Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2020/01771

 

 

 

 

 

                       2020         05         18

  101/ШШ2020/01771

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Зуутраг овогт Л.Ж-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, 22б байр, 0-р орц, 0 тоот хаягт байрлах, А СӨХ-нд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие 2017 оны 09 дүгээр сард А СӨХ-нд оршин суугчдын хурлаар орлогын байцаагчийн ажилд томилогдон 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан болно. Гэвч 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 22б байрны 1 тоот оршин суугч Н.Э гэх хүн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст СӨХ-ны дарга Т.Б-ыг оршин суугчдын эд хөрөнгийг хулгайлсан гэж өргөдөл өгсөний дагуу намайг тус хэрэгт гэрчээр дуудаж мэдүүлэг авсан болно. Үүнээс үүдэн Т.Б нь намайг өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн гээд ажлаас үндэслэлгүйгээр халсан болно. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын ирц хүрээгүй, 504 өрхөөс 45 хүн хуралд суусан тул ирц 50 хувьд хүрээгүй. А СӨХ-ийн дарга хууль бусаар сонгогдсон. А СӨХ-ийн дарга нь манай байрны оршин суугчдаас бус өөр газраас сонгогдож, мөн өөрийн танил хүнээ нябогоор аван оршин суугчдийн мөнгийг ашиглаж байна. Нэхэмжлэгч Жавзан эдгээр хүмүүсийг нийлж мөнгө идэхэд нь саад болж байгаа тул өвчтэй гэж гүтгэн ажлаас халсан. Иймээс Л.Ж-г А СӨХ-д орлогын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Байцаагчийг оршин суугчдын хурлаар томилдоггүй болно. Н.Э-ын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлд Л.Ж-г гэрчийн мэдүүлэг өгсөн хэмээн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тушаал гаргах боломжгүй юм. Өнгөрч урссан цаг хугацааг хэн ч буцааж чадахгүй билээ. Ажиллах хугацаандаа гүйцэтгэх захирал Ч.М-ын 2018 оны 05 дугаар сарын 10-ны 18/11 тоот тушаалаар, дараах зөрчил дутагдал гаргасан учраас Сануулах арга хэмжээ авахуулж болно. Үүнд: хур өртэй айлуудын материалыг шүүхэд өгөх үүргийг 2017 оны 12 дугаар сард өгсөн боловч 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нэг ч айлын материал бүрдүүлж өгөөгүй, подвалуудын түрээсийн гэрээг нөхөж хийх, түрээсийн төлбөр, тогны төлбөр, СӨХ-ны тооцоог айлуудтай хийж байх, төлбөрүүдийг дансанд бүрэн хийлгэх үүргийг 2017 оны 09 дүгээр сард өгсөн боловч одоо болтол дутуу хийгдэж байгаа, орлогын бүх гэрээг нөхөж хийх, гэрээний тооцоог сар бүр хийж байх үүргийг 2017 оны 12 дугаар сард өгсөн боловч 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тооцоог хийгээгүй, дутуу хагас төлөгдсөн байгаа, хур өртэй айлуудын судалгаа гаргах, айл бүр дээр авч байгаа арга хэмжээ, үр дүнг нэгтгэсэн гаргах үүргийг 2017 оны 12 дугаар сард өгсөн боловч 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байхгүй байгаа, сарын орлогын төлөвлөгөө 2018 оны 02, 03 дугаар сард өгөхөд дунджаар 30-40 хувь дутаасан, өр төлбөрөө төлөөгүй байхад 2 айлд хөнгөлөлт эдлүүлж банкнаас хасалт хийсэн, 22б байрны чип тараах ажилд хайнга хандсан, буруутай эсэх нь тогтоогдоогүй ам яриа, шалгагдаагүй мэдээллийг болон өөрийн нэг өнцөгөөр хардалтыг үндэслэн хамтран ажиллагчаа буруутгасан, гүжирдсэн утгатай зүйл ярихгүй байх, бусдыг хүндлэн харилцах, эвийн журмыг баримтлах үүргийг 2 удаа зөрчсөн. Гүйцэтгэх удирдлагыг үл хүндлэн, шаардлагыг үл тоон бусадтай хэрэлдсэн болно.

Л.Ж нь 2017 оноос тус СӨХ-д ажилласан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. 2019 оны 12 сарын 19-нд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Тус СӨХ-д орлогын байцаагчийн орон тоо байхгүй болсон. Жавзан тушаалыг өөрөө урж базаж хаясан. Хурлын ирж хүрээгүй гэж яриад байна, ирц 52,9 хувьтай болсон. Бусад гишүүд хуралд оролцохгүй гэж саналаа бичгээр гаргасан. СӨХ-ийн дүрмийн 5.2-г үндэслэн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. Урьдчилан мэдэгдэж ажлаас чөлөөлсөн. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл байгаа. 6 асуудал хэлэлцсэн үүний дотор орлогын байцаагчийн ажил нягтлан бодогчийн ажилтай давхцаж байгаа тул засвар үйлчилгээ хийх чадвартай хүн авч ажиллуулахаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч А СӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А СӨХ-ийн дарга намайг цагдаагийн газарт өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн тул ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж тайлбарлаж,

 

            Хариуцагч нь тус СӨХ нь орлогын байцаагчийн орон тоо байхгүй болсон тул урьдчилан мэдэгдэж ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Л.Ж нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс Асар СӨХ-нд орлогын байцаагчаар ажиллаж байгаа А СӨХ-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/01 тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байна. /хх-33 тал/

 

            Ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2019 оны 12 сарын 18-ны өдөр, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тушаал гарсан өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус нэхэмжлэгч Л.Ж-д мэдэгдсэн талаар гэрч Д.С мэдүүлж байна.

 

            Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг А СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” үндэслэлээр гаргажээ.

 

            А СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрээр тус СӨХ-ийн 2020 оны орон тоо, цалингийн санг баталж, орлогын байцаагчийн орон тоо хасагдсан байна.

 

            Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-т зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй ба Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш эрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулдаг байна.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байх ба бүх гишүүдийн хурлаас удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгох, удирдах зөвлөл нь сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг сонгож, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн цалинг тогтоох эрхтэй байна.

 

            Мөн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхлэх ба мөн зүйлийн 12.4.2-т холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах 12.4.3-т холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах эрх, үүрэгтэй байна.

 

            Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал нь бусад этгээдүүдтэй Иргэний хуульд заасан тодорхой төрлийн гэрээ байгуулах замаар дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэх эрхтэй байна.

 

Иймээс Сууц өмчлөгчдийн холбооны орлогын байцаагчийн ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэхгүй ба Удирдах зөвлөлийн баталсан орон тоо, цалингийн санд нийцүүлэн Л.Ж А СӨХ-ийн орлогын байцаагчийн ажлаас чөлөөлсөн тус СӨХ-ийн гүйцэтгэх захирлын тушаал хууль зөрчөөгүй гэж үзлээ.  

           

Иймд А СӨХ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай Л.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар А СӨХ-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай Л.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ЦЭРЭНДУЛАМ