Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2023/0527/З |
Дугаар | 221/МА2024/0165 |
Огноо | 2024-03-07 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2024/0165
2024 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 221/МА2024/0165 | Улаанбаатар хот |
Б.М***ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***, өмгөөлөгч Б.Г***,
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Т*** м***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах,
“Т*** м***” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц*** болгон өөрчилсөн “Т*** м***” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах.
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.М***
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: “Т*** м***” ХХК,
Гуравдагч этгээд: Д.Ц***,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0002 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганцэцэг, Б.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З***, гуравдагч этгээд Д.Ц***ийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, гуравдагч этгээд “Т*** м***” ХХК-ийн өмгөөлөгч Д.Х*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***.
Хэргийн индекс: 128/2023/0527/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М***өөс анх шүүхэд хандан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Т*** м***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Т*** м***” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц*** болгон өөрчилсөн “Т*** м***” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” хэмээн нэмэгдүүлэн маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0002 дугаар шийдвэрээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.8.6-д заасныг тус тус баримтлан иргэн Б.М***өөс “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Т*** м***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэл болон “Т*** м***” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц*** болгон өөрчилсөн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т нийцүүлэн үнэлээгүй буюу “Т*** м***” ХХК-ийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх Өнөөдөр сонины 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дугаарт зарлуулсан баримтыг үнэлээгүй атлаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.6-д заасан үндэслэлээр өргөдөл гаргаж, шинээр авсан нь хуулийн заалттай нийцнэ хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй, хариуцагч шүүхийн шийдвэрийг бус үрэгдүүлсэн гэх баримтыг үндэслэн бүртгэл хийсэн нь тогтоогдож байхад нотлох баримтыг бодитойгоор харьцуулан дүгнээгүй,
3.2. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу гуравдагч этгээдийн үрэгдүүлсэн гэх баримтыг үндэслэн бүртгэл хийн, дахин тамга, гэрчилгээ олгон бүртгэл хийж байгаа үйлдлийг үрэгдүүлсэн үндэслэлээр тамга, гэрчилгээ дахин авсан нь хуулийн заалтад нийцэж байна хэмээн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д заасан үрэгдүүлсэн гэх зохицуулалтыг хэрэглэлгүй, хамааралгүй зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй,
3.3. Нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага болон дүрмийн бүртгэлтэй холбоотой шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн зэрэг үндэслэлээр гомдол гаргасан.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,
3.1. Гуравдагч этгээд, иргэн Д.Ц*** нь 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Т*** м***” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрчилгээ авсан.
Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Т*** м***” ХХК-ийн 95 хувийн хувьцааг шилжүүлэхээр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус нэхэмжлэгч иргэн Б.М***тэй байгуулж, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд тус компанийн нийт хувьцааны 95 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.М***, 5 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.Ц*** нарыг бүртгүүлж, 2 хувьцаа эзэмшигчтэй болсон.
3.2. Гуравдагч этгээд, иргэн Д.Ц***ээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Т*** м***” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М***ийг томилсон гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн 2022 оны 764 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 76 дугаар магадлалаар хүчингүй болгож, Д.Ц***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Т*** м***” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гишүүдийн тоо 2 Гүйцэтгэх захирлаар Б.М***ийг томилсон гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3.3. Тухайн хэргийн гуравдагч этгээд Б.М***өөс гаргасан хүсэлтийн дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/915 дугаар албан бичгээр шүүх бүрэлдэхүүн дээрх магадлалд тайлбар хийсэн бөгөөд тухайн тайлбарт “... магадлалаар нэг талаас улсын бүртгэгч компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар гаргасан хүсэлтэд хавсаргасан баримтуудаар ямар гэрээний үндсэн дээр /хувьцааг бэлэглэлийн гэрээгээр бэлэглэж байгаа эсхүл худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж байгаа эсэх нь тодорхойгүй/ уг бүртгэлийг хийлгэх гэж байгаа хүсэл зорилго нь тодорхой бус байхад компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгэсэн нь холбогдох хуульд нийцэхгүй байна гэж дүгнэсэн, нөгөө талаас шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “хуулийн этгээдийн улсын бүртгэл нь Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн гэдэг мэдээлэл агуулаад байгаа учраас нэхэмжлэгч Д.Ц*** Хувьцаа бэлэглэх гэрээнээс татгалзах, бэлгээ буцаах иргэний маргаанд эсрэг нотлох баримт болоод байна, энэ утгаараа хуулийн этгээдийн бүртгэл хүчинтэй байснаар зөрчигдсөн эрх нь сэргэхгүй нөхцөл үүссэн” гэж маргаснаас үзвэл гэрээний талаар маргаантай учраас эрх нь шууд сэргэхгүй харин тус бүртгэл хүчинтэй байснаар нэхэмжлэгчээс уг бүртгэлийг хийх үндэслэл болсон гэрээ, холбогдох баримтууд хуурамч эсэхийг тогтоолгохоор эрх бүхий хууль хяналтын байгууллагад хандах ашиг сонирхол нь хязгаарлагдах үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гэрээний талаар маргах ашиг сонирхлыг нь сэргээн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж, нэхэмжлэлийг эдгээр үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн” болохыг дурдсан.
3.4. Гуравдагч этгээд, иргэн Д.Ц***ээс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэст хандан “Т*** м***” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг шинэчлэн авах, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц*** болгон өөрчилсөн “Т*** м***” ХХК-ийн дүрмийг бүртгүүлэх хүсэлтийг үндэслэн улсын бүртгэгч 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэн, “Т*** м***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаарыг олгосон.
3.5. Дээрх бүртгэлийг нэхэмжлэгч Б.М***өөс эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Т*** м***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах”, “Т*** м***” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц*** болгон өөрчилсөн “Т*** м***” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар шаардлага, татгалзал тус бүрт дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
5. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс анх шүүхэд хандан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Т*** м***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Т*** м***” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц*** болгон өөрчилсөн “Т*** м***” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” хэмээн нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг “... нэмэлт нотлох баримт шаардлагатай” үндэслэлээр хойшлуулж шийдвэрлэсэн байх боловч нотлох баримт цуглуулах болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэргийн бусад оролцогчдод хуульд заасан журмын дагуу гардуулж, тайлбар авахтай холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгээгүй.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.М***өөс гуравдагч этгээд Д.Ц***д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан болохыг, уг гэрээний дагуу Б.М***ийг уг компанийн 95 хувийг эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоолгох, компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээс ... Б.М*** нь 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул Д.Ц*** өөрийн эзэмшлийн 100 хувьцаанаас 95 хувийн хувьцааг Б.М***д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн гэсэн хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн талаар тайлбарласантай холбогдуулан анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 76 дугаар магадлал, тухайн магадлалд тайлбар хийсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/915 дугаар албан бичиг болон хэргийн оролцогчдын тайлбартай холбогдуулан маргаан бүхий үйл баримтыг тодруулах ажиллагааг хийгээгүй.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хариуцагч улсын бүртгэгчийн “Т*** м***” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэл хуульд нийцсэн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА