Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01921

 

Д.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01691 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1650 дугаар магадлалтай,

Д.Эгийн нэхэмжлэлтэй

“С А” ХХК-д холбогдо

Гэрээ цуцалж, 2 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.Мөрөнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2015 оны 4 дүгээр сараас өөрийн ажил үүргийн шаардлагаар буюу докторын зэрэгт суралцахаар Хятад хэлний бэлтгэлд явах зорилгоор Эду ворлд ХХК дээр очиж уулзаж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийсэн. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хоёр гэрээ хийсэн. Гэрээний дагуу би “С А” ХХК-ийн захирал Н.Мөрөнгийн Хаан банкны дансанд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Анх бүртгүүлэх гэж очиход зөвлөх үйлчилгээний бүртгэлийн хураамж 500 ам.долларыг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нягтланд нь бэлнээр тушаасан. Хоёр дахь гэрээг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хийсэн. Энэ гэрээгээр зөвлөх үйлчилгээний төлбөр 3 000 000 төлбөр болно гэж бичсэн байсан. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “С А” ХХК-ийн нягтланд 6 360 юанийг бэлнээр тушаасан. Тэгээд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би сургуульдаа Н.Мзахирлаар хүргүүлээгүй. Сүүлд хоцорсон 6 хүүхдийн хамт өөрөө юаны зардал болох 286 100 төгрөгийг төлж, өөрөө очсон. Хенан технологийн их сургуульд суралцаж байх хугацаанд биднийг гадаад оюутны байранд оруулаагүй. Тэр сургуулийн эрэгтэй оюутны байранд амьдруулж байсан. Уг амьдарч байсан байр шалнаас халдаг халаалттай байсан боловч миний амьдарч байсан өрөөний халаалт ирээгүй байсан. Халаалт нь ирээгүй 4-5 өрөө байсан. Тухайн үед оюутнуудын эцэг, эх Н.Мзахирал руу хандаж хэлж байсан. Бид сүүлд хэлний мэдлэгтэй оюутнуудаараа дамжуулж гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд нь хэлсэн. Хариуцсан мэргэжилтэн нь өөрөө дотуур байраар орж ирж үзэж байдалтай танилцаж байсан. Би 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хенан технологийн их сургууль руу явж, 2015 оны 12 дугаар сарын сүүлээр ирсэн учраас би Н.Мзахиралтай хоолонд ороогүй. Гэрээнд тэтгэлэгт хамрагдах зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж 5 000 000 төгрөг авсан. Би хэлний бэлтгэлд сурсан болохоос Хенан технологийн их сургуулийн докторын зэрэг хамгаалах сургалтанд хамрагдаагүй, биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас сурч чадаагүй учраас би 5 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015-2016 оны хичээлийн жилд манай компаниас нийт 25 оюутан БНХАУ-ын Хенан технологийн их сургуульд суралцахаар болсон. Манайх Хенан технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр манай оюутнуудад хөнгөлөлт болон тэтгэлэг олгоно гэсэн заалтууд байгаа. Гэрээний 4.3 дахь хэсэгт 1 жилийн сургалтын төлбөр 4 500 юаниар тохирсон. Сургуулийн гадаад оюутны үндсэн сургалтын төлбөр нь 12 000 юань байдаг. Бид 7 500 юанийн хөнгөлөлтийг авч чадсан. Мөн гадаад оюутны дотуур байрны төлбөр жилийн 8 000 юанийн төлбөртэй. Бид байрны төлбөрийг 5 000 юань болгож хөнгөлүүлсэн. Бусад зардлууд болох бүртгэлийн хураамж 400 юань, эрүүл мэндийн даатгалд 600 юань, эрүүл мэндийн үзлэгийн төлбөр 360 юань байгаа. Тэгэхээр нэг оюутныг хэлний бэлтгэлд сургах зардал нь 10 860 юань болж байгаа. Хенан технологийн их сургууль танай компаниас энэ жил манай сургуульд 25 оюутан суралцуулна. Эдгээр оюутнуудад бид нар дараа жил бакалавр, мастер, докторын зэрэгт суралцахад Хятадын мужийн тэтгэлгийг олгоно. Хятадын мужийн тэтгэлгийг эдгээр оюутнуудад олгосноор Хенан технологийн их сургууль нь Засгийн газраасаа санхүүжилт авах боломжтой байдаг. Тэгэхээр манай 25 оюутны дүнгээр ирэх 2016 оны хичээлийн жилдээ улсаасаа хөнгөлөлт авах боломжтой учраас манай оюутнууд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломжийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд бид нар оюутнуудтай хэлэлцээр хийснийхээ дараа 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрээнийхээ заалтыг нэмж дахин шинээр гэрээ хийсэн. Ингэхдээ бид өмнөх гэрээний эрх үүргийг хүчингүй болгож, шинэчилсэн гэрээ хийсэн. Тэгэхээр бид өнөөдөр 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр мэтгэлцэх ёстой. Д.Э 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн бүртгэлийн хураамж 500 ам.доллар, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг төлсөн талаар маргаагүй. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 6 360 юань төлсөн нь нотлогдож байгаа. Бид гэрээний дагуу Хенан технологийн их сургуульд 25 оюутны төлбөр 271 500 юань тушаах ёстой ба 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 208 650 юанийг шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 17 000 юань, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 41 500 юань зэргийг тус тус тушаасан. Тохиролцооны дагуу бид бүх төлбөрөө Хенан технологийн их сургуульд төлсөн. Д.Э 2015 оны 12 дугаар сарын сүүлээр эргэж ирээд тэтгэлэгт хамрагдаагүй гэж байна. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээ нь дээр Хенан технологийн их сургуульд тэтгэлэг олгосон нь баталгаажсан. Бид нар Д.Эгийн хэлний бэлтгэлд суралцах зардлыг Хенан технологийн их сургуульд тушаасан тул төлбөрийг буцаан олгох боломжгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01691 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С А” ХХК-иас 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Дунхоролын Д.Эгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1650 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01691 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Мхяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч  хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Магадлалын хэсэгт “...Шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч “С А” ХХК-ийн төлөөлөгч Н.Мөрөнд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гардуулж, мөн өдрөө түүнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.1-д заасан нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүргийг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарласан тухай баримт хэрэгт авагджээ. Гэтэл нэхэмжлэгч Д.Эд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хурал болохоос 5 хоногийн өмнө буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр танилцуулж өгсөн байгаа нь хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд тооцогдоно.” гэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээ хууль зүйн утгаар тайлбарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлүүдийг тус бүр зөрчсөн гэж үзжээ. 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.” Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.Э-г ялгаварлан гадуурхсан аливаа үндэслэл байхгүй бөгөөд эрх, үүргийг 5 хоногийн өмнө тайлбарласан гэх үндэслэл нь ялгаварласан гэсэн үг биш юм. Нөгөө талаар нэхэмжлэгчийн хуульд заасан аливаа эрх, үүргийг огтоос хязгаарлаагүй болно. Тухайлбал, нотлох баримт гаргах, нотлох баримт болон хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг хязгаарлаагүй болно 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд шүүх хуралдаан явагдсан бөгөөд аливаа хэлбэрээр нотлох баримт гаргуулах, гаргах, мэтгэлцэх, асуулт асуух зэрэг хуульд заасан журам, эрх, үүргийг хязгаарлаагүй болно. Өөрөөр хэлбэл, 5 хоногийн өмнө тайлбарласан нь хязгаарласан гэх үндэслэл болохгүй бөгөөд шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хоёр. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн бүрдүүлбэрт “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ыг тусгахаар заасан байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгч Д.Эд нотлох баримт бүрдүүлэх хангалттай хугацаа байгаагүй гэдэг тайлбар нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “С А” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчснөөс учруулсан хохирол 5 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй, гэрээний дагуу авсан төлбөрийг сургуульд нь шилжүүлсэн гэж маргажээ.

Хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс гэрээний тохиролцоо, гэрээг цуцлах үндэслэл, журам, гэрээг цуцалснаас үүсэх үр дагавар, хариуцагч нь гэрээний дагуу авсан зохих төлбөрийг шилжүүлсэн эсэх, суралцагч эрүүл мэндийн шалтгааны улмаас суралцах боломжгүй болсон нөхцөлд гэрээг хэрхэн дуусгавар болгох талаар талууд хэрхэн тохиролцсон зэрэг ач холбогдол бүхий асуудал тодорхой бус үлдсэн, хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байдал тогтоогджээ.

Хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүйгээс хяналтын шатны шүүх  хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1650 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА