Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/00841

 

 

 

  2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/00841

        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Нарны зам 15, “ЭТМСК”-ийн байр, 311 тоот хаягт оршин байгаа, “” ХХК /рд:5319331/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд оршин байгаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Алт олборлох тусгай зөвшөөрөл болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, алт олборлох тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 сарын 02-ны өдрийн 845 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 06 сарын 25-ны өдрийн 506 дугаар тогтоолоор “” ХХК-иас 2,624,614,140 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрт заагдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудаст бичигдээгүй ажиллагаануудыг явуулж миний эрхийг ноцтой зөрчиж байгаа үндэслэлээр шүүхэд хандахад хүрлээ.

“” ХХК-ийн хувьд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уурхайн карьерт байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлт нөхцөл байдал үүссэний улмаас их хэмжээний үргүй зардал гарч, олборлолтын хугацаа хойшлогдоод байгаа ба энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа хүсэлт гомдлоор танилцуулж уурхайн үндсэн үйл ажиллагаа болох алт олборлолтын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр төлбөрийг төлөх нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төлбөр төлөгч компанийн хувьд 2.6 тэрбум төгрөгийг уурхайн үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байж уг төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой юм.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нэрийдлээр шүүхийн шийдвэрт тусгагдаагүй тус компанийн алт олборлох 12665 А, 282 А тусгай зөвшөөрлүүд болон эрхийн улсын бүртгэлийн 2206002883 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 20-р байр, 16 тоот 54 м.кв талбайтай 4 өрөө орон сууц зэрэг хөрөнгүүдийг битүүмжлэн, худалдан борлуулах ажиллагааг явуулж манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаад гомдолтой байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59-р зүйлд зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх дарааллыг эхний ээлжинд үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй эд хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүн, бусад материалыг битүүмжилж, хамгийн сүүлд тусгай зөвшөөрлийг битүүмжлэхээр зохицуулсан байтал шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль бус үйл ажиллагаа явуулж дээрх хөрөнгүүдийг шууд битүүмжлэн худалдан борлуулах ажиллагаа явуулж хууль зөрчиж байна.

Иймд “” ХХК-ийн алт олборлох 12665 А, 282 А тусгай зөвшөөрлүүд болон эрхийн улсын бүртгэлийн 2206002883 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 19-р хороолол, 20-р байр, 16 тоот хаягт байрлах 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 сарын 02-ны өдрийн 845 дугаар шийдвэрээр “” ХХК-иас 2,624,614,140 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 12 сарын 10-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Д.Даариймаад удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул банк дахь харилцах данснаас хасалт хийх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйл, 59 дүгээр зүйлийн 59.1.5-д заасны дагуу “” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ашигт малтмалын ашиглалтын 282 А, 12665 А тоо тусгай зөвшөөрлүүдийг 2016 оны 03 сарын 29-ний өдрийн 001 дугаартай хураах тогтоолоор хураан авсан.

Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 20-р байрны 16 тоот 4 өрөө орон сууцыг 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 002 дугаартай хураах тогтоолоор тус тус хураасан.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй ба битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул төлбөр төлөгч “” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.1.1, 36.1.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг битүүмжлэх эрхтэй байдаг. Битүүмжилсэн тогтоол нь тус хуулийн 36.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зөвхөн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдсөн бэ? Иргэний хуулийн 153.1-д зааснаар барьцааны эд зүйлээс шаардлагаа хангуулах давуу эрхтэй.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-т заасны дагуу тогтоол үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрбөл шүүхэд 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан байгаа. Хуульд заасан энэ хугацаа өнгөрсөн байна.

2017 оны 03 сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамж хэрэгт эх хувиараа авагдаагүй байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг талуудад мэдэгдсэн талаар баримт байдаггүй.

Хавтаст хэргийн 186 дугаар хуудаст нэг канондсон хувь, нэг хуулбар үнэн хувь байдаг. Өмнөх материалыг үзэхээр 2017 оны 10 сард үйлдэгдсэн баримтын ар талд гарч ирсэн байдаг.

Тэгэхээр шүүгчийн захирамжийг талуудад танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй. Энэ хугацаанд шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдээгүй байх хооронд үнэлгээний процесс явагдсан байдаг.

Нэхэмжлэгч тал мөн адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хуучнаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдуулан, ашигт малтмалын 12665 А, 282 А тоот лицензийг битүүмжилсэн тогтоол, Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 20-р байрны 16 тоот хаягт байршилтай 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “” ХХК нь ашигт малтмалын 12665 А, 282 А тоот лицензийг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хууль зөрчиж хийгдсэн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарыг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.

 

Шүүх дараах үндэслэлээр “” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 сарын 02-ны өдрийн 845 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 сарын 25-ны өдрийн 506 дугаар тогтоолоор “” ХХК-иас 2,624,614,140 төгрөгийг гаргуулан “Капитрон банк” ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Улмаар Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 16280050 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдагдсан эд хөрөнгө битүүмжилэх болон эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед хийгдсэн ажиллагаанууд байх тул уг маргааныг шийдвэрлэхдээ 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлах нь зүйтэй байна.

 

а/. Алт олборлох 12665 А, 282 А тусгай зөвшөөрөл болон Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 20-р байрны 16 тоот хаягт байршилтай 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2016 оны 03 сарын 02-ны өдрийн 01 дугаар тогтоолоор Баянхонгор аймаг, Галуут сумын нутаг дэвсгэрт орших ашигт малтмалын 282 А тоот болон 12665 А тоот тусгай зөвшөөрлүүдийг, 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 157/02 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 20-р байрны 16 тоот хаягт байршилтай 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг тус тус битүүмжилжээ.

 

Нэхэмжлэгч “” ХХК нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй эд хөрөнгүүдийг битүүмжилсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 59 дүгээр зүйлд заасан төлбөр төлөгч-хуулийн этгээдий эд хөрөнгийг битүүмжлэх дарааллыг баримтлаагүй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

 

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т төлбөр төлөгч нь эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах, уг тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар журамлажээ.

 

Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийсэн 2016 оны 03 сарын 02-ны өдөр болон 2016 оны 03 сарын 03-ны өдөр төлбөр төлөгч компанийн захирал Д.Дариймаа байлцсан болох нь холбогдох эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус нотлогдож байх тул мөн өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны талаар мэдсэн байна гэж үзнэ.  

 

Нэхэмжлэгч “” ХХК нь тус шүүхэд хандаж 2017 оны 02 сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг.

 

Иймд нэхэмжлэгч “” ХХК нь хуульд заасан гомдол гаргах журам, хугацааг баримтлаагүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан 2010 оны 05 сарын 14-ний өдрийн 10/87 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, 2014 оны 05 сарын 27-ны өдрийн 10/87 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр 12665 А тоот болон 282 А тоот ашигт малтмалын ашиглалтын лиценз, 4 өрөө орон сууц зэргийг талууд харилцан тохиролцож үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх бөгөөд эдгээр “Зээлийн барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр гэрээ болох талаар шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд дүгнэсэн байдгийг дурьдах нь зүйтэй.

 

б/. Алт олборлох 12665 А, 282 А тусгай зөвшөөрлийг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хууль зөрчиж хийгдсэн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 02 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу ашигт малтмалын ашиглалтын 12665 А тоот болон 282 А тоот тусгай зөвшөөрөлтэй алтны шороон ордны зах зээлийн үнэ, цэнийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч “” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан байтал тусгай зөвшөөрлүүдийг үнэлүүлсэн нь хууль зөрчсөн гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2017 оны 02 сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. /хх-6х/

 

Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 07-ны өдрийн 413 дугаар магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх дээрх хуулийн дагуу шийдвэрлээгүй байх ба энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна” хэмээн дүгнэсэн байх боловч хавтаст хэргийн 186-187 дугаар нүүрт уг хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн “хуулбар үнэн” хувь авагдсан байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 181/ШЗ2017/03538 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-наас дээр дурьдсан захирамж гарахаас өмнө буюу 2017 оны 01 сарын 02-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь уг захирамжид гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй байхад буюу 2017 оны 03 сарын 10-ны өдөр “Шижир аранжин” ХХК-ийн уурхайн нярав Н.Батааг байлцуулан уурхай дээр очиж үнэлгээ гаргасан байна.

 

Улмаар 2017 оны 03 сарын 10-ны өдөр хийсэн үнэлгээг 2017 оны 04 сарын 13-ны өдөр бичгээр гаргажээ.

 

“Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг зохигч талуудад танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүйгээс гадна захирамжийн “хуулбар үнэн” хувь цаг хугацааны дарааллын хувьд 2017 оны 10 сарын 31-ний өдрийн “Хэрэг танилцуулсан тухай” баримтын ард үдэгдсэн байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхээс түдгэлзүүлснийг мэдсээр байж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон гэж үзэх боломжгүй, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ыг буруутгах үндэслэлгүй байна. 

 

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” хэмээн заажээ.

 

Өмнө дурьдсанчлан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2017 оны 03 сарын 10-ны өдөр “” ХХК-ийн уурхайн нярав Н.Батааг байлцуулан үнэлгээ хийсэн, 2017 оны 04 сарын 13-ны өдөр үнэлгээг бичгээр гаргасан байх тул “” ХХК нь үнэлгээний талаархи гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй байна гэж үзэв.   

 

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

 

Шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудлыг тусад нь захирамжаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан, ашигт малтмалын 12665 А, 282 А тоот лицензийг битүүмжилсэн тогтоол, Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, 20-р байрны 16 тоот хаягт байршилтай 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, ашигт малтмалын 12665 А, 282 А тоот лицензийг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хууль зөрчиж хийгдсэн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай, “” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.