Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00649

 

 

2021           06            03                                          001/ХТ2021/00649

 

.................нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2020/00480 дугаар шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 218/МА2020/00020 дугаар магадлалтай,

.................нэхэмжлэлтэй

Дундговь аймгийн Адаацаг сумын засаг даргын тамгын газарт холбогдох

Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019.09.27-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч .............. гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008.06.04-ний өдөр Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Засаг даргын Тамгын газарт нярвын ажилд томилогдон ажилласан. Гэтэл 2019.09.27-ны өглөө Засаг даргын Тамгын газрын шуурхай хурал дээр Засаг даргын Тамгын газрын дарга .................гэнэт намайг нярвын үүрэгт ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдсэн. Тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч ................., улсын байцаагч .................нарын Төлбөр тогтоох тухай 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот актыг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар ярьсан. Хурлын дараа миний өрөөнд өөрийн тушаалаа оруулж өгсөн. Үүний нарийн учрыг олж албаны шалгалт хийж тушаалаа эргэж харахыг хүссэн боловч хүлээж аваагүй, илт нэг талыг барьж улсын байцаагчийн актыг үндэслэж ажлаас халсанд гомдолтой байна. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь намайг ажлаас халахдаа ажилдаа хариуцлагагүй хандан хөдөлмөрийн гэрээний 8.2.4 дэх заалтыг зөрчин ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэсэн боловч улсын байцаагчийн тавьсан актад дурдагдсан 6,087,100 төгрөгийн зөрчил нь би хувьдаа завшсан юм уу, эсвэл ажлын хариуцлагагүйгээс болж дутагдуулсан аль болохыг албаны шалгалт хийж Засаг даргын зөвлөлөөр оруулан шийдвэрлэх байтал надад ямар ч шалгалт хийлгүй, огт хэлж мэдэгдэлгүй ажлаас халсан болно. Ер нь бол улсын байцаагчийн зүгээс 6,087,100 төгрөгийг хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан гэж акт тавьсан боловч би хий зарлага бичээгүй, дээрх мөнгийг давхардуулаад Засаг дарга Батхөлөгийн нэр дээр олгочихсон баримт байгаа талаар улсын байцаагчид тайлбарлаж, надад байгаа санхүүгийн баримтаа үзүүлсэн боловч хүлээж аваагүй. Энэ талаараа би Уранцэцэг даргад мөн тайлбарласан боловч хүлээж аваагүй. Ер нь бол ажлын байрны тодорхойлолтод зааснаар бол би Мал хамгаалах сантай холбоотой асуудалд оролцох эрхгүй юм байна гэж ойлгож байгаа. Тэгээд ч Засаг даргын Тамгын газрын дарга .............. байгуулсан гэх ажлын байрны тодорхойлолтод миний гарын үсэг ч байхгүй байдаг юм байна гэдгийг би ажлаас халагдсанаасаа хойш мэдлээ. Тэгээд ч Мал хамгаалах сан нь зөвхөн Засаг даргын мэдэлд байдаг сан бөгөөд энэ нь тусдаа нягтлан бодогчтой, энэ сангийн үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын дарга биечлэн оролцдоггүй бөгөөд нэгэнт тавигдсан акттай холбоотой асуудлаар тэр, үнэн зөвийг олж тогтоох үүрэгтэй байсан гэж бодож байна. Иймд би ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019.09.27-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх зэрэг шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба нь манай суманд 2019.09.23-ны өдрөөс 26-ны өдрүүдэд удирдамжийн дагуу 2018, 2019 оны санхүүгийн баримтад хяналт шалгалтыг хийсэн бөгөөд энэхүү хяналт шалгалтын явцад тус сумын гамшгаас хамгаалах сангийн 2018 оны баримтад тус сангийн өвс тэжээл борлуулсан орлогоос 6,087,100 төгрөгийг эд хариуцагч .................нь тус сангийн төрийн сан банкин дахь харилцах дансанд тушаалгүй өвс тэжээл худалдан авсан, тээврийн хөлс олгосон гэх 2016 оны баримтыг ашиглан хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан зөрчил илэрч аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас Төлбөр тогтоох тухай 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот улсын байцаагчийн акт гаргасан. Тэгээд 2019.09.27-ны өглөө 10 цагт тус сумын Санхүүгийн албаны дарга ............, нягтлан ..........., нярав .................нарыг өрөөндөө дуудан хөрөнгө мөнгө дутсан, ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад арга хэмжээ тооцох, Санхүүгийн албаны дарга, нягтлан хоёрыг хяналт яагаад тавиагүй зэрэг асуудлыг хэлэлцэж нярав .................гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг ноцтой зөрчсөн байсан учраас ажлаас чөлөөлж, гэрээг цуцалж, нөгөө 2 албан тушаалтанд шийтгэл оногдуулсан. Нярав .................нь хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 3.2.4-т заасан байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэх заалтыг зөрчсөн, тухайн зөрчилд Дундговь аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны байцаагч нараас 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот Төлбөр тогтоох тухай" акт тавигдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, улсын байцаагчийн 2019.09.26-ны өдрийн 26-05/19 акт, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн 2019.09.27-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэгэнт санхүүгийн мэргэжлийн байгууллага ирж шалгалт хийгээд зөрчил дутагдлыг илрүүлсэн, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг ноцтой зөрчсөн байхад миний хувьд дахиж Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч .................шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Би Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын дарга .........-т холбогдуулан Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019.09.27-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд одоо дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: Адаацаг сумын ЗДТГ-ын нярав .................би 2019.09.27-ны өдрийн Б/06 тоот тушаалаар 2019.12.27-ны ажлаас халагдсанаас хойших хугацааны цалин 1 сард 651,859 төгрөг, 3 сарын цалин 1,955,577 төгрөг, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 224,891 төгрөг, 2020.01,01-ээс 2020.06.27-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1 сард 760,326 төгрөг, 6 сарын 4,561,956 төгрөг, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 570,244 төгрөг нийт 7312668 төгрөг, үүнээс гадна 2019.12 сард авах ёстой түлээ нүүрсний хөнгөлөлт 200,000 төгрөг, 2019.01.31- ний өдрийн Аймгийн Засаг даргын жуух бичиг-ийн мөнгөн урамшуулал 10,000 төгрөг, 2019.10.09-ний өдрөөс хойш 2020.05.29-ний өдрийг хүртэлх хугацааны бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хөлс 43,500 төгрөг, 2019.10.10-ний өдрөөс 2020.06 cap хүртэлх хугацааны Адаацаг сумаас Дундговь, Адаацаг сумаас Улаанбаатар хот, Улаанбаатараас Адаацаг сум, Дундговиос Адаацаг сум руу тус тус шүүх, цагдаа, ШШҮХ, Сангийн яам, Төрийн албаны төв зөвлөл, Аймгийн ЗДТГ-ын санхүү, хяналт шалгалтын алба, Төрийн аудитын газар, Ёс зүйн зөвлөл, прокурорын газар руу явсны зардал нийт 380,000 төгрөг, өмгөөлөгч С Төмөрбаатарт 2019.12.10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд 650000 төгрөг, өмгөөлөгч ..............-йыг Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу ирүүлж шүүх хуралд оролцуулах, мөн ЦГ-т мэдүүлэг өгөхөд оролцуулах, шинжээчийн дүгнэлттэй танилцуулах, шүүхээс түдгэлзсэн хэргийг сэргээлгэхэд ирүүлэн, мөн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхэд туслалцаа авч нэхэмжлэл бичүүлэх зэрэг зардалд нийт 85,000 төгрөг бүгд 5,796,168 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: .................нь Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан Тамгын газрын даргын 2019.09.27-ны өдрийн Б/06 эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, түлээ нүүрсний хөнгөлөлтийн мөнгө, аймгийн Засаг даргын Жуух бичгийн мөнгөн урамшуулал, нотариатын зардал, унааны зардал, өмгөөллийн хөлсөнд нийт 8,796,168 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Нэхэмжлэгч талаас гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд .................ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Улсын байцаагчийн 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот төлбөр тогтоосон актыг хүчин төгөлдөр, ажлаас чөлөөлсөн Адаацаг сумын ЗДТГ-ын даргын 2019.09.27-ны өдрийн Б/06 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа болно. Мөн нэхэмжлэгчийн гаргасан түлээ нүүрсний хөнгөлөлтийн мөнгө, аймгийн Засаг даргын Жуух бичгийн мөнгөн урамшуулал, нотариатын зардал, унааны зардал, өмгөөллийн хөлс гаргуулах шаардлага нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй үндсэн шаардлагад хамааралгүй байна. Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасныг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч .................шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2008.06.04-ний өдөр Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар нярвын ажилд томилогдон ажилласан. 2019.09.27-ны өглөө Засаг даргын тамгын газрын шуурхай хурал дээр Засаг даргын тамгын газрын дарга .................намайг нярвын үүрэгт ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдсэн. Тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа аймгийн Санхүү аудитын санхүүгийн хяналт шалгалтын байцаагч ................., улсын байцаагч .................нарын төлбөр тогтоох тухай 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот актыг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар хэлсэн. Хурлын дараа миний өрөөнд тушаалыг оруулж өгсөн. Үүний дараа албаны нарийн шалгалт хийж тушаалаа эргэж харахыг хүссэн боловч хүлээж аваагүй илт нэг талыг барьж улсын байцаагчийн актыг үндэслэж ажлаас халсанд гомдолтой байна. Улсын байцаагчийн зүгээс 6,087,100 төгрөгийн хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан гэж акт тавьсан боловч би хий зарлага бичээгүй. Дээрх мөнгийг давхардуулж Засаг дарга Батхөлөгийн нэр дээр орлогодсон болохоо улсын байцаагчид тайлбарлан надад байгаа санхүүгийн баримтаа үзүүлсэн боловч хүлээж аваагүй. Энэ талаар мөн Батхөлөг даргад тайлбарласан боловч хүлээж аваагүй. Ажлын байранд тогтоосон тодорхойлолтод мал хамгаалах сантай холбоотой асуудалд оролцох эрхгүй гэж би ойлгож байна. Засаг даргын тамгын газрын дарга Б.Уранцэцэгтэй байгуулсан ажлын байрны тодорхойлолтод миний гарын үсэг байхгүй гэдгийг ажлаас халагдсаны дараа мэдсэн юм. Мал хамгаалах сан нь Засаг даргын мэдэлд байдаг сан юм. Энэ нь тусдаа нягтлан бодогчтой. Нэгэнт тавигдсан акттай холбоотой асуудлын үнэн зөвийг тогтоох үндэслэлтэй байна. Иймд би ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2019.09.27-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдох Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын 2019.09.27-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хийхийг шаардах тухай нэхэмжлэл гаргасан. Дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. 2019.09.27-ны өдрийн Б/06 тоот тушаалаар халагдсанаас хойш хугацааны цалин нэг сард 651859 төгрөг, 3 сарын 1,955,577 төгрөг, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 224891 төгрөг, 2020.01.01-ний өдрөөс 2020.06 дугаар сарыг хүртэлх цалин 1 сард 760,000 төгрөг, 6 сарын цалин нийт 4,561,956 төгрөг, байгууллагаас төлөх шимтгэл 570,944 төгрөг, нийт 7,312,668 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс гадна 2019.12 сард авах ёстой түлээ нүүрсний хөнгөлөлт 200,000 төгрөг, 2019.01.31-ний өдрийн аймгийн Засаг даргын жуух бичгийн мөнгөн урамшуулал 10000 төгрөг 2019.10.09-ний өдрөөс хойш 2020.05.29-нийг хүртэлх хугацааны бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 43,500 төгрөг, 2019.10.10-ны өдрөөс 2020.06 cap хүртэлх хугацаанд Адаацаг сумаас Дундговь аймаг, Адаацаг сумаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Адаацаг сум, Дундговь аймгаас Адаацаг сум тус тус шүүх цагдаа, шүүхийн шийдвэр, сангийн яам, төрийн албаны төв зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү хяналт шалгалтын яам, төрийн аудитын газар, ёс зүйн зөвлөл, прокурорын газар луу явсан зардал нийт 380,000 төгрөг, өмгөөлөгч С.Төмөрбаатарт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үнэ хөлсөнд 650,000 төгрөг, өмгөөлөгчийг Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу ирүүлж шүүх хуралд оролцуулах, мөн цагдаагийн газар мэдүүлэг өгүүлэхэд оролцуулах, шинжээчийн дүгнэлттэй танилцуулах, шүүхээс түдгэлзсэн хэргийг сэргээхэд ирэх, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхэд туслалцаа авч нийт 850,000 төгрөг, бүгд 8,796,168 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн дотоод аудитын хяналт шалгалт манай суманд 2019.09.23-ны өдрөөс 25-ны хооронд 2018, 2019 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн. Гамшгаас хамгаалах сангийн 2018 оны баримтад өвс тэжээл борлуулсан орлогоос 6087100 төгрөгийг эд хариуцагч .................нь төрийн сангийн дансанд тушаахгүй тээврийн хөлсний 2016 оны баримтыг 2018 оны санхүүгийн баримтад хийж хөрөнгө дутагдуулсан нь аймгийн хяналт шалгалтын алба гаргаж төлбөр тогтоох акт гаргасан. Тус суманд 09 сарын 23-ны өдрөөс 25-ны хооронд ажилласан. 09 сарын 23-ны өдрөөс 09 сарын 24-ны өдрийг хүртэл миний бие эзгүй байсан. 09 сарын 25-ны өглөө ирэхэд акт тогтоосон гэж байсан. Санхүүгийн албаны дарга, нярав, нягтлан нар манай өрөөнд орж ирсэн. Актыг ямар нэг байдлаар үнэхээр дутагдуулсан бол арга хэмжээ ав гэдгийг хэлсэн боловч ямар ч арга хэмжээ авах боломжгүй акт тогтоогдсон. 9 сарын 26-ны өдрийн 05/19 тоот улсын байцаагчийн акт гарсан. Санхүүгийн албаны дарга Баяржаргал, нягтлан Энхжаргал, нярав Урантуяа нарыг өрөөндөө дуудаад өчигдөр дүнгийн хурал хийсэн. Ийм хөрөнгө дутагдуулсан байх тул ажил албан тушаалдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцно гэж хэлсэн. Санхүүгийн албаны дарга, нягтлан нарт цалингийн арга хэмжээ авсан. Эд хариуцагч Урантуяад цалингийн арга хэмжээ авна мөн ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна гээд хэлсэн. 27-ны өдөр Баяржаргал, Энхжаргал хоёрт гардуулсан. Урантуяа үдээс хойш ажил дээр огт ирээгүй учраас албан ёсоор тушаалыг нь гардуулж чадаагүй. Нэг дэх өдрийн шуурхай хурал дээр хэлсэн. Шуурхай хурлын дараа Урантуяад өгсөн. Мэргэжлийн байгууллагаас шалгалт явагдаад акт тавигдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т зааснаар актыг үндэслэн шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гаргахад ажлаас хална гэдэг заалт байдаг. Хөдөлмөрийн гэрээний дагуу арга хэмжээ авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2020/00480 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Уут овгийн Чимэддоржийн Урантуяа /ЗА71120201/-г Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын нярвын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 5858736 /таван сая найман зуун тавин найман мянга долоон зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох олговроос тооцон ажил олгогч хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, ажилтнаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1,2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155689 /нэг зуун тавин таван мянга зургаан зуун наян есөн / төгрөгөөс 46999 /дөчин зургаан мянга есөн зуун ерэн есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 108690 /нэг зуун найман мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг Адаацаг сумын Засаг даргын тамгын газраас 249090 /хоёр зуун дөчин есөн мянга ер/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 218/МА2020/00020 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 139/ШШ2020/00480 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178850 /нэг зуун далан найман мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч .................хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хувьд: .................гаргасан Адаацаг сумын ЗДТГ-ын даргын 2019.09.27-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж хариуцагч талаас үзэж анхан шатны шүүхэд тайлбар, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Учир нь Адаацаг сумын ЗДТГ-ын даргын 2019.09.27-ны өдрийн Б/06 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тушаалын гол үндэслэл болох Улсын байцаагчийн төлбөр тогтоосон 26-05/19 тоот актаар .................нь хөрөнгө дутагдуулсан зөрчил гаргасан болох нь тогтоогддог, актад “2018 онд тус сангийн өвс тэжээл худалдан борлуулсан орлогоос 6,087,100 төгрөгийг эд хариуцагч .................нь тус сангийн төрийн сан банк дахь харилцах дансанд тушаалгүй өвс, тэжээл худалдан авсан, тээврийн хөлс олгосон гэх 2016 оны баримтыг ашиглан хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан зөрчил илэрлээ” гэж заасан бөгөөд актын 2 дахь заалтад “хууль зөрчиж зардал гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох” үүргийг өгсний үндсэн дээр тухайн зөрчлийнх нь шинж байдлыг нь харгалзан холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авч, нэхэмжлэгч .................2019.09.27-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Төлбөр тогтоосон улсын байцаагчийн актад нэхэмжлэгчийг гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүйгээр актыг үндэслэж ажилтныг чөлөөлсөн нь буруу байна” гэж дүгнэжээ. Улсын байцаагчийн 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот төлбөр тогтоосон акт, шаадлагад “2016 оны баримтыг ашиглан хий бичилт зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан зөрчил илэрлээ” гэж дүгнэсэн бөгөөд энэхүү актын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний 8.2.4-т заасан ноцтой зөрчил юм. Тухайн актын хувьд ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрээс үл хамааран нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх нь хэрэгжих бүрэн боломжтой. Нэхэмжлэгч нь гомдол гаргах эрхийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дундговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, Монгол улсын Сангийн яаманд гомдлоо гаргасан бөгөөд Улсын байцаагчийн 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот төлбөр тогтоосон актыг хүчингүй болгосон эрх зүйн акт гаргаагүй, албан тоотоор хариуг ирүүлсэн. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 95.8-д “Хамтын удирдлага бүхий захиргааны байгууллага гомдлыг хэлэлцсэн бол асуудал шийдвэрлэх ердийн журмыг баримтлан захиргааны акт гаргана” гэж заасан байх бөгөөд тухайн актыг хуульд зааснаар хүчингүй болсон эрх зүйн акт гараагүй нь тушаалын үндэслэл болсон актыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан Улсын байцаагчийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 26-05/19 тоот төлбөр тогтоосон акт хүчин төгөлдөр, актыг хүчингүй болгосон ямар нэгэн эрх зүйн акт гараагүй, ажил олгогч хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд мэргэжлийн байгууллагын гаргасан акт, шаардлагын дагуу ажлаас чөлөөлсөн учир анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.01.27-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгчийг нягтлан бодох бүртгэлийн зөрчил гаргасан болохыг тогтоосон. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь няравын үйл ажиллагаа хууль тогтоомж зөрчсөн болохыг болон улсын байцаагчийн акт үндэслэлтэй болохыг баталсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтаар няравын 6,087,100 төгрөгийг дутагдуулсан, завшсан нь үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тушаалын гол үндэслэл болсон Улсын байцаагчийн 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот төлбөр тогтоосон актаар хөрөнгө дутагдуулсан болохыг тогтоосон байхад шүүхээс хөрөнгө дутагдуулсан, завшсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэл муутай байна. Харин ч нэхэмжлэгч .................нь хөрөнгө дутагдуулсан үйлдлээ нуун далдлах зорилгоор бэлэн мөнгөний зарлагын /он, сар засвартай, нягтлангийн гарын үсэггүй/ хуурамч баримт үйлдэж Улсын байцаагчийн акт гарсны дараа сумын Засаг дарга Ж.Батхөлөгөөр гарын үсэг зуруулан хэрэгт уг баримтаа нотлох баримтаар гаргаж өгсөн нь нэхэмжлэгчийг тухайн 6,087,100 төгрөгийг дутагдуулсныг нотолдог. Энэ талаар ч сумын Засаг дарга Ж.Батхөлөг гэрчээр мэдүүлэг өгсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хувьд: Магадлалын үндэслэх хэсэгт “уг мөнгийг Засаг даргад өгсөн гэж дурдсан төдийгүй Сумын засаг дарга шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ энэ талаар дурдсан байна” гэж дүгнэсэн нь хэт явцуу бөгөөд алдаатай дүгнэлт болсон. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр сумын Засаг дарга Ж.Батхөлөг мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэгт уг “уг мөнгийг би авсан” гэж тайлбар, мэдүүлэг өгөөгүй, харин ч .................баримтанд нөхөж гарын үсэг зуруулсан талаар дурдсан байдаг. Санхүүгийн зөрчлийг илрүүлэх, шалгах, акт тогтоох эрх бүхий байгууллага болох Дундговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот төлбөр тогтоосон актаар нярав .................хөрөнгө дутагдуулсныг шалгаж, түүнийг тогтоож өгсөн байхад сумын Засаг даргын тамгын газар дахин шалгах, улсын байцаагчийн акт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх эрх бүхий субьект биш юм. Нэхэмжлэгчийн хөрөнгө дутагдуулсан нь 26-05/19 тоот төлбөр тогтоосон актаар тогтоогдсон, хөрөнгө дутагдуулсан нь Хөдөлмөрийн гэрээний 8.2.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох тул .................ажлаас чөлөөлсөн Адаацаг сумын ЗДТГ-ын даргын 2019.09.27-ны өдрийн Б/06 тоот тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

.................Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын няравын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын гомдлын үндэслэлийг заасан ба шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, нотлох баримтын үнэлгээний талаарх хариуцагч Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын гомдол хяналтын шатны шүүхийн бүрэн эрхэд хамаараагүй байна.

Ажил олгогч 2019.09.27-ны өдрийн Б/06 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Улсын байцаагчийн 2019.09.26-ны өдрийн 26-05/19 дүгээр актыг үндэслэж, хөдөлмөрийн гэрээний 8.2.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, .................ажлаас халжээ. Тэрээр сумын мал хамгаалах сангийн 2018 оны орлогоос 6,087,100 төгрөгийг тус сангийн харилцах дансанд тушаалгүй өвс тэжээл худалдан авсан, тээврийн хөлс олгосон гэх 2016 оны баримтыг ашиглан хий зарлага бичиж тайлагнасан үйлдлийг ноцтой зөрчил гэж үзсэн, зохигч уг маргааны зүйлийн талаар мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэгдсэн, шүүх улсын байцаагчийн эрх зүйн акт, сахилгын зөрчил, эрүүгийн журмаар шалгасан байдал, эд хариуцагчийн албан тушаалын чиг үүрэг, байгууллагад хохирол учирсан эсэх эрх зүйн асуудлаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл ажил олгогчийн тушаалын үндэслэл болсон Улсын байцаагчийн акт Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, хожим нь санхүүгийн шалгалтыг дахин хийсэн боловч эрүүгийн журмаар шалгаад нэхэмжлэгч нь байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулаагүй, санхүүгийн бүртгэл хөтлөлтийн журам зөрчсөн гэж тогтоогдсон үйл баримтыг хариуцагч нь өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүй, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, олговорыг гаргуулсан шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ хуулийн үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2020/00480 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 218/МА2020/00020 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД

 

                        ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                  Х.СОНИНБАЯР

 

                                                                                                  Д.ЦОЛМОН