Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1691

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дархан уул аймгийн Дархан сум,  дугаар баг,  дугаар хороолол,  дүгээр байрны  тоотод оршин суух,  Ц овогт Д-ын Э-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүргийн  хороо, С А ХХК-д холбогдох гэрээ цуцалж, 2 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э, хариуцагч С А ХХК-ний захирал Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2015 оны 4 дүгээр сараас өөрийн ажил үүргийн шаардлагаар буюу докторын зэрэгт суралцахаар Хятад хэлний бэлтгэлд явах зорилгоор Эду ворлд ХХК дээр очиж уулзаж, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийсэн. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хоёр гэрээ хийсэн. Гэрээний 4-р зүйлийн 4.3 дахь хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 24-ний дотор 2 000 000 төгрөг, гэрээний 4-р зүйлийн 4.4 дэх хэсэгт 2015 оны 8 дугаар сарын 10-ны дотор 3 000 000 төгрөг төлнө гэж гэрээ хийсэн. Гэрээний дагуу би 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Санни Апрель ХХК-ийн захирал Н.Мөрөнгийн Хаан банкны дансанд 2 000 000 төгрөгөө хийсэн. Мөн дээрх дансанд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг хийсэн. Анх бүртгүүлэх гэж очиход зөвлөх үйлчилгээний бүртгэлийн хураамж 500 доллар төлнө гэсний дагуу би 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өөрийнх нь нягтланд нь бэлнээр 500 доллар тушаасан. Хоёр дахь гэрээг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийсэн. Энэ гэрээгээр зөвлөх үйлчилгээний төлбөр 3 000 000 төлбөр болно гэж бичсэн байсан. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Санни Апрель ХХК-ийн нягтланд 6.360 юанийг бэлнээр тушаасан байдаг. Тэгээд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би сургуульдаа Н.Мөрөн захирлаар хүргүүлээгүй. Сүүлд хоцорсон 6 хүүхдийн хамт өөрөө юаны зардал болох 286 100 төгрөгийг төлж, өөрөө очиж байсан. Хенан технологийн их сургуульд суралцаж байх хугацаанд биднийг гадаад оюутны байранд оруулаагүй. Тэр сургуулийн эрэгтэй оюутны байранд амьдруулж байсан. Уг амьдарч байсан байр шалнаас халдаг халаалттай байсан боловч миний амьдарч байсан өрөөний халаалт ирээгүй байсан. Халаалт нь ирээгүй 4-5 өрөө байсан. Тухайн үед оюутнуудын эцэг, эх Н.Мөрөн захирал руу хандаж хэлж байсан. Бид сүүлд хэлний мэдлэгтэй оюутнуудаараа дамжуулж гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд нь хэлж байсан. Хариуцсан мэргэжилтэн нь өөрөө дотуур байраар орж ирж үзэж байдалтай танилцаж байсан. Би 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хенан технологийн их сургууль руу явж, 2015 оны 12 дугаар сарын сүүлээр ирсэн учраас би Н.Мөрөн захиралтай хоолонд ороогүй. Гэрээнд тэтгэлэгт хамрагдах зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж 5 000 000 төгрөг авсан. Би хэлний бэлтгэлд сурсан болохоос Хенан технологийн их сургуулийн докторын зэрэг хамгаалах сургалтанд хамрагдаагүй, биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас сурч чадаагүй учраас би 5 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Н.Мөрөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оноос 2016 оны хичээлийн жилд манай компаниас нийт 25 оюутан БНХАУ-ын Хенан технологийн их сургуульд суралцахаар болсон. Манайх Хенан технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр манай оюутнуудад хөнгөлөлт болон тэтгэлэг олгоно гэсэн заалтууд байгаа. Гэрээний 4-р зүйлийн 4.3 дахь хэсэгт 1 жилийн сургалтын төлбөр 4500 юаниар тохирч чадсан. Сургуулийн гадаад оюутны үндсэн сургалтын төлбөр нь 12 000 юань байдаг. Бид 7500 юанийн хөнгөлөлтийг авч чадсан. Мөн гадаад оюутны дотуур байрны төлбөр жилийн 8000 юанийн төлбөртэй байдаг. Бид байрны төлбөрийг 5000 юань болгож хөнгөлүүлсэн. Бусад зардлууд болох бүртгэлийн хураамж 400 юань, эрүүл мэндийн даатгалд 600 юань, эрүүл мэндийн үзлэгийн төлбөр 360 юань байгаа. Тэгэхээр нэг оюутныг хэлний бэлтгэлд сургах зардал нь 10 860 юань болж байгаа. Яагаад Хенан технологийн их сургууль бидэнд хөнгөлөлтүүдийг үзүүлсэн бэ гэхээр танай компаниас энэ жил манай сургуульд 25 оюутан суралцуулна. Эдгээр оюутнуудад бид нар дараа жил бакалавр, мастер, доктерийн зэрэгт суралцахад Хятадын мужийн тэтгэлгийг олгоно. Хятадын мужийн тэтгэлгийг эдгээр оюутнуудад олгосноор Хенан технологийн их сургууль нь Засгийн газраасаа санхүүжилт авах боломжтой байдаг. Тэгэхээр манай 25 оюутны дүнгээр ирэх 2016 оны хичээлийн жилдээ улсаасаа хөнгөлөлт авах боломжтой учраас манай оюутнууд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломжийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд бид нар оюутнуудтай хэлэлцээр хийснийхээ дараа 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрээнийхээ заалтыг нэмж дахин шинээр гэрээ хийсэн. Ингэхдээ бид өмнөх гэрээний эрх үүргийг хүчингүй болгож, шинэчилсэн гэрээ хийсэн. Тэгэхээр бид өнөөдөр 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээр мэтгэлцэх ёстой. Д.Энхтуяа 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлсөн бүртгэлийн хураамж 500 доллар, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг зэргийг төлсөн дээр маргаагүй. Хүлээн авсан үнэн. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 6360 юань төлсөн нь нотлогдож байгаа. Бид гэрээний дагуу Хенан технологийн их сургуульд 25 оюутны төлбөр 271 500 юань тушаах ёстой. Ингээд бид 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 208 650 юанийг шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 17 000 юань, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 41 500 юань зэргийг тус тус тушаасан. Ингээд тохиролцооны дагуу бид бүх төлбөрөө Хенан технологийн их сургуульд төлсөн. Д.Энхтуяа 2015 оны 12 дугаар сарын сүүлээр иргэж ирээд тэтгэлэгт хамрагдаагүй гэж байна. 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээ нь дээр Хенан технологийн их сургуульд тэтгэлэг олгосон нь баталгаажсан. Бид нар Д.Энхтуяагийн хэлний бэлтгэлд суралцах зардлыг Хенан технологийн их сургуульд бэлнээр нь тушаачихсан. Тийм учраас бид төлбөрийг буцааж олгох боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь Санни Апрель ХХК-д холбогдох суралцахад зөвлөх гэрээний улмаас учирсан хохирол 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Санни Апрель ХХК нь Д.Энхтуяатай 2015 оны 6-р сарын 15-ны өдөр Суралцуулах гэрээ байгуулж, БНХАУ-ын Хенань мужийн Технологийн их сургуулийн хэлний бэлтгэлд нэг жилийн хугацаатай суралцуулах, 3-4 жил докторын сургалтад 100 хувийн тэтгэлэгээр суралцуулах, суралцагч нь суралцахад зөвлөх үйлчилгээний төлбөрт 5 000 000 төгрөг төлөхөөр /хх 9-10/ тохирчээ. Улмаар энэ гэрээгээ дуусгавар болгон 2015 оны 8-р сарын 12-ны өдөр Суралцахад зөвлөх гэрээ байгуулсан, талуудын хооронд Иргэний хуулийн 410-р зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан Зуучлалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь Санни Апрель ХХК-ний сонгосон сургуульд хэлний бэлтгэлд суралцаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар суралцаж чадаагүй, мөн докторын суралтад хамрагдаагүй талаар маргаж, 5 000 000 төгрөгөө гаргуулахаар шаардсан бол, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй, сургалтын төлбөрийг бүхэлд нь сургуульд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

 

Д.Энхтуяа нь гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг Санни Апрель ХХК-д төлсөн, тус компаниар зуучлуулан Хенаний Технологийн их сургуулийн хэлний бэлтгэлд 2015 оны 9-р сараас 1 жил хугацаатай суралцахаар явсан талаар талууд маргаагүй байна.

 

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь ...эндээс явахдаа миний бөөр өвдсөн эмчилгээтэй явсан, очиход гадаад оюутны байранд оруулаагүй, эрэгтэй оюутны байранд амьдруулсан, байр шалнаас халдаг халаалттай байсан боловч миний амьдарч байсан өрөөний халаалт ирээгүй, энэ талаар оюутнууд нь гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд хэлж байсан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохирсон 5 000 000 төгрөгийн зардалд хэлний болон докторын сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр багтсан байх ба гэрээний 2.4-т заасан шалтгаанаар гэрээ цуцлах тохиолдолд суралцагч бичгээр мэдэгдэхээр, гэрээний 2.4.1-2.4.10 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэрээ цуцлахаар бол зөвлөх үйлчилгээний бүртгэлийн хураамж болон төлбөрийг буцаан олгохгүйгээр, 4.14-т суралцагч сургуулийн үйлчилгээ, сургалтын чанар, заах арга зүй, дотуур байрны ариун цэврийн байдал, бусадүйлчилгээний талаар сар бүр итгэмжлэгдсэн төлөөлөгч, зөвлөхөд мэдэгдэх үүрэг хүлээсэн, энэ талаар мэдэгдсэн нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нөгөө талаар, эрүүл мэндийн даатгал дээрх төлбөрт ороогүй бөгөөд суралцагч 600 юаны даатгалтай байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, тухайн даатгалаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, цаашид эрүүл мэндийн шалтгааны улмаас суралцах боломжгүй болсон нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн гэрээний 4.14-т заасан нөхцөлийн талаар гэрээний 6.4-т онцгойлон суралцагчид анхааруулсан байхад суралцагч Д.Энхтуяа нь энэ талаар зуучлагчид мэдэгдээгүй, улмаар 2015 оны 12-р сарын 27-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрч ирсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, гадаад паспортны хуулбар /хх 40/, зуучлагч нийт 25 суралцагчийн төлбөрийг Хенаны технологийн их сургуульд шилжүүлсэн нь /хх 41-63/ баримтаар тогтоогдсон, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс суралцагч буцаж ирсэн нь нотлогдоогүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1, 227-р зүйлийн 227.1, 410-р зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан С А ХХК-иас 5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Д-ын Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА