуугаад мөн хариу өгнөө гээд таг болсон. Ажил олгогчтойгоо шүүхээр маргах хүсэлгүй байсан, мөн миний гаргасан хүсэлтийг судлаад удахгүй шийдэх байх гэж найдаж байсан тул шүүхэд хандах хугацаагаа алдсан гэж тайлбарласан, энэ талаар холбогдох хүмүүсийг гэрчээр асуулгахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийн дагуу ажиллагаа хийлгүй ийнхүү шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг сэргээхээр гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “С С Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.О ыг хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан ажлаас чөлөөлсөн тушаалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй талаар зохигч маргаагүй тул талуудын гаргасан баримт болон тайлбарын хэмжээнд нотлох баримтыг үнэлсэнийг буруутгахгүй.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтанд үндэслэгджээ.

Нэхэмжлэгч Б.О  нь түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, гарын үсэг зурсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй шалтгаанаа “...дотоод хяналтын менежер Б.Жаргалсайханд өргөдөл өгөөд хариу хүлээж байсан...” гэж тайлбарласан нь баримтаар тогтоогдоогүй.

Тодруулбал, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж уг хугацааг сэргээх талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.О нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хариуцагч байгууллагын захиргаанд гаргасан нь тодорхойгүй байхад хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг үндэслэн ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу байна.

Гэвч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ