Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00601

 

 

2021           06            02                                          001/ХТ2021/00601

.........................нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01771 дүгээршийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1656 дугаар магадлалтай,

.........................нэхэмжлэлтэй

“.........................” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........-ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017.09 сард ......................... СӨХ-д оршин суугчдын хурлаар орлогын байцаагчийн ажилд томилогдон 2020.02.01-ний өдрийг хүртэл ажилласан. Гэвч 2020.02.03-ны өдөр Баянзүрх дүүргийн 22б байрны 1 тоот хаягт оршин суугч .............. гэх хүн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст СӨХ-ны дарга .............-ыг оршин суугчдын эд хөрөнгийг хулгайлсан гэж өргөдөл өгсөн. Энэхүү хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсний улмаас .........................нь өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн гээд ажлаас үндэслэлгүйгээр халсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байцаагчийг оршин суугчдын хурлаар томилдоггүй болно. ..........-ын 2020.02.03-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн хэмээн 2020.01.31-ний өдөр тушаал гаргах боломжгүй юм. Өнгөрч урссан цаг хугацааг хэн ч буцааж чадахгүй билээ. Ажиллах хугацаандаа гүйцэтгэх захирал .............-ын 2018.05.10-ны өдрийн 18/11 тоот тушаалаар зөрчил дутагдал гаргасан үндэслэлээр сануулах арга хэмжээ авхуулсан. Үүнд: Хур өртэй айлуудын материалуудыг шүүхэд өгөх үүргийг 2017.12 сард өгсөн боловч 2018.05.10-ны өдрийн байдлаар нэг ч айлын материал бүрдүүлж өгөөгүй. Подвалуудын түрээсийн гэрээг нөхөж хийх, түрээсийн төлбөр, тогийн төлбөр, СӨХ-ны төлбөрийн тооцоог айлуудтай хийж байх, төлбөрүүдийг дансанд бүрэн хийлгэх үүргийг 2017.09 сард өгсөн

боловч одоо болтол дутуу хийгдэж байгаа. Орлогын бүх гэрээг нөхөж хийх, гэрээний тооцоог сар бүр хийх үүргийг 2017.12 сард өгсөн боловч 2018.05.10-ны өдрийн байдлаар тооцоог хийгээгүй, дутуу хагас төлөгдсөн байгаа. Хур өртэй айлуудын судалгаа гаргах, айл бүр дээр авч байгаа арга хэмжээ, үр дүнг нэгтгэсэн бүртгэл гаргах үүргийг 2017 оны 12 сард өгсөн боловч 2018.05.10-ны өдрийн байдлаар байхгүй байгаа. Сарын орлогын төлөвлөгөө 2018.02, 03 сард өгөхөд дунджаар 30-40 хувь дутаасан. Өр төлбөрөө төлөөгүй байхад 2 айлд хөнгөлөлт эдлүүлж банкнаас хасалт хийсэн. 22б байрны чип тараах ажилд хайнга хандсан. Буруутай эсэх нь тогтоогдоогүй ам яриа, шалгагдаагүй мэдээллийг болон өөрийн нэг өнцгөөр хардалтыг үндэслэн хамтран ажиллагчаа буруутгасан, гүжирдсэн утгатай зүйл ярихгүй байх, бусдыг хүндлэн харилцах, эвийн журмыг баримтлах үүргийг 2 удаа зөрчсөн. Гүйцэтгэх удирдлагыг үл хүндлэн, шаардлагыг үл тоон бусадтай хэрэлдсэн болно.......................... СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлаар 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлын төсөв, орон тоо, цалингийн санг баталсан. Орлого хариуцсан байцаагчийн ажил үүрэг нь нягтлан бодогчийн ажил үүрэгтэй давхцаж байгаа учир орлогын байцаагч хэрэггүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01771 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ......................... СӨХ-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай .........................нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1656 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01771 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ............-г ......................... СӨХ-ны байцаагчийн /орлого, цэвэрлэгээ хариуцсан/ ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Жавзан нь давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, доорх гомдлыг гаргаж байна. Үүнд: Уг магадлалд “.........................” СӨХ-ны 2020 оны орон тоо, цалингийн санг баталж, Орлого, цэвэрлэгээ хариуцсан байцаагчийн орон тоог хассан 2020.01.13-ны өдрийн хурлын шийдвэр гарахаас өмнө буюу 2019.12.18-ны өдөр “...ажил үүрэг нь нягтлан бодогчийн ажилтай давхцаж байгаа” үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцэхгүй байна” гэжээ. Уг СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд болон оршин суугчдаас СӨХ-нд орон тооны нягтлан бодогч ажиллуулчихаад орлогын байцаагчийн орон тоог давхардуулан үргүй зардал гаргаж байгаа хэмээн өмнө нь удаа дараа шүүмжилж, шаардлага тавьж байснаас гадна 2019.12 сарын эхээр товлогдсон Удирдах зөвлөлийн хурал гишүүдийн ажил төрлийн боломжоос хамааран ирц бүрдэхгүй хүлээгдсэнээс 2020.01.13-нд хуралдсан болно. Гүйцэтгэх захирал …....., ня-бо ......, байцаагч ........ нар нь нэг өрөөнд хамт сууж ажилладаг тул .........................нь ........, .......... нарт орон тооны давхардлаас хамааран ажлын байрны өөрчлөлт орох талаар хэлж мэдэгдэж байсан. УЗ болон оршин суугчдын саналын дагуу Тохижилт, засвар, үйлчилгээ хариуцсан байцаагч ажиллуулах шаардлагатай болсон, энэ хүн нь өөрөө гардан тохижилт, засварын ажлаа хийдэг хүн байх хэрэгтэй талаар ярьж байсан. Иймд 2019.12.18-нд мэдэгдэх хуудас ...........-д өгөхөд уурлаж базаж хаясан. Үүнээс хойш 2020.01.31-ний өдрийг хүртэл ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй. Иймд хөдөлмөрийн хуулийн 40.1.1-д заасныг үндэслэн орон тоо нь хасагдсан учир .........................нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хүчингүй болгохыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч .........................нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээг залруулсан нь үндэслэлтэй болсон байна.

....................... СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2020.01.31-ний өдрийн 2020/01 тоот тушаалд ........-г орлого, цэвэрлэгээ хариуцсан байцаагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Удирдах зөвлөлийн 2020.01.13-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэл болгосон /хх 33/ байх боловч хариуцагч нь “орон тоо хасагдсан” үндэслэлийг нотолж чадаагүй, Удирдах зөвлөлөөс СӨХ-ийн орон тоо, бүтэц баталсан шийдвэр гарахаас өмнө буюу 2019.12.18-ны өдөр, нэхэмжлэгчийн ажил үүрэг нь нягтлан бодогчийн ажилтай давхцаж байгаа үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор мэдэгдэл өгсөн, орон тоо хасагдсан үйл баримтыг эргэлзээтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ. /хх 35, 114, 116/

Ажил олгогч “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул тушаалд хамаарахгүй өөр үндэслэл буюу нэхэмжлэгч ажлаа зохих ёсоор хийдэггүй, сарын орлогын төлөвлөгөөг дутаасан, хамт олноо хүндэтгэдэггүй гэх мэт үйл баримтыг шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “орон тоо хасагдсан байхад шүүх дүгнэж чадаагүй, 2019.12 сарын эхээр товлосон Удирдах зөвлөлийн хурал ирц хүрээгүйгээс хойшилж 2020.01.31-ний өдөр хуралдсан, сууц өмчлөгчдөөс нябо, орлогын байцаагчийн орон тоо давхардсан, үргүй зардал гаргаж байна гэж олон удаа шүүмжилж байсан, орон тоог хасах талаар нэхэмжлэгчид хэлж байсан...” гэсэн үндэслэл зааж магадлалыг хүчингүй болгуулж, “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсчээ.

......................... СӨХ нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа орон тоо хасах шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргасны дараа, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасан зохицуулалтын дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэж, гэрээг дуусгавар болгохоор байхад энэ журмыг зөрчиж, орон тоо хасах шийдвэр гараагүй байхад ажилтанд мэдэгдэл өгсөн нь орон тоо бодитой хасагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын гомдлын үндэслэлийг заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар бус нотлох баримтын үнэлгээний талаар заасан тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын сарын 27-ны өдрийн 1656 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Д.ЦОЛМОН

 

                        ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                  Х.СОНИНБАЯР

 

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД