Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00541

 

С гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02429 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2436 дугаар магадлалтай,                                                                                                           

С гийн нэхэмжлэлтэй,

Ч д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Түрээсийн төлбөрт илүү төлсөн 2,133,330 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Ч , хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч тэй 2014 оны 02 сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, сарын төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тохирч, 4 сарын хугацаагаар түрээсэлсэн. 4 сарын түрээсийн төлбөр 5,000,000 төгрөгийг 2014 оны 6 сард төлж, 1,000,000 төгрөгөөр нь тухайн байранд байсан хөргөгчийг худалдаж авсан. 2014 оны 06 сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дууссан боловч Ч  нь байрыг үргэлжлүүлэн сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр амаар тохиролцсон. 2014 оны 7 сарын төлбөрт 1,800,000 төгрөг төлсөн бөгөөд 2014 оны 10 сарын сүүлээр байрнаасаа гарсан. 8-10 дугаар сарын төлбөрийг төлөөгүй байсан тул Ч  нь дээрх сарын түрээсийн төлбөрийг төлөх талаараа бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч төлбөрөө төлөөгүй. Иймд байрны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг гаргуулна. Нэхэмжлэгч байр түрээсэлсэнтэй холбогдуулан хариуцагчаас 5,800,000 төгрөг авсан. Мөн 6,000,000 төгрөгийг Ч  төлнө гэсэн баталгаа бичиж өгсөн байдаг. Орон сууц хөлслөх гэрээнд 4 сарын төлбөр 4,000,000 төгрөгийг авсан гэж бичсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч нь уг төлбөрийг аваагүй гэж маргаагүй. 4,000,000 төгрөг, хөргөгчний үнэ болох 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг 6 сард авсан гэж маргадаг. Гэтэл баримтгүйгээр нотариатын гэрээн дээр бичигдсэнээр авсан болгож ярьж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: Анх нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцоод байрны мөнгийг шилжүүлж дуустлаа түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцсон. 2014 оны 02 сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. 2014 оны 07 сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах хүсэлт гаргаагүй учраас Ч  нь үргэлжлүүлэн түрээсэлж, С д 5,000,000 төгрөгийг биечлэн өгсөн бөгөөд үүнээс 1,000,000 төгрөгөөр нь хөргөгч худалдаж авсан талаар талууд маргаагүй. Үүний дараа охин н.Намуулангаар гэрийн гадаа нь 2,500,000 төгрөгийг 2 удаа өгсөн. 2014 оны 02 сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээний 5-д 4 сарын түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг төлсөн болохыг нотариатаар баталгаажуулсан. 5,000,000 төгрөгийг авсан, өгсөн нь хэргийн 32 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нийт 10,800,000 төгрөг өгсөн байх бөгөөд энэ мөнгөнөөс гэрээ байгуулахдаа өгсөн 4,800,000 төгрөг, хөргөгч авсны 1,000,000 төгрөг, 8-10 сарын төлбөр 3,000,000 төгрөг, 10 сарын 21-ний өдөр байрнаас гарсан гэж үзээд 20 хоногийн мөнгө 666,666 төгрөгийг тус тус хасч, 2,133,333 төгрөгийг нэхэмжлэгч үндэслэлгүйгээр олж авсан тул илүү төлсөн төлбөрөө нэхэмжилж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02429 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг, хариуцагч Ч ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2436 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02429 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ч ээс орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 1,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг” гэж нэмж “110,950 төгрөг” гэснийг ”65,600 төгрөг” гэж өөрчлөн, “хариуцагчаас 45,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны 2018 оны 2436 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний бие нь анх С тай “Орон сууц хөлслөх” гэрээ байгуулахаас өмнө уулзаж түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Стадион оргил 30-р байрны 25 тоот орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Үүнийг ч С  хүлээн зөвшөөрч байрны үнийг бүрэн төлж дуустал надтай түрээсийн гэрээ байгуулая гэсэн саналыг тавьж би зөвшөөрсөн. Үүний дагуу 2014 оны 02 сарын 27-нд “Орон сууц хөлслөх” гэрээг байгуулсан. Гэрээний хугацааг 2014 оны 03 сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан. Гэрээ байгуулсан 2014 оны 02 сарын 27-нд нотариатын хажууд түрээсийн төлбөр 4,000,000 төгрөгийг С  гуайд тоолж өгсөн. Үүний дагуу нотариат мөнгө төгрөгөө өгөлцөж авахыг харж “Орон сууц хөлслөх” гэрээний 5-р заалтад “...4 сарын түрээсийн төлбөр болох 4,000,000 төгрөг төлсөн...” гэсэн бичвэрийг нотариат өөрийн гараар бичиж, гэрээний үнэн зөвийг гэрчилсэн. Ингээд байрандаа орж амьдарч байгаад түрээсийн хугацаа дуусахаас өмнө анхнаасаа би энэ байрыг худалдаж авсан гэж бодсон болохоор 6-р сард 5,000,000 төгрөгийг өөрийн биеэр С  гуайн гэрт аваачиж өгсөн. Үүний дараа 2,500,000 төгрөгөөр 2 удаа буюу 5,000,000 төгрөг нийтдээ С д 14,000,000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхэд зарим өгсөн мөнгөө нотолж чадаагүй учир нотлогдож байгаа хэмжээнд буюу анх гэрээ байгуулахдаа өгсөн 4,000,000 төгрөг, өөрийн биеэр аваачиж өгсөн 5,000,000 төгрөг, охин А.Намуулингаар өгсөн 2,500,000 төгрөгөөс С  гуайн зөвшөөрсөн хэмжээнд буюу 1,800,000 төгрөг, нийт 10,800,000 төгрөгөнд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Бурмаа гуай миний гэрээ байгуулахдаа өгсөн 4,000,000 төгрөгийг зөвшөөрдөггүй, харин гэрт аваачиж өгсөн 5,000,000 төгрөг болон охиноор дамжуулж өгсөн 2,500,000 төгрөгийг охин Намуулингаас биш надаас 1,800,000 төгрөг авсан гэж зөвшөөрдөг.  

Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02429 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн. Харин давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хийсвэр дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч Ч  нь 4 сарын түрээсийн төлбөр болох 4,000,000 төгрөгийг төлсөн гэдэг нь тогтоогджээ” гэж дүгнэсэн мөртлөө надаас 1,900,000 төгрөгийг буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Учир нь би 4,000,000 төгрөгийг гэрээ байгуулахдаа төлсөн, энэ нь хавтаст хэрэгт байгаа бидний байгуулсан Орон сууц хөлслөх гэрээгээр нотлогдоно. Уг нотлох баримт нь хамгийн гол нотлох баримт болж байгаа. Харин хариуцагчийн тайлбараар 6 сарын эхээр 5,000,000 төгрөг өгсөн гэдэг нь нотлогдоно. Охин А.Намуулангаар 2,500,000 төгрөгийг надаас 1,800,000 төгрөг авсан гэсэн хариуцагчийн тайлбараар нотлогдоно. Иймд нотлох баримтын хэмжээнд 4,000,000+5,000,000+1,800,000=10,800,000 төгрөг болох бөгөөд үүнээс 6 сард өгсөн 5,000,000 төгрөгөөс хөргөгч худалдан авсны 1,000,000 төгрөг хасагдаж миний үндсэн үүрэгт төлсөн мөнгө 9,800,000 төгрөг хуулийн хүрээнд нотлогдсон гэж үзэж байгаа. Энэ 9,800,000 төгрөгөөс 2014 оны 03 сарын 01-нээс 2014 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх 4,000,000 төгрөг хасагдаж 5,800,000 төгрөг болох бөгөөд 2014 оны 07 сарын 01-нээс 2014 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл 3 сар 21 хоногийн 3,699,993 төгрөг болно. /5.800.000- 3.699.993=2.100.000/ Иймд би нэхэмжлэгчид илүү 2,100,000 төгрөгийг нотлогдож байгаа хэмжээнд төлсөөр байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С  нь хариуцагч Ч д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 6,000,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөрт илүү төлсөн 2,133,330.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд Хан-Уул дүүргийн 1 хороо, Стадион оргил 30 дугаар байрны 25 тоот орон сууцыг сарын 1,000,000.00 төгрөгөөр 2014 оны 3 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөлслөхөөр 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тохиролцож, орон сууц хөлслөх гэрээ байгуулан, хариуцагч Ч  нь 4 сарын төлбөр 4,000,000.00  төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч С  нь 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орон сууцыг хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд сарын төлбөрийг талууд 2,000,000.00 төгрөгөөр тохирсон гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч ийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр  бичсэн “8, 9, 10 сарын түрээсийн төлбөр 6,000,000.00 төгрөгийг төлөх нь үнэн болно” гэх баримтаар талууд сарын хөлсийг нэмэгдүүлэхээр тохиролцсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн, харилцан зөрүүтэй тайлбарыг үндэслэн гэрээнд өөрчлөлт оруулж, сарын төлбөрийн хэмжээг өөрчилсөн гэж дүгнэх нь учир дутагдалтай.

Орон сууц хөлслөх гэрээний зүйл болох байрыг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны орон сууц хөлсөлсний төлбөрийг анх байгуулагдсан гэрээний нөхцөлөөр тооцож, нэхэмжлэгч С  нь 2014 оны 7 дугаар сарын 01-ээс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны буюу 3 сар 21 хоногийн түрээсийн төлбөр 3,700,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны хөлс 3,700,000.00 төгрөгөөс Ч ийн төлсөн 1,800,000.00 төгрөгийг хасч үлдэх 1,900,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 2014 оны 7 дугаар сард 2,500,000.00 төгрөгийг С д өгсөн гэж мэдүүлсэн   гэрчийн мэдүүлгээс өөрөөр нэхэмжлэгчид энэ хэмжээний мөнгийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2436 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ч ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350.00 /дөчин таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН