Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00396

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01820 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1900 дүгээр магадлалтай, 

*******-ын нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох, 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 76,132,945 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч *******гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь тус сангаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2016/317 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Нийтийн хоолны төслийн үйлдвэрлэл төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд *******гийн /Ү-2206016497/ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж ХД 102-р байр 100 тоот 62.01 м.кв талбайтай орон сууцыг барьцуулан зээл авсан. Зээлдэгч нь гэрээний дагуу үндсэн төлбөрт 5,062,817 төгрөг, хүү 4,206,774 төгрөг, нийт 9,269,591 төгрөг төлсөн. Гэтэл ******* нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн бөгөөд зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул *******тай байгуулсан 2016/03-17 тоот гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 74,937,183 төгрөг, зээлийн хүү 1,032,430 төгрөг, алданги 143,332 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 76,132,945 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: ******* болон гэр бүлийн хүн ******* нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2016/3-17 тоот зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж гэрээ байгуулсан боловч тухайн зээлийг бодитоор авч ашигласан хүн нь миний нагац ах Х.Отгонмөнх юм. Уг зээл нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *******ын дансанд олголт хийгдэж тухайн өдөр нь миний бие тухайн данснаас зарлага гарган нагац ах Х.Отгонмөнхөд хүлээлгэн өгсөн байдаг. Ах маань тухайн зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахаа амласан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр талийгаач болох хүртлээ зээлийн хүүг төлж байсан. Тухайн цаг хугацаанаас хойш талийгаачийн эхнэр Б.Энхманал нь тухайн бизнесийг эрхэлж байгаа боловч тухайн зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа юм. Иймд миний бие болон гэр бүлийн хүн *******ын хувьд тухайн зээлийг бодитоор ашиглаагүй байдаг тул төлж барагдуулах боломжгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01820 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2016/З-17 дугаартай зээлийн гэрээ, 2016/Б-17 дугаартай барьцааны гэрээг тус тус цуцалж, хариуцагч *******, ******* нараас 76,132,945 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж ХД-102 байр 100 тоот хаягт байршилтай Ү-2206016497 улсын бүртгэлийн дугаартай, 62.01м.кв талбайтай, иргэн *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийгхангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжинд 538,615 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1900 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №2016/З-17 дугаартай зээлийн гэрээ, 2016/Б-17 дугаартай барьцааны гэрээг тус тус цуцалж, хариуцагч *******, ******* нараас 75,969,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-т олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 163,332 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын 538,615 гэснийг 537,898 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,770 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ******* миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 1900 тоот магадлалын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч *******, ******* нараас 75,969,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцож нэхэмжлэл гаргасан гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү болох 1,032,430 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлсэн бол нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн үнийн дүнгээс зээлийн хүү гэх 1,032,430 төгрөгийг хасч шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 1900 дугаар магадлалд өөрчлөлт оруулж зээлийн хүү гэх 1,032,430 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ

******* нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 76,132,945 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа ...үндсэн зээл 74,937,183 төгрөг, хүү 1,032,430 төгрөг, алданги 143,332 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг гэж тодорхойлсон байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...зээлийг Х.Отгонмөнх авч ашигласан... гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан,   давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл,  хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж ХД-102 байр 100 тоот хаягт байрлах 62.01м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан *******-с 2016.12.14-ний өдөр 80,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлсэн нь тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогджээ /хэргийн 4-24 дүгээр тал/.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргийг биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.   

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч гэрээний зүйл болох 80,000,000 төгрөгийг зээлдэгч нарын хамтран эзэмшдэг Хаан банкны 5601042147 тоот дансанд шилжүүлсэн, хариуцагч үгүйсгээгүй байна.

Зээлийн гэрээний 4.1-т зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэгтэй ба хариуцагч нар 2018.10.09-ний өдрөөс хойш зээлийг төлөөгүй байна.

Зээлдэгч гэрээний 8.1.1-т зээлдэгч зээлийг буцаан төлөх хуваарийг 3-с дээш удаа зөрчсөн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцохоор заасан, энэхүү зөрчлийг арилгахыг бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй бол Сан гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар гэрээний 10.2, 10.2.1, 10.2.6-т зохицуулсан.

Хариуцагч нар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, зээлийг төлбөрийг буцаан шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэлээ нотолж чадаагүй байна. 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас зээл, хүүгийн төлбөрт 75.969.613 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282 дугаар зүйлийн 281.1, 175 дугаар зүйлийн 175.1-т нийцсэн боловч алданги, хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж нэхэмжлэлээс алданги, хохирлыг хэрэгсэхгүй болгож энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зээлийн гэрээнд хүүг жилийн 3 хувь гэж тогтоосон, нэхэмжлэгч хүүд 1,032,430 төгрөг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1900 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн *******гийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 29,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ  

ШҮҮГЧИД Б.УНДРАХ  

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ