| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/01486/И |
| Дугаар | 2258 |
| Огноо | 2018-06-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ЦХ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Б-д холбогдох,
76,291,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч Х.Жаргалсайхан, гэрч Д.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЦХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“ЦХ” ХХК нь “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд БЗД-ийн 14-р хорооны 14-р хороололд 2,448 айлын орон сууцны цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлж,улмаар 2014-2015 онуудад 864 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан болно. Хариуцагч иргэн Н.Б нь 2015 онд ашиглалтад оруулсан 432 айлын орон сууцны барилгаас 2015 оны 09 сарын 01-ний өдfр №263/4 тоот “Орон сууц захиалгын гэрээ”- г байгуулан м2 нь 1,840,000 төгрөг, нийт 80,408,000 төгрөгийн үнэтэй, 43,7м2 орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр, мөн 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон болно. Хариуцагч Н.Б нь “Орон сууц захиалгын гэрээ”-ний 4-р зүйлийн 4.2, 5-р зүйлийн 5.1, гэрээний Хавсралт 1-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 24,122,400 төгрөгийн 15 хувь болох 12,061,200 төгрөгийн 6,000,000 төгрөгийг гэрээ байгуулахад төлсөн, 6,061,200 төгрөгийг 2015.09.16-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч 2015.10.07-ны өдөр 5,261,200 төгрөг, 2016.07.27-ны өдөр 500,000 төгрөг төлсөн, 300,000 төгрөгийг 2017.04.03-ны өдөр төлсөн, үлдэгдэл 15 хувь болох 12,061,200 төгрөгийг 2015.12.25-ны өдөр “Улаанбаатар орон сууц сан”-аас төлсөн болно. Тэрээр 2015.12.25-ны өдөр “Улаанбаатар орон сууц сан”-аас 15 хувийн төлбөр орж ирснээр дутуу төлсөн урьдчилгаа төлбөрөө төлж дуусгах, ипотекийн зээлийг гаргуулах талаар идэвхтэй хөөцөлдөх, зээлээ хурдан шийдвэрлүүлэх үүрэгтэй байсан. Талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний 4-р зүйлийн 4.2, 5-р зүйлийн 5.1, гэрээний Хавсралт 1-д заасны дагуу “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор 70 хувийн төлбөр 56,285,600 төгрөг төлөх”-өөр тохиролцсон. Хариуцагчийн хандсан арилжааны банкны зээлийн шийдвэр гарч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хариуцагч нарын гаргасан хүсэлтээр үндэслэгдэж 2016 оны 05 сарын 31-ний өдөр гарсан. Талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-нд заасны дагуу 2016 оны 06 сарын 07-ны өдрийн дотор 70 хувийн төлбөр хийгдэх байсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид үлдэгдэл төлбөр болох 56,285,600 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2018.03.16-ны өдрийн байдлаар 643 хоногийн хугацаа хэтрэлтэй байна. “ЦХ” ХХК нь “Орон сууц захиалгын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу Н.Бэд утсаар болон бичгээр төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэл хүргүүлэн шаардсан, мөн биечлэн тухай бүрд уулзаж мэдэгдсэн боловч хариуцагч нь гэрээгээ зөрчиж байгаагаа үл ухамсарлан, төлбөрөө гүйцээн төлөлгүй байранд үргэлжлүүлэн амьдарсаар, гэрээгээ зөрчсөөр байгаа болно. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 2015.09.01-ний өдрийн №263/4 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний 2.1, 4.2, 5.1, 6.1 дэх заалтыг үндэслэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 56,285,600 төгрөг, Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь заалт, “Орон сууц захиалгын гэрээ”-ний 6-р зүйлийн 6.1 дэх заалтыг үндэслэн 495 хоног хугацаа хэтрүүлсний алданги 8,358,412 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь “Орон сууц захиалгын гэрээ”-нд заасны дагуу 2016.06.07-ны өдрөөс алданги тооцох эрхтэй ч Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016.10.25-ны өдрийн №А-295 тоот “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тухай” тушаал батлагдан улмаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016.03.11-ний өдрийн А-67 дугаар тушаал буюу 5 хувийн ипотекийн нөхцөл хүчингүй болж, “Капитал банк”-наас 2016.11.02-ны өдөр №5/6076 тоот “Мэдээлэл хүргэх тухай” албан бичиг ирсэн хугацаанаас буюу 2016.11.03-ны өдрөөс тооцож 495 хоногийн алданги нэхэмжилсэн болно. Үүгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 148 хоногийн алданги 2,499,080 төгрөг, нэхэмжлэгчид учирсан хохирол 148 хоногийн хадгаламжийн хүүгийн орлого 2,807,186 төгрөг нийт 5,306,266 төгрөг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдаж байна. Мөн Иргэний хуулийн 261.1, 229.1 болон 227.3 дахь заалт, “ЦХ” ХХК болон “Капитал банк”-ны хооронд байгуулсан 2016 оны 05 сарын 18-ны өдрийн №16/45 тоот “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.1, 1.2, 2.3, 2.4, 4.2.8, 4.2.9, 4.4.5 дахь заалтыг үндэслэн зайлшгүй орох байсан орлого буюу хадгаламжийн хүүгийн орлогыг жилийн 12,3 хувийн хүүгээр тооцон 495 хоногийн /хоногийн 0,03 хувийн хүү/ 9,388,901 төгрөг, нийт 74,032,912 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018.05.14-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд: Хариуцагч Н.Бээс 2015.09.01-ний өдрийн №263/4 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний 495 хоногийн алданги 8,358,412 төгрөг нэхэмжилсэн байсныг нэмэгдүүлэн 558 хоногийн алданги 9,422,209 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагч 2015.09.01-ний өдрийн №263/4 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого болох хадгаламжийн хүүгийн орлогыг /хоногийн 0,03 хувийн хүүгээр тооцон/ 495 хоногийн хүү 9,388,901 төгрөг нэхэмжилсэн байсныг нэмэгдүүлэн 558 хоногийн 10,583,851 төгрөг гаргуулах, ингээд нэхэмжлэлийн шаардлагыг нийт 2,258,747 төгрөгөөр ихэсгэж, нийт 76,291,659 төгрөг гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч миний бие 2015 оны 09 дугаар сарын 01-ний өдөр №263/4 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г нэхэмжлэгч “ЦХ” ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэгч орон сууц худалдах нөхцөл, саналаа уг орон сууцны хотхоны гадаа самбар дээр байршуулсан байсан, уг саналд орон сууцыг ипотекийн 5 хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломжтой гэсэн агуулгатай сурталчилгааны самбартай танилцаад, миний бие орон сууц худалдан авах хүсэлтэй байгаагаа, мөн уг орон сууцны төлбөрийг ипотекийн зээлийн санхүүжилтээр худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах боломжтой, манай компани Капитал банктай хамтарч ажиллаж байгаа, та урьдчилгаа 30 хувийн төлбөрөө компанид төлөөд үлдэгдэл төлбөрөө Капитал банкны 5 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд хамрагдах байдлаар төлөх бүрэн боломжтой гэсэн бөгөөд төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасны дагуу төлөхөөр тохиролцож урьдчилгаа 30 хувийн төлбөрийг “ЦХ” ХХК-д төлсөн болно. Ингээд үндсэн зээлдэгчээр Буяннэмэхийн Хоролсүрэн, миний бие Н.Б нь хамтран зээлдэгчээр тус тус “Капитал банк” ХХК-д ипотекийн зээл олгохыг хүссэн материалаа банкны шаардлагад нийцүүлэн өгсөн. “Капитал банк” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн № 2068/17 албан тоотоор “ЦХ” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд “2016 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар зээл хүсэгч Б.Хоролсүрэнгийн орон сууцны ипотекийн зээл батлагдсан бөгөөд санхүүжилт нь орж ирсний дараа ҮХЭХ гэрчилгээг харилцагчийн нэр дээр гаргаж холбогдох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарыг байгуулан Улсын бүртгэлд бүртгүүлж олголт хийгдэнэ” гэжээ. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг ҮХЭХУБГ-г гаргаж өгөхийг шаардаж байгаагүй ба нэхэмжлэгч өөрийн санаачлагаар Улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргаж түүнээс хойш 7 хоног өнгөрмөгц үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Талууд орон сууцны 70 хувийн үлдэгдэл төлбөрийг Капитал банкны ипотекийн зээлийн санхүүжилтээр төлөхөөр тохиролцсон, Капитал банкнаас зээл олгохоор шийдвэрлэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл зээлийг зээлдэгчид бодитойгоор олгоогүй байна. Иймд хариуцагчийн зүгээс орон сууц захиалгын гэрээ болон түүний хавсралтыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 2,258,747 төгрөгөөр нэмэгдүүлснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “ЦХ” ХХК-иас шүүхэд гаргаж нэхэмжилсэн үнийн дүнгээс Орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 56.285.600 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ тухайгаа нэхэмжлэгч компанид байнга хэлсээр ирсэн. Харин үндсэн төлбөрөөс бусад төлбөр болох алданги 9.422.209 төгрөг, зайлшгүй орох байсан орлого 10.583.851 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн энэ нэхэмжлэлд дурдсанаар бол би болон манай гэр бүл төлбөрөө бүрэн төлөөгүй байхдаа өөрсдийнхөө хүсэлтээр орон сууцны гэрчилгээг гаргуулж авчхаад, санаатайгаар төлбөрөө төлөхгүй өдийг хүрсэн мэтээр тайлбарлажээ. Энэ хугацаанд болсон бодит нөхцөл байдал, Монгол банк, Капитал банк, ЦХ компанийн хоорондын үл ойлголцол, төрийн бодлогын тогтворгүй байдал зэрэг нөхцөл байдлаас болж манай гэр бүл ч энэ хугацаанд амар тайван амьдарч чадахгүй өрийн дарамтад орж, эд хөрөнгө болон сэтгэл санаагаараа хохироод л явж байна.
Тухайн үед “ЦХ” ХХК барьж байгаа байрныхаа гадна 5 хувийн зээлд хамрагдах боломжтой гэсэн утгатай рекламны самбар гаднаа байршуулсан байсан. Ингээд тус компанийнхантай уулзахад манай компани Капитал банктай хамтран ажиллах гэрээтэй тул та тэр банкин дээр материалаа өгвөл хурдан гарна, 7 хоногийн дотор шийдэгдэнэ гэж хэлж байсан. Ингээд Капитал банкин дээр очиж уулзаад зээлийн шаардлага хангаж байсан тул зээлийн материалаа бүрдүүлж өгсөн. Үүнээс хойш 2016-05- 16-ны өдөр Капитал банкны зээлийн хорооны хурлын шийдвэр гарч Зээл хүсэгч Буяннэмэх овогтой Хоролсүрэнгийн зээл хүссэн өргөдлийг хэлэлцээд 56.280.000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн гэж хэлсэн. Ийнхүү зээл бодитой олгогдож эхлээгүй байхад ЦХ компаниас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг зээл хүссэн иргэдийн нэр дээр гаргаж эхэлсэн байдаг. Ийнхүү зээл олгоноо гэсэн зээлийн хорооны шийдвэр гарсан, гүйцэтгэгчээс орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн зэрэг нөхцөл байдлаас оршин суугчид бид бүх асуудал шийдвэрлэгдчихлээ гэж бодож байсан. Гэтэл гэнэт ЦХ компанийн хамтран ажилладаг, шуурхай, та нар тэндээс зээлээ ав гэж явуулаад байсан Капитал банк нь ипотекийн зээлийг дамжуулан зээлдүүлэх эрхгүй, шаардлага хангахгүй банк болохыг бид сүүлд Монгол банкнаас олж мэдсэн. Капитал банк зээлийг олгоогүй буруутай тул алдангийг 3 хувааж хариуцах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Хохирлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЦХ” ХХК хариуцагч Н.Бэд холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 56,285,600 төгрөг, алдангид 8,358,412 төгрөг, хохиролд 9,388,901 төгрөг, нийт 74,032,912 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа алданги 1,063,797 төгрөгөөр, хохирол 1,194,950 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 56,285,600 төгрөг, алдангид 9,422,209 төгрөг, хохиролд 10,583,851 төгрөг, нийт 76,291,660 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч тал “гэрээний үүрэг биелээгүйд нэхэмжлэгч тал, “Капитал банк” ХХК нар гэм буруутай тул алдангийг хуваан хариуцана, бодит хохирол учруулаагүй” гэх үндэслэл зааж, үндсэн төлбөрийг болон алдангиас 30 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хохирлыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр №263/4 дугаартай орон сууцны захиалгын гэрээ байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар, гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд хийгдсэн энэхүү гэрээ нь орон сууцны захиалгын гэрээ нэртэй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Гэрээгээр гүйцэтгэгч нь В3 блокийн 1 дүгээр орцны 8 давхрын Е загварын орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч тал нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Худалдагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Н.Бэд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 88в байр, 47 тоот 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, улмаар 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Н.Б, түүний төрсөн охин Б.Хоролсүрэн нарын нэрээр улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрх нь баталгаажсан, худалдан авагч нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 24,122,400 төгрөг төлж, үлдэх 56,285,600 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар хэн аль нь маргаагүй.
Хариуцагч Н.Б нь гэрээний зүйл болох орон сууцны үлдэгдэл төлбөр болох 56,285,600 төгрөгийг гэрээний хавсралтын 1-ийн 4-т зааснаар төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон ба хариуцагч төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Зохигчид гэрээгээр “үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.03 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон” нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн байна.
Хариуцагч тал гэрээний 4.2, 6.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногт багтаан 56,285,600 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч тал гэрчилгээ гарсан 2016.05.31-ний өдрөөс тооцон 2016.06.08-ны өдрөөс хойш алданги шаардах эрхтэй боловч 2016.11.03-ны өдрөөс 2018.05.15-ны өдрийг хүртэл 558 хоногт 56,285,600*0.03%*558 хоног=9,422,209 төгрөг нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцэж байна.
Нэхэмжлэгч “ЦХ” ХХК-ийн борлуулагч анх хариуцагч Н.Бэд орон сууцыг худалдахдаа ...”Капитал банк” ХХК-ийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжтой... гэсэн саналыг гаргаж байсан, “Капитал банк” ХХК-иас 2016 оны 5 сарын 15-ны өдөр Б.Хоролсүрэн, Н.Б нарт 8 хувийн ипотекийн зээл олгохоор зээлийн хорооны шийдвэр гаргасан атлаа бодитоор олгоогүй, “Капитал банк” ХХК нь 2015 оны 9 сараас хойш орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын шаардлагыг хангаж ажиллаагүй тул Монгол банкнаас орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр олгогдоогүй зэрэг нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул эдгээр нөхцөл байдлаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүх алдангийг 50 хувиар багасгаж, хариуцагчаас алдангид 4,711,105 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Хариуцагч талын ...“Капитал банк” ХХК зээл олгох эрхгүй байсан... гэх тайлбар нь Монгол банкны 2017.03.10-ны А-3/264 дугаартай албан бичгээр тогтоогдож байх боловч “Капитал банк” ХХК нь “ЦХ” ХХК болон иргэн Н.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн хариуцлага болох алдангийн 30 хувийг “Капитал банк” ХХК-д хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь “Н.Бийн зээл гарсан бол “Капитал банктай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 56,285,600 төгрөгийг жилийн 12.30 хувийн хүүтэй 558 хоног хадгалуулсан бол олох ёстой байсан орлогод 10,583,851 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Хариуцагч Н.Б гэрээний үүргээ биелүүлэхэд ...нэхэмжлэгч “ЦХ” ХХК-ийн борлуулагч анх хариуцагч Н.Бэд орон сууцыг худалдахдаа ...”Капитал банк” ХХК-ийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжтой... гэсэн саналыг гаргаж байсан, “Капитал банк” ХХК-иас 2016 оны 5 сарын 15-ны өдөр Б.Хоролсүрэн, Н.Б нарт 8 хувийн ипотекийн зээл олгохоор зээлийн хорооны шийдвэр гаргасан атлаа бодитоор олгоогүй, “Капитал банк” ХХК нь 2015 оны 9 сараас хойш орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын шаардлагыг хангаж ажиллаагүй тул Монгол банкнаас орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр олгогдоогүй... зэрэг нөхцөл байдлаас шалтгаалсан байх тул нэхэмжлэгчид хохирол шаардах эрх үүсээгүй гэж дүгнэж, “Капитал банк” ХХК болон “ЦХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний биелэгдээгүй харилцааны үр дагаврыг хариуцагч Н.Бэд хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Н.Бээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 56,285,600 төгрөг, алдангид 4,711,105 төгрөг, нийт 60,966,705 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЦХ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 4,711,104 төгрөг, хохирол 10,583,851 төгрөг, нийт 15,294,955 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бээс 60,996,705 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЦХ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15,294,955 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 580,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бээс 462,933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦХ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ