Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00361

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

                  иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01821 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1889 дүгээр магадлалтай, 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Чойхайнзан ХХК-д холбогдох, 

Түрээсийн гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг, түрээсийн байрны түлхүүрийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баяраа, түүний өмгөөлөгч Н.Ганхуяг нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ганхуяг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2015 оноос эхлэн*******-нд өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо Сөүлийн гудамж, 61 дүгээр байрны 26 тоот, 55 м.кв талбайтай, Ү-2203000213 улсын бүртгэлтэй, мөн байрны 27 тоот, 46 м.кв талбайтай, Ү-2203001106 улсын бүртгэлтэй байруудыг үйлчилгээний зориулалтаар*******-д түрээслүүлж ирсэн. Талууд 2015 онд түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч*******-ийн захирал Ч.Цогтбаярын хүсэлт, гуйлтаар түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулан багасгаж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээг шинэчилж, сар бүрийн түрээсийн төлбөрийг 6.000.000 төгрөг, мөн зуны улиралд ашиглах гадна талбайн түрээсийн төлбөрийг 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудад сар бүр 2.000.000 төгрөг байхаар тохиролцож гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан.

Түрээслүүлэгч талаас 2017 оны 11 дүгээр сараас түрээсийн хугацааг сунгах боломжгүй гэсэн мэдэгдлийг түрээслэгч*******-д удаа дараа өгөхөд*******-ийн зүгээс түрээсийн гэрээ цуцлах боломжгүй байна, түрээсийн гэрээг гурван жилийн хугацаагаар сунгах санал ирүүлэхэд нь түрээслүүлэгч талаас түрээсийн төлбөрийг бага зэрэг нэмэгдүүлэх саналыг хүлээж авсан атлаа гэрээ хийхгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар 2018 оны 7 дугаар сар дуустал төлбөрөө төлж ирсэн бөгөөд 8 дугаар сараас нь төлбөрөө төлөхөө больсон.

Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирэхэд 6-7 хүн түрээсийн байрны дотор гадна талбайг нурааж байсан. Тэдгээр хүмүүсээс яагаад нурааж байгаа талаар асуухад Цогтбаяр захирал мэднэ гэж хэлсэн. Тухайн үед цагдаад дуудлага өгөхөд тэд бүгд зугтаасан.******* нь бидний байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж ашиг олж, хоолоо залгуулчихаад байрнаас гарсан талаараа огт мэдэгдээгүй, албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тэр бүү хэл дотор гадна талбайг эвдэж сүйтгэсэн, одоо байрны дотор талыг ямар байдалтай болсныг бид мэдэхгүй, байрны түлхүүрийг ч өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй биднийг хохироож байна

Иймд түрээслэгч Чойхайнзан ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 5 сарын түрээсийн төлбөрт 30.000.000 төгрөг, зуны 4 сарын 2.000.000.төгрөг, түрээсийн төлбөрт нийт 32.000.000 төгрөгийг гаргуулж, түрээсийн байрны түлхүүрийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Чойхайнзан ХХК-нь 2015 оны 6 дугаар сарын 04, 2015 оны 10 дугаар сарын 01, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нэхэмжлэгч нартай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээнүүдийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Сөүлийн гудамжинд байршилтай 61 дүгээр байшинд Зоогийн газар, паб, лоунжны чиглэлээр ажиллаж ирсэн. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд манай түрээсэлж байсан газар нь газарт орсон. Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Сөүлийн гудамж дахь 61 дүгээр байшин нь Төв Шуудангийн чанх урд байрлалтай орон сууцны зориулалттайгаар 1950 оны үед баригдсан L хэлбэртэй хуучны барилга бөгөөд энэ байшинг нураан шинэ барилга барих зориулалтаар 2016 оноос Эко констракшн компани худалдан авч эхэлсэн бөгөөд 2018 оны 8 дугаар сард STREET-61 ресторантай залгаа хэсгийг Нийслэлийн Захирагчийн албаны шийдвэрийн дагуу бүрэн буулган манай байгууллагыг үйлчилгээ явуулах боломжгүй болгосон тул бид үйл ажиллагаагаа зогсоосон. Иргэн ******* нь энэ байдлыг сайн мэдэж байсан боловч гэрээний гол нөхцөл болох үйлчилгээ явуулах боломж нөхцөлийг огт хангаж өгөөгүй. Энэ хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлж 2015 онд 49.500.000 төгрөг, 2016 онд 94.000.000 төгрөг, 2017 онд 80.000.000 төгрөг, 2018 онд 48 .000.000 төгрөг, нийт 271.500.000 төгрөг төлсөн. Гэтэл ******* Нийтийн эзэмшлийн талбайг бидэнд түрээсэлж 2015-2018 оны хооронд 31.500.000 төгрөгийн ашиг олж хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Бид дээрх үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон үйл явдал, түрээсийн гэрээгүй болсон, нийтийн эзэмшлийн талбайн төлөх ёсгүй төлбөрийг төлж ирсэн нөхцөл байдалдаа дүгнэлт хийсний үндсэн дээр 2018 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 32,0 сая төгрөгийг гаргуулах, байрны түлхүүр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01821 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1. дэх хэсэгт зааснаар Чойхайнзан ХХК-иас түрээсийн зүйл ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг уг байрны түлхүүрийн хамт гаргуулж*******, ******* нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагч Чойхайнзан ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 388.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1889 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17ы өдрийн 181/ШШ2019/01821 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баяраа, түүний өмгөөлөгч Н.Ганхуяг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01821 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 1889 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч талын маргааны үндэслэл нь Түрээсийн гэрээ буюу Иргэний хуулийн 318-р зүйлд заасан түрээсийн гэрээний эрхийн харилцаа гэдгийг эхэн үедээ зөв тодорхойлсон боловч шийдвэр магадлал гаргахдаа Иргэний хуулийн 287-р зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний маргаан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь эрх зүйн маргааны харилцааг буруугаар дүгнэж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. *******, ******* нарын хооронд үл хөдлөх хөрөнгө болох СБД-ийн 1-р хороо, Сөүлийн гудамж 61-р байрны 26, 27-р тоот болон гаднах талбайг*******-ий эзэмшилд аж ахуйн зориулалтаар түрээслэхээр бичгээр гэрээ байгуулж, гэрээний хугацаа 2017.01.01-нээс 2018.01.01-ний өдрийг хамарч уг гэрээ нь 2018.01.01 өдөр хүчин төгөлдөр бус болж, гэрээ дуусгавар болжээ. Иргэний хуулийн 4-р зүйлийн 4.3-д тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно. Мөн хуулийн 42-р зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийнэ, 42.4-д нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан этгээдээр гэрчлүүлнэ. 42.7-д бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ. 42.10-д бичгээр хийх хуулийн шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 43-р зүйлийн 43.2.3-д хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ. 182-р зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ. 318-р зүйлийн 318.1, 318.3-д Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. 56-р зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ. Иймд дээрх бүхнээс дүгнэхэд иргэн О.Оюунмаа, ******* нарын*******-д үл хөдлөх хөрөнгөө болон нийтийн эзэмшлийн газрыг түрээслүүлсэн буюу 2018.07.25-с 2018.12.31 өдрийн хугацаанд түрээсийн төлбөрт 32.000.000 төгрөг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус байх бөгөөд шаардах эрхгүй байна. Уг түрээсийн гэрээ нь 2017.01.01-ний өдрөөс 2018.01.01-ний өдрийг хүртэл бичгээр хийгдэж 2018.01.01 өдөр дууссан байна. Энэ түрээсийн гэрээг цаашид хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр хийж, нотариат болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хуульд заасан шаардлага хангасан түрээсийн гэрээ байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээ буюу Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.3, 318.4-р зүйлүүдийг хэрэглэлгүй Иргэний хуулийн 4-р зүйлийн 4.2-д заасныг зөрчиж маргааныг Иргэний хуулийн 287-р зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж хуулийг буруу тайлбарлаж, төсөөтэй хэрэглэж шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах буюу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцалгахаар гомдол гаргаж байна.

Мөн анхан шатны шүүх нь хариуцагч талын төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шийдвэрлэлгүй орхиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хариуцагчийн эрхийг хязгаарлаж анхан шатны шүүхийн шатанд өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүйд гомдолтой байна гэжээ. 

ХЯНАВАЛ 

*******, ******* нар нь Чойхайнзан ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 32,000,000 төгрөгийг байрны түлхүүрийн хамт гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч эс зөвшөөрчээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...хуулийн шаардлага хангасан гэрээ байхгүй байхад шийдвэрлэсэн, ...өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй гэсэн үндэслэл дурджээ.

1.Зохигчийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр******* нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 61 дүгээр байрны 26 тоотын 55 м.кв, 27 тоотын 46 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар түрээсэлж, сард 6,000,000 төгрөг төлөх, мөн гаднах талбайг зуны улиралд ашиглаж сард 2,000,000 төгрөг төлөхөөр тохирчээ /хэргийн 5-9 дүгээр тал/.  

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ба энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 318.4.-т заасан.  

Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн нь хуульд нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч түрээсийн төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй. 

Хариуцагч 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн, энэ талаар маргаагүй байна.  

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...гэрээний хугацаа дууссан тул төлбөр төлөх үүрэггүй, ...2018 оны 8 сард Захирагчийн ажлын албаны шийдвэрээр байшинг нурааж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, ...нийтийн эзэмшлийн талбайг түрээсэлж хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн тайлбар гаргажээ.

 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх ба эд хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсанд тооцохоор мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т заасан.  

Түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч эд хөрөнгийг ашигласаар байгааг нэхэмжлэгч татгалзаагүй, энэ тохиолдолд түрээсийн гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно.  

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3.-т гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолохоор заасан.  

Хариуцагч түрээсийн зүйлийг 2018 оны 10 дугаар сарыг дуустал ашиглаж байснаа үгүйсгээгүй, шүүх 8-12 сарын түрээсийн төлбөрт 30.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Түүнчлэн талууд түрээсийн байрны гаднах талбайг зуны улиралд ашиглахаар харилцан тохиролцож, төлбөрийг 2.000.000 төгрөгөөр тогтоосныг хариуцагч үгүйсгэж чадаагүй байх тул энэ шаардлагыг хангасан нь буруу биш байна.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөөгүй нь буруу.  

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээний эрх зүйд тусгайлсан зохицуулалт байхгүй үед энэ зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэнэ.  

Нэхэмжлэгч түрээсийн төлбөр шаардсан, уг асуудлыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан байхад шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг зохицуулсан мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний алдаа болжээ.  

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хариуцагчид 2019 оны 6 дугаар 24-ний өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгсөн, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчийн ... өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан /хэргийн 129 дүгээр тал/ байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.  

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсвэл хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1889 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01821 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...287 дугаар зүйлийн 287.1... гэснийг ...318 дугаар зүйлийн 318.1.. гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 381,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН  

Х.ЭРДЭНЭСУВД