Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа

Хохирогч Ж.Амараа

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Шүүгдэгч Л.Түмэндэмбэрэл нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Булган овгийн Лувсандоржийн Түмэндэмбэрэлд холбогдох 201614000338 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Булган овгийн Лувсандоржийн Түмэндэмбэрэл, Монгол Улсын иргэн 1969 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат суманд  төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд  боловсролтой, материалын техник технологич мэргэжилтэй, “Жавхлан харгуй” ХХК-д няраваар ажилладаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 15-22 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, / РД:ТЕ69120464/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

2.1. Шүүгдэгч Л.Түмэндэмбэрэл нь 2016 оны 06 сарын 14-ний өдрийн орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 08-01 тоотод Ж.Амараатай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт  зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлжээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ж.Амараагийн “Би 2016 оны 06 сарын 16-ны орой 17 цаг 30 минутын үед Цагаанчулуут багт байрлах МАХН-ын байран дээр хуралтай гээд очсон юм. Би тэнд ороод удаагүй 2-3 минут болж байсан чинь гаднаас миний араас урьд нь таних хамтран блок хийж байсан Түмэндэмбэрэл гэж эмэгтэй, урьд нь Түмэндэмбэрэл бид хоёрын газрын бичиг баримт хөөцөлдөж өгөх гэж байсан залуугийн хамт орж ирсэн. Намайг чи энд байгаа юм уу? гэж хэлэхэд нь тийм ээ гэж хэлээд хоёулаа гадаа гаръя гэж хэлээд гадагшаа гарч Түмэндэмбэрэлийн сууж байсан машинд хамт суусан юм. Тэгээд суусан чинь Түмэндэмбэрэл болон нөгөө залуу эхнэртэйгээ байсан. Тэгээд Түмэндэмбэрэл энэ хүмүүсийн бичиг баримт яах юм гэж асуухаар нь би сонгуулийн дараа болъё гэсэн чинь үгүй одоо би чамайг цагдаад аваачиж өгнө гэж хэлэхээр нь би сонгуулийн ажилтай байна. Нэр дэвшигч хуралтай байгаа болохоор дараа уулзъя чи угаасаа миний гэрийг мэдэж байгаа юм чинь гэж хэлсэн. Түмэндэмбэрэл үгүй гэж хэлээд машинтайгаа хөдлөөд цагдаагийн газар явна эсвэл танай намын байран дээр очино гэж хэлээд аваад явсан юм. Тэгэхлээр нь би ажилтай байна гэж хэлээд буух гэсэн чинь буулгахгүй авч яваад МАН-ын байран дээр очсон юм. Тэгээд тэнд ирээд нэг бичиг гаргаж ирээд чи энэ хүний бичиг баримтыг гаргаж өгч чадахгүй бол энэ хүнд хугацаатай бичиг хийгээд гарын үсэг зур гэж хэлээд надаар гарын үсэг зуруулах гээд байхаар нь яагаад чиний юман дээр гарын үсэг зурах ёстой юм. Би өөрийн юман дээр гарын үсэг зурна, чи өөрийн юман дээрээ гарын үсэг зур. Манай гадаа блокны машин байхгүй, тог гэрлийн мөнгийг чи төлчих гэсэн чинь Түмэндэмбэрэл нөхөртэйгээ гар утсаар ярьж энэ намайг блокны машин хулгай хийсэн гэж хэлж байна гэсэн. Тэгснээ миний толгойн зүүн тал руу гараараа 4-5 удаа цохиж маажиж самардаад бас тэгээд толгой руу нэг удаа өшиглөсөн. Мөн баруун гуяны дотор тал болон зүүн гуяны гадна тал руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгэхээр нь би Түмэндэмбэрэлийг нэг удаа үсдэж авсан юм. Тэгээд буух гэсэн чинь намайг зуурчихаад тавихгүй байсан. Мөн миний цүнх бичиг баримтыг жолооч нь авчихаад машины гадаа гараад хаалга дараад машинаас буулгахгүй цүнх өгөхгүй цагдаа дуудна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудах юм бол би өөрөө дуудна гэж хэлээд хажууд байсан жолооч залуугийн эхнэрийн гар утсыг гуйж аваад цагдаагийн 7035102 дугаарын утсанд залгаж МАН-ын байрны гадна талын талбай дээр хүмүүс намайг машинд суулгачихаад буулгахгүй байна гэж хэлээд хаягаа хэлээд утсаа таслаад тэр эмэгтэйд гар утсыг нь өгсөн юм. Тэгсэн чинь Түмэндэмбэрэл энэ өөрөө цагдаа дуудаж байна, цагдаад аваачаад өгье гэж хэлээд МАН-ын байрны гадаа машин дотор 4-5 цаг орчим байж байгаад цагдаагийн газар очиход 23 цаг болж байсан. Тэгээд бид нар байцаагчтай уулзаж болсон зүйлийн талаар тайлбар өгч байцаагч жолооч залууг хүний цүнх өг гэж хэлээд би цүнхээ аваад охиноо дуудаж гэр рүүгээ явж амарсан юм. Түмэндэмбэрэл миний толгой хөл рүү цохиж зодсон. Би бол тэр эмэгтэйтэй харилцан зодолдоогүй. Харин намайг үсдэж аваад байхаар нь би гарыг нь тавиулах гэж үсдэж авсан юм. Бид хоёр урьд нь хамтарч Түмэндэмбэрэлтэй ирсэн хоёр хүнд газрын бичиг баримт хөөцөлдөж өгнө гээд тус бүр нэг нэг сая төгрөг авч тухайн үед бичиг баримт хөөцөлдөж байсан юм. Тэгээд тэр хүмүүс бичиг баримтаа авна эсвэл мөнгөө авна гэсэнд Түмэндэмбэрэл хоёр сая төгрөг авсан гэсэн бичиг бичээд надаар гарын үсэг зуруулах гээд байхаар нь би “чи өөрийн авсан мөнгөн дээрээ зур, би өөрийн авсан мөнгөн дээрээ зурна” гэсэн чинь Түмэндэмбэрэл намайг зодсон юм. Бид хоёрын дунд өөр ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй. Түмэндэмбэрэл миний толгойн зүүн тал руу гараараа 4-5 удаа цохиж маажиж самардаад бас тэгээд толгой руу нэг удаа өшиглөсөн. Мөн баруун гуяны дотор тал болон зүүн гуяны гадна тал руу хөлөөрөө өшиглөөд байсан. Түмэндэмбэрэл миний толгой руу цохиж байхад нь би толгойгоороо машины кабины дотор талын раамыг хэд хэдэн удаа мөргөсөн. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

2. Гэрч Х.Дуламсүрэнгийн “ Манай нөхөр Батхүү бид хоёр газар авна гээд Амар гэж хүнд 2 сая төгрөг өгсөн бөгөөд хоёр айлын газар зааж өгсөн юм. Ингээд газар дээрээ нөхөр бид хоёр байшин барьсан. Тэгсэн одоо газрын бичиг баримт гарахгүй, газрын албанаас байшин нураана гээд байсан. Тэгээд Амраа гэж эмэгтэйг олж уулзах гээд уулзахгүй зугтаагаар байсан. Тэгээд би Түмэндэмбэрэл гэж эгч, манай нөхрийн хамт Цагаанчулуут багт байрлаж байсан МАХН-ын сонгуулийн штабын байран дээр очоод хүлээгээд байж байхад Амар гэж эмэгтэй ирсэн. Ингээд Түмэндэмбэрэл эгч араас нь орж Амар гэж эмэгтэйг дагуулж гарч ирээд машинд суулгасан. Нөхөр бид хоёр мөнгө авсан гэсэн гарын үсэг зурж өг гэсэн чинь Амар гэж эмэгтэй зурж өгөхгүй байсан. Тэгээд ер нь цагдаа хүргэж өгье гээд машин асаагаад хөдлөөд явсан бөгөөд Амар гэж хүн Түмэндэмбэрэл эгч рүү бал шидээд үснээс нь зулгаасан. Тэгсэн Түмэндэмбэрэл эгч заамдаж аваад цааш нь түлхээд хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө жийгээд өшиглөөд авсан. Ингээд хэрэлдэж явсаар байгаад цагдаагийн газар ирээд өргөдөл бичиж өгсөн. Машинаас буухад Амар болон Түмэндэмбэрэл хоёр үс нь арзайсан байсан бөгөөд хоёулаа үс хувцасаа янзлаад цагдаагийн газар орсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

3. Гэрч Т.Батхүүгийн “2015 онд миний ах Батболд гэж хүн энэ хэргийн хүмүүс болох Амар, Түмэндэмбэрэл нартай уулзаж байгаад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт хоёр айлын хашааны газар худалдаж авахаар болоод мөнгө төгрөгийг нь Амар, Түмэндэмбэрэл нарт өгсөн юм байна лээ. Батболд ах энэ хоёр хашааны газрын нэгийг нь надад өгөх ёстой байсан бөгөөд би нэг хашааных нь газрын мөнгийг өгсөн юм. Амар Түмэндэмбэрэл нар нь анх ярихдаа газар эзэмших гэрилгээг шууд та нарын нэр дээр гаргаж өгье гэж ярьсан юм байна лээ. Үүнээс хойш нөгөө хоёр хүн газрын гэрчилгээ ч байхгүй, мөнгө ч байхгүй алга болсон. Түмэндэмбэрэлтэй утсаар яриад газрын гэрчилгээ яасан бэ гэхээр Амраа мэдэж байгаа гээд байдаг болсон. Амар нь гар утсаа авахгүй, хэл чимээгүй алга болсон. 2016 оны хавар сонгуулийн өмнө Түмэндэмбэрэлтэй утсаар ярьж байгаад Амарын байгаа газрыг заалгаж барьж авсан. Тухайн үед Амар нь сонгуулийн штаб дээр ажиллаж байсан юм. Ингэхдээ би өөрийнхөө машинд Түмэндэмбэрэлийг суулгаад Амар дээр очсон. Амар Түмэндэмбэрэл хоёрыг машиндаа суулгаж байгаад хэн чинь газрын гэрчилгээ гаргаж өгөх юм бэ? гэсэн чинь тэр хоёр машины хойд талын суудал дээр суугаад нэг нэгнийгээ чи гаргаж өгөх ёстой биз дээ гэх мэтийн юм ярьж байгаад улмаар маргалдаад нэг нэгнийхээ үснээс зулгаагаад ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Би тэр хоёрыг салгаж байхдаа Түмэндэмбэрэлийг машинаас буу гэсэн чинь өөрөө машинаас буусан. Харин Амар нь Түмэндэмбэрэл рүү гээ дайраад хүний үг ойлгохгүй байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаж хэсэг суулгаж байгаад цагдаагийн газар дагуулж ирж өргөдөл өгөөд явсан. Түмэдэмбэрэл Амар хоёрыг салгах үед Амарын нүүрний хэсэгт халцарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 60-р хуудас/

 

4. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 486 дугаартай дүгнэлтэд “Ж.Амараагийн биед тархи доргилт, зүүн хацар, завьж зүүн чихний урд талд 4 тооны шалбархай, цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдна, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүгдэгч Л.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Түмэндэмбэрэл мэдүүлэхдээ “Хохиргч Амрааг үсдэж хөлөөрөө жийж, цохисон нь үнэн. Гэхдээ шүүх эмнэлэгийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг би учруулаагүй. Нүүр ам нь зүгээр байсан. Хохирлыг төлсөн” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ “Хохирогчид олон тооны гэмтэл учирсан байна. Л.Түмэндэмбэрэлтэй маргалдаж зууралдах үед нүүр ам нь зүгээр байсныг гэрчүүд хэлдэг. Хохирогч нөхөртэйгээ гэр бүлийн маргаантай байдаг тул дээрхи гэмтлийг өөр байдлаар авсан байх боломжтой. Иймд хэргийг сайтар нягталж үзэх хэрэгтэй” гэв.

 

Хохирогч Ж.Амараа мэдүүлэхдээ “Миний хувьд гомдолтой байна. Хохирлыг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Одоо ч эмчилгээ дуусаагүй байгаа” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг өмгөөллийн үгэндээ “хохирогчид учирсан гэмтлийг Л.Түмэндэмбэрэл учруулсан нь нотлогдож тогтоогдсон. Учирсан хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан. Гэхдээ хохирогч эвлэрэх хүсэлгүй байгаа. Гомдолтой байгаа юм” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Түмэндэмбэрэл нь 2016 оны 06 сарын 14-ний өдрийн орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 08-01 тоотод Ж.Амараатай маргалдан зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлтээр нотлогдсон гэж үзлээ. Шүүгдэгч Л.Түмэндэмбэрэлд сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Булган овгийн Лувандоржийн Түмэндэмбэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Л.Түмэндэмбэрэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 960 000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Түмэндэмбэрэлд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС