Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1471

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т  ХХК-д холбогдох

36,287,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Наранбаяр, Д.Тамирцэцэг хариуцагчийн төлөөлөгч М.Санчир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х  ХХК нь улс хоорондын тээврийн зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг Т  ХХК-тай 2014 оны 10 сарын 8-ны өдөр №ТЗ/6/14/45 дугаартай “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ”-г бичгээр байгуулан хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд уг гэрээний дагуу Европын орнууд, Австрали, Хонг Конг зэрэг дэлхийн олон улсаас хүнс, гэр ахуй, өргөн хэрэглээний барааг тус компаниар тээвэрлүүлж ирсэн. Улмаар Австрали улсын “Черч&Двайт” /Church & Dwight/ компаниас 29 нэр төрлийн нийт 9,876.18 австрали долларын үнэ бүхий барааг 2017 оны 3 сард манай компанид нийлүүлэхээр болсон бөгөөд уг барааг манай компани гэрээний дагуу Т  ХХК-аар тээвэрлүүлэхээр 2017 оны 3 сард захиалга өгсөн боловч өнөөг хүртэл бараагаа хүлээн авч чадалгүй бизнесийн хувьд маш их хохирол амсаад байна. Талуудын хооронд байгуулсан “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ”-ний 3.1-д “Зууч нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болох “Захиалга авах хуудас”- ны дагуу ачааг тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, зохих ёсоор хүлээлгэж өгснөөр үүрэг дуусгавар болно”, 6.1-д “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөгөө талдаа нөхөн төлнө”, 6.3-т “Зууч нь ачаа тээвэрлэлтээс бусад тээвэр зуучийн үйлчилгээний үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгчид учирсан гэм хор, хохирлыг хариуцна” гэж тус тус заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ. Тээвэрлүүлсэн барааны нийт үнэ болох 9,876.18 австрали долларыг Х  ХХК нь 2017 оны 3 сарын 2-ны өдөр Австрали улсын “Черч&Двайт” компани руу гадаад шилжүүлгээр шилжүүлсэн бөгөөд тухайн өдрийн Монгол банкны валютын ханшийн мэдээгээр нэг австрали долларыг зарах бэлэн бус гүйлгээний ханш нь 1,924 төгрөг байсан тул уг 9,876.18 австрали долларыг төгрөгт хөрвүүлбэл нийт 19,001,770 төгрөг болно. Нөгөөтэйгүүр хэрэв уг 19,001,770 төгрөгийн барааг манай тал хугацаандаа хүлээн авч борлуулсан бол нийт 17,285,397 төгрөгийн ашиг орлого олох байсан юм. Иймд Т  ХХК-аас хууль, гэрээнд заасны дагуу барааны үнэ 19,001,770 төгрөг, зайлшгүй орох байсан орлого 17,285,397 төгрөг, нийт 36,287,167 төгрөгийг гаргуулан Х  ХХК-д олгож өгнө үү.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т  ХХК нь олон улсын ачаа тээврийг зохион байгуулах чиглэлээр олон жилийн турш идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд Х  ХХК-тай 2014 оны 10 сарын 8-ны өдөр №ТЗ/6/14/45 дугаар "Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ” байгуулж, өнөөдрийг хүртэл талуудын хамтын үйл ажиллагааг алдагдуулахгүй, ажил хэрэгч байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж ирсэн. “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ”-ний 3.1.1, 3.2.1 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгч Х ” ХХК-аас тээвэрлэлт хийлгэхээр захиалга өгөх тохиолдолд “Захиалгын хуудас“-ыг бөглөж захиалга өгөх, Зууч /Т  ХХК/-аас энэхүү гэрээний салшгүй хэсэг болох "Захиалгын хуудас”-ыг хүлээн авч, “Үнийн санал”-ыг үйлчлүүлэгчид хүргүүлснээр талуудын хооронд энэхүү гэрээнд заасан тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаа үүсэх юм. Х  ХХК нь худалдагч байгууллага болох Австрали улсын “Черч&Двайт” компаниас 29 нэр төрлийн нийт 9,876.18 Австрали долларын үнэ бүхий бараа худалдан авсан боловч гэрээнд заасны дагуу эдгээр ачааг Т  ХХК-аар тээвэрлүүлэх талаар “Захиалгын хуудас”-ыг бөглөж захиалга өгөөгүй, мөн Т  ХХК-ийн харилцагч тээвэрлэгч байгууллагад ачааг хүлээлгэн өгөөгүй байдаг. Талуудын хооронд нэхэмжлэлд дурдсан “...29 нэр төрлийн барааг...” тээвэрлэх талаар гэрээнд заасан харилцаа үүсээгүй тул Х  ХХК-ийн харилцагч байгууллага болох Австрали улсын “Черч&Двайт” компанийн буруутай үйл ажиллагаанаас тус компанид учирсан хохирлыг Т  ХХК барагдуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Х  ХХК-аас гэрээнд заасан журмын дагуу эдгээр ачааг тээвэрлэх талаар захиалга өгөөгүйгээс гадна тус компанийн нийлүүлэгч буюу худалдагч “Черч&Двайт” дэх компани нь эдгээр ачааг худалдагч болон тээвэр зуучийн нэрлэснээс өөр тээвэрлэгч “Жонстон” гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгсний улмаас талуудын хооронд уг асуудлаар маргаан үүсээд байна. Ачаа илгээгч “Черч&Двайт” гэх компани нь худалдан авагч болон тээвэр зуучийн нэрлэсэн. Т  ХХК-ийн Австрали улс дахь түнш болох “Фасипик Харвест” гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч энэ талаар зааварчилгааг дагахгүй, өөр этгээдэд буюу “Жонстон” гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгсөн. Австрали улс дахь “Жонстон” гэх компани нь эдгээр ачааг “Черч&Двайт” компанид буцаан олголгүй, ачааг барьцаалан, өөрийн агуулахдаа өнөөдрийг хүртэл байлгасаар байна. Ийнхүү Х  ХХК-ийн харилцагч болох “Черч&Двайт” компани нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас дурдсан ачааг “Туушин” ХХК-ийн Австрали улс дахь түнш болох “Фасипик Харвест” компанид хүлээлгэн өгөөгүй тул гэрээний 6.1, 6.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэл байхгүй юм. Т  ХХК нь өөрийн харилцагч байгууллагад учирсан энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Х  ХХК-ийн гадаад харилцааны менежер н.Тамирын хамт “Черч&Двайт” компани руу яаралтай холбогдох арга хэмжээ авч, “өөрийн буруутай үйл ажиллагааг залруулж, ачааг тээвэрлэгчид хүргүүлэх...” талаар удаа дараа и-мэйл явуулсан боловч хариу ирүүлэхгүй алга болсон. Манай компаниас Австрали дахь Монголчуудын холбоогоор дамжуулан “Жонстон” гэх компани руу ачааг авах зорилгоор ачааны автомашин явуулсан боловч “...“Черч&Двайт” компанитай өр авлагын асуудал байгаа...” гэх шалтгаанаар хүлээлгэн өгөөгүй байдаг. Х  ХХК нь өөрийн худалдааны түнш “Черч&Двайт” компанийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан энэхүү хохирлыг Австрали улсын хууль тогтоомжийн дагуу тус компаниас нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Иймд дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж Х  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х  ХХК нь хариуцагч Т  ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу худалдан авсан барааны үнэ 19,001,770 төгрөг, олох байсан орлого 17,285,397 төгрөг, нийт 36,287,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Х  ХХК болон Т  ХХК нарын хооронд 2014 оны 10 сарын 8-ны өдөр ТЗ/6/14/45 дугаартай “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ” нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Т  ХХК нь Х  ХХК-ийн захиалгын дагуу захиалга авах хуудас болон үнийн саналд заасан тээврийн замналаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж гарах импорт, экспорт, дамжин өнгөрөх усан, хуурай болон агаарын замаар ачаа тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дахь заалтад заасан худалдааны зуучлалын гэрээний харилцаа байна.

 Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дахь заалтад “Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан, Т  ХХК нь улс хоорондын тээвэр зуучлалын үйл ажиллагааг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа болох нь Т  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар дахь тэмдэглэгээ /хх-30 тал/-гээр тогтоогдож байх тул Т  ХХК нь худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 413 дугаар зүйлийн 413.11 дахь заалтад “Худалдааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө хариуцна” гэж заасны дагуу зуучлалын үйл ажиллагааны явцад өөрийн буруугаас гэрээний талуудад учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Австрали улсын “Черч&Двайт” компаниас худалдан авсан барааг тээвэрлэн авчрах үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд барааны үнэ 9,876.18 австрали доллар буюу 19,001,770 төгрөг, барааг худалдан борлуулснаас олох байсан ашиг орлого 17,285,397 төгрөг, нийт 36,287,167 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч гэрээний хавсралтаар баталсан маягтын дагуу захиалгын хуудсыг бөглөж захиалга өгөөгүй, гэрээнд заасан үнийн саналыг хүргүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, худалдагч байгууллага болох Австрали улсын “Черч&Двайт” компани нь хариуцагч байгууллагын харилцагч тээвэрлэгч байгууллага болох “Фасипик харвест” компанид барааг хүлээлгэн өгөөгүй учраас хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.3-т “Захиалга авах хуудас” болон “Үнийн санал” нь гэрээний салшгүй хэсэг байхаар, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад “Захиалгын хуудас” болон “Үнийн санал”-ыг гэрээний хавсралтад заасан байдлаар талууд ойлгохоор, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д зууч нь “Захиалга авах хуудас”-ны дагуу ачаа тээвэрлэх үйл ажиллагаа зохион байгуулахаар тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь гэрээний хавсралтаар баталсан “Захиалга авах хуудас” –ын маягтыг бөглөж захиалга өгөөгүй гэдэгт талууд маргахгүй байх ба захиалгыг цахим шуудангаар дамжуулан хийсэн болох нь шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбараар тогтоогдсон.

Захиалгыг цаасан хэлбэрээр буюу гэрээний хавсралтад заасан маягтын дагуу үйлдээгүй хэдий ч цахим шуудангаар дамжуулан хийсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул захиалга хийгдсэн гэж үзэх бөгөөд уг хэлцлийг бичгээр хийх хуулийн шаардлага тавигдахгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн гаргаж буй нэхэмжлэгч гэрээний хавсралтаар баталсан маягтын дагуу захиалгын хуудсыг бөглөж захиалга өгөөгүй, гэрээнд заасан үнийн саналыг хүргүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, үзлэг хийж бэхжүүлсэн цахим шуудангийн орчуулга /хх-110,111 тал/-аар Х  ХХК болон Т  ХХК нарын мэргэжилтнүүд Австралийн Пасифик харвес ложистик компани барааны ачаа тээвэрлэлтийг хариуцан явуулах талаар худалдагч “Черч&Двайт” компанид мэдэгдсэн, холбогдох хаяг, хариуцсан ажилтны талаарх мэдээллийг өгсөн болох нь тогтоогдож байх бөгөөд “Черч&Двайт” компани нь барааг Австралийн Пасифик харвес ложистик компани, түүний хариуцсан ажилтанд хүлээлгэн өгсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Барааг худалдан авагч болон зуучлагчийн заасан компани буюу Австралийн Пасифик харвес ложистик компани, түүний хариуцсан ажилтан худалдагч “Черч&Двайт” компаниас хүлээж авсан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Т  ХХК-ийг зуучлалын үйл ажиллагааны явцад өөрийн буруугаас нэхэмжлэгч Х  ХХК-д хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Х  ХХК-ийн хариуцагч Т  ХХК-д холбогдуулан гаргасан 36,287,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х  ХХК-ийн хариуцагч Т  ХХК-д холбогдуулан гаргасан 36,287,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 4 сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжийн хураамжид урьдчилан төлсөн 339,390 төгрөгийн 339,385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Х  ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР