Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 412

 

 

 

 

 

 

 

 

Ж.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Жгийн М, 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ялаа эдэлж дууссан.

Ж.М нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ... тоотод согтуурсан үедээ Ж.Сэргэлэнтэй маргалдан зодож, улмаар архины шилний хагархайгаар нуруунд нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Мий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Жгийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Жгийн Мийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар            Ж.Мд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хохирогч Ж.Сэргэлэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан үлдэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат давж заалдах гомдолдоо: “Ж.М анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд шүүх хурлын тэмдэглэлтэй танилцахад өөрийгөө бүрэн дүүрэн эрх зүйн байдлаа дээрдүүлэх хэмжээнд өмгөөлж чадаагүй, гагцхүү хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн байдаг. Ж.Мд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байна. Үүнд: тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн. Ж.М учруулсан хохирлыг мэдсэн даруйдаа түргэн дуудсан бөгөөд харин энэ үед хохирогч Ж.Сэргэлэн өөрөө босоод алга болсон байсан. Мөн хохирогчийн гаргаж өгсөн баримтыг бүрэн төлсөн. Хохирогч хэт согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэж “Бацаан, дүү” гэх маягаар дээрэлхсэн хандлага гаргасан. Хохирогч Ж.Сэргэлэн Ж.Мэс 8-9 насаар ахмад атлаа өөрөөсөө дүү хүүхдүүдийг архидуулж үлгэргүй байдал гаргасан төдийгүй ахмадын хувьд дүү хүүхдүүдэд архи авч өгч хувааж уугаагүй, ахын байр суурьтай байсан бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан. Иймд хэрэг гарсан шалтгаан, Ж.М гэмт хэргийн талаар эхнээсээ гэм буруугаа ухаарч, хэргийг үнэн зөвөөр мэдүүлж байсан төдийгүй учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол сонгох санкцтай 2-8 жил хорих, мөн торгуулийн ял байдаг. Ж.Мий хохирол төлсөн байдал хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Гэм буруугийн хувьд анхнаасаа хэргээ хүлээж, үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

Шүүгдэгч Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ж.М нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ... тоотод согтуурсан үедээ хохирогч Ж.Сэргэлэнтэй маргалдан зодож, улмаар архины шилний хагархайгаар нуруунд нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгчийн гомдлыг үгүйсгэж байна. Ж.М нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Учир нь, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасныг журамлан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Ийм учраас тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх шаардлагыг хангахгүй байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн гэх асуудал хавтас хэргийн материалд бүрэн дүүрэн тогтоогдоогүй. Учир нь, Ж.М нь хохирогч Ж.Сэргэлэнг хатгасан. Гэрч зодооны талаар “Юу болов оо, би яачихав аа” гээд уйлаад хохирогчид тусламж үзүүлэх биш өөрөө хэргийн газраас зугтсан байдаг. Хохирогч нь хамаатныхаа гэрт очиж, зүсэгдсэн шарх байсныг нь мэдэж түргэн дуудсан байдаг. Ж.М нь цусыг тогтоох, эмнэлгийн тусламж үзүүлсэн зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн зүйл хохирогчид байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийг хэрэглэх шаардлага хангагдахгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ... тоотод хохирогч Ж.Сэргэлэнтэй маргалдан зодож, улмаар архины шилний хагархайгаар нуруунд нь хатгаж зүүн далны доод хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн хураа, уушгины бүрэн бус уналт, зүүн далны доод хэсэг, бүсэлхий, зүүн тохойн хэсэг дэх зүсэгдсэн шарх, зүүн 7 дугаар хавирга, баруун ухархайн дотно хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамар, хацарт цус хуралт, баруун нүдний зовхи, хөмсөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун хөмсөг, хамарт зулгаралт бүхий амь насанд аюултай эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хөзөр тоглоод сууж байтал Мөөжиг /Ж.М/ гэдэг залуу Нямбаярын тал болоод байсан бөгөөд гэнэт миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би нүүрээ дартал доош нь дараад нуруу руу өшиглөөд байсан. Тэгээд би гэнэт амьсгал авахад их хэцүү болоод байсан бөгөөд хаалга харагдахаар нь шууд хаалга руу гүйгээд зугтаагаад гарсан. Тэгээд хашааны хаалгаар явж байхад зүүн далны хавирга орчим нойтон оргиод байхаар нь үзтэл цус гарч байсан...”, “...Би анх хутгаар гэмтээсэн байх гэж бодсон. Тэгтэл Цэрэнжаргал миний шархыг цэвэрлэсэн бөгөөд уг шархнаас шил гарч ирсэн. Тэгээд би шилээр хатгасан байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх 21-22/,

гэрч К.Цэрэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед манай хашаанд Ж.Сэргэлэн бусдад зодуулсан байдалтай, нүүр, ам нь цус болсон орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь “Би Нямкагийн гэрт архи ууж байгаад гэрт нь байсан М намайг зодоод нуруунаас хутгалсан” гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гэртээ Ж.Сэргэлэнгийн нуруунаас гарч байсан цусыг тогтоох гэж алчуур тавиад авсан чинь алчуур дээр шилний хагархай тогтсон байсан. Ж.М Ж.Сэргэлэнгийн нурууг хутгаар биш шилээр зүсэж, дүрсэн юм шиг байна лээ. Ж.Сэргэлэн хэлэхдээ Нямка надад гар хүрээгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх 26-29/,

гэрч И.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.М, Ж.Сэргэлэн хоёр маргалдаад манай гэрээс гарсан бөгөөд би хойноос нь гарсан чинь үүдний амбаар дотор Ж.Сэргэлэн дээшээ харсан байдалтай нуруугаа барьсан байдалтай “Яаая” гээд хэвтэж байсан. Ж.М хажууд нь зогсож байсан. Тэгээд би Ж.Сэргэлэнг дээш нь өргөсөн чинь нуруунаас нь цус гарч байсан. Би Ж.Мийг “Чи яаж байгаа юм бэ” гэхэд Ж.М “Би одоо яанаа” гэсэн. Тэгээд би Ж.Сэргэлэнг “Босоод гэр рүүгээ харь” гэж хэлж байсан шиг санагдаж байна. Нэг мэдэхэд Ж.М манайд байхгүй байсан...”, “...Ж.Сэргэлэнгийн нурууг яг юугаар дүрсэн болохыг мэдэхгүй байна. Архины шилний хагархайгаар л дүрсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх 29-31/,

гэрч О.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хойноос нь гараад Ж.Мийг дуудсан чинь түүний царай нь цайчихсан “Ээжээ би таны хүүхэд биш, би нэг хүнийг шилээр хатгачихлаа ээжээ, би таны хүүхэд биш шүү намайг асуувал тийм хүүхэд байхгүй гэж хэлээрэй” гээд уйлаад цаашаа яваад өгсөн. ...Эргэж ирэхдээ согтуу уйлчихсан байдалтай орж ирсэн. Биед нь ил харагдах гэмтэл, шарх ажиглагдаагүй, баруун билүү, зүүн талын эрүүний орчимд нь бага зэрэг хавдсан юм уу гэмээр харагдаж байсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх 34, 103/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №10095 тоот шинжээчийн: “Ж.Сэргэлэнгийн биед зүүн далны доод хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн хураа, уушгины бүрэн бус уналт, зүүн далны доод хэсэг, бүсэлхий, зүүн тохойн хэсэг дэх зүсэгдсэн шарх, зүүн 7 дугаар хавирга, баруун ухархайн дотно хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамар, хацарт цус хуралт, баруун нүдний зовхи, хөмсөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун хөмсөг, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно...  Дээрх гэмтлүүдээс зүүн далны доод хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн хураа, уушгины бүрэн бус уналт, зүүн далны доод хэсэг, бүсэлхий, зүүн тохойн хэсэг дэх зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ... Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 36/,

Ж.Мийн яллагдагчаар өгсөн: “...Ж.Сэргэлэнтэй маргалдаад бид хоёр барьцалдаж аваад хойд өрөөнөөс нь үүдний өрөө рүү нь орсон. Үүдний өрөөнд ороод Ж.Сэргэлэн бид хоёр нэг нэгнийхээ нүүр рүү 1-2 удаа гараараа цохилцсон. Тэгээд би Ж.Сэргэлэнг хавираад шалан дээр унагаагаад дахиж толгой руу нь 2-3 удаа цохиод хойшилсон. Тэгтэл Ж.Сэргэлэн намайг “гаръя” гэсэн бөгөөд би түрүүлээд гараад гэрийнх нь үүдэнд тамхи татаад зогсож байтал Ж.Сэргэлэн араас гарч ирээд миний хөлнөөс татаад үүдний амбаар дотор нь миний толгой руу архины шилээр цохьсон. Тэгээд архины шил нь хагарсан бөгөөд Сэргэлэнгийн барьсан байсан архины шилийг нь булааж аваад уг шилээр Ж.Сэргэлэнгийн нуруу руу нь 2-3 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх 56-57/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-15/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ж.Мий үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний буюу 2 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбатын гаргасан “...Хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлыг боломжгүй гэж давж заалдах шатны бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧИД                                                        Ц. ОЧ