Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01943

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01943

 

 

 

 

С.Бурмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01564 дүгээр шийдвэртэй, С.Бурмаагийн нэхэмжлэлтэй Ч.Алтангэрэлд холбогдох гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, илүү төлсөн 2 133 334 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат, хариуцагч Ч.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ч.Алтангэрэл нь 2014 оны 2 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Зайсангийн 30 байрны 25 тоот, 3 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор уулзсан. Байрны үнийг шууд төлөх боломжгүй, 3 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 1 000 000 төгрөг төлж хөлслөхөөр тохиролцож, нотариатаар гэрээ байгуулсан. Ч.Алтангэрэл нь гэрээний хугацааны түрээсийн төлбөр 4 000 000 төгрөг, хөргөгч худалдаж авсан 1 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн хөлслөхөөр амаар тохирсны дагуу сарын түрээс 1 800 000 төгрөг өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 8, 9, 10 дугаар сарын түрээсийн төлбөр 6 000 000 төгрөг төлөх нь үнэн гэж бичгээр тодорхойлолт өгсөн Ч.Алтангэрэл нь 7 дугаар сарын түрээс төлснөөс хойш надад мөнгө өгөөгүй. Ч.Алтангэрэл нь дээрх гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг үлдэгдэл 6 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн учир уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Байрыг худалдан авахаар тухайн үед байрны төлбөр дуустал орон сууц хөлслөх гэрээ хийж, төлбөр дуусахад төлбөрт төлсөн мөнгийг байрны төлбөрт тооцохоор тохирч 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4 000 000 төгрөг өгч орон сууцны гэрээ байгуулсан. Тухайн үед 3 өрөө байрны түрээс 600 000-800 000 төгрөгийн үнэтэй байсан. Нотариат дээр 4 000 000 төгрөг төлсөн, өөрийн биеэр гэрт нь очиж 2 500 000 төгрөг, хүүхдээр дамжуулан 2 500 000 төгрөгийг 2 удаа өгсөн. Мөн 5 000 000 төгрөг нийт 14 000 000 төгрөг төлсөн. С.Бурмаа надад байраа зараад банканд мөнгө хадгалуулсан бол хүүнд их мөнгө орох байсан гэхэд нь бичиг хийж өгсөн. С.Бурмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.Алтангэрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Бурмаа байр зарна, мөнгийг нь цувуулаад өгч болно гэсэн байхаар нь уулзаж байрыг сонирхоод таалагдсан тул худалдан авахаар үнийг бүрэн төлж дуустал орон сууцны хөлслөх гэрээ байгуулна гэсний дагуу хүлээн зөвшөөрсөн. Хан-Уул дүүргийн нотариат О.Цэвэлмаа дээр очиж өөрт байсан 4 000 000 төгрөгийг өгч, 4 сарын төлбөр гэж хэлээд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Энэ хугацаанд С.Бурмаагаас байрыг худалдаж авч байгаа гэж ойлгон урьдчилаад 4 000 000 төгрөг өгсөн болохоор орон сууц худалдаж авахаар тохиролцсон үндсэн мөнгөнөөс хасагдаж тооцогдоно гэж 5 000 000 төгрөгийг 1 удаа, 10 000 000 төгрөг, түрээсийн төлбөртэй нийлээд 14 000 000 төгрөг өгсөн. Гэтэл С.Бурмаа 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байрнаас гар гэсэн. Учрыг нь асуутал байраа өөр хүнд зарсан тул орон сууцыг чөлөөлж өг гэхэд байрыг суллаж өгсөн. Тухайн үед С.Бурмаа чи байрыг худалдаж авна гэж хэлчихээд худалдаж авахгүй байсаар 7 сар болсон. Байрыг 200 000 000 төгрөгөөр зараад мөнгийг нь банканд байршуулсан бол 7 сарын хугацаанд банкны тооцооллоор 6 000 000 төгрөгийн хүү олох байсан, 6 000 000 төгрөгийг төлнө гэсэн бичиг хийж өг гэхэд нь хөгшин настай хүнтэй маргалдаад яахав гэж бодож бичсэн. Түрээсийн төлбөртэй холбоотой үлдэгдэл төлбөр байхгүй, байрыг нь өөрөө худалдаж авсан гэж бодож явсан болохоор тухайн үед түрээсийн төлбөрөөс ч илүү мөнгө төлсөн. Байрнаас гарсны дараа илүү мөнгө төлснөө мэдэж байсан, тухайн үед настай хүн гээд нэхээгүй. Гэтэл С.Бурмаагаас илүү төлсөн мөнгөө аваагүй байтал түрээсийн төлөөгүй 6 000 000 төгрөг нэхэмжилсэн учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. С.Бурмаатай нотариат дээр гэрээ хийхдээ өгсөн 4 000 000 төгрөг, байр хөлслөх хугацаанд 1 удаагийн үйлдлээр өгсөн буюу өөрийнх нь авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн 5 000 000 төгрөг, А.Номуулингаар байрны үүдэнд гаргаж өгсөн буюу өөрийн нь зөвшөөрсөн 1 800 000 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Иймд С.Бурмаад өгсөн нийт 10 800 000/4 000 000+5 000 000+1 800 000/ төгрөгөөс 7 сарын түрээс 7 000 000 төгрөг, 20 хоногийн түрээс 666 666 төгрөгийг хасаж тооцвол илүү төлсөн 3 133 334 төгрөгөөс зээлээр авсан хөргөгчний үнэ 1 000 000 төгрөгийг хасаж, 2 133 334 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 4 000 000 төгрөгийг нотариатаар өгсөн. 2 500 000 төгрөгийг 2 удаа өгч нийт 14 000 000 төгрөг өгсөн гэж байна. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй. С.Бурмаа 4 000 000 төгрөг авсан, гэхдээ 6 дугаар сард авсан. Ч.Алтангэрэл гэрээ байгуулснаас хойш 8 сарын хугацаанд уг байранд сууж эзэмшсэн. Нотлох баримтгүй хийсвэр тоо байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 302.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Алтангэрэлээс гэрээний үүрэгт 2 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бурмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ч.Алтангэрэлийн хариуцагч С.Бурмаад холбогдуулан гаргасан илүү төлсөн орон сууцны хөлс 2 133 334 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 50 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бурмаад олгож, Ч.Алтангэрэлийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 4900 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Орон сууц хөлслөгч Ч.Алтангэрэл нь анх гэрээ байгуулахдаа хөлслүүлэгч С.Бурмаад 4 000 000 төгрөгийг нотариатын дэргэд тоолж өгсөн гэж тайлбарладаг. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ-ний 5 дахь хэсэгт заасан төлбөрийг хэрхэн хийх талаар гэх хэсэгт 4 сарын төлбөр болох 4 000 000 төгрөг төлсөн гэж нотариатаар өөрийн гараар бичиж, гэрээний талууд үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурснаар нотариат үйлдэл хийж гэрээний үнэн зөвийг баталсан. Иймд хариуцагч нь мэтгэлцэх зарчмын үүднээс тухайн гэрээг баталсан нотариат О.Цэвэлмааг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэрч нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг өгөхдөө .... төлбөрийг бүрэн гүйцэт хийгдсэн гэснийг баталсан, төлбөрийг миний дэргэд тоолж өгсөн, өгөөгүйг цаг хугацаа өнгөрсөн учраас санахгүй байна, төлсөн учраас төлсөн гэж бичигдсэн, төлөөгүй тохиолдолд төлсөн гэж бичихгүй... гэсэн мэдүүлэг болон Орон сууц хөлслөх гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар Ч.Алтангэрэлийн зүгээс гэрээ байгуулахад 4 000 000 төгрөгийг хөлслүүлэгчид С.Бурмаад төлсөн гэдэг нь нотлогдож байхад хариуцагчаас 2 200 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн тайлбарын тухайд: Нэхэмжлэгч С.Бурмаа нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа ...Алтангэрэл нь түрээсийн төлбөр 4 000 000 төгрөг, манай хөргөгчийг худалдаж авсны үнэ 1 000 000 төгрөг бүгд 5 000 000 төгрөгийг 6 дугаар сарын эхээр манай гэрт аваачиж өгсөн. Үүнээс өмнө ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, мөн сарын сүүлээр 1 800 000 төгрөгийг өөрийн гэрээ гадаа надад өгсөн... гэж тайлбарыг шүүхэд гаргасан байдаг. Мөн хариуцагчийн охин гэрч А.Намуулин шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө ... 2074 оны 7 дугаар сард түрээсийн төлбөр гээд 2 500 000 төгрөг өгсөн... гэх зэрэг мэдүүлгээр нийтдээ орон сууцны хөлсөнд 13 300 000 төгрөгийг Ч.Алтангэрэлийн зүгээс С.Бурмаад төлсөн гэдэг нотлогддог. Үүнд: Гэрээ байгуулахдаа өгсөн 4 000 000 төгрөг, хариуцагчийн тайлбараар зөвшөөрсөн 6 800 000 төгрөг, А.Намуулингаар өгсөн 2 500 000 төгрөг нийт 13 300 000 төгрөг болно.

Хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт ... хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно... гэж заасан. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д ... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил... гэж хуульчилсан. С.Бурмаагийн шаардах эрхийг тодорхойлохдоо Ч.Алтангэрэл нь орон сууцыг чөлөөлж өгсөн 2014 оны 10 дугаарр сарын 21-ний өдөр үүссэн гэж үзэж байгаа. Иймд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, орон сууцны хөлсийг бүрэн төлсөн тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Бурмаа нь хариуцагч Ч.Алтангэрэлд холбогдуулан гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

Нэхэмжлэгч эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж, зохигчид уг үүргийг гүйцэтгэх хуульд заасан хугацаа өнгөрсөн эсэх талаар маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд гаргасан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

Зохигчид хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан эсэх талаар маргаж, хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс түүнийг эрэн сурвалжилсан үйл баримтыг нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч эрэн сурвалжлагдсан байдал байхгүй гэж үгүйсгэн зөрүүтэй тайлбар гаргаж, хэрэгт энэ тухай бичгийн баримт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагчийн хаягийг 2016 оны 12 дугаар сард шүүхээр эрэн сурвалжлуулж тогтоолгосон гэж тайлбарлав гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх талаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх, гомдолд дурдсанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, түүүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01564 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 50 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ