Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00682

 

 

2021           06            08                                          001/ХТ2021/00682

..................нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03158 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаар магадлалтай,

..................нэхэмжлэлтэй

..................ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч ........... гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ............... нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ..................нь өөрийн найз ..................-ийггийн хүсэлтээр хариуцагч байгууллагын ажил хүлээлцэх комисст аудитороор ажилласан. Энэ ажлын дараа ..................-ийгнягтлан бодогчоор ажиллах санал тавихад хүлээн зөвшөөрч, ямар нэгэн төлбөр тооцоогүйгээр .................. ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. 2019.03.15-ний өдөр ажилд томилсон тушаал гарсан. Уг тушаал дээр 2019.04.01-ний өдрөөс гэсэн байсан. Ажил их байгаа учир эртхэн орохыг гуйсны дагуу ажилдаа орсон. Өмнө ажил хүлээлцэхэд бичиг баримтуудыг харж байсан учир ажлаа мэдэж байсан. Мэргэжлийн хүмүүс биш байсан учир ажлыг 2, 3 хоногийн дотор компанийн зөвлөх .................., компанийн ерөнхий менежер ..................нар цуг байхад ажлыг хүлээн авч, хариуцуулж өгөөд, ямар асуудал байгаа талаар зөвлөмж өгсөн. 1, 2 хоногийн дараа .................. ХХК-ийн зүгээс нягтлан бодогчоор ажиллах хүсэлт тавьж, хүсэлтийг ..................хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс ажлаа эхэлсэн учир тухайн өдрөөс ажилласанд тооцьё гэж тохиролцсон. Иймд 2019.03.11-ний өдрийг ..................ажил эхэлсэн хугацаа гэж тооцон тушаал гарч .................. ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. Э.Төгөлдөрт ажил санал болгосон .................. ХХК-ийн ерөнхий менежер ..................нь тус компанийн эзэн буюу захирал ..................гэж хүн бий. Тэр хүн Монгол Улсад бус гадаадад байдаг. Гадаадаас чиглэл өгч ажилладаг. Монгол Улс дахь бүх үйл ажиллагааг ерөнхий менежер удирдаж явуулдаг гэж хэлсэн. Үүний дагуу ..................нь нэхэмжлэгчийг ..................захиралтай танилцуулсан. Нэхэмжлэгч ..................нь захиралтай мессенжерээр бүх ажил үүргийн чиглэлээ авч, зарим тохиолдолд утсаар ярьж холбогдоод бүх ажил үүргээ явуулдаг байсан. Зарим тохиолдолд утсаар, зарим тохиолдолд Монгол Улс дахь шууд удирдлага болох ...................-ээс үйл ажиллагааны чиглэл, удирдамжаа авдаг байсан. Захирлын зөвшөөрлийн дагуу ...............-ийн тушаалыг биелүүлж, гүйцэтгэж байсан. 2019.03.11-ний өдрийн 09 тоот аудиторын тушаалд ..................талаар дурдсан. .................. ХХК-ийн санхүүгийн бүх баримтыг засч залруулж, бүх зүйлсийг цэгцэлнэ гэж тохирсон. ..................нь .................., ..................нартай хэт замбараагүй байна, бүх зүйлсийг нэг дор шийдэх боломжгүй, хагас жилийн тайлан гаргая, хагас жилийн тайлангаар бүх алдаа дутагдал гарч ирэх учир энэ процесст ажлаа цэгцэлье гэж тохирсон байсан. .................. ХХК нь их хэмжээний авлагатай байсан учир өр барагдуулалтад хамтарч ажилласан. Компанийн харилцагчдын бүртгэл, мэдээлэл их замбараагүй байсан тул 3 дугаар сарын хугацаанд өдөр шөнөгүй сууж, цэгцэлсэн. Өдөр тутмын үйл ажиллагаанд гарах алдаа дутагдлыг компанийн удирдлага .................., .............., .................. нарт тайлбарлаж хэлсэн. Энэ хугацаанд компани дээр гарсан үйл ажиллагаатай холбоотой догдолдлыг их хэмжээгээр ил гаргаж тавьсан. Түүнчлэн компанийн ажилчид мөнгө аваад, буцааж өгөхгүй байгааг илрүүлсэн. Энэ явцад ямар нэгэн шалтгаангүйгээр ............-ийг гэнэт ажлаас халж, ажлаа чөлөөл гэж хэлсэн. Бодит байдалд ..................гэх хүнтэй .................., .................. нар хамтарч ажилладаг бололтой байсан. Компанийн үйл ажиллагаатай холбоотой янз бүрийн доголдлыг гаргаж ирсэн учир халсан гэж нэхэмжлэгч бодож байгаа. 2019.07.24-ний өдрийн 37 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн. Энэ тушаалд ямар нэгэн үндэслэл, хуулийн заалт байхгүй. Зүгээр л ажлаас чөлөөлөв гэсэн үгтэй. Ямар ч хууль, эрх зүйн шаардлага хангахааргүй тушаал гарсан. Нэгэнт хамтарч ажиллаж болохгүй гэж байгаа учир энэ нөхцөл байдлыг ойлгож, 2 сарын тэтгэмж олгохыг хүсэхэд татгалзсан. ..................нь үндэслэлгүй халагдсан учир эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Иймд ..........-ийг хуучин ажилд нь эгүүлэн томилж, ажиллаагүй хугацааны цалинг ажилласнаар бодож олгоно уу. 2,500,000 төгрөгийг гар дээр бэлэн авахаар цалингаа тохиролцсон. ..................захирал байхгүй байсан учир гэрээ, контрактыг засна. Түр зуур цалин нь 320,000 төгрөг гэх гэрээн дээр гарын үсэг зурчих. Чамд 2,500,000 төгрөгийн цалин өгч байна гэж хэлсэн. ..................нь гар дээр 2,500,000 төгрөг авдаг байсан бөгөөд уг дүнгээс тооцож ажиллаагүй хугацааны цалин олгох, ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалыг 3,138,732 төгрөгөөс тооцож нөхөн төлөх, ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагч талд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь компаниас .............-ийг нягтлан бодогчоор ажиллах хүсэлт гаргасан гэж хэлж байна. Манай компанид батлан даалтаар орж ирсэн хуульч мэргэжилтэй ..................гэх хүн бий. Тэр хүн миний найз маш өндөр чадвартай, шударга үнэнч, олон газар ажиллаж байсан аудиторын мэргэжилтэй нягтлан бодогч учир өөр хүн ажилд аваад хэрэггүй гэж хэлсэн. Манайд жил орчим ажиллаж байсан залуу учир итгээд ..................гэх ангийнх нь хүүхдийг ажилд авсан. Ямар нэгэн асуудал гарвал би хариуцна гэж хэлсэн. 2019.03.11-ний өдөр ..................ирж уулзаад, ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэхдээ мөнгөн гүйлгээ, дансанд байгаа мөнгө, бараа материалын тооллого зэрэг бүгдийг хийсэн. Би захирлын үүргийг гүйцэтгэж байсан учир би тушаал гаргасан. ..................-ийгажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ч би гаргасан. Манайд ерөнхий захирлын орон тоо байхгүй, захирлын үүрэг гүйцэтгэгч гэж бий. Иймд аливаа банкны шилжүүлэг, гэрээ, контракт хийх зэрэг бүх зүйл дээр миний гарын үсэг шаардлагатай. ..................нь дуртай үедээ ажилдаа ирдэг, архи уудаг, шоудаад алга болдог байсан. Өр авлага маш сайн цуглуулсан ч энэ өр авлага компанид орсон зүйл байхгүй. 200,000,000 орчим төгрөгийн авлага байхгүй болсон. 2019.03.11-ний өдөр орж ирснээсээ хойш найзынхаа хувийн дансаар байгууллагын орлого авсан. Аливаа төрийн байгууллага, компанийн ажил тушаал, заавар, шийдвэрийн дагуу явдаг. Маш их зөрчил гарсан. 2019.06.28, 29-ний өдрүүдэд аудитын шалгалт явуулсан. Компанийн тухай хуулинд хэрвээ өмч хөрөнгө шамшигдсан гэж үзэж байвал аудитын шалгалт оруулна гэж заасан байдаг. Үүний дагуу аудитын шалгалт явагдсан. 2019.07.01-ний өдрөөс хойш аудитын шалгалт ороод урьдчилсан байдлаар ажлын хэсэг байгуулахад маш их зөрчил илэрсэн. Авлага, өглөг, холбогдох бичиг баримтууд өгөхөд өмнөх нягтлан бодогч руу өөрийн буруугаа тохдог байсан. Шалгалтаар ирсэн хүмүүс өмнөх нягтлан бодогчийн асуудал тодорхой байна. Чиний хариуцсан ажил тодорхойгүй байна гэж хэлсэн. Нягтлан бодох бүртгэл дээр заагдсан анхан шатны баримт байхгүй байсан. Аудитын шалгалт ирсэн өдөр нэхэмжлэгч нь шууд ажил тасалж алга болсон. Маргааш нь ирээгүй. Цагийн бүртгэлээс харагдана. Цагийн бүртгэлийг ..................-ийг, нэхэмжлэгч ..................нар хариуцна. Тоног төхөөрөмж нь нууц дугаартай байдаг. Сүүлд цагийн бүртгэлийн файлыг устгасан. Аудитын байгууллагаас албан тоот ирсэн. Гарын үсэг зурахгүй, тамга дарахгүй, юу ч өгөхгүй, залгахаар утсаа авахгүй байна гэж гомдол хэлж байсан. Ажил хийсэн гэхэд хэцүү. Жишээ нь: 2019.07 сард цалинг нь би өөрөө зогсоосон. Цалингийн цэсээ гаргаж өгдөггүй байсан. Цалингийн жагсаалт гаргаж, баталгаажуулахгүй бол цалинг чинь өгөхгүй гэж хэлсэн. Кассын зарлагын баримт хавтаст хэрэгт байдаг. Үүн дээр гарын үсэг огт байхгүй. Мөнгө гаргасан бол мөнгө тайлагнасан баримт огт байдаггүй. 2019.07.26-ны өдөр гарсан 700,000 иентэй холбоотой баримт хаана байна гэж асуумаар байна. Хулгай хийсэн, яасан нь мэдэгдэхгүй. Мөн ОХУ-ын 24,151 рубль гэж бүр нэгжтэй нь тушаасан. ......................, ..................нар гарын үсэг зурсан. ..................ажлаас гарахдаа энэ мөнгийг тушаагаагүй. Өөрийн эвдэрхий сейфийг тушаагаад мөнгө авсан. Хэдэн төгрөг авсан нь мэдэгдэхгүй, баримт байхгүй. Иргэний хэрэг бус эрүүгийн хэрэг байна гэж хэлж байгаа. Эрүүгийн хэрэг дундаа зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогдоно. Нэхэмжлэгчийг сар орчим ажилласны дараа би сэтгэл дундуур байсан ч итгэл гэх зүйл байх ёстой учир итгэж байсан. 2019.05 сард хүн ёсоор, ахмад хүн, байгууллагыг удирдаж байгаа хүний ёсоор нэхэмжлэгчид хэлж байсан. Миний амьдралд 2 зарчим бий. Нэгдүгээрт, хүн чанар, хоёрдугаарт, мэргэжлийн ёс зүй хэрэгтэй гэж хэлсэн. Мэргэжлийн ёс зүйгээ хаяж болох ч хүн чанараа хаяж болохгүй гэж хэлсэн. Эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус тушаал гаргасан гэх тайлбар нэхэмжлэгч талаас хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулинд ажил олгогчийн итгэлийг алдсан, ажлаа хийгээгүй гэх 2 заалт байдаг. Энэ зүйл заалтын дагуу ажлаас чөлөөлье гэж бодсон хэдий ч энэ хүний дараагийн карьерийг бодсон. Бусад газар очоод ажилд орох боломжтой тушаал гаргасан. Хүмүүсийн нийгмийн даатгалын дэвтэр огт бөглөгдөөгүй байсан. Нийгмийн даатгалын дэвтрийг бөглөж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулах нь нягтлан бодогчийн анхан шатны ажил юм. Ийм байхад ажил хийсэн гэж ойлгох уу, Санхүүгийн тайлан нягтлан бодох бүртгэлийн журамтай нийцэхгүй. Анхан шатны баримт, бэлэн мөнгөний баримтуудад гарын үсэг байхгүй. Энэ хүн ажиллаж байхдаа нягтлан бодох бүртгэлийн дүрмийг мөрдөөгүй. Аудитын байгууллагаас энэ хүний ажил учир дутагдалтай байна. Бидэнд мэдээллээ цаг хугацаанд нь өгөхгүй байна гэх мэдээлэл өгч байсан. Ийм асуудал үүссэн учир халахаас өөр аргагүй болсон. Ажлаас халахаар компанийн удирдлага шийдвэр гаргасан хэдий ч ажлаас халах асуудлыг өөрийнх нь итгэлт найз ..................2019.06 дугаар сарын дундуур гаргаж тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03158 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч ..................-ийг.................. ХХК-ийн нягтлан бодогчийн ажил, албан тушаалын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч .................. ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 32 449 230 төгрөг гаргуулан .............. олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ..................нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 320 196 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын ... нийгмийн ... гэснийн дараа болон эрүүл мэндийн гэж нэмж, өөрчлөн, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 196 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ............ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...Шийдвэр болон магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Тухайлбал: 1. Нэхэмжлэгч нь 2019.08.26-ны өдөр “..................”ХХК захирлын 2019.07.26-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын ..........-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилохыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд улмаар сард 3,138,732 төгрөгний цалин авдаг байсныг тогтоох, нийгмийн даатгалын шимтгэлийг 3,138,732 төгрөгөөр тооцон ажлаас үндэслэлгүй халагдаснаас эргэн ажилд орох хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчилсөн. Анхан шатны шүүхийн 03158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд ..................ХХК захирлын 2019.07.26-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын ...............-т холбогдох хэсгийг хүчингүй болгоогүйн дээр, нэмэгдүүлсэн шаардлага болох сард 3,138,732 төгрөгний цалинтай болохыг мөн тогтоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заагаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагаас тушаал хүчингүй болгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт зааснаар үндсэн цалин буюу цалингийн хэмжээг тогтоох талаар тогтоох хэсэгтээ огт дурьдаагүй бөгөөд магадлалын хяналтын хэсэгт... ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32,449,230 төгрөг гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийцсэн гэснээс биш нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт зааснаар үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг хэдээр тодорхойлсон нь тодорхой бус бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 2.3-д сарын цалинг 320,000 төгрөгөөр тохиролцсон үйл баримтанд дүгнэлт хийгээгүй, түүнчлэн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь гарын үсэг зураагүй гэж дүгнэсэн. Энэхүү 4 хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хариуцагч талын баримтанд энэхүү хөдөлмөрийн гэрээ архивлагдаж хадгалагдаагүй байдаг. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ..................ажилд авсан тушаал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн үйл баримт, ..................тэтгэмж олгох хүсэлт зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь сард 3,138,732 төгрөгний цалинтай бус тушаал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн цалинг авч байсан байна гэж үзэхээр байна. 2.“..................”ХХК нь 2003.06.23-ны өдөр улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх, импортлох үйл ажиллагааны үндсэн чиглэтэй 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч нь ..................бөгөөд ..................нь ..................ад 2018 оны 03 сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалаж зээлийн гэрээнд гарын үсэг зурах, хуулийн этгээдийг төлөөлж банкинд данс нээлгэх, компаний бүртгэлийн болон хөрөнгийг лавлагааг төрийн байгууллагаас гаргуулах, компаний нэр дээрх хөрөнгийг захиран зарцуулах, захиран зарцуулахтай холбоотой бусад үйлдэлд бүрэн төлөөлөх, компанийг төлөөлж төрийн болон төрийн бус байгууллага, иргэн банктай харилцах, компаниас гарах албан бичигт төлөөлж гарын үсэг зурах зэргээр компаний үүсгэн байгуулагчийн эдлэх бүх эрхийг эдлэхээр итгэмжлэлийг олгожээ. Энэхүү итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийг ажилд авч ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “..................”ХХК-ийг төлөөлөх эрх ..................ад байгаагүй байхад төлөөлөх мэтээр нэхэмжлэлийн хувийг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл .................. нь шүүх буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ..................ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд төдийгүй хариуцагч биш этгээд юм. Энэхүү үндэслэлийг магадлалд ..................аас- ..................ад итгэмжлэл олгожээ гэж тодорхойлсон боловч дээр дурьдсан шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгоогүй анхаарч үзнэ үү. 3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт... 37 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд ажлаас чөлөөлөх болсон үндэслэл шалтгааны талаар огт заагаагүй, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн, хуульд нийцээгүй тушаал тул тушаалыг хүчингүй болгох үндэслэл болно... гэжээ. Хэдийгээр дээрх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалд Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг иш татаж, ажлаас чөлөөлөх болсон шалтгааныг заагаагүй үйлдэл нь нэхэмжлэгч ..................-ийгцаашид ажил хөдөлмөр эрхлэхэд нь саад болохгүй гэдэг үндэслэлээр өөртэй нь ярилцаж, гаргасан дутагдлыг нь өөрт нь амаар ойлгуулж дээрх тушаалыг гаргасан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль бусаар татан оролцуулсан ..................ын тайлбарт дурьдагдсан бөгөөд энэхүү тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасанчлан нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй явдал нь мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан шүүх нотлох баримтыг үнэлэх үйлдэлд алдаа гаргасныг үгүйсгэх аргагүй юм. Хөдөлмөрийн тухай хуулинд хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, хөдөлмөрийн гэрээг ажилтан болон ажил олгогчийн санаачлагаар цуцлах гэсэн үндсэн 3 төрөл байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үйлдэл нь хэд хэдэн үндэслэл бий бөгөөд 37 дугаар тушаалд үндэслэлийг нь дурьдаагүй боловч хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг зөрчсөн үйлдлийг нэхэмжлэгч нь гаргаагүй байна гэж дурьдах нь ач холбогдолгүй юм. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үндэслэлийн талаар 2020.10.01-ний өдөр гаргасан албан бичгээр, мөн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020.06.29-ний өдрийн 607 дугаар хариу мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар өгсөн боловч энэ баримтанд дүгнэлт хийгээгүй явдал нь хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүхээс нэхэмжлэгчийн цалин олговрыг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгээр нь бус нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримтаар тооцсон нь үндэслэлгүй бөгөөд гагцхүү нэг талын цалингийн хүснэгт, банкны дансны хуулга /Э.Төгөлдөрийн/зэрэг бусад баримтаар тогтоох боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д зааснаар шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч ..................ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай ..................нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар эрх зүйн бүрэн дүгнэлт хийгээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Маргааны үйл баримтыг тогтоохын тулд шүүх зохигчийн гаргасан тайлбар, нотлох баримтыг харьцуулан тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дахь хэсэгт нийцнэ.

..................нь ..................ХХК-ийн захирлын 2019.03.15-ны өдрийн 11 дүгээр тушаалаар нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2019.07.26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-3, 63, 106/ Тушаал хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр, яагаад ажлаас чөлөөлсөн талаар эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаагүй байх боловч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон агуулгатай үйл баримт байсныг шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болно.

..................2019.07.26-ны өдөр ажил олгогчид хандан бичгээр гаргасан хүсэлтдээ “... ........... овогтой ............. миний бие нь тус компанийн нягтлан бодогчоор 2019.03.18-с 2019.07.26-ны өдөр хүртэл ажилласан билээ. 2019.07.26-ны өдрийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 2019.07-р сарын цалин 2,441,146 төгрөгөөс урьдчилгаа цалинд 2019.07.10-ны өдөр 350,000 төгрөг, 2019.07.19-ний өдөр 80,000 төгрөг, 2019.07.27-ны өдөр 120,000 төгрөг тус тус авсан бөгөөд  1,500,000 төгрөгийг цалингийн зээлд суутган үлдэгдэл цалин болох 391,146 төгрөгийг, мөн ажлаас халагдсаны тэтгэмж болгон хоёр сарын цалин болох 5,000,000 төгрөгийг тус тус олгож өгнө үү…” гэсэн байх ба тэтгэмжийг өгөөгүй тул шүүхэд хандсан болохыг нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа дурджээ. /хх-1,93/

Хариуцагч хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч нь 3 сар ажиллахдаа дуртай үедээ ирдэг, ...санхүүгийн баримтыг зохих журмын дагуу хөтлөөгүй, бэлэн мөнгөний зарцуулалт тодорхойгүй, мөнгө тушаагаагүй, ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрийг огт бөглөөгүй, аудитын шалгалт оруулья гэхээр ирдэггүй, Хөдөлмөрийн хуульд ажил олгогчийн итгэлийг алдсан, ажлаа хийгээгүй бол гэрээг цуцлахыг заасан байдаг, халахаас өөр аргагүй болсон, залуу хүний дараагийн карьерыг бодоод, бусад газар ажиллах боломжийг нь олгоод, ярилцаж байгаад тушаал гаргасан...” гэсэн байна. /хх-25-34/

Эдгээр баримтаас үзвэл хөдөлмөрийн гэрээг цуцласан асуудал талуудын хүсэл зоригийн дагуу шийдвэрлэгдсэн, тийм ч учраас нэхэмжлэгч цалингийн дутуу болон 2 сарын тэтгэмж олгох хүсэлт гаргаж байсан үйл баримт тогтоогдож байх тул энэ хэмжээнд хөдөлмөрийн маргааныг дуусгавар болгох нь маргааны бодит үйл баримтад нийцнэ гэж үзнэ.

Гэрээг дуусгавар болгох талаар гэрээний талууд хэрхэн хандсан, ямар хүсэл зориг байсан талаарх дээрх үйл баримтыг тушаалд хамааруулахгүй байх үндэслэл байхгүй байна. Аливаа гэрээний маргаанд талуудын хүсэл зориг, байр суурь чухал бөгөөд  хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалтай холбоотой дээрх үйл баримтыг тогтоосон баримт  байхад хоёр шатны шүүх зохих дүгнэлтийг хийгээгүй, зөвхөн тушаалын хэлбэр, шаардлагыг илүү анхаарсан нь маргааны бодит үндэслэлээс зөрүүтэй болсон байна.

Ажил олгогч нь хууль болон хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан үүргийнхээ дагуу шийдвэрээ бичгээр гаргасан, ийнхүү гаргахдаа гэрээг дуусгавар болгох талаар тухайн үедээ ажил олгогч, ажилтан нар ямар санал гаргаж байсан, хэрхэн тохиролцсон, ямар хүсэл зориг байсан зэргийг харгалзаж, дүгнэлт хийх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг зөрчихгүй.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж үзэж, цалингийн дутуу, 2 сарын тэтгэмжид нийт 5,391,146 төгрөгийг олгохыг хүссэн, ажил олгогч нь нэхэмжлэгчийг 3 сарын хугацаанд ажиллахдаа сахилгын зөрчил гаргасан, итгэл алдсан гэж буруутгасан боловч тушаал гаргахдаа энэ үндэслэлийг заагаагүй, зөвхөн гэрээг цуцлахаар зааснаар аль аль нь гэрээг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг шаардах эрхгүй, энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.  Хариуцагч нь 2019.07.26 хүртэл хугацааны ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хэвээр үлдээнэ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын гомдолд заасан “.....................-ийг цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд нь саад болохгүй гэсэн үүднээс өөртэй нь ярилцаж, гаргасан дутагдлыг нь ойлгуулж тушаалыг гаргасан тухай хариуцагчийн тайлбарыг шүүх огт үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн...” гэх үндэслэлийг хүлээн авч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул .................. компанийг төлөөлөх бүрэн эрхгүй гэх гомдол, нэхэмжлэгчид сар бүр олгосон цалин, дансны хуулга, нийгмийн даатгалын дэвтэрээр сарын дундаж цалингийн хэмжээ тогтоогдсон тул “сарын цалин 320,000 төгрөг байсан” гэх хариуцагчийн гомдол тус тус үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ..................ХХК-иас 5,391,146 төгрөгийг гаргуулж .............-йт олгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дах заалтын “...нийгмийн...” гэснийг “...нийгмийн болон эрүүл мэндийн..” гэж, 3 дах заалтын “...320 196...” гэснийг “101,208” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 320,196 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.УНДРАХ

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                               П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                               Б.МӨНХТУЯА