Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00471

 

 

 *******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн 102/ШШ2019/02525 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2031 дүгээр магадлалтай,

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 27,797,940 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пагамдулам, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 06 сарын 06-ны өдөр хариуцагч *******, *******, О.Гончиг нар ММ финанс ББСБ ХХК-иас зээл авахаар хандсан. Эдгээр хүмүүст санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан дүрэм журмын дагуу 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 15,000,000 төгрөгийг *******, О.Гончиг нарын өмчлөлийн байр барьцаалж, зээлсэн. Хамтран зээлдэгч ******* 2017 оны 07 сарын 06-ны өдөр зээлийн төлбөрийг хуваарийн дагуу нэг удаа төлсөн. 2017 оны 08 сарын 28, 09 сарын 12-ны өдөр тус тус хүү төлсөн. 2017 оны 09 сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаж, *******гийн хүсэлтээр гэрээний хугацааг 3 сараар сунгасан. 2017 оны 10 сарын 12-ны өдөр зээлдэгч хүү төлсөн. Түүнээс хойш нэг ч удаагийн төлбөр төлөөгүй. Манай компаниас зээлдэгч нарт хөнгөлөлт үзүүлж, боломж олгохоор олон удаа уулзсан ч тодорхой шийдэлд хүргээгүй. 2018 оны 08 сарын 22-ны өдөр *******, дүү н.Мөнхцэцэгийн хамт ирж уулзахад өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 21,000,000 төгрөг болж байна. Он дуусах хүртэл уг мөнгийг хувааж төлөөрэй гэхэд зээлдэгч нар зөвшөөрсөн. Энэ хугацаанд зээлдэгч нар зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Энэ хугацаанд зээлдэгч нар 28 удаагийн төлөлт хийх ёстой. Гэтэл ******* 4 удаа зээлийн төлбөр төлсөн. Иймд үндсэн зээл 14,997,916 төгрөг, зээлийн хүү 10,268,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,531,585 төгрөг нийт 27,797,940 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь тус ББСБ-аас 15,000,000 төгрөгийн зээлийг өөрийн нөхөр болох С.Гончиг амьд сэрүүн байхад зээлж авсан билээ. Зээлийг авсны дараа өвгөн маань өнгөрч, ганц хүний тэтгэвэр хүрэхгүй, би өөрөө сахарын өвчтэй, биеийн байдал муу байна. Уг байгууллагыг хохиролгүй болгохын тул хүүхдүүдтэйгээ нийлж, зээлийг хаахыг хүсч байна. Урьд нь хүүнд хэдэн төгрөг төлж байсан. Одоо би 15,000,000 төгрөг төлөх хүсэлтэй байх тул бидэнд хугацаа олгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн 102/ШШ2019/02525 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 26,849,716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ММ финанс ББСБ ХХК-д олгож, үлдэх 948,224 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* наршүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1-60 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205007561 дугаарт бүртгэлтэй 19 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ММ финанс ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,538 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 362,388 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ММ финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2031 дүгээр магадлалаар:   Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг үл хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч нь зээлийн төлөлтийг 4 удаагийн үйлдлээр 2,216.000 төгрөгийг төлж, үндсэн зээл 14.997.916 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй болсон. Зээлийн гэрээгээр талууд хугацаа тохирсоор, байтал нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар хүү тооцож байгаа нь шүүх хуулиар буруу тайлбарлаж хэрэглэж байна. Хугацаа хэтэрсэн хүү 9.876.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.975.300 нийт 11.851.800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ******* нь хариуцагч биш юм. Учир нь хавтас хэргийг 6-р талд Зээлийн гэрээний талуудад нэг талаас ММ финанс ББСБ нөгөө талаас ******* нар зээлийн гэрээ байгуулсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээгээр мөн адил. *******, О.Гончиг нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд тавьж гэрээ байгуулсан.

Иймд *******г хариуцагчаас чөлөөлж, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11.851.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

******* нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,727,940 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2017.06.06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр ******* нь 15,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар *******, Г.Гончиг, ******* нарт зээлдүүлсэн, зээлийн гэрээний үүрэгт *******, Г.Гончиг нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1-60 дугаар байрны 1 тоотын 19 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан ба зээлдэгч нар зээлийн төлбөрт 2.216.000 төгрөгийг төлсөн, үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа үйл баримт тогтоогджээ.

 Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний төрөл, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн гүйцэтгэх үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

******* нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хэрэгт авагдсан, энэ талаар маргаагүй байна.

Зээлдэгч Г.Гончиг 2018.06.12-нд нас барсан байх ба хариуцагч нар нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрчээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээний 2.9-д гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үндсэн болон хэтэрсэн хугацааны, мөн нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчийн биелүүлэх үүргийг үндэслэл бүхий тогтоож, хариуцагч нараас 26.849.716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хариуцагч ******* үгүйсгэж чадаагүй тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн 102/ШШ2019/02525 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2031 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 204,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 Д.ЦОЛМОН

 Х.ЭРДЭНЭСУВД