Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 467

 

 

 

 

 

 

 

Н.Б, Н.А, Ө.О, Д.Н

нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Энхжаргал,

хохирогч Т.Чинсанаагийн өмгөөлөгч Ц.Оргил,

хохирогч Э.Энхээ,

шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Э.Алимаа, Т.Мөнхтуяа, Х.Даваахүү,

шүүгдэгч Ө.Оын өмгөөлөгч А.Ариунаа,

шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Л.Жавзмаа,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Э.Алимаа, Ч.Энхбаяр, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүгдэгч Ө.Оын өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Б, Н.А, Ө.О, Д.Н нарт холбогдох 2015250001497 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З овогт Нын Б, 1971 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 3 хэсэг гудамж ...тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

Б овогт Өын О, 1992 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, “...” зочид буудалд харуул ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо...тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ИЦ92050816/,

Б овогт Дгийн Н, 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:Ч.../,

О овогт Нн А, 1985 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхон ... тоотод оршин суух иргэний үнэмлэхийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

Шүүгдэгч Н.Б, Ө.О, Д.Н нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, ...цамхагт байрлах “...” ресторан дотор хохирогч Т.Чинсанаад Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн гарын үсэгтэй, “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 километр зам барих” эрх олгосон хуурамч мэдэгдлийг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 215.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Н нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н.Аын эзэмшлийн ... УНП улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол 3 дугаар сургуулийн урд замд явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.11-д “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчиж Зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Энхээгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

шүүгдэгч Н.А нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б/-д “согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн ... УНП улсын дугаартай, “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн Д.Нд шилжүүлсний улмаас Д.Н нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол 3 дугаар сургуулийн урд замд зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Энхээгийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Б, Ө.О, Д.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар, Н.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Зүүнхайрхан овогт Нын Б, Боржигон овогт Дгийн Н, Б овогт Өын О нарыг нарыг бүлэглэн бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хоорондын танил харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Дгийн Нг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, О овогт Нн Аыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Бд 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Оод 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Нг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 61 хоног, шүүгдэгч Д.Нгийн цагдан хоригдсон 171 хоног, шүүгдэгч Ө.Оын цагдан хоригдсон 172 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.А цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолоор 03-00 УНИ улсын дугаартай, МН11380020549 арлын дугаартай “Тоёотg Харриер” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11x6 хэмжээтэй дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр дармал үсгээр 11 мөр бичсэн захидал, А4 хэмжээтэй хохирогч Т.Чинсанаагаас 215 сая төгрөг өгсөн талаарх баримтуудыг хэрэгт хавсарган хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас 71.767.000 төгрөг, шүүгдэгч Ө.Ооос 71.767.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Чинсанаад олгохоор, шүүгдэгч Д.Нгаас 9.545.623 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Энх-Амгаланд 1.827.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Ганбатад 315.150 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Удвалд 2.932.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Бямбадуламд 1.298.700 төгрөгийг, Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль /иргэний нэхэмжлэгч Б.Энхтайван/-д 137.273 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Ат 3.035.000 төгрөгийг тус тус, шүүгдэгч Н.Ааас 452.423 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Ганбатад 315.150 төгрөгийг, Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль /иргэний нэхэмжлэгч Б.Энхтайван/-д 137.273 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Энхээд цаашид гарах эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Удвал, Б.Бямбадулам нараас эрүүл мэндэд гэм хор учирснаас үүссэн гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Н.Б нарын хувьд ногдох 00-32 УНЛ улсын дугаартай Nissan Gloria загварын МҮ34602526 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл, LTG загварын мэдрэгчтэй хар өнгийн гар утас, Nokia 1100 загварын хар саарал өнгийн гар утас зэрэг хөрөнгийг хязгаарласан хөрөнгөөс хохирол нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн буруугаас замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсандаа гүнээ гэмшиж, өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож, хохирол төлбөрөө төлж барагдуулсан ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие хувиараа ажил хийж орлого олж, гэр бүл, ээжийгээ тэжээн тэтгэж байсан ганц хүн нь юм. Өндөр настай ээж, эхнэр, 1 нас 2 сартай балчир охиноо сэтгэл санааны хямралд оруулж, гэр бүл маань өрхийн орлогогүй, байрны түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болж, өөрийн амьдрал ахуйгаа туйлын хүнд байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг, зөрчил гаргахгүй амьдарч чадахаа ухамсарлаж байгаа тул хорих ялыг минь тэнсэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.А нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулахаар хуульд зааснаар завсарлага авч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Н.А нь гэр бүлээ асарч өөрийн гэсэн орон байргүй, хувиараа тариалангийн ажил эрхэлж амьдрал ахуй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Одоо эхнэр, охин хоёр нь өрхийн орлогогүй, хүүхдийн хоол тэжээл, байрны түрээс тог цахилгааны төлбөрөө төлөх боломжгүй, ахуй амьдрал нь маш хүнд байна. Н.А нь өмнө нь ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа өөрийн буруугаас гэмт хэрэгт холбогдож, үйлдсэн хэрэгтээ гэмшин, гэм буруугаа ухамсарлан ойлгож, хорих ялыг биечлэн эдэлж байна. Н.А нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалтыг түүнд хэрэглэх хууль зүйн үндэслэл бий гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...Надад ямар нэг гэмт хэрэг үйлдэх зорилго байгаагүй. Харин Т.Чинсанаа болон Г.Анар-Эрдэнэтэй тендер авч түүнээс нь тодорхой ажил авах хүсэл байсан. Т.Чинсанаа нь 2 удаа миний мэдээлсэн тендерийн ажлыг өөрчилсөн байдаг юм. Би бүх шүүх хуралдаан дээр мөнгө авсан тухай бичгийг би Мөнхбадрал буюу Ө.Ооор бичүүлж үлдээсэн тухайг үнэн шударгаар мэдүүлж байгаагаа алдаа ч болсон юм уу гэх сэтгэгдэл төрсөн тухайгаа сүүлчийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн юм. Мөрдөн байцаалтын шатанд тогтоогдвол зохих зүйлүүд нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Намайг мөнгө аваагүйн нотолгоо бол Н хоригдож байхдаа “дүү минь 50.50 гэснийг ойлгосон биз дээ” гэсэн бичгийг мөрдөн байцаагч хураан авсан. Би цагдаад залилуулсан тухай өргөдөл өгч Ө.О, Д.Н, Т.Дашдулам нарыг барьж өгсөн. Т.Чинсанаа өөрөө зохион байгуулалттай авлига өгөхөд нь би зуучилсан гэрч юм. Гэтэл Т.Чинсанаагийн хахуулийн хэрэг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэмт хэргийг шалган тогтоогоогүйд гомдолтой байна. Ө.О, Д.Н нартай намайг хамтатган шийтгэсэн нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Чинсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй байдаг юм. Намайг 215.000.000 төгрөгөөс аваагүй тухай мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүйд гомдолтой байна. Д.Н, Ө.О Т.Дашдулам нар нь бидэнд хуурамчаар бичиг баримт үйлдэж төөрөгдөлд оруулсан үйлдлийг шалган тогтоогоогүй гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгч дүгнэхдээ, хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч бүрд ялыг ялгамжтай оногдууллаа гэсэн шүүгчийн дүгнэлтэд огтхон ч санал нийлэхгүй байна. Шүүгдэгч нарын гэмт үйлдлүүдийг нарийвчилж тогтоогоогүй, Г.Анар-Эрдэнээр таниулах ажиллагаа хийгээгүй, гүтгүүлсэн болохоо удаа дараа илэрхийлсэн боловч миний хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй. Тиймээс нэмэлт мөрдөн байцаах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Т.Чинсанаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үзэхэд, Т.Чинсанаа нь өөрөө Мөнхбадрал буюу Ө.Отой өөрөө биеэр уулзаж, 215.000.000 төгрөгийг Н.Баар дамжуулалгүйгээр өгсөн байна. Т.Чинсанаа авлигын мөнгөө гарын үсэг зуруулахгүйгээр өгөх гэхэд нь Н.Б гарын үсэг зуруул гэсээр байгаад Мөнхбадралаар мөнгө авсан тухай гарын үсэгтэй баримтыг үйлдүүлсэн болно. Энэ нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3281 тоот шинжээчийн дүгнэлтээр уг баримтын дунд хэсэгт “Иргэн Мөнхбадрал” гэж эхлээд “Хүлээн авсан” гэж төгссөн гар бичмэлийг Ө.О бичсэн болохыг тогтоосон бөгөөд үүгээр Н.Б нь уг мөнгөнд хамааралгүй болох нь мөн тогтоогдсон болно. Тус хэргийг Г.Н, Ө.О нар үйлдэхдээ бичиг баримт үйлдсэн талаарх хэргийг шалгаагүй. Тус хэрэгт оролцсон этгээдүүдийг бүрэн гүйцэд шалгаагүй гэж үзэж байна. ...Т.Дашдулам гэх хүнийг олж тогтоох ажиллагаа огт хийгдээгүй гэж үзэж байна. Мөн Т.Дашдулам гэх хүнийг Н.Бтай нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг огт хийгээгүй гэж үзэж байна. ...Иргэний үнэмлэхийн лавлагааг үзүүлснээр Баатар гэгчийг эрж хайх ажиллагааг зогсоосон байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг хийгдээгүй гэж үзэхээр байна. Гэрч Г.Анар-Эрдэнийн “Баатарыг Жүр үрийн гадаа харсан болохоос уулзаж ярилцаж үзээгүй. Мөнхбадрал, Н нар нь өмнөөс уулзаад яваад байдаг байсан даа” гэсэн мэдүүлгээс үзэхэд таниулах ажиллагаанд хөндлөнгийн гэрч Г.Анар-Эрдэнийг оролцуулаагүй гэж үзэж байна. ...мөн харилцаа холбооны сүлжээний хэрэглэгч, эзэмшигч хэн болох, тэдгээрийн байршил, холбогдсон цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэж байна. Т.Чинсанаагаас Мөнхбадрал буюу Ө.О нь 215.000.000 төгрөгийг аваад гарсны дараагаар хэнтэй утсаар холбогдсон талаарх Д.Н, Баатар, Н.Б нарын хэнтэй холбогдсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзэж байна. ...Д.Н, Н.Б, Ө.О нарын зөрүүтэй мэдүүлснээс өөр баримт хэрэгт авагдаагүй байхад Д.Н, Ө.О нарын “мөнгийг хувааж авсан” гэсэн зөрүүтэй мэдүүлгүүдийг Н.Бын мэдүүлгээс илүү бодитой гэж үзсэн талаар мөрдөн байцаалтын ажиллагааг хийгдээгүй гэж дурдсан ч ямар ч ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдээгүй бөгөөд мэдүүлгийн зөрүүг арилгаж хэргийн нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн зохион байгуулагч”, мөн хуулийн 3.7 дугаар зүйлд заасан “Бүлэглэн гүйцэтгэх” зэрэг нь тус бүрдээ хуулийн ялгаатай ойлголтууд бөгөөд шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Н.Быг гэмт хэргийн бүлэглэн гүйцэтгэгч эсвэл гэмт хэргийн зохион байгуулагчийн аль нь болохыг тогтоохгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна. ...Н.Б гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн эсэх, мөн гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан эсэхийг мөрдөн шалгах, прокурорын болон шүүхийн шатанд ч тогтоогоогүйгээс гадна анхан шатны шүүхийг үүнийг үнэлж чадаагүй гэж үзэж байна. Н.Б нь анхнаасаа Д.Н, Ө.О нартай үгсэн тохиролцоогүй, үйлдлээр ч нэгдээгүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, мэдүүлгүүдээр Н.Б нь залилах гэмт хэргийг хэрхэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс Н.Быг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдолдоо: “...Н.Быг огт танихгүй байсан бараг өөрийн хүүхдүүд шигээ хүмүүстэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, худал мэдүүлгүүд болохыг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй. Хэргийг шийдвэрлэх нотлох баримтуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогүй. Н.Бын сэдэлт санаа зорилгод дүгнэлт хийхгүйгээр түүний хэргийн бүрэн хамаарлыг тодорхойлох боломжгүй түүнд үнэн зөв дүгнэлтийг шүүх хийж чадаагүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Н.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.Н давж заалдах гомдолдоо: “...Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулалгүй хэргийн талаар үнэн зөв мэдүүлсээр ирсэн. Хийсэн хэргийнхээ хор уршиг, шинж чанарыг ойлгон ухамсарлаж байна. Настай ээж болон 2 хүүхдийг минь надаас өөр асрах хүн байхгүй. Тус хэргээс хохирсон хохирол, төлбөрийг заавал чин шударгаар ажиллаж төлж барагдуулах болно. Анхан шатны шүүхээс надад хохирол гомдолгүй гэж тодорхойлсон. Хохирогчдын хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан. Мөн миний эрүүл мэнд маш муу байна. Зүрхний хавхлаг өөрчлөлттэй, толгойн чамархайн 3 дугаар зэргийн эмгэгтэй. Сонгинохайрхан дүүргийн харьяа нэгдсэн эмнэлэг болон эмч Лхамаагийн тогтмол хяналтад байдаг. 3 дугаар эмнэлгийн зүрхний төвийн харьяалалтай зүрхний хавхалгаар амьсгал давчдаж ухаан алдаж унадаг. Дээрх эмнэлгүүд болон нэгдсэн эмнэлэг, цагдан хорих 461 дүгээр ангийн харьяа эмч нарын хяналтад байдаг. Тиймээс хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

  Шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Нг гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан буюу гэмт хэргийн зохион байгуулагч, бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу гэмт хэргийн хатгагч гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч байна. Д.Н нь шүүх хурлын өмнө болон одоо Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 949 дугаартай дүгнэлтээр гэмтлийн гаралтай чамархайн эпилепси, Сенсор аура хэсэгчилсэн уналт, баруун гарын дистонитой, хоёрдогчоор тархсан таталт оноштой. Сэтгэцийн онош: Д.Н нь гэмт хэрэг үйлдэхдээ ч, одоо ч “Тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг. Шинж тэмдгийн уналт сэтгэцийн эмгэгтэй байсан. Мөн зүрхний өвчтэй, цагдан хорих ангид татаж унасан, байнгын уналтын болон зүрхний эм хэрэглэдэг, ар гэрийн хувьд 80 настай ээжийн хамт насанд хүрээгүй 2 хүүхдүүдтэй амьдардаг. Иймд Д.Нгийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. Цагдан хоригдсон хоногууд ял эдэлсэн хугацаанд дутуу бодогдсон тул ялаас нь хасаж тооцуулах хүсэлтэй байна. Хохирлын тооцоог тогтоолд тодотгон оруулах хүсэлтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ө.Оын өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.О нь бусдын мөнгийг авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ ээжтэйгээ амьдарч байсан бөгөөд хэрэг шалгагдах явцад ээж нь өвчний улмаас нас барсан, тодорхой эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүйн улмаас хохирлоо төлж чадаагүй боловч ял шийтгэлээ эдэлж дуусгаж, гарч ирээд ажил хөдөлмөр эрхлэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.6 дахь заалтад зааснаар хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын доод хэмжээгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Э.Алимаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Хохирогч Т.Чинсанаагийн өмгөөлөгч Ц.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны шатанд нотлох баримт шинжлэн судлахад Н.Бын дугаараас Ө.О руу удаа дараа залгасан болох нь утасны биллээр нотлогддог. Тухайн үед хэргийг нуун дарагдуулах зорилгоор өөр дугаараас залгах нь тодорхой. Гэхдээ ямар нэг байдлаар Н.Б Ө.О нар холбогдсон болох нь нотлогддог.

Н.Быг төөрөгдсөн гэж хэллээ. Төөрөгдөлд орсон гэж үзэх үндэслэл байхгүй. Учир нь, Баатар гэх хүн болон тендерийн талаар нэлээд судалсны дараа Чинсанаатай холбогдсон байсан. Гэтэл тэр талаар судалж тодруулсан зүйл байхгүй тул Н.Быг төөрөгдөлд оруулсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. Хамгийн чухал нь Чинсанаа Н.Бд итгэж, зуучилсны улмаас 215.000.000 төгрөгийг өгсөн. Өмгөөлөгч Мөнхтуяагийн гомдолд 3281 дугаартай шинжээч дүгнэлтэд Ө.О мөнгийг хүлээн авсан гэх гарын үсгээр тогтоогдсон байдаг. Мөн Н.Бын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Үүгээрээ Н.Б нь хэрэгт холбогдолгүй гэж өмгөөлөгч нь дүгнэж байна. Гэтэл хэргийн үйл баримт нь Н.Б нь Нтай санаа нэгдэж огт байхгүй зүйлийг байгаа мэтээр хэлж, Ө.Оыг албаны байдалтай хувцаслуулж, яамны ажилтан гэж танилцуулж, өөрөө дунд нь гол зүйлүүдийг ярьж байгаа байдлаас харахад Н.Быг холбогдолгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэрэгт 50, 50 хувь гэсэн бичгийг хавсаргасан. Үүнийг Мөнхтуяа өмгөөлөгч тайлбарлахдаа нийт 215.000.000 төгрөгийн 50, 50 хувь тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд мөнгө зарцуулсан байдлаас сонсоход 50.000.000 төгрөг гэж ойлгохоор байна.

Аын мэдүүлэгт “надтай хамт гарсан ахимаг насны хүн дагаж гараад тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгож өгөхөд нь мөнгөө тавиад явсан” гэх мэдүүлгийг иш татжээ. Н.Бын мэдүүлгүүдэд “Ө.О ямар тээврийн хэрэгсэл унаж ирснийг мэдэхгүй” гэдэг. Гэтэл тээврийн хэрэгслийн арын хаалгыг онгойлгож өгөөд байгааг үзэхэд тээврийн хэрэгслийг зааж өгсөн гэж үзэхээр байна. Эндээс үзэхээр тээврийн хэрэгслийг мэдэж байсан байхаар байна.

Д.Н нар болон хэрэгт оролцсон этгээдүүдийг гүйцэд шалгаагүй, Дашдондогийг олж илрүүлэх ажиллааг огт хийгээгүй гэдэг. Дашдондогийг олж байцаалт авч анхан шатны шүүх хуралдаанд оролцуулахаар шүүгчийн захирамж гарсан байдаг боловч ял эдэлж байсан учраас оролцож чадаагүй. Тухайн хэргийн хувьд анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд буцах бүртээ нямбай шалгагдсан хэрэг гэж үзэж байна. Хэдий болтол сэжигтэн яллагдагч нарын үгээр Баатар гэгчийг хайж, хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах вэ. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 11 дүгээр сард дуусахаар байна. Авлигын асуудал яригдаж байна. Н.Б нь хэрэгт анхнаасаа зуучлагч байснаа мэдүүлдэг. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хахууль гэж тайлбарлаад байна. Магадгүй тухайн үед Баатар гэх төрийн албан хаагч гарч ирсэн байсан бол 215.000.000 төгрөг нь хахууль уу, зуучлалын хөлс үү гэх асуудал яригдах байсан байх. Хэргийн бодит байдлын хувьд Баатар гэх хүн байхгүй учир цааш нь шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Ө.О 15.000.000 төгрөг авсан уу, эсхүл 50.000.000 төгрөг авсан уу гэх зөрүүтэй мэдүүлгүүдэд дүгнэлт хийгээгүй гэж хэллээ. Энэ асуудлын хувьд гэрч болон нотлох баримт байхгүй учраас 15.000.000 төгрөг үү, эсхүл 50.000.000 төгрөг үү гэдэг дүгнэлт хийгээгүй. Гэхдээ 3 шүүгдэгчийн хувьд 215.000.000 төгрөгийг хувь тэнцүүлсэн нь зүйтэй гэж үзэж байна. Н.Бын үйлдэлд зүйлчлэлийн хувьд гүйцэтгэгч, зохион байгуулагч гэж үзсэн. Энэ нь үндэслэлтэй гэж үзэж байна. Т.Чинсанааг уулзуулж, цаг товлож, тендер бүтэх гээд байгаа үйлдлүүд нь хэргийг зохион байгуулж, мөнгө хүлээж аваад байгаа үйлдэл нь гүйцэтгэгчээр оролцсон болох нь харагдаж байгаа учраас хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна. Гэтэл Н.Б тендер бүтнэ, аваад өгнө гээд байгаа нь хууль бус үйлдэл. Энэ үйлдлээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг зориуд хүсэж, санаатай үйлдсэн гэж үзэхээр байна. Хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлгийг өгдөг. Тухайлбал, Д.Н, Н.Бтай уулзаад Баатар гэх хүнгүйгээр өөрсдөө оролдоод үзье гэх байдлаар хоорондоо нэгдсэн байдал шууд нотлогдохгүй ч, хэргийн үйл баримт бусад нотлох баримтаас харагддаг. Д.Н нь хохиролд биет байдлаар мөнгө төлөөгүй. Д.Нгийн өгсөн мэдүүлэг хэргийн зангилааг тайлах ач холбогдол бүхий байсан учир хохирогч Т.Чинсанаа энэ байдалд дүгнэлт хийж, Д.Нгийн дахин төлөвлөлтөд хамрагдах боломжтой газрыг 50.000.000 төгрөгт тооцуулан авахыг зөвшөөрсөн учир хохирол төлбөргүй гэсэн бичиг үйлдэж өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны явцад цаашид Д.Нгаас хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. Хохирогчийн хувьд хохирол нэхэмжлэх эсэх нь хувь хүний асуудал бөгөөд иргэний болон шийдвэр гүйцэтгэх байгууллагаар ч Д.Н нь хохирол нэхэмжлэхгүй байх эрхтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан ажиллагааг зөрчөөгүй, үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Хохирогч Б.Энхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүхийн шатанд хэрэг хэлэлцэх үед хохиролд 7.000.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл хохирлын талаар хэлэлцэлгүй 850.000 төгрөгөөр миний бяцарсан хөлийг үнэлсэн. Надаас бусад хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар хохирлоо 100 хувь төлүүлэхээр болсон. Гэтэл би бие махбод болон сэтгэл санаагаараа х...д хохиролд 850.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Монгол шуудангийн илгээмжээр сүүлийн анхан шатны шүүх хуралдаан болсон процессын талаар баримт ирж танилцсан шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй байна. Миний эцэг уушгины хорт хавдартай, би өнчин 3 дүүтэй гэр бүлээ тэжээдэг. 7 хоногийн 3 дахь өдөр амардаг. Ингээд давж заалдах гомдол гаргах гээд байж байтал давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргасан гээд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Миний хөл хугараагүй, бяцарсан учраас удаан явах зогсох болон гүйж чадахгүй. Энэ бяцарсан хөлөөс болж нөгөө хөл минь муудаж байгаа. Бүх биеийн даацыг нэг хөл дээрээ суга таяг тулж яваад хөлийн өвдөгний үе муудсан. Цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч ар гэрийн байдал, төлбөрийн асуудлаас болж эмчилгээ хийлгэх боломжгүй байна. Анхан шатны шүүхээс 850.000 төгрөгийг төлбөр төлөхөөр заасан. Үүнээс А хохирлоо төлсөн талаар прокурорт мэдэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй байна. Санаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа миний биед гэмтэл учруулсан учир анхан шатны шүүхийн шүүхээс оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна...” гэв.

Прокурор З.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Л.Жавзмаагийн гомдолд тайлбар хэлье. Анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд гэм буруугийн хувьд маргадаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ангиллаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах боломжтой. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

Шүүгдэгч Ө.Оын өмгөөлөгч А.Ариунаагийн давж заалдах гомдолд тайлбар хийхэд Ө.О нь тухайн үйлдлийг ямар үйлдэл болохыг ухамсарлах хэмжээний дүгнэлт хийх боломжтой учраас өмгөөлөгч А.Ариунаагийн давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн тухайд тохиолдлын шинжтэй гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх байдал ял шалгах хуудас болон бусад баримтаар тогтоогдож байна. Тухайн гэмт хэрэгт шүүгдэгчийн оролцсон оролцоо, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтад дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг гэж үзэхгүй. Мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэрэг үйлдсэн гэж тайлбарлахгүй. Санаатай үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэнэ үү.

Шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хийхэд хэрэг шалгах эхэн үед Д.Н хэргийн талаар буруу, зөрүүтэй мэдүүлсэн. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөний хэмжээгээ буруугаар мэдүүлсэн харагддаг ч хохирогчийн зүгээс цагдан хоригдох үедээ буруу зүйл хийсэндээ дүгнэлт хийсэн юм болов уу гэсэн дүгнэлт хийсэн. Учир нь, 50, 50 хувиар гэж бичсэн цаасыг Ө.Оод явуулсан. Үүнийг тайлбарлахдаа авсан хоёулаа тус бүртээ 50.000.000 төгрөг авснаа хүлээе гэсэн санааг илэрхийлдэг гэдэг боловч Н.Б болон түүний өмгөөлөгч нар тайлбарлахдаа 215.000.000 төгрөгийг 50, 50 хувиар авсан гэх байдлаар тайлбарлаж байна. 50, 50 хувь гэж бичсэн хүн нь тайлбарласан үндэслэлтэй болов уу гэж үзэж байна. Д.Нд яагаад бусад шүүгдэгч нараас бага хорих ял шийтгэсэн бэ гэхээр гэмт хэрэг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл байсан ч уг үйлдэл нь хожуу илэрсэн гэж үзэхээр байна. 2 дахь удаагийн мэдүүлгээс хойш мэдүүлгүүд тогтвортойгоор мэдүүлдэг. Мөн Ө.Оын мэдүүлэгтэй тохирдог. Яллагдагч өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээгээгүй. Бусад нотлох баримтаар давхар нотлогдоно гэх боловч яг энэ үйлдэлд нь бусад гэрч нарын мэдүүлгээр нотолгоо байхгүй байдал харагддаг. Энэ байдалд нь шүүх дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд залилах гэмт үйлдэлдээ хохирогч Энхээгээс баримтаар гаргаж өгсөн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч өөрт учирсан хохирлоо баримтаар гаргаж, нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Зам тээврийн ослын тухайд болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг. Холбогдсон үйлдлээ хүлээн зөвшөөрдөг тууштай мэдүүлдэг, бусдад ямар хэмжээний хор уршиг учруулснаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Үүнд маргах зүйл байгаагүй. Иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг яг одоо төлж барагдуулаагүй ч нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзаж ял шийтгэл оногдуулсан.  Анхан шатны шүүхээс оногдуулсан байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийнэ үү.

Шүүгдэгч Д.Нгийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон асуудалд анхан шатны шүүхэд 205 хоног цагдан хоригдсон гэж тооцсон. Үүн дээр шүүхээс хоригдсон 6 хоног нэмэгдээд 211 хоног хоригдсон гэж тооцсон. Шийтгэх тогтоолд 171 хоног гэж бичсэнийг зөвтгөөд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг гэм хорын шууд болон шууд бус хохирлыг нэгтгэж дүгнэснийг ялгаж, салгаж зөвтгөөд шийдвэрлэх боломжтой. 

Мөнхбадрал “тендерийн ажил бүтэх гэж байна гээд урьдчилгаа болох 400.000.000 төгрөгийг өгөөч” гэж Т.Чинсанаад Н.Б очиж хэлсэн. Энэ нь Т.Чинсанаагийн мэдүүлгээр тогтоогддог. 400.000.000 төгрөгийн хэмжээний мөнгө өгөх боломжгүй байна гээд байгаа 215.000.000 төгрөг өгдөг. Хохирогч өөрөө санаачилга гарган их хэмжээний мөнгө өгч байгаа. Хэдийгээр Н.Бд итгэж байгаа боловч баримт үйлдүүлж авах үүднээс Мөнхбадралд “...” ресторанд уулзъя гээд 215.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэж авсан нь 1 дүгээр хавтас хэргийн 20 дугаар талд удаа дараагийн өгсөн мэдүүлэг байдаг. Үүнээс Н.Б мөнгө хүлээлцсэн баримтыг санаачилж гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй болох нь мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн цагдан хорих газар Д.Нгаас хурааж авсан 4*6 хэмжээтэй дэвтрийн дөрвөлжин шугамтай цаасан дээр дармал үсгээр тэмдэглэсэн. Тэмдэглэл дээр шинжилгээ хийлгээд хэрэгт хавсаргасан. 50, 50 гэсэн бичгийг өөрөө бичсэн хүн нь тайлбар өгсөн байхад үүнийг Н.Бын өмгөөлөгч өөр өнцгөөс тайлбарлаж байна.

“...” ресторанаас Н.Б хайрцагтай мөнгийг хохирогч Т.Чинсанаагаас авахдаа Н.Б эхэлж гараад гадаа байсан “Приус” загварын тээврийн хэрэгсэлд Т.Чинсанаагийн жолоочтой хамт мөнгийг аваад гардаг. Т.Чинсанаагийн жолооч Т.Чинсанаагийн хэлснээр хайрцагтай мөнгийг аваад гарахад Н.Б дагаад гардаг. Н.Б түрүүлж тээврийн хэрэгслийн хойд талыг онгойлгож өгөөд мөнгийг байрлуулах санааг гаргаж байрлуулсан байдаг. Мөнгийг өгөхдөө Т.Чинсанаа Н.Быг танидаг, мөн насны хувьд төлөвшсөн, компани эрхэлдэг, байр сууриа илэрхийлдэг учраас итгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг. Ингэж итгэсний улмаас Т.Чинсанаа мөнгөө өгч дараа нь Н.Б мөнгийг гаргаад өгөөд явуулчихдаг. Тэрнээс Ө.О Т.Чинсанаагаас мөнгийг аваад явсан зүйл байхгүй. Энэ нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Н.Б хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг илрүүлсэн гээд байгаа ч прокурорын зүгээс үзэхдээ 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс итгэл үзүүлж өгсөн найзынхаа их хэмжээний мөнгийг залилуулсан гэж мэдсэн бол яагаад 2 сар чимээгүй байсан бэ гэхээр гэмт хэрэг үйлдсэн ул мөрөө баллах, бүдгэрүүлэх байдлыг бий болгосон хүн нь Н.Б гэж үзэхээр байна. Д.Н, Ө.О нар нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээдэг. Нөгөө талаар  гэмт хэрэг болсон газар төв зам дагуу учраас хяналтын камерын бичлэг аль аль талдаа байх ёстой. Гэтэл уг камерын бичлэгийг 1 сарын хугацаагаар хадгалдаг газар цөөхөн байдаг. Учир нь, төхөөрөмжийн хүчин чадлаас хамаарч 7 хоногоос 1 сарын хугацаагаар хадгалаад устгадаг. Тээврийн хэрэгслийн тухайд мөн илрүүлэх боломж байсан. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс байрлуулсан хяналтын камер тодорхой хугацаагаар хадгалаад устдаг. Энэ байдлаас болоод хэргийн илрэх байдлыг бүдгэрүүлсэн хүн бол Н.Б юм. Н.Бд итгэж мөнгөө өгсөн талаараа хохирогч удаа дараа мэдүүлдэг. Энэ үүднээс эхлээд Ө.Оыг Мөнхбадрал гэдгийг мэдсэн шүү дээ гэж хэлээд байна. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд Ө.О, Д.Н нарын мэдүүлгээр үгүйсгэгдэнэ. Миний бие тухайн хэрэгт 2017 оны 8 дугаар сараас эхлэн хяналт тавьж ажилласан. Хяналт тавьж ажиллагаа хийхдээ хэрэгт хийгдэх  ажиллагаа байхгүй гэж үзээд эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхээс 2 удаа буцааж, хэргийг өргөн хүрээнд шалгасан. Хэргийг шалгасан мөрдөгч Анар нь тухайн хэргийг шалгасан үйлдлээ хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Монгол улсын хүрээнд тендерийн асуудал ийм дампуурсан байдлаар явагддаг гэж үзэхгүй байна. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг шүүгдэгч нар хуулиар хэтэрхий тоглож байна. Хохирогчийн итгэл үнэмшлийг ашиглаж тендер байна гэх мэтээр залилан мэхэлсэн. Хохирогч яагаад итгэсэн бэ гэхээр Н.Б Т.Чинсанааг замын тендерийн үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий компанитай, зөвшөөрөлтэй гэдгийг урьдын харилцаан дээрээ тулгуурлаж Чинсанаа надад итгэнэ гэдгийг мэдэж байсан. Иймээс тендерийн асуудлыг ярьж, хууль бусаар тендерийн хүмүүстэй холбогдсон болох нь харагдаж байна. Н.Б тендерийн үйл ажиллагаа эрхэлдэг 500 хүн ажиллуулдаг гэж хэлээд байна. Энэ талаар баримт байхгүй. Прокурор миний зүгээс Н.Бын хувийн байдлыг тодруулсан баримтыг хэрэгт хавсаргаагүй гэхэд шүүгдэгч өөрийнхөө эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр хувийн байдалтай холбоотой баримтаа өгөх боломжтой.

Авлигын тухайд итгэл үнэмшил төрүүлж, ажлыг нь хөнгөвчлөх зорилгоор мөн тендерийг үнэн гээд итгүүлсэн, бүтсэн тохиолдолд урамшуулал өгнө гэдэг нь ажлын хөлс гэж ойлгож байна, авлига гэх талаас дүгнэхгүй байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлтэд хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, нотлогдсон, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй үндэслэл бүхий шийдвэр байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.”  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Б, Ө.О, Д.Н нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.Н нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн гарын үсэгтэй “...Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 километр зам барих...” эрх олгосон хуурамч мэдэгдлийг бусдад үзүүлэх зорилгоор хуурамчаар үйлдэж, тэрхүү бичгийг Н.Б нь хуурамч гэдгийг мэдсээр байж хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж уг хуурамч мэдэгдлийг “Тотал-Инж” ХХК-ийн захирал хохирогч Т.Чинсанаад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...цамхагт байрлах “...” ресторанд үзүүлж “Төв аймагт зам барих ажил бүтэх боломжтой” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, тэрхүү үйлдлээ бодит мэт харагдуулахын тулд Ө.Оыг “Яамны ажилтан Мөнхбадрал” гэж танилцуулан, Ө.О нь Зам тээврийн яамны ажилтан болж хохирогч Т.Чинсанаад итгүүлэн хуурамч мэдэгдлийг үзүүлэх зэргээр төөрөгдөлд оруулан 215.000.000 төгрөгийг залилан авсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтууд:

хохирогч Т.Чинсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад Мөнхбадрал, Н.Б нар хэлэхдээ ажил хөөцөлдөж явахад зарцуулах юм. Мөн сонирхож байгаа чиглэлд ажил олж өгнө гээд авсан. Миний сонирхож байсан чиглэл нь Төв аймгийн Өндөрширээт хүртэл 30 км зам барих ажлын шууд гэрээг олж авах сонирхол байсан бөгөөд 40 тэрбум төгрөгийн ажил байсан. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байхаа Мөнхбадрал буюу Ө.Оыг Б дагуулан манай ресторанд авчирч уулзсан. Тэгэхэд Б түүнийг яаманд ажилладаг, тендер хариуцсан мэргэжилтэн гэж ярьсан. Ингээд энэ уулзалтаар надад 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өдрийн 17/... дугаартай Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Манлайбаярын гарын үсэгтэй, Өндөрхаан-Чойбалсан чиглэл дэх 30 км зам барих шууд гэрээний мэдэгдэл үзүүлсэн. Би Н.Бд Төв аймгийн чиглэлд замын ажил авна гээд өмнө нь хэлчихсэн байсан учраас тухайн санал болгосон замын ажлыг авахгүй гэдгээ хэлсэн. Надад энэ мэдэгдлийг эх хувиар нь үзүүлсэн бөгөөд Ө.О нь бор өнгийн дугтуйнаас гаргаж ирээд надад өгч үзүүлээд буцаагаад авсан. Мөн тэр үед надтай уулзахдаа хар өнгийн хослол өмссөн байсан. Энэ уулзалтаар Төв аймгийн ажлыг авахаар болсон. Мөн буруу замын чиглэл аваад ирсэн байна гээд ярилцаад салцгаасан. 2014 оны 11 дүгээр сарын 20- ны өдөр Н.Б надтай яриад “Төв аймгийн зам болох юм байна. Урьдчилгаа мөнгө төгрөг хэрэгтэй юм байна 215 сая төгрөг гаргаж өгч чадах уу” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Надтай энэ замын ажлын талаар ганцхан Н.Б холбогдож ярьдаг байсан. Тэрнээс Д.Н, Мөнхбадрал, Баатар гэх хүмүүстэй утсаар ярьж байгаагүй. Н.Б ийм нэртэй хүмүүсийг л яриад байдаг тэрнээс ганцхан уулзсан хүн нь Мөнхбадрал буюу Ө.О юм. 2014 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр дахин манай ресторан дээр Н.Б, Мөнхбадрал буюу Ө.О хоёр ирж уулзаад 2 хоногийн өмнө үзүүлж байсан нөгөө мэдэгдлийг Мөнхбадрал буюу Ө.О нь ураад ингээд удахгүй Төв аймгийн чиглэлийн замын ажлын шууд гэрээ хэд хоногоос ирнэ гэсэн. Н.Б надтай энэ замын ажлын талаар яриад байдаг. Мөнхбадрал нь үг солиод байдаггүй дуугүй сууж байдаг байсан. Ингээд би мөнгийг гаргаж өгөөд Б нь тоолж аваад манай баз хүргэн А цугтаа хайрцагтай мөнгийг гаргалцаж өгсөн бөгөөд цэнхэр өнгийн 13-97 УНҮ улсын дугаартай суудлын приүс загварын тээврийн хэрэгсэл зогсож байсан. Машинд мөнгийг хийгээд Мөнхбадрал буюу Ө.О суугаад явсан. Н.Б надтай жаахан юм ярьж зогсож байгаад явсан. Дээрх хоёр уулзалтад Г.Анар-Эрдэнэ ирээгүй. Би түүнийг Н.Баар дамжуулан таньдаг болсон бөгөөд дотно харилцаатай биш...Н.Б Мөнхбадрал нар нь хамтдаа орж ирээд дугтуйны бичиг баримтыг надад Мөнхбадрал нь өгсөн. Энэ бичиг баримтыг өгөх үед Н.Б нь Мөнхбадралаа бичиг баримтаа өгөө гэж хэлж зааварчилж байсан. Ингэж хэлсний дагуу Мөнхбадрал нь надад бичиг баримтаа өгсөн...” гэх мэдүүлэг /1 хавтас хэргийн 19-20, 3 дугаар хавтас хэргийн 2-3 дугаар хуудас, 7 хавтас хэргийн 62 дугаар хуудас/,

гэрч Г.Анар-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Б бид хоёр нэг байрны хүмүүс бие биеэ мэднэ. Ингээд 2014 оны 9 дүгээр сард Н.Б ах “замын тендерийн ажил олж өгөх хүмүүс байна, худалдаж авах хүн байна уу, асууж лавлаж байгаарай” гэсэн. Нэг хэсэгтээ бид замын тендерийн ажил авах компанийг хайж явсан. Мөн Б ахтай Дашка гэх эмэгтэй анх холбогдоод “ажил авах хүн байвал олоод өгөөч” гэсэн. Энэ хугацаанд Зам тээврийн яаманд ажилладаг Баатар гэж хүн ирсэн. Тэгээд түүний дүү нь Д.Н энэ хүнтэй холбогдож уулзаарай гэсэн. Ингээд Д.Н хэд хэдэн удаа уулзаж, замын ажил компаниудын материал баримтыг өгөх гээд л ажил хөөцөлдсөн. Сүүлдээ Н.Б ах өөрийн танил Т.Чинсанаа гэж хүнд энэ ажлыг хэлээд тэгээд хоорондоо тохиролцоод Төв аймгийн чиглэлд замын ажил авахаар болцгоосон. Үүнээс өмнө Н нь Өндөрхаан-Чойбалсаны чиглэлд 30 км замын тендерийн ажил хийх шууд гэрээ бүхий Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан мэдэгдэл баримтыг үзүүлсэн. Тиймээс Чинсанаа итгээд 215 сая төгрөг өгсөн байна лээ. Энэ ажилд зуучилж өгсний хөлсөнд Т.Чинсанаагаас 1,2 тэрбум төгрөгийн ажлаас нэг хувийг авна гэж Б ах бид хоёр ярилцсан байсан юм. Тэгээд сүүлд нь Мөнхбадрал гэж залуу 215 сая төгрөг аваад явсан байна лээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 28, 3 дугаар хавтас хэргийн 12-13 дугаар хуудас/,

гэрч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, GВ плаза төвийн 2 давхрын рестораны VIP өрөөнөөс захирал дуудаад энэ хүний мөнгийг гаргаад зөөгөөдөх гэсэн. Би хайрцагтай мөнгийг нь тэврээд гадаа гараад суудлын автомашинд хийж өгсөн. Тухайн үед надтай цуг ахимаг насны ах дагаж гараад машиныхаа арын хаалгыг онгойлгож өгөхөөр нь машинд нь оруулж тавиад гарсан. Машины дугаарыг харж цээжлээд тэгээд захиралд хэлж дугаарыг нь тэмдэглүүлж авч байсан...” гэх мэдүүлэг, /3 дугаар хавтас хэргийн 9 дүгээр хуудас/,

гэрч Ё.Пүрэвдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний үүсгэн байгуулсан компани барилгын замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Анар-Эрдэнэ гэж залуу миний утасны дугаарыг хаанаас юм бүү мэд олоод “замын ажил сонирхож үзэх үү” гэж ярьсан. Ингээд би тэр залууг дуудаад манай оффис дээр ирж уулзъя гэж санал тавьсан. Тэгэхэд манай оффис болох Монголын Залуучуудын Холбооны байранд Анар-Эрдэнэ, Б гэж залуутай цуг ирсэн. Ингээд хамтдаа уулзахад надад Баянхонгор, Говь-Алтай замын чиглэлд тендерт нь оролцуулж авч өгч болох юм гэсэн. Тэгээд мөн манай компанийг хэр зэрэг хөрөнгө мөнгөний баталгаатай эсэхийг лавлаж асуугаад мөн “одоо байгаа компанийнхан дансны үлдэгдлийг үзүүлчих” гээд байсан. Үнэхээр хөрөнгө мөнгөтэй юм бол цаанаа их том ажил байгаа мөн том хүнтэй уулзуулна гээд байсан. Тэгэхээр нь сейфтээ байгаа 500 сая төгрөгийн зургийг утсаараа аваад үзүүлсэн. Тэгтэл орой нь дахин уулзъя гэсэн. Тэгээд орой нь Анар- Эрдэнэ, Б хоёр яриад хорооллын Жүр үрийн гадаа уулзахаар болсон ба цаг 20-21 цагийн орчимд байсан шиг санагдаж байна. Би өөрийн эзэмшлийн 09-96 УНП улсын дугаартай “Лексус-570” загварын машинтай ирсэн. Тэгтэл Анар-Эрдэнэ Б хоёр намайг Зам тээврийн яаманд ажилладаг гэх Мөнхбадрал буюу О гэх залуутай уулзуулсан ба бид гурав миний машинд уулзсан. Отой цуг явж байсан нэрийг нь мэдэхгүй байна. Нөгөө шар царайтай залуу Баянхонгор-Говь- Алтай чиглэлд 180 орчим км замын ажил авч өгье, тэгээд цаашаа явахаар болбол мөнгө төгрөгөө өгөөд тендерт нь оролц, асуудалгүй шийдэж өгнө. Эхний ээлжид урьдчилгаа мөнгө төгрөг хэрэгтэй гээд нилээд их хэмжээний мөнгө яриад байсан. Одоо бүр санахгүй байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас хэргийн 23 дугаар хуудас/,

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Манлайбаяр гарын үсэг зурж Монгол Улсын Зам тээврийн яам гэсэн тэмдэг дарж “Тотал Инж” ХХК-д хүргүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17/... дугаартай мэдэгдэл гэх баримт /1 дүгээр хавтас хэргийн 11 дүгээр хуудас/,

“...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо GР плаза төвийн 2 давхарт байрлах “...” ресторанд Н.Б, Ө.О нар нь хохирогч Т.Чинсанаагаас 215.000.000 төгрөг бэлнээр авсан гар бичмэл баримтыг хохирогч Т.Чинсанаагаас эх хувиар нь хураан авсан тухай...” тэмдэглэл, /2 дугаар хавтас хэргийн 47-49 дүгээр хуудас/,

“...Д.Н цагдан хоригдож байхдаа Ө.Оод дамжуулсан 11x6 хэмжээтэй, дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр 11 мөр бүхий дармал үсгээр бичсэн бичвэрийг хураан авсан тухай...” тэмдэглэл, /2 дугаар хавтас хэргийн 85 дугаар хуудас/,

эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай: “...Яллагдагч Д.Нгаас Ө.Оод цагдан хоригдож байхдаа дамжуулсан 11x6 хэмжээтэй, дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр 11 мөр бүхий дармал үсгээр бичсэн бичвэр...” тогтоол /3 дугаар хавтас хэргийн 1 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 29- ний өдрийн шинжээчийн №3281 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Бэлэн мөнгө хүлээн авсан гэх” баримтын дээд хэсэгт байх “2014.11.21 иргэн Б” гэж эхлээд “Хүлээн авсан Н.Б” гэж төгссөн гар бичмэлийг Н.Б бичсэн байна. Уг баримтын дунд хэсэгт байх “Иргэн Мөнхбадрал” гэж эхлээд “Хүлээн авсан” гэж төгссөн гар бичмэлийг Ө.О бичсэн байна...” гэх дүгнэлт, /2 дугаар хавтас хэргийн 96-106 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №938, №939, №949 дугаартай дүгнэлт /Н.Б, Ө.О, Н.Н нарын сэтгэцэд дүгнэлт хийсэн талаар/, /2 дугаар хавтас хэргийн 122, 124, 126-127 дугаар хуудас/,

Монгол Улсын Зам, Тээврийн яамны 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 13/3083 дугаартай Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэний гарын үсэг бүхий Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлсэн: “...Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Дорнод аймгийн төвийг нийслэлийн хоттой хатуу хучилттай замаар холбох ажлын хүрээнд тус яамны зүгээс 2014 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар Худалдан авах ажиллагааны газарт захиалга өгөх, гэрээ байгуулах мэдэгдлийг гүйцэтгэгчээр шалгарсан тухайн компанид хүргүүлэх, гэрээ байгуулах талаар ямар нэгэн үйл ажиллагаа хийгдээгүй болно...” гэх албан бичиг, /3 дугаар хавтас хэргийн 89 дүгээр хуудас/,

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/1299 дугаартай: “...Худалдан авах ажиллагааны газарт Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км зам барих АББҮХ-2014/10 дугаартай тендер зарлагдаагүй болно...” гэх албан бичиг, /3 дугаар хавтас хэргийн 87 дугаар хуудас/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зам тээврийн яамны архивд байх албан хаагчдын анкетуудад/, /7 дугаар хавтас хэргийн 74-84 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /7 дугаар хавтас хэргийн 85-87 дугаар хуудас/ зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр, Т.Мөнхтуяа нар нь “Энэ гэмт хэрэгт Н.Б оролцоогүй... “Баатар” гэгч этгээд зохион байгуулсан... Хэргийг Д.Н, Ө.О нар зохион байгуулсан...” гэж давж заалдах гомдол гаргасан байх боловч шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б ахын зураг аваад өг гэсэн Ай-Пад дээр зам тээврийн яамны албан бичгийн зургийг дарж аваачиж өгсөн. Түүнийг Г.Анар-Эрдэнэ Улсын Их Дэлгүүрийн урд ирж авсан. Тэр албан бичигт “Тотал инж” гэж компани нэр бичээгүй цагаанаар өгсөн... Би өөрийнхөө авсан 50.000.000 төгрөгийн хохирлыг Т.Чинсанаад төлсөн...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас хэргийн 30-32 дугаар хуудас, 7 дугаар хавтас хэргийн 107-108 дугаар хуудас/,

шүүгдэгч Ө.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Чинсанаад хохирлоо төлж барагдуулна... Б, Н нар энэ хэргийг хамт зохион байгуулсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас хэргийн 51-64 дүгээр хуудас, 7 дугаар хавтас хэргийн 102 дугаар хуудас/ зэргээр үйлдсэн гэмт хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн, мөн шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслэн Н.Б нь төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, “Баатар” гэгчийг мөрдөн байцаалтаар тогтоох ажиллагаа хийсэн боловч тогтоогдоогүй, хохирогч Т.Чинсанааг залилсан үйлдэлд Н.Баас итгэл төрүүлсэн Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдлийн улмаас хохирсон” талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн шүүгдэгч Д.Н нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.11 дэх заалт “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 21.00 цагийн үед Н.Аын эзэмшлийн ... УНП улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол 3 дугаар сургуулийн урд замд Зам тээврийн осол гаргаж явган зорчигч хохирогч Б.Энхээгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч С.Ганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч С.Энх-Амгалангийн эзэмшлийн 41-95УБЦ улсын дугаартай “Хьюндай Соната-6” загварын тээврийн хэрэгслэлд 3.654.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Удвалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан түүний эзэмшлийн 10-77УБЗ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслэлд 5.695.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Бямбадуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан түүний эзэмшлийн 79-57УНИ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслэлд 2.519.400 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Аын эзэмшлийн ...УНП улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслэлд 3.610.000 төгрөгийн хохирол, мөн Нийслэлийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд 194.547 төгрөгийн хохирол учруулсан буюу архи ууж согтуурсан үедээ бусдын тээврийн хэрэгслийг жолоодон явган зорчигч болон гурван автомашин, сургуулийн хашааг мөргөж зам тээврийн осол гаргасан,

шүүгдэгч Н.А нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б/ заалт “согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн ... УНП улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн шүүгдэгч Д.Нд шилжүүлсний улмаас Д.Н нь зам тээврийн осол гарган хохирогч Б.Энхээгийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулж, иргэний нэхэмжлэгч С.Ганбат, Х.Удвал, Б.Бямбадулам нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч С.Энх-Амгалан, Х.Удвал, Б.Бямбадулам болон Нийслэлийн 3 дугаар дунд сургуулийн эд хөрөнгөд хохирол учруулсан  гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтууд болох:

хохирогч Э.Энхээ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 10-ны орой ажлаа тараад гэр рүүгээ 21 цагийн үед 3 дугаар сургуулийн урд явган хүний замаар баруунаас зүүн гар тийш алхаад явж байсан.Тэгтэл гэнэт тасхийх чимээ гараад зам дээр байсан жимсний лангуун доогуур орчоод нэг залуу гаргах гээд байсныг санаж байна. Зүүн хөл шилбээрээ хугарсан, баруун өвдөг гэмтэлтэй, баруун гуя зулгарч шалбарсан байдалтай байсан. Эмнэлэг дээр очоод хэвтсэнээс хойш хэд хоногийн дараагаас хөл өвдөөд байдаг болсон...” гэх мэдүүлэг, /5 дугаар хавтас хэргийн 92-94 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Х.Удвалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би орой 21 цаг өнгөрч байхад 11-р хороолол орохоор өөрийнхөө эзэмшлийн “Тоёота Приүс” загварын 10-77 УБЗ дугаартай авто машиныг жолоодон Сүхбаатар дүүргийн нутаг 3 дугаар сургуулийн өмнөх замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн гар тийш 3 дугаар эгнээгээр явж байгаад гэрлэн дохио дээр зогсож байгаад дөнгөж хөдөлтөл гэнэт түс тас хийгээд явчихсан. Тэгээд нэг хэсэг ухаан санаа самуураад сэртэл амнаас цус гарчихсан байсан. Удалгүй түргэн ирээд намайг аваад гэмтэл явсан. Осол гарах үед би машиндаа ганцаараа явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очих үед толгой, зүүн гар өвдөөд байсан. Дараа нь гэртээ очоод харахад зүүн хөл нэлээд хөхөрсөн байсан. Дараа нь бариа хийлгээд гайгүй болсон. Нэлээд хэд хоногийн дараа баруун талын цээж хэсэгт хөндүүрлээд хөдөлж болохгүй байсан. Зургийг авхуулахад зөөлөн эд гэмтэлтэй байсан. Үнэлгээгээр 5.695.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг, /5 дугаар хавтас хэргийн 110-111 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Бямбадулам мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би орой 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад хорооллоос гараад 19 дүгээр хороолол руу гэр рүүгээ өөрийн эзэмшлийн “Тоёота Приүс” загварын 76-57 УНИ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон машиндаа ганцаараа Сүхбаатар дүүргийн нутаг 3-р сургуулийн урд замаар баруунаас зүүн гар тийш 2 дугаар эгнээгээр явж байсан. Тэгтэл урд явсан “Приус-30” загварын тээврийн хэрэгсэл  тормозлохоор нь дагаад тормозоо гишгээд зогстол нөгөө машины өмнөөс нэг саарал өнгийн “Х.Соната” загварын тээврийн хэрэгсэл мөргөөд нөгөө машин мөргүүлсэн эрчээрээ ухарч миний машины урд хэсэг рүү мөргөсөн. Тэгээд буугаад харахад замын эсрэг талд саарал өнгийн нэг “Тоёота Приүс” замаас гарчихсан нэг хүн мөргөсөн байдалтай зогсож байсан. Үнэлгээгээр 2.600.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн биеэ эмчлүүлэхэд ойролцоогоор 150.000 төгрөг гаргаад байгаа...” гэх мэдүүлэг, /5 дугаар хавтас хэргийн 129-130 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч С.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад 100-н айл орох гээд “Х.Соната-6” загварын 41-95 УБЦ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа ертөнцийн зүгээр зүүнээс баруун гар тийш 2 дугаар эгнээгээр явж байхад гэнэт хойноос тас хийгээд явчихсан. Тэгээд нэг сэрээд харахад миний машин урсгал сөрөөд орчихсон өмнөөсөө явсан нэг “Т.Приүс” загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн байдалтай зогсож байсан ба арын хаалгаараа гараад хартал баахан хүмүүс шавчихсан байсан. Би хэсэг сууж байгаад араас мөргөсөн машинаа харах гэтэл нөгөө машин байхгүй байсан. Ахиулаад хартал араас мөргөсөн машин 3 дугаар сургуулийн хашаа ТҮЦ хоёрын завсар зогсож байсан. Мөргөсөн жолоочийг хашааны хажууд байна гэхээр нь яваад очтол нэг хүн согтуу хэвтэж байсан. Жолооч талын хаалганаас одоо энэ уулзаад яваад байгаа А мөн байсан. Үнэлгээгээр 3.600.000 төгрөгийн хохирол гарсан. Би өөрийн төрсөн дүү Энх-Амгалангийн машиныг жолоодож явсан... Миний эмчилгээнд хэдэн төгрөг гарсан талаар нарийн тооцоо гаргаагүй байна. Эмчилгээнд гарсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /5 дугаар хавтас хэргийн 99, 188-190 дүгээр хуудас/,

иргэний       нэхэмжлэгч   Б.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр юу болсон талаар би мэдэхгүй. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай сургуулийн урд зам тээврийн осол болж улмаар манай сургуулийн хашааг мөргөж эвдэлсэн байсан. Манай сургуульд 274.547 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг буруутай хүнээс гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг, /5 дугаар хавтас хэргийн 165 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр машинд Н бид хоёр хамт явсан. Би их согтуу байсан. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо Нгаас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /5 дугаар хавтас хэргийн 151 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /5 дугаар хавтас хэргийн 63-65, 67-72 дугаар хуудас/, Согтуурал шалгасан магадалгаа /5 дугаар хавтас хэргийн 73-76 дугаар хуудас/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /5 дугаар хавтас хэргийн 77-80 дугаар хуудас/,

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №514 дугаартай: “...... УНП улсын дугаартай “Тоуоtа-Рrius” загварын тээврийн хэрэгслийн жолооч Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамруулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ... УНП дугаартай “Тоуоtа-Рrius” загварын тээврийн хэрэгсэл эзэмшигч Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 41-95 УБЦ улсын дугаартай “Hiundai Sonata-5” загварын тээврийн хэрэгслийн жолооч С.Ганбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна. 10-77 УБЗ улсын дугаартай “Тоуоtа-Рrius” загварын тээврийн хэрэгслийн жолооч Х.Удвал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна. 79-57 УНИ улсын дугаартай “Тоуоtа-Рrius” загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.Бямбадулам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /5 дугаар хавтас хэргийн 230-231 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8404 дугаартай: “Б.Энхээгийн биед шаант ясны ил хугарал, баруун гуя, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...” гэх дүгнэлт, /5 дугаар хавтас хэргийн 201 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8268 дугаартай: “Ганбатын биед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /5 дугаар хавтас хэргийн 212 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8243 дугаартай: “Удвалын биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /5 дугаар хавтас хэргийн 214 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8335 дугаартай: “Бямбадуламын биед тархи доргилт, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /5 дугаар хавтас хэргийн 216 дугаар хуудас/,

тээврийн хэрэгсэл техникийн болон эвдрэл хохирлын үнэлгээний: "... 41-95 улсын дугаартай “Нundai Sonata-6” загварын тээврийн хэрэгсэл үнэлсэн “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: нийт шууд зардлын дүн 2.962.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 3.654.000 төгрөг...”, “...10-77 УБЗ улсын дугаартай “Тоуоtа- Рrius-30” загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлыг үнэлсэн “Арвижих- Эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайлан: нийт шууд зардлын дүн 2.970.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.420.000 төгрөг...”, “...79-57 УНИ “Тоуоta-Рrius-20” загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлыг үнэлсэн “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайлан: нийт шууд зардлын дүн 2.240.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.519.400 төгрөг...”, “...... УНП улсын дугаартай Тоуоtа-Рrius загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлыг үнэлсэн “Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайлан: нийт шууд зардлын дүн 2.922.000 төгрөг, нийт зардлын дүн 3.610.000 төгрөг...” гэх тайлан /5 дугаар хавтас хэргийн 103-105, 112-114, 131-135, 152-157 дугаар хуудас/,

“ВЕНДО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Эрхүүгийн гудамжинд байрлах 3 дугаар сургуулийн гадна хашаанд учирсан хохирол болно. Уг хашаанд учирсан хохирол нь зардлын хандлагаар үнэлэгдэв. Тус хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ нь нийт 194.547 /нэг зуун ерэн дөрвөн мянга таван зуун дөчин долоо/ төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх тайлан, /5 дугаар хавтас хэргийн 167-184 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б, Н.А, Ө.О, Д.Н нарыг гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэхлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б, Д.Н, Ө.О, Н.А нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэж хэргийн үйл баримтыг тогтоосны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Шүүгдэгч Н.Аын болгоомжгүй үйлдлийн улмаас шүүгдэгч Д.Н нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, энэ гэмт хэргийн улмаас олон хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан ба тэдгээрийн хохирлыг төлснөөр эрүүгийн хариуцлагыг заавал тэнсэх хууль зүйн үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ат хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанартай харьцуулан дүгнэхэд хууль зүйн үндэслэл бүхий болжээ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Хохирогч Б.Энхээ нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Надаас бусад хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар хохирлоо 100 хувь төлүүлэхээр болсон. Гэтэл би бие махбод болон сэтгэл санааны хохирлыг 850.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна” гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор хэрэгт авагдсан хотлох баримтыг үндэслэн гэм буруутай этгээдээс 850.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Энхээд олгох, мөн хохирогч нь цаашид гарах эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар мич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж тусгасан байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “...ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх, “...хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэх, “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх, “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх, “...Н.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 61 хоног, шүүгдэгч Д.Нгийн цагдан хоригдсон 171 хоног, шүүгдэгч Ө.Оын цагдан хоригдсон 172 хоногийг...” гэснийг “...шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 65 хоног, шүүгдэгч Д.Нгийн цагдан хоригдсон 202 хоног, шүүгдэгч Ө.Оын цагдан хоригдсон 181 хоногийг...” гэж өөрчилсүгэй.

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлын “...цагдан хоригдсон хоногууд буруу бодогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас нь хасаж тооцуулах...” гэсэн гомдлыг хангаж, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Э.Алимаа, Ч.Энхбаяр, шүүгдэгч Д.Н, шүүгдэгч Ө.Оын өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ