Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0139

 

 

 

 

 

2021 оны  02 сарын 24 өдөр           Дугаар 128/ШШ2021/0139          Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.А,

Хариуцагч: МУЕА,

Нэхэмжлэлийн шаардлага: МУЕА-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, Ш.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., С.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 3 үндэслэлээр буруутгадаг. Аудитын менежер “ГБА” ХХК-ийг 98 хувь үнэлсэн. Аудитын системийн хэмжээнд аудитын менежерээр үнэлүүлэхгүй гэсэн чиглэлийг өгсөн бөгөөд 02 дугаар сарын 05-ны өдрийн тайлбартаа энэ талаар бичсэн байгаа. 86 хувь үнэлсэн тухайд ажлын хэсэг байгуулагдаад эхний байдлаар танилцуулсан. Аудитын явцыг олон удаа танилцуулга хийж байж эцэслэн баталгаажуулдаг. Эцэслэн баталгаажаагүй учраас 86 гэсэн үнэлгээ албажаагүй байсан. 06 дугаар сарын 18-ны өдөр МУЕАын тушаал гарч ажлаас чөлөөлөгдсөн. Нотлох баримтад тулгуурлаж үнэлгээг баталгаажуулах учраас тухайн үед ажлын хэсгийг дахин байгуулаад тухайн хоёр хүний үнэлгээг нэгтгэж баталгаажуулахад 84 гэсэн оноо гарсан. Харин би хэдэн оноо өгөх талаар хэлсэн процесс үйл ажиллагаа байхгүй. Ажлын хэсэгт томилогдсон хүмүүсээс ирүүлсэн, нотлох баримтаар ирүүлсэн үнэлгээ 84 байсан учраас баталгаажуулсан. Хариуцагч уг аудитын үнэлгээнд хувийн үзэмжээр хандсан гэж байна. “ГБА” ХХК нь шүүхэд гомдол гаргахдаа гэрээг сунгана гэж гомдол гаргасан. Улсын дээд шүүхээс гэрээг сунгахгүй гэж шийдвэрлэсэн. Манай гол зорилго гэрээг сунгахгүй байх дээр маргасан бөгөөд оноог асуудал болгож маргаагүй. Оноо 100 байсан ч ажил сунгагдахгүй байх үндэслэл байсан. Багцыг МУЕА баталдаг. Би өөрөө баталдаггүй. Тэгэхээр заавал “ГБА” ХХК-тай гэрээ сунгагдаж үргэлжлүүлэн ажиллах байсан, хохирсон зүйл огт байхгүй. 06 дугаар сарын 15-ны өдрийн нэгтгэлийг Ш.Нажлаас гарахдаа аваад явсан. Ш.Н Өмнөговь аймгийн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “би тус баримтыг н.А өгсөн” гэж дурдсан байдаг.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд манай баг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл аудит хийж гүйцэтгэсэн. Аудитыг олон улсын стандарт, холбогдох дүрэм журмын дагуу хийж гүйцэтгээд 2019 оны 02 дугаар сарын 25-ны дотор хуулийн хугацаанд зөрчилгүй гэсэн санал дүгнэлтийг гардуулсан. Зөрчилгүй гэсэн санал, дүгнэлт гарсан учир нь тухайн аудитор санхүүгийн тайлангийн аудитыг хийхдээ суурь болгож орсон үзүүлэлтээсээ материаллаг түвшинг 63.8 сая төгрөг гэж тогтоосон байдаг. Материаллаг түвшингөөс дээш гарсан залруулах боломжгүй алдаа гарсан тохиолдолд дүгнэлт хязгаарлалттай болдог. Манай хийсэн аудитаар материаллаг түвшингөөс давсан алдаа зөрчил илрээгүй. 39 сая төгрөгийн алдаа зөрчил илэрсэн. Үүнд зарим хэсэгт нь акт тогтоож, 30 гаруй сая төгрөгийн зөвлөмж өгч ажилласан. Энэ нь хэргийн материалд бүрэн эхээрээ байгаа.

17 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлээгүй гэж намайг буруутгаж байгаа. Хэрэв 17 тэрбум төгрөгийн зөрчил байсан бол нэг ч хүнд арга хэмжээ тооцохгүй, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхгүй явах боломж байхгүй. Тухайн үед манай аудитор Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн санхүүгийн тайлан үнэн зөв гарсан эсэхэд дүгнэлт өгсөн.

Дүгнэлтийг танилцуулсан гэж байгаа боловч тухайн үед надад танилцуулаагүй. Ёс зүйн хорооны хуралд надаас хэдэн асуулт асуугаад буцаагаад гаргасан. Эхний хурал орой 10 цаг хүртэл хуралдсан боловч эцэслэн шийдвэр гаргаж чадаагүй. Дараа нь дахин хуралдаад намайг ажлаас халахаар болсон. Би шүүхийн шийдвэр биелүүлээгүй учраас халагдаж байгаа юм байна гэж ойлгосон. П.А халах үүрэг чиглэл авсны дагуу ажилласан гэв.

Хоёр. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУЕАын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 тоот П.А-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарсан. Энэхүү тушаалаар нэхэмжлэгч П.А-г Төрийн албаны тухай хуулийн 35, 39 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг баримтлан ажлаас халсан байдаг. Уг тушаал нь төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн хууль бус тушаал юм.

Тушаалд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримталсан. Тус 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч анх буюу давтан зөрчил гаргасан эсэхийг харгалзан үзээд сахилгын хамгийн хөнгөн эсхүл хүнд төрлийг сонгон шийдвэрлэхээр зохицуулсан. Хариуцагч шүүхэд анх ирүүлсэн тайлбартаа П.А-д 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан, цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах арга хэмжээ авсан гэж дурдсан. Гэтэл П.А-д 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулаагүй, тийм тушаал гараагүй. Уг тушаал нь баталгаажаагүй. Хариуцагч энэ хүнд сахилгын арга хэмжээ авсан байна. Одоо давтан зөрчил гаргасан байна гээд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримтлаад ажлаас халсан. Гэтэл дээрх тушаал гараагүй. Харин 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр МУЕА-ын тушаалаар П.А-д сануулах арга хэмжээг авсан байдаг. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан. П.А-д 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байж болно. Гэвч 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Үүнээс хойш зөрчил гаргаж арга хэмжээ авбал анх удаа зөрчил гаргасан гэж үзнэ. Гэтэл хариуцагч зөрчил давтан үйлдсэн гэж буруу ойлгоод Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэн хамгийн хүнд шийтгэл болох ажлаас халах арга хэмжээг авсан.       

П.А нь ажлаас халагдах хэмжээний ноцтой зөрчлийг огт гаргаагүй. П.А-г ямар нэгэн байдлаар ажлаас халах зорилготой байсан нь протоколоос тодорхой харагддаг. Жишээлбэл МУЕА н.З-ын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох тухай” тушаалаар “A”, “B” үнэлгээ авсан төрийн аудитын газрын дарга нарт бүгдэд нь урамшуулал олгосон байдаг. Гэтэл 21 аймгийн аудитын газрын дарга нараас ганцхан П.А-д урамшуулал олгоогүй байдаг. Адилхан үнэлэгдсэн дарга нарт урамшуулал олгочхоод П.А-д яагаад олгоогүй юм бэ. Ганцхан П.А-г гадуурхаж урамшуулал олгоогүй. Үүнээс П.А-г ямар нэг байдлаар ажлаас халах субъектив хандлага байсан байна. Хурлын тэмдэглэлээс бүгд тодорхой харагдана. 2020 оны 01 дүгээр сард сонсох ажиллагаа хийхдээ албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувь бууруулна гэчхээд дараа нь ажлаас халсан. Үүнээс харахад Төрийн албаны тухай хуулийн 47, 48 дугаар зүйлийг зөрчжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийг удаа дараа 3 буюу түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн, Монгол улсын харьяатаас гарсан гэсэн 3 үндэслэлээр ажлаас хална. Гэтэл дээрх үндэслэлээс аль нь байхгүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас халах зөрчил, дутагдал гаргаагүй байна. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Гурав. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн тогтоол 2019 оны 05 дугаар сард гарсан. Үүнээс хойш маргаан бүхий шийдвэр гарсан. Үүнд хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд холбогдох журамд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд байна гэж үзэж байгаа. Иймд хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэж ойлгож болно. Чанарын баталгаажуулалтын алба эрсдэлийн аудит хийх, хийхгүй гэсэн асуудал ярьж байна. Бид дотоод аудит хийсэн бол энэ асуудлыг ярьж болно. Чанарын баталгаажуулалтын алба дотооддоо эрсдэлтэй байна гэж үзээд аудитыг стандартын дагуу хийгдсэн гэдэгт аудит хийж байгаа. Зайлшгүй үзэх ёстой зүйлийг орхисон нь эрсдэл юм.

Сахилгын шийтгэл ногдуулах журмыг баримтлаагүй гэж байна. Журмыг баримталсан. Нэхэмжлэгчийн оролцоог бүрэн хангаж ирсэн. Өөрөөс нь тайлбар, саналыг гаргуулж авсан. Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах талаарх баримтыг гараар бичиж өгсөн. Илэрч байгаа асуудлын талаар хэлэлцсэн 100 гаруй хуудас хурлын тэмдэглэл байгаа. Бид хууль тогтоомжийг үндэслэл бүхий хэрэглэж гаргасан шийдвэр гэж үзэж байна. Нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж байгаа боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн мэдэгдэл нь 11 дүгээр сарын 01-ний өдөр биелүүлэх гэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

Төрийн албаны тухай хуульд зааснаар арга хэмжээ авч байвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлээр тухайн албан тушаалтны дээд албан тушаалтан нь хариуцлага тооцох асуудал яригдана. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хууль зүйн үндэслэл байгаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэртэй холбоотой гээд байгаа боловч эрх зүйн үр дагавар, эрх зүйн зөрчилд тооцогдсон акт байхгүй. Захиргааны шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нөхцөл тогтоогдохгүй байгаа. Дээрх заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Өмнөговь аймаг дахь бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн санхүүгийн тайлангийн аудитад Чанарын баталгаажуулалтын алба нь дүгнэлт хийхдээ маш олон дүрэм журмыг зөрчсөн. Эрсдэлийн аудитыг Чанарын баталгаажуулалтын алба хийхгүй. Өргөдөл гомдол ирээд П.А-г шалгаад дүгнэлт гаргаж байгаа асуудал биш юм. 2019 оны 12 дугаар сард гарсан дүгнэлт нь эрх зүйн акт биш байсан. Энэ нь дотогш чиглэсэн акт байдаг. Харин П.А-г ажлаас халж байгаа нь эрх зүйн акт юм. Бидний зүгээс дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Дөрөв. хариуцагч МУЕА шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А-г ажлаас халах болсон 3 үйлдэл байгаа.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга буюу тэргүүлэх аудитороор ажиллаж байсан П.А нь “ГБА” ХХК-ийн ажлыг дүгнэхдээ хувийн сонирхол, үзэмжээр хандаж дүгнэлт хийсэн гэсэн 1 дэх үйлдэл юм. Энэ үйлдэлтэй холбоотой баримтууд байдаг. Аудитын менежер буюу П.А даргын доод талын албан тушаалын хүн тухайн компанийн ажлыг нь 98 хувь гэж дүгнэсэн. Энэ үнэлгээг П.А нь ажлын хэсэг гаргуулж дүгнүүлнэ гээд хүлээн зөвшөөрөөгүй. Ажлын хэсэг гаргаад дүгнүүлэхэд ажлыг 86 хувь гэж дүгнэсэн. Гэтэл уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй өөр ажлын хэсгээр дүгнүүлнэ гэсэн. Дахин өөр ажлын хэсэг гарган дүгнүүлэхэд 84 хувь гэж дүгнэсэн. 85 хувиас доош үнэлэгдвэл хараат бус аудитын компани ажлаа хийх боломжгүй болно. Энэ үзэмжээр хандсан байдалд тухайн компанийн ажил нам зогссон. Үүнтэй холбогдуулан “ГБА” ХХК нь шүүхэд хандсан. Шүүхээс П.А даргын үйлдэл хууль бус байсан байна гэдгийг тогтоож өгсөн.

Дараагийн үйлдэл нь 2019 оны 06 дугаар сард Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Энэ хүчин төгөлдөр тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарыг хүртэл биелүүлээгүй. Үүнийг тайлбарлахдаа холбогдох материалууд байхгүй байсан гэж тайлбарладаг. Тус компанийг 86 хувь дүгнэсэн ажлын хэсгийн ахлах аудитор Ш.Н-г бүх материалыг аваад гэж хэлдэг. Гэтэл Ш.Н-ийн ажлыг хүлээн аваарай гэж П.А-д үүрэг болгосон. Ш.Н-ийн ажлыг хэрхэн авч үлдсэн нь тухайн үеийн процессын асуудал. Үүнийг төрийн аудитын байгууллагаас цэвэр ёс зүйг зөрчсөн үйлдэл байна гэж үзсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмнө нь удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн гэж хэлж байна. 2018 оны 06 дугаар сард ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гарч ёс зүйн дүрэм зөрчсөн байна гэдгээр хариуцлага тооцохоор байсан. Гэвч тухайн үед ерөнхий аудиторын эцсийн шийдвэр гараагүй. Үүнийг бид дурдаад өнгөрсөн. Тэгэхээр давтан, нотлох баримтын хэмжээнд сахилгын шийтгэл хүлээлгээгүй учраас сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэж битгий ойлгоорой. Энэ нь 2018 оны 06 дугаар сарын үйлдэл байдаг. 2018 оны 11 дүгээр сард ажлын хариуцлага алдсан үндэслэлээр сахилгын сануулах шийтгэл хүлээсэн. Энэ 2 асуудал нь дууссан асуудал. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч давтан гэж ойлгоод байгаа гэж тайлбарладаг. Бид давтан гэж хэлээгүй. Б/61 дүгээр тушаалд үүнтэй холбоотой нэг ч үг байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д заасныг зөрчөөгүй гэж байна. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэсэн заалт байгаа. Гаргасан үйлдлүүд нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдоно. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй дахин үнэлгээг гаргуулах хувийн сонирхол байсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэсэн заалтад дээрх үйлдэл мөн холбогдож байгаа. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар үнэлгээтэй холбоотой зөрчлүүд гаргасан бол хариуцлага хүлээх нь үүрэг юм. Тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” гэж заасан. Гэтэл П.А нь доод шатны албан тушаалтны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. 98, 86 хувийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл 84 хувийн үнэлгээг яагаад хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ. Үүнийг зөрчил гэж ойлгож байгаа.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн асуудалтай холбоотой асуудал нь цэвэр ажлын хариуцлагын асуудал юм. Үүнд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13 дахь заалтуудыг үндэслэсэн. 37 дугаар зүйлийн 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасан. Тэргүүлэх аудитор нь тухай санхүүгийн тайлангийн аудитыг эцсийн байдлаар баталгаажуулдаг. Гэтэл 17 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэхгүй, гаргаж ирээгүй, хяналт тавьж чадаагүй байгаа нь түүний ажлын хариуцлагагүй байдалтай холбоотой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа МУЕА 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

МУЕА-ын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар нэхэмжлэгч П.-г Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3 дахь заалт, МУЕА-ын 2018 оны А/210 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрэм-ийн 4.2.2, 4.2.7, 4.2.10-т заасныг зөрчсөн, мөн Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албанаас Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хийсэн чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудитаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгчээс тус актыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “... маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь тодорхойгүй, манай байгууллагад шүүхийн шийдвэрээр хянаж, баталгаажуулахаар шийдвэрлэгдсэн үнэлгээний нэгтгэл огт байгаагүй, хавтаст хэргээс хуулбарлан авч, баталгаажуулсан бөгөөд энэ үйлдэл нь “ГБА” ХХК-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөөгүй, хор хохирол учруулах үр дагавар үүсгээгүй, орон нутгийн төсвийн байгууллагад эрх хэмжээний хүрээнд хийгдсэн аудитын хяналтын дүгнэлтийн үнэн зөвийг хөндлөнгөөс дүгнэн, сахилгын арга хэмжээ авсан энэхүү үйлдэл нь хууль бус бөгөөд хувийн шалтгаанаар ажлыг маань авах гэсэн зорилгоор хийгдсэн нь илэрхий байгаа, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан” зэрэг үндэслэлүүдээр маргажээ.  

Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын13-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэх зөрчлүүдийн талаар:

1.Хариуцагчаас П.А “ГБА” ХХК-ийн ажлыг дүгнэхдээ хувийн үзэмжээр хандаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, албадан биелүүлсэн гэж буруутгаж байгаа болно.

 Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-т заасны дагуу Өмнөговь аймаг дахь боловсролын багцын 67 байгууллагын 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг “ГБА” ХХК-тар гүйцэтгүүлсэн байдаг. Ийнхүү санхүүгийн аудитын тайлан дуусаж тус компанийн ажлыг дүгнэхдээ аудитын менежер Д.А 98.3, буюу А үнэлгээ өгч 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, Ш.Н-гаар ахлуулсан ажлын хэсэг 86 буюу А үнэлгээ өгч 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус тэргүүлэх аудитор П.А-д танилцуулсан боловч үнэлгээг баталгаажуулаагүй. Улмаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин ажлын хэсэг байгуулж 84 буюу В үнэлж баталгаажуулсан байсан.

Өмнөговь аймгийн Төрийн аудиторын газрын дарга, тэргүүлэх аудитор П.А-гийн 84 үнэлсэн үнэлгээг “ГБА” ХХК эс зөвшөөрч Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээс ...Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дахин гаргасан ерөнхий үнэлгээний дүн болох хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэлийг хүчингүй болгож, 2018 оны 6 дугаар арын 14-ний өдрийн үнэлгээний дүн болох хараат бус аудитын хуулийн этгээдийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээний нэгтгэлийг хянаж, баталгаажуулахыг Тэргүүлэх аудиторт даалгаж, санхүүгийн тайланд гэрээгээр аудит гүйцэтгүүлэх тухай 2018/01 дугаартай гэрээг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ”.

“ГБА” ХХК нь МУЕА 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02/191 дүгээр албан бичгээр “...Тэргүүлэх  аудитор П.А нь ёс зүйгээ зөрчин, хувийн ашиг соирхлын үүднээс хууль бус үйлдлүүдийг зориудаар зохион байгуулж, бидний ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдсаныг гурван шатны шүүх нотолж өглөө. Тэргүүлэх аудитор П.А нь одоогоор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хандсан, мөн Үндэсний аудитын газрын ёс зүйн зөвлөлд Захиргааны ерөнхий хуулийн 11 бүлэг хариуцлага хэсгийн холбогдох зүйл, заалтын дагуу хариуг албан ёсоор ирүүлнэ үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн...” гэсэн утга бүхий гомдлыг хүргүүлсэн байна.

Өмнөговь аймгийн тэргүүлэх аудитор П.А-д Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлж, аудитын газраас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн тухай албан бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.

Мөн Үндэсний Аудитын газрын Ёс зүйн хороонд Ш.Н-гаас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “...Тэргүүлэх аудитор П.А нь  намайг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өөрийн буруутай үйлдлийг миний буруутай үйлдэл мэтээр ойлгуулсаар өдий хүрлээ... 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гэрээгээр гүйцэтгэсэн хуулийн этгээдийн хийсэн ажилд үнэлгээ өгөх ажлын хэсэгт миний бие... байгууллагын даргын тушаалаар томилогдсон... тухайн ажлын үр дүнг Тэргүүлэх аудитор П.А-д ажлын хэсгийн хамт танилцуулахад тэрээр ажлын хэсгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээг бууруулан дүгнэ гэж хууль бусаар тулган шаардсан учир ажлын хэсгийнхэн хууль бус шаардлага гэж үзэж ямар нэгэн засвар хийгээгүй хүлээлгэн өгсөн...төрийн албан хаагчийн энэхүү эрээ цээргүй миний нэр хүндийг байнга муутгаж, дарамталж өөрийн хариуцлагагүй алдаа зөрчлийг надтай холбоотой хэмээн тайлбарлаж, гүтгэж байгаа нь төрийн аудитын байгууллагын удирдлагын ёс зүйгүй үйлдэл гэж ойлгож байна... холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэсэн утга бүхий гомдлыг ирүүлжээ.

            Төрийн Аудитын байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөл 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор П.А-гийн ёс зүйн асуудлын талаар иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн гомдолтой холбогдуулан хуралдахаар хэлэлцэх асуудлаа баталж, П.А-гаас тайлбар ирүүлэх хүртэл түр хугацаагаар завсарлахаар шийдвэрлэж, Чанарын баталгаажуулалтын албаны тайлан холбогдох материалыг П.А-д хуулбарлан өгөхийг Ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн даргад үүрэг болгож шийдвэрлэжээ.

            Төрийн Аудитын байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөл  дахин 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр П.А-г байлцуулан тайлбар авч хуралдаж,  Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудитор П.А-д Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал, дүгнэлтийг МУЕАт танилцуулахаар шийдвэрлэсэн байна.

            Үүний дагуу захиргааны байгууллагаас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж, сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл үйлдэж, нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4-т төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг баримтална, 1.4.2 хууль зүйн үндэслэлтэй байх, 1.5-д ...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь мэдэгдсэн байна, 2.2-т ...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж ..шалган тогтооно.., 2.5-д ...шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар...дүгнэлт гаргаж, томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна, 6.1-д албан хаагч сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухай албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж тус тус нарийвчлан зохицуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д ...захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хуульчилсан, мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, ийнхүү бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, шийтгэл хүлээлгэж буй тухайн албан тушаалтныг буруутгасан зөрчил тус бүрийг тодорхойлж, эдгээрийг нотолсон баримтуудыг бүрдүүлэх үүрэгтэй байна.

Дээрх хуулийн заалтуудыг тухайн тохиолдолд хэрэглэхэд захиргааны байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу нэхэмжлэгчид холбогдох зөрчлүүдийг шалгаж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоосон байх бөгөөд сонсох ажиллагаа ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлсэн байх тул бодит байдалтай хуулийн урьдчилсан нөхцөл тохирсон байна гэж үзлээ.

Нөгөөтэйгөөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Өмнөговь аймгийн боловсролын багцын 67 байгууллагад хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг анх байгуулсан ажлын хэсэг үнэлж, өгсөн 86 оноо буюу А үнэлгээг тэргүүлэх аудитор баталгаажуулахгүй байх үндэслэл тогтоогдоогүй, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ерөнхий үнэлгээний нэгтгэлийг гаргасан зэргээс үзэхэд дахин хийсэн үнэлгээ нь гүйцэтгэлийг дахин хянаж, үнэлгээ хийх захиргааны байгууллагын зорилгод нийцээгүй, уг үнэлгээг хянаж баталгаажуулсан үйл ажиллагаа нь хууль бус гэдгийг тогтоожээ.

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх зохицуулалтад заасан хууль зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага нь тухайн шийдвэр гаргах ажиллагааны оролцогч нь гомдол гаргаснаар эхлэх бөгөөд дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр захиргааны байгууллагын шийдвэр эрх зүйн зөрчилтэй болохыг тогтоосон тул гэм буруутай албан тушаалтныг шийдвэр гаргах ажиллагааны ямар алдаа гаргасан болохыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шалган тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар уг зөрчил гаргасан албан тушаалтанд  ямар төрлийн хариуцлага хүлээлгэх нь захиргааны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн асуудал байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

2.Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албанаас Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хийсэн чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудитаар тогтоогдсон гэх зөрчлийн талаар:

МУЕАын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрсдлийн аудитын гүйцэтгэх багийн бүрэлдэхүүн томилох тухай А/94 дүгээр тушаалаар Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.5, 13.4.7, 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтыг үндэслэн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хийх эрсдлийн аудитыг төлөвлөж, гүйцэтгэж, тайлагнах чиг үүрэг бүхий аудитын багийн бүрэлдэхүүнийг томилж, тус багийн Өмнөговь аймаг дахь  Төрийн аудитын газрын гүйцэтгэсэн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад чанарын баталгаажуулалт болон эрсдлийн аудит хийсэн тухай 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн танилцуулгад: Эрсдлийн аудитаар нийт 17,788.9 сая төгрөгийн зөрчил илрүүлж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газар тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2018 оны үйл ажиллагаанд илэрсэн дээрх зөрчлийг нягтлан үзэлгүй  зөрчилгүй гэсэн санал дүгнэлт өгсөн байна гэж үзэж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор нар нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан тохирох хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэсэн  саналыг Монгол Улсын Ерөнхий  аудиторт хүргүүлж үүний дагуу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид төрийн албанаас халах захиргааны шийдвэр гаргах болсон тул 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 9 цагт сонсох ажиллагаа явуулах болсон тухай мэдэгдэж гардуулан гарын үсэг зуруулсан байна.

Нэхэмжлэгч П.А нь дээрх үйлдлүүдээрээ МУЕАын баталсан 2018 оны А/210 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын  байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрмийн 4.2.2-д Төрийн аудитын байгууллагын ажилтан нь хууль дээдлэх,мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэх, үнэнч шудрага байх, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэх, ёс суртахууны болон өндөр шаардлагыг хангаж ажиллах, 4.2.7-д Төрийн аудитын байгууллагын ажилтан төрийн аудитын үйл ажиллагаанд оролцохдоо нотлох баримтад суурилсан  үнэн зөв дүгнэлт гаргах үүрэгтэй. 4.2.10 Төрийн аудитын байгууллагын ажилтан удирдах ажилтны хуульд нийцсэн үүрэг даалгавар, шийдвэр, үндэслэл  бүхий зөвлөмжийг биелүүлэх гэж заасныг зөрчжээ.

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 48.1.3-д төрийн албанаас халах, 48.4-д Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй гэж заасныг зөрчөөгүй байна.

МУЕА нь Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7хуульд заасны дагуу төрийн аудитын байгууллагын албан хаагчийг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, зэрэг дэв олгох, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй байх тул П.А-г Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.8-д өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлэх, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах 39.1.3-д хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар Төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий актын үндэслэл болгосон Төрийн Аудитын байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дүгнэлттэй маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан П.А-гийн нэхэмжлэлээр, МУЕАт холбогдуулан гаргасан МУЕАын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.А-г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ

                       ШҮҮГЧ                          У.БАДАМСҮРЭН

                       ШҮҮГЧ                          С.ГАНБАТ