Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2018/01564

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2018/01564

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо Ревир гарден хотхон 306-р байр, 202 тоотод оршин суух, Хульж овогт Содномын Бурмаа /РД:ХД42060561/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо,Их Монгол улсын гудамж, Ривер гарден хотхон, 406 байр, 2 давхарт оршин суух, Тавин овогт Цагааны Чинбат РД:ЗА66110711/-ын   нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15-р хороо Рапид харш 28-р байр 122 тоотод оршин суух, Урианхан овогтой Чойжилийн Алтангэрэлд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат, хариуцагч Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.                                             

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Стадион оргил, 30 байр, 25 тоот хаягт байрлах нийт 91.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг иргэн Ч.Ад 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан төлбөрийг нэг сарын 1.000.000 төгрөгөөр харилцан тохиролцон 2014 оны 10 дугаар сарыг дуустал түрээслэсэн байдаг. Хариуцагчийн хүсэлтээр өмнөх шүүх хуралд С.Б шүүх хуралдаанд ирсэн, албан ёсоор болсон үйл явдлын тухай тайлбар бичиж шүүхэд өгсөн. Мөн хариуцагчийн өөрийн гараар бичсэн  6.000.000 төгрөг төлөх нь үнэн гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч нь нотариатаар гэрчлүүлж гэрээ байгуулахад  4.000.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж өгсөн. Нотариатын бичвэрийг ашиглан арга мэх хийж байна. С.Б гуай түрээсийн 4.000.000 төгрөгийг авсан, 2014 оны 6 дугаар сард нийт 6.800.000 төгрөг авсан. Нотариат дээр 4.000.000 төгрөг төлөөд дахин 6 дугаар сард байрны түрээсийн мөнгө гэж 5.000.000 төгрөг төлнө гэж байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 4.000.000 төгрөгийг нотариатаар өгсөн. 2.500.000 төгрөгийг 2 удаа өгч нийт 14.000.000 төгрөг өгсөн гэж байгаа ч ямар нэгэн баримт байхгүй. С.Б 4.000.000 төгрөгийг 6 дугаар сард авсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын тухайд 2014 оны  02 дугаар сарын 27-ны өдөр 4 сарын хугацаатай байгуулагдсан гэрээ байгаа, гэрээг сунгаагүй, сунгах байсан бол мэдэгдэх ёстой. Ч.А нь дээрх гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлнө гэж өөрийн гараар баримт бичиж өгсөн боловч түүнийгээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн учир уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.А нь 2014 оны 2 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Зайсангийн 30 байрны 25 тоот, 3 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор анх надтай уулзсан. Байрны үнийг шууд төлөх боломжгүй, 3 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 1 сая төгрөг төлж түрээслэхээр тохиролцож, нотариатаар гэрээ байгуулсан. Ч.А нь гэрээний хугацааны түрээсийн төлбөр 4.000.000 төгрөг, хөргөгч худалдаж авсан 1.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг мөн оны 6 дугаар сарын эхээр манай гэрт өөрийн биеэр авчирч өгсөн. Үүнээс өмнө ямар ч мөнгө өгөөгүй, би аваагүй. 7 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн түрээслэхээр амаар тохирсоны дагуу мөн сарын түрээс 1.800.000 төгрөгийг Ч.А нь өөрийн гэрээний гадаа надад өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 8, 9, 10 дугаар сарын түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг төлөх нь үнэн гэж бичгээр тодорхойлолт өгч 10 дугаар сарын 29-ний өдөр байраас гарсан. Ч.Аийн 10 дугаар сарын байрны төлбөрийг алдангийн хамт 150.000 төгрөг, мөн 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хэрэглэсэн 45 хоногийн цахилгааны үнэ 50.000 төгрөг нийт 200.000 төгрөгийг би төлсөн боловч нэхэмжлээгүй. Ч.А нь 7 дугаар сарын түрээс төлснөөс хойш надад мөнгө өгөөгүй, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш надтай уулзаагүй гэжээ.

 

Хариуцагч Ч.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байрыг худалдан авахаар тухайн үед байрны төлбөр дуустал түрээсийн гэрээ хийж, төлбөр дуусахад түрээст төлсөн мөнгийг байрны төлбөрт тооцохоор тохирч 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4 сая төгрөг өгч орон сууцны гэрээ байгуулсан. Тухайн үед 3 өрөө байрны түрээс 600.000-800.000 төгрөгийн үнэтэй байсан. Би нэхэмжлэгчид илүү мөнгө төлсөн тул мөнгөө нэхэмжилж байгаа. Нотариат дээр 4.000.000 төгрөг төлсөн, өөрийн биеэр гэрт нь очиж 2.500.000 төгрөг, хүүхдээр дамжуулан 2.500.000 төгрөгийг 2 удаа өгсөн. Мөн 5.000.000 төгрөг нийт 14.000.000 төгрөг төлсөн. С.Б надад байраа зараад банкинд мөнгө хадгалуулсан бол хүүнд их мөнгө орох байсан гэхээр бичиг хийж өгсөн. С.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Утсанд үзлэг хийсэн бол  С.Б гуай энэ мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэв. 

 

Хариуцагч Ч.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Миний бие С.Бтай анх Л.Чойжил оёдлын машин худалдана гэсэн зарын дагуу холбогдон худалдан авсан. Тэр үед эх Л.Чойжил манай хүүхэд байр сонирхож байгаа, бизнес хийдэг, хүмүүсээс авлагатай, мөнгө нь одоохондоо орж ирээгүй талаар хэлэхэд С.Б байр зарна, мөнгийг нь цувуулаад өгч болно гэх санааг хэлсэн байдаг.  Миний хувьд улирлын чанартай бизнес эрхэлдэг тул тухайн үед хүмүүсээс авах авлагатай байсан, байр худалдаад авах хэмжээний бэлэн мөнгө байхгүй байсан. Энэ утгаар С.Бтай уулзаж байрыг сонирхоод таалагдсан тул байрыг худалдан авахаар үнийг бүрэн төлж дуустал орон сууцны хөлслөх гэрээ байгуулна гэсний дагуу би хүлээн зөвшөөрсөн. Хан-Уул дүүргийн нотариатч О.Цэвэлмаа дээр очиж өөрт байсан 4.000.000 төгрөгийг өгч, 4 сарын төлбөр гэж хэлээд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Энэ хугацаанд С.Бгаас байрыг худалдаж авч байгаа гэж ойлгон урьдчилаад 4.000.000 төгрөг өгсөн болохоор орон сууц худалдаж авахаар тохиролцсон үндсэн мөнгөнөөс хасагдаж тооцогдоно гэж 5.000.000 төгрөгийг 1 удаа, 10.000.000 төгрөг, түрээсийн төлбөртэй нийлээд 14.000.000 төгрөгийг С.Бд өгсөн. Гэтэл С.Б 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр намайг байрнаас гар гэж хэлсэн. Учрыг нь асуутал байраа өөр хүнд зарсан тул орон сууцыг чөлөөлж өг гэхэд байрыг суллаж өгсөн. Тухайн үед С.Б надад чи байрыг худалдаж авна гэж хэлчихээд худалдаж авахгүй байсаар 7 сар болсон. Би байрыг 200.000.000 төгрөгөөр зараад мөнгийг нь банкинд байршуулсан бол 7 сарын хугацаанд банкны тооцооллоор 6.000.000 төгрөгийн хүү олох байсан тул надад 6.000.000 төгрөгийг төлнө гэсэн бичиг хийж өг гэхэд нь би хөгшин настай хүнтэй маргалдаад яахав гэж бодож  С.Бгийн хэлсний дагуу бичсэн. Надад түрээсийн төлбөртэй холбоотой үлдэгдэл төлбөр байхгүй, байрыг нь би өөрөө худалдаж авсан гэж бодож явсан болохоор тухайн үед түрээсийн төлбөрөөс ч илүү мөнгө төлсөн. Би байрнаас гарсны дараа илүү мөнгө төлснөө мэдэж байсан, тухайн үед настай хүн гээд нэхээгүй. Гэтэл С.Бгаас илүү төлсөн мөнгөө аваагүй байтал түрээсийн төлөөгүй 6.000.000 төгрөг нэхэмжилсэн учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Би С.Бтай нотариат дээр гэрээ хийхдээ өгсөн 4.000.000 төгрөг, байр хөлслөх хугацаанд 1 удаагийн үйлдлээр өгсөн буюу өөрийнх нь авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн 5.000.000 төгрөг, А.Номуулингаар байрны үүдэнд гаргаж өгсөн буюу өөрийн нь зөвшөөрсөн 1.800.000 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Иймд С.Бд өгсөн нийт 10.800.000/4.000.000+5.000.000+1.800.000/ төгрөгөөс 7 сарын түрээс 7.000.000 төгрөг, 20 хоногийн түрээс 666.666 төгрөгийг хасаж тооцвол илүү төлсөн 3.133.334 төгрөгөөс зээлээр авсан хөргөгчний үнэ 1.000.000 төгрөгийг хасаж,  2.133.334 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батбаяр  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг орон сууц, түрээсийн гэрээний үүргийн дагуу шаардаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 320.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний хугацааг талууд тохирч 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4 сараар гэрээг байгуулсан байна. Түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг, 4 сарын хугацаатай гэдэгт талууд маргаагүй. Гэрээний 5 дахь заалтад 4 сарын түрээсийн төлбөр 4.000.000 төгрөг төлсөн гэсэн бичиг байна. Иргэний хуулийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч төлөх гэсэн үгийг төлсөн гэж бичсэн байна гэж маргаад байгаа. Иргэний хуулийн 198.2 дахь хэсэгт гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан байна. Дээрх хуулийн шаардлагаас үзэхэд үгийн болон агуулгын хувьд шууд хэлэлцэн тохиролцсон нь тогтоогдож байна. Нотариат аливаа үйлдлийг  батлахдаа Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх зааврыг  мөрдлөг болгодог. Энэ нотариатын үйлдэл хүчин төгөлдөр бус болсон ямар нэгэн баримт байхгүй.  Энэхүү гэрээний нотариатын бүртгэлийн дэвтэрт 163 дугаартай бүртгэгдсэн. Гарын үсгийн үнэн зөв эсэх, гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байгааг шүүх анхааран үзнэ үү. Нэхэмжлэгч тухайн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан.  Нотлох баримтаар хэрэгт байна. Нотариатч гэрчийн мэдүүлэг өгөхдөө 4.000.000 төгрөг төлөөгүй байхад төлсөн гэж бичихгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон гэж үзсэн учраас 8, 9, 10 дугаар сарын төлбөр 6.000.000 төгрөг нэхсэн гэж байгаа. Гэрээгээр тохиролцоогүй байхад ямар учраас түрээсийн төлбөр 2.000.0000 төгрөг болгоод нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 296.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно гэж заасан. 2014 оны 07-р сард гэрээний хугацаа дууссан байгаа. Иргэний хуулийн 296.1 дэх хэсэгт зааснаар аваад үзэхэд 1.000.000 төгрөгөөр түрээсийн төлбөр явагдах ёстой  байна.  Нийт 7 сар 20 хоногийн хугацаатай түрээслэсэн байна. 7 сарын төлбөр 7.000.000 төгрөг, 20 хоногийн хугацааны төлбөр нь 666.666 төгрөг байгаа. Нийт 10.800.000 төгрөг хүлээн авсан. 10.800.000 төгрөгөөс 7.666.666 төгрөгийг хасахаар 2.133.333 төгрөг байгаа, 8, 9,10 сарын төлбөр 6.000.000 төгрөг төлнө гэхээр асуудал үүснэ гэж байхгүй. Нэхэмжлэгч  шаардлагаа нотлохгүй байна. Шаардах эрхийн тухайд Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байгаа. Шаардах эрх үүссэн үеийг 2014  оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш гэж тооцож байна. Асуудал өнөөдрийн байдлаар 3 жил 7 сар болчихсон  байна. Их 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан тул хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж үзэж байна. Эрэн сурвалжлуулсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан асуудал биш. Нотариатаар батлуулсан 4 сарын хугацаатай гэрээ  дуусгавар болсон ба 2014 оны 07-р сараас 10 дугаар сар хүртэл тусдаа гэрээ гэж үзэж байна. Хариуцагчийг 3 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанаас тооцоход 3 жил 5 сарын дараа эрэн сурвалжлуулсан байгаа. Бодит байдалд 6 дугаар сард 5.000.000 төгрөг авсан гэж байгаа. Иргэний хуулийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардаж байна. Үүрэг үүсээгүй гэдэг асуудлыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд ярьж байгаа. Шударга бусаар мөнгө авч байгаа нь хуульд нийцээгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд Иргэний хуулийн 75.2.4 дэх хэсэгт зааснаар шаардаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дахь хэсэгт зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж заасан байна. 2.500.000 төгрөгийг 2 удаа өгсөн, 2 өөр үйлдэл байгаа. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрсөн эсэх, татгалзсан тайлбараа  өгөөгүй байна гэв. 

 

            Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 4.000.000 төгрөгийг нотариатаар өгсөн. 2.500.000 төгрөгийг 2  удаа өгч нийт 14.000.000 төгрөг өгсөн гэж байгаа.  Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй. С.Б 4.000.000 төгрөг авсан, гэхдээ 6 дугаар сард авсан. Ч.А гэрээ байгуулснаас хойш 8 сарын хугацаанд уг байранд сууж эзэмшсэн. Нотлох баримтгүй хийсвэр тоо байна. Өөр хэлэх тайлбар байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримттыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат нь Ч.Ад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч Ч.А нь С.Бд холбогдуулан илүү төлсөн орон сууцны хөлс 2.133.334 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч Ч.А нэхэмжлэлийн шаардлага түрээсийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөгөөс илүү мөнгө төлсөн гэж маргаж, илүү төлсөн орон сууцны хөлс 2.133.334 төгрөгийг нэхэмжлэгч С.Бгаас гаргуулахаар  маргаж мэтгэлцсэн.

 

Талууд харилцан тохиролцож 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл  4 сарын хугацаатай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, стадион оргил 30 байр, 25 хаягт байрлах 91.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэг сарын 1.000.000 төгрөгөөр тооцон орон сууц хөлслөх гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээний 5 дахь төлбөр хийх заалтад 4 сарын төлбөр 4.000.000 төгрөгийг төлсөн гэж бичсэн байна.

Уг хэрэгт хариуцагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн нотариатч О.Цэвэлмаа ...4.000.000 төгрөгийг миний дэргэд төлөөгүй, төлөөгүй байхад төлсөн гэж бичихгүй, талууд худалдах худалдан авах гэрээг байгуулаагүй, түрээсийн гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн.

 

Зохигч орон сууц хөлслөх гэрээний үүргийн дагуу орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлсэн эсэх, гэрээний хугацаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу орон сууцны хөлс 1.000.000 төгрөг, 4 сарын төлбөр болох 4.000.000  төгрөгийг хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй, харин Ч.Аийн түрээсийн үлдэгдэл төлбөр нийт 6.000.000 төгрөгийг төлөх талаар бичсэн гар бичвэрт маргадаг.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 302.4 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1 дэх хэсэгт хөлслөгчийн эрх үүргийг, 289.1.2 дахь хэсэгт хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Дээрх гэрээнд талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, зохигчид энэ асуудлаар маргаагүй, тэдний хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй тул хөлслүүлэгч нь хөлслөгчөөс орон сууцны хөлс шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Б нь Ч.А 2014 оны 10 сарын 21-ний өдөр түрээсийн төлбөрт 6.000.000 төгрөг төлнө гэж бичиж өгөөд мөн сарын 29-ний өдөр байрнаас гарсан, 10 сарын төлбөрт алдангийн хамт 150.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 17-ноос хойш хэрэглэсэн 45 хоногийн цахилгааны үнэ 50.000 төгрөг нийт 200.000 төгрөгийг төлөөгүй тул би төлсөн гэж тайлбарлан Төрийн банкны төлбөр төлсөн баримтуудыг хавсаргажээ.

 

Талууд орон сууц хөлслөх гэрээг 4 сарын хугацаатай, нэг сарын төлбөр 1.000.000 төгрөгөөр тохиролцон  байгуулж, төлбөр тооцоо дууссан, эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашиглаж байсныг хөлслүүлэгч татгалзаагүй тул уг гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзсэн бөгөөд уг орон сууцанд хариуцагч нь 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд хөлсөлж амьдарсан болох нь талуудын тайлбарууд, орон сууцны хөлс төлсөн байдал зэргээр тогтоогдсон, хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 8, 9, 10 дугаар сарын төлбөрт нийт 6.000.000 төгрөгийг төлөх бичвэрийг гараар бичиж өгсөн боловч ямар нэгэн төлөлт хийгээгүй, түүнийг эрэн сурвалжилсан талаар талууд маргаагүй, орон сууц хөлсөлсөн 4 сарын төлбөр 4.000.000 төгрөг, орон сууц хөлслөх явцад 1.800.000 төгрөг нийт 5.800.000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч С.Бд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээ байгуулах үед 4.000.000 төгрөг, байр хөлслөх үедээ 5.000.000 төгрөг, 2.500.000 төгрөгөөр 2 удаа 5.000.000 төгрөг нийт 14.000.000 төгрөгийг төлсөн, 2 удаагийн өгсөн тус бүр 2.500.000 төгрөгөөс 1 удаагийн өгсөн 2.500.000 төгрөг, охин А.Намуулингаар дамжуулж өгсөн 2.500.000 төгрөгийг аваагүй, 1.800.000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрсөн тул 700.000 төгрөг болон 7 сар 20 хоногийн мөнгийг хасаж,  илүү төлсөн 3.133.334 төгрөгөөс С.Бгаас авсан хөргөгчний үнэ 1.000.000 төгрөгийг хасаж, орон сууцны хөлсөнд илүү төлсөн 2.133.334 төгрөгийг гаргуулахыг шаардсан ба түүний гэрч оролцуулах хүсэлтийн дагуу мэдүүлэг өгсөн А.Намуулин ...2014 оны 07 дугаар сард С.Бд 2.500.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн ба  нэхэмжлэгчээс худалдан авсан хөргөгчний үнэд төлсөн 1.000.000 төгрөг уг маргаанд хамааралгүй, сөрөг нэхэмжлэлд хариуцагч нэхэмжлээгүй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  нотолсон баримтыг хавсаргаж өгөөгүй, баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэгч Ч.Аийн хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан 2.133.334 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагчийн хаягийг 2016 оны 12 дугаар сард шүүхээр эрэн сурвалжлуулж тогтоолгосон гэж тайлбарлав.

Иймд нэхэмжлэгчийн 8, 9, 10 сарын түрээсийн төлбөрт нийт 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 3.800.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 50.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бд олгож, Ч.Аийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 4.900 төгрөгийг улсын орлого төсвийн болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 302.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Аээс гэрээний үүрэгт 2.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Ч.Аийн хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан илүү төлсөн орон сууцны хөлс 2.133.334 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 50.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бд олгож, Ч.Аийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 4.900 төгрөгийг улсын орлого төсвийн болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                            

 

                                        ДАРГАЛАГЧ                        Л.НАРАНГЭРЭЛ