Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1271

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/01204 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С-А” ХХК-д холбогдох

          

          Гэрээний үүрэгт шилжүүлсэн 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 5 дугаар сараас БНХАУ-д доктор хамгаалахаар сургуульд суралцах боломжийг хайж эхний ээлжинд Хятад хэлний бэлтгэлд суралцах зорилгоор “С-А” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Суралцуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээний 4.1, 4.2, 4.3, 4.4-д заасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бүртгэлийн хураамж 500 ам.доллар, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг хариуцагчид төлсөн. Үүний дараа 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хоёр дахь гэрээ болох “Суралцахад зөвлөх гэрээ”-г байгуулсан болно. Бидний байгуулсан хоёр гэрээ хоёулаа хүчин төгөлдөр байгаа.

            Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр оюутны байрны төлбөр 5 000 юань, бүртгэлийн хураамж 400 юань, эрүүл мэндийн даатгалд 600 юань, шинжилгээний 360 юань нийт 6 360 юань хариуцагчид бэлнээр төлсөн учир 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ руу Хятад хэлний бэлтгэлд явсан. Анх биднийг очиход гадаад оюутны байранд оруулна гэж байсан ч эрэгтэй оюутнуудтай хамт нэг байранд оруулсан. Байр маш тухгүй, хүйтэн байснаас шалтгаалж миний бөөр өвдөж буцаад Монгол руу явахаас аргагүйд хүрч 2015 оны 12 дугаар сарын сүүлээр би Монголд ирсэн. Би хариуцагч байгууллагаас 5 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч тодорхой хэмжээнд үйлчилгээ авсан, зуучилсан газар нь очиж суралцсан учир бусад төлсөн мөнгөө буцааж нэхэмжлэхгүй.

            Харин 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Суралцахад зөвлөх гэрээ”-ний 1.2.7-д “зөвлөх үйлчилгээний төлбөр” гэсэн хэсэгт заасны дагуу төлсөн 3 000 000 төгрөгийг би Хятад хэлний бэлтгэлээ дуусгаад цаашаа суралцах тэтгэлэг авсан тохиолдолд уг 3 000 000 төгрөгийг хариуцагч байгууллага авах ёстой байсан. Гэтэл би цаашаа суралцаагүй, тэтгэлэгт хамрагдаагүй тул урьдчилан төлсөн 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Мөрөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани гадаадад оюутан солилцоо, зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг. Бид 2015 онд БНХАУ-ын “Х” технологийн их сургууль дээр очиж албан ёсоор гэрээгээр манай зуучлалын төвөөр дамжуулан суралцахаар явж байгаа оюутнуудад тус сургууль төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, мөн докторантад суралцах тэтгэлэгт хамруулах талаар харилцан тохирсон байсан. Нэхэмжлэгч Д.Э манай үйл ажиллагаатай танилцаад биднээр дамжуулж БНХАУ руу хэлний бэлтгэлд хамрагдахаар болсон. Бид цаад сургуультайгаа гэрээтэй тул хамгийн хямд үнийг нэхэмжлэгчид санал болгосон. 2015-2016 оны хичээлийн жилд манайхаас нийт 25 оюутан суралцахаар болсны нэг нь нэхэмжлэгч юм. БНХАУ дах сургуультай гэрээ, хэлэлцээр хийхэд манай талаас зардал их гардаг бөгөөд бид жилдээ 1 удаа элсэлт авч тэр орлогоо өөрсдийн дотоод үйл ажиллагаандаа зарцуулдаг. Ингээд нэхэмжлэгч Д.Эд бид 5 000 000 төгрөгийн төлбөрт хөтөлбөрийг санал болгосон. Үүнд: Нэг жилийн хятад хэлний бэлтгэл 2 000 000 төгрөгийн, мастер болон докторын зэрэгт суралцахад тэтгэлэгт хамрагдахад зөвлөх үйлчилгээний төлбөр 3 000 000 төгрөг юм. Харин бусад төлбөр буюу бүртгэлийн хураамж 500 ам.доллар бидний зуучлалын хөлс учир буцаан олгогдохгүй. Мөн оюутны байрны төлбөр 5 000 юань, цаад сургуулийн бүртгэлийн хураамж 400 юань, эрүүл мэндийн даатгалын 600 юань, шинжилгээний 360 юань, нийт нэхэмжлэгчээс төлсөн 6 360 юань бидэнд биш сургуульд очдог төлбөр болно.

Манай байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан эхний гэрээг байгуулсны дараа бид харилцан ярилцаад хоёр дах гэрээг шинээр байгуулсан. Өөрөөр хэлбэл, эхний гэрээ цуцлагдсан. Манай байгууллага жил бүрийн 3 дугаар сард тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын бүртгэл хийдэг. Гэтэл нэхэмжлэгч Д.Э 2016 оны 3 дугаар сард ямар ч хүсэлт ирүүлээгүй, уулзаагүй мөн гэрээ цуцлах талаар надад мэдэгдээгүй.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуулгаасан хоёр оюутнууд нь албан ёсоор хүсэлтээ тавиад, тэтгэлэгт хамрагдах зөвлөх үйлчилгээ авахгүй гэсэн учир бид төлбөрийг нь буцаан олгосон. Иймд бид нэхэмжлэгчийн мастер болон докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хамрагдахад зөвлөх үйлчилгээний төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгийг өөрсдийн үйл ажиллагаандаа зарцуулаад дууссан тул уг мөнгийг буцаан төлөхгүй. Нэхэмжлэгчийн эхэлж тушаасан 2 000 000 төгрөг түүний Хятад хэлний бэлтгэлд хамрагдахад төлөгдсөн төлбөр. Уг төлбөрийг буцаан төлөхгүй, учир нь тэрээр хятад хэлний хөтөлбөрт хамрагдсан, бид уг мөнгийг тухайн сургууль руу шилжүүлсэн.

Харин гэрээний 2.4.3-т заасны дагуу суралцагч Хятад хэлний хөтөлбөрөө дуусгаад цаашаа тэтгэлэгт хамрагдахаар бидэнд жил бүрийн 3 дугаар сарын дотор мэдэгдэх ёстой. Хэрэв цаашаа тэтгэлэгт хамрагдахгүй гэвэл бид мөнгийг буцаан өгдөг. Гэтэл нэхэмжлэгч бидэнтэй холбоо бариагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “С-а” ХХК-аас 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож,    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-а” ХХК-аас 62 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Н.Мөрөн давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргахаар зохицуулсан. Шүүх 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “С-А” ХХК нь “Х” Технологийн Их сургуультай оюутан суралцуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 4.3-т оюутны нэг жилийн сургалтын төлбөр 4 500 юань, байрны төлбөр 5 000 юань, бүртгэлийн хураамж 400 юань, эрүүл мэндийн даатгал 600 юань, эрүүл мэндийн үзлэгийн төлбөр 360 юань болохыг тусгасан.

Иймд нэг оюутны Хятад хэлний бэлтгэлд суралцах зардал 10 860 юань буюу 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Худалдаа Хөгжлийн банкны ханшаар /1 юань=312.72 төгрөг/ тооцоход 3 396 139.2 төгрөг болсон. Д.Эгийн сургалтын төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ху банкаар дамжуулан шилжүүлсэн баримтыг мөн хавсаргасан. 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “С-А” ХХК болон Д.Э нарын хооронд байгуулагдсан “Суралцахад зөвлөх” гэрээний заалтуудыг хянан үзэлгүйгээр шийдвэр гаргасан. Дээрх дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шиийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “С-А” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Суралцуулах гэрээ“ байгуулж, “Санни апрель” ХХК нь суралцагчийг БНХАУ-ын мужийн 100 хувийн тэтгэлгээр докторын хөтөлбөрт хамруулах, суралцагч Д.Э нь гэрээний бүртгэлийн хураамж 500 ам.доллар, суралцагчид үзүүлэх үйлчилгээний төлбөрт 5 000 000 төгрөгийг 2 хувааж төлөх үүргийг хүлээжээ.

 

Мөн талууд  2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Суралцахад зөвлөх гэрээ”-г байгуулж, “С-А” ХХК нь Д.Эг хэлний бэлтгэлд суралцах, тэтгэлэг авахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, суралцагч Д.Э нь бүртгэлийн хураамж 500 ам.доллар, зөвлөх үйлчилгээний төлбөр 5 000 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

          Дээрх хоёр гэрээ нь агуулгын хувьд адил, гэрээний дагуу нэхэмжлэгч нь  хураамж 500 ам.доллар болон зөвлөх үйлчилгээний төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн, уг төлбөрүүдийг хоёр удаа төлсөн баримтгүй тул сүүлд байгуулсан гэрээг хүчинтэй гэж дүгнэнэ. /хэргийн 4-10 дугаар тал/

 

           Үүнээс гадна нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “С-А” ХХК-д 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 6 360 юань /байр, бүртгэлийн хураамж, эрүүл мэндийн даатгал, шинжилгээний төлбөр/-ийг тус тус төлсөн нь баримтаар тогтоогдож байна.

 

           Нэхэмжлэгч нь докторын сургалтад хамрагдаагүйгээс зөвлөх үйлчилгээ аваагүй гэх тайлбар үндэслэлтэй ба хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй. Харин хариуцагч нь гэрээний 2.4.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь докторын сургалт болон тэтгэлэгт хамрагдаагүйгээ мэдэгдээгүй гэж төлбөрийг буцаан төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй болжээ.  

 

Гэрээний 2.4 дэх хэсэгт гэрээг цуцалж, зөвлөх үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг буцаан төлөх нөхцөлийг талууд тохиролцсон байх боловч талууд суралцагч докторын сургалтад огт хамрагдаагүй тохиолдлыг оруулаагүй байна.

 

 Иймд суралцагч гэрээнээс татгалзсан, докторын сургалтад зөвлөх үйлчилгээ аваагүй, “С-А” ХХК нь Д.Эд төлбөрийг буцаан төлөхийг зөвшөөрсөн цахим захидал явуулсан байдлыг харьцуулан дүгнэж анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Эг зөвлөх үйлчилгээ аваагүй тул үйлчилгээний хөлс төлөх үүрэггүй байсан гэж дүгнэж түүний зөвлөх үйлчилгээнд төлсөн 5 000 000 төгрөгөөс нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/01204 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                                        ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА