| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/00793/И |
| Дугаар | 1471 |
| Огноо | 2018-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 1471
2018 оны 6 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2018/01471 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, МН Лейборын байр, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Жаргалан 60-ын 31 тоотод оршин суух, Н холбогдох,
Гэрээний үүрэг 9.219.819 /есөн сая хоёр зуун арван есөн мянга найман зуун арван ес/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Н нь Ерөнхий захирлын 2014 оны 8 сарын 19-ний өдрийн тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдон 2015 оны 10 сарын 2-ны өдрийн 58 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тэрбээр ажиллаж байх хугацаандаа захирал Б.Нэмэхбаатарт хандан Худалдаа хөгжлийн банкнаас авсан хувийн зээлээ төлөх, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөхөөр удаа дараа мөнгө зээлэх хүсэлт гаргасныг хүлээн авч “З” ХХК-ийн Хаан банк дахь 5028591392 тоот төгрөгийн дансаар дамжуулан 2014.12.03-ны өдөр 50 сая төгрөгийг зээлдүүлж, түүний өмнөөс банкны зээлийг нь төлж, 2015 оны 5 сарын 8-ны өдөр Хобби бүрэн дунд сургуулийн сурагч түүний охин Б.Б сургалтын төлбөрт 2 сая төгрөгийг компаниас төлснөөр нийт 52 сая төгрөгийг эгүүлэн төлөх нөхцөлтэй зээлдүүлсэн юм. Улмаар зээлийн гэрээг нөхөж байгуулан гэсэн ч гэрээ байгуулаагүй шалтаг тоочин хойшлуулсаар, ажлаа шалтгаангүйгээр орхиж, зээлээ төлөхгүй алга болсон тул тухайн асуудлыг шалгуулахаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг хүлээн авч, түүнд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 6 сарын 2-ны өдрийн 638 дугаар тогтоолоор залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн маргаан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн эрүүгийн хэргийг шалгах явцад Н.Н нь зээлсэн мөнгөө бүрэн барагдуулахаа илэрхийлж, 40 сая төгрөг компанид эгүүлэн төлсөн. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэн тул нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй юм. Түүний ажиллаж байхад нь олгох цалингаас 2.780.181 төгрөгийг үлдэх 12 сая төгрөгөөс суутгасан тул төлөөгүй 9.219.819 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 6 сард З группийн санхүү эрхэлсэн захирал Лувсанчүлтэм надтай холбогдон З группт ерөнхий нягтлан бодогчоор ажиллах санал тавьсан. Дараа нь тэргүүн дэд захирал болон ерөнхий захиралтай танилцуулсан. Тухайн үед сарын 2 сая төгрөгийн цалин, компанийн хувьцааг санал болгоход нь татгалзсан. 2014 оны 8 сард дахин холбогдож сарын 4 сая төгрөгийн цалин, компанийн хувьцаа нэмж өгвөл ажиллах боломжтой эсэхийг асуухад хүлээн зөвшөөрсөн учраас ажилласан. Монгол улсын хүулийн дагуу ажил олгогч нь ажилтантай ажил эхлэх эхний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах ёстой байдаг ч миний хувьд давхар хувьцааны болон хөдөлмөрийн гэрээний асуудал яригдаж, тэрхүү гэрээний Звар бэлэн болоогүйгээс болж дараа зурахаар болж хойшлогдсон. Тус группт ажиллаж байх хугацаандаа Нэмэхбаатар захирал архинаас хамааралтай, охин компаниудын захирлууд нь хоорондоо эв түнжин муутай, захирлаа худалч, хэлсэн үгэндээ хүрдэггүй, охин компаниудаасаа бэлэн мөнгө авчихаад баримтаа өгдөггүй зэрэг гомдлыг байнга хэлдэг байсан. Намайг ажилд ороход группийн хэмжээнд 1 ч мэргэшсэн нягтлан бодогч байгаагүй, нярав ч хийх чадваргүй мэргэжлийн дипломтой нягтлан бодогч нар байсан. Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Нарангэрэл нь сэтгэцийн эмнэлэгт хэвтээд гарч ирсний дараа ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч өөр албан тушаал хаших болсон. Дараа нь орсон ерөнхий нягтлан бодогч нь амиа хорлож нас барсны дараа би ажилд орсон. 20 жил болсон групп компани гэхэд охин компани нь нягтлан бодох бүртгэл хөтөлдөггүй, санхүүгийн программтай ч үйл ажиллагаа эмх замбараагүй, нэгдсэн бүртгэлгүй, санхүүгийн нэгдсэн программ ашиглаж бүртгэл хөтөлдөггүй зэргээс болж ихэнх охин компаниудын санхүүгийн, татварын тайлан үнэн зөв гардаггүй байсан. З групп, охин компаниудын 2014 оноос өмнөх санхүү болон татварын тайланг мэргэжлийн нүдээр харахад татварын асуудалтай нь мэдрэгддэг байсан. Нягтлан бодох бүртгэлийн онолын мэдлэггүй, мэргэжлийн ур чадваргүй, санхүүгийн программ дээр ажиллаж чаддаггүй, сурч боловсорч өсөж дэвжих дургүй, өөрчлөн зохион байгуулалтад зохицох сонирхолгүй олон жил 1 дор ажилласан баг тавьсан шаардлагад дургүйцэхдээ намайг ажлаас гаргая гэсэн гарын үсэг цуглуулан компанийн удирдлагуудад санал дэвшүүлэхэд санхүүгийн хэлтсийг чадваржуулах зөв алхам хийсэн гэж үзэж авч үлдсэн. Хамт олны таагүй уур амьсгал, захирал Нэмэхбаатарын архи ууж олон хоногоор алга болдог, хувьцааны гэрээ хийхгүй, компанийн санхүүгийн чадвар илт доройтож байгаа зэргээс шалтгаалан 2014 оны 12 сард захиралд ажлаас гарахаа хэлэхэд хувьцааны гэрээний баталгаа болгон 50 сая төгрөгийг ХХБ-ы дансанд хийсэн учир үргэлжлүүлэн ажилласан. 9 орчим сая төгрөг нь анх ажилд ороход хэлэлцэн тохирсны дагуу надад хувьцаа болгон өгсөн мөнгө учир төлөх үндэслэлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч Н.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.219.819 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж, хариуцагч нь хувьцааны гэрээний баталгаа болгон 50 сая төгрөгийг дансанд хийсэн, 9 орчим сая төгрөгийг анх ажилд ороход хэлэлцэн тохирсны дагуу хувьцаа болгон өгсөн гэж маргасан байна.
Хариуцагч нэхэмжлэгчийг хувьцааны гэрээний баталгаа болгон 50 сая төгрөг шилжүүлсэн талаар шүүхэд тайлбар гаргасан атлаа 40 сая төгрөгийг нэхэмжлэгчид эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад буцаан өгсөн үйл баримтаар, Н.Ныг 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилсон, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр түүний хүүхдийн төлбөрийг төлсөн байхад “9 орчим сая төгрөгийг анх ажилд ороход хэлэлцэн тохирсны дагуу хувьцаа болгон өгсөн” гэх тайлбараар хариуцагчийн шүүхэд гаргасан татгалзлын үндэслэл үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал 52 сая төгрөгийг нэхэмжилсэн байхад хариуцагч нь 59 сая төгрөгийн маргасан тайлбар гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байхдаа өөрийн зээл төлөх, хүүхдийн сургалтын төлбөр төлөхөөр хүсэлтийг тавьснаар “З” ХХК нь өөрийн ХААН банкны эзэмшлийн 5028591392 дугаар данснаас 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 934 дугаар төлбөрийн баримтаар 50 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 400000017 дугаар дансанд, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 31235 дугаар төлбөрийн даалгавраар Хобби бүрэн дунд сургуулийн Худалдаа хөгжлийн банкны 499130350 дугаар дансанд Б.Байгалийн сургалтын төлбөрт 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, энэ талаар хариуцагч маргахгүй байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, хэлцлийн агуулга, хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр, 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан байна.
Хэлцлийн дагуу тохиролцсон 52.000.000 төгрөгийг түүний өмнөөс шилжүүлснийг зээлдэгч үүргээ биелүүлсэн гэж үзэх буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасанд нийцсэн, талуудын хооронд гэрээ байгуулсанд гэж дүгнэх үндэслэлтэй.
Хариуцагч нь зээлийн төлбөрөөс 40.000.000 төгрөгийг төлсөн, түүнд олгогдох цалин 2.780.181 төгрөгийг үлдэх /52.000.000-40.000.000/ 12 сая төгрөгөөс суутгасан байх бөгөөд энэ талаар хариуцагч маргахгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 9.219.819 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 162.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 162.470 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Өмнөх шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гаргасан хүсэлтээр хойшлуулсан, энэ өдрийн шүүх хуралдааны товыг тэрээр мэдэж, гарын үсэг зурж баримтжуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Н зээлийн гэрээний үүрэгт 9.219.819 /есөн сая хоёр зуун арван есөн мянга найман зуун арван ес/ төгрөг гаргуулан, “З” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 162.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 162.470 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ