Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00834

 

“X” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02447 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 218 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “X” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 36 287 167 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“X” ХХК нь улс хоорондын тээврийн зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Т” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ТЗ/6/14/45 дугаартай Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэрээний дагуу Европын орнууд, Австрали, Хонг Конг зэрэг дэлхийн олон улсаас хүнс, гэр ахуй, өргөн хэрэглээний барааг тус компаниар тээвэрлүүлж ирсэн. Улмаар Австрали улсын Черч энд Двайт /Church & Dwight/ компаниас 29 нэр төрлийн нийт 9 876.18 австрали долларын үнэ бүхий барааг 2017 оны 3 сард манай компанид нийлүүлэхээр болсон бөгөөд уг барааг манай компани гэрээний дагуу “Т” ХХК-аар тээвэрлүүлэхээр 2017 оны 3 сард захиалга өгсөн боловч өнөөг хүртэл бараагаа хүлээн авч чадалгүй бизнесийн хувьд маш их хохирол амсаад байна.

... Барааны нийт үнэ болох 9 876.18 австрали долларыг “X” ХХК 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Австрали улсын Черч энд Двайт компани руу гадаад шилжүүлгээр шилжүүлсэн бөгөөд тухайн өдрийн Монгол банкны валютын ханшийн мэдээгээр нэг австрали долларыг зарах бэлэн бус гүйлгээний ханш нь 1 924 төгрөг байсан тул уг 9 876.18 австрали долларыг төгрөгт хөрвүүлбэл нийт 19 001 770 төгрөг болно. Нөгөөтэйгүүр хэрэв уг 19 001 770 төгрөгийн барааг манай тал хугацаандаа хүлээн авч борлуулсан бол нийт 17 285 397 төгрөгийн ашиг, орлого олох байсан юм.

Иймд “Т” ХХК-аас барааны үнэ 19 001 770 төгрөг, зайлшгүй орох байсан орлого 17 285 397 төгрөг, нийт 36 287 167 төгрөгийг гаргуулан “X” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... “X” ХХК нь худалдагч байгууллага болох Австрали улсын Черч энд Двайт компаниас 29 нэр төрлийн нийт 9 876.18 Австрали долларын үнэ бүхий бараа худалдан авсан боловч гэрээнд заасны дагуу эдгээр ачааг “Т” ХХК-аар тээвэрлүүлэх талаар захиалгын хуудасыг бөглөж захиалга өгөөгүй, мөн “Т” ХХК-ийн харилцагч тээвэрлэгч байгууллагад ачааг хүлээлгэн өгөөгүй байдаг.

Талуудын хооронд нэхэмжлэлд дурдсан ...29 нэр төрлийн барааг... тээвэрлэх талаар гэрээнд заасан харилцаа үүсээгүй тул X ХХК-ийн харилцагч байгууллага болох Австрали улсын Черч энд Двайт компанийн буруутай үйл ажиллагаанаас тус компанид учирсан хохирлыг Т ХХК барагдуулах хууль зүйн үндэслэлгүй.

... Мөн ачаа илгээгч Черч энд Двайт гэх компани нь худалдан авагч болон тээвэр зуучийн нэрлэсэн “Т” ХХК-ийн Австрали улс дахь түнш болох Фасипик Харвест гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч энэ талаар зааварчилгааг дагахгүй, өөр этгээдэд буюу Жонстон гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгсөн. Австрали улс дахь Жонстон гэх компани нь эдгээр ачааг Черч энд Двайт компанид буцаан олголгүй, ачааг барьцаалан, өөрийн агуулахдаа өнөөдрийг хүртэл байлгасаар байна.

... “Т” ХХК нь өөрийн харилцагч байгууллагад учирсан энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, “X” ХХК-ийн гадаад харилцааны менежер н.Тамирын хамт Черч энд Двайт компани руу яаралтай холбогдох арга хэмжээ авч, өөрийн буруутай үйл ажиллагааг залруулж, ачааг тээвэрлэгчид хүргүүлэх талаар удаа дараа и-мэйл явуулсан боловч хариу ирүүлэхгүй алга болсон. Манай компаниас Австрали дахь Монголчуудын холбоогоор дамжуулан Жонстон гэх компани руу ачааг авах зорилгоор ачааны автомашин явуулсан боловч Черч энд Двайт компанитай өр авлагын асуудал байгаа гэх шалтгаанаар хүлээлгэн өгөөгүй байдаг. “X” ХХК өөрийн худалдааны түнш Черч энд Двайт компанийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан энэхүү хохирлыг Австрали улсын хууль тогтоомжийн дагуу тус компаниас нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02447 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т ХХК-аас 18 687 411 төгрөг гаргуулж нэхэмжлэгч X ХХК-д олгож, үлдэх 17 599 756 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 251 387 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 218 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 252 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн энэхүү гэрээний харилцаа буруу тодорхойлж, талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулагдсан гэж дүгнэсэн шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

“Тээвэрлэлтийн гэрээ” болон “Зуучлалыи гэрээ”-нээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа эдлэх эрх, хүлээх үүрэг, маргаан гарсан тохиолдолд хэрхэх зэрэг нь ялгаатай, тус тусын эрх зүйн үр дагаврыг бий болгох тул ийнхүү, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас гарсан шийдвэр нь хариуцагч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна.

Магадлалын үндэслэх хэсэгт “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “илгээгч Австрали улсын Черч энд Двайт компани хариуцагч байгууллагын зөвлөсөн тээвэрлэгч болох Фасипик харвест компанид барааг хүлээлгэн өгөөгүй, ачааг хүлээн авах эрхгүй этгээдэд барааг хүргэсэн, мөн өгсөн зааврыг дагаагүй” гэж тайлбарласан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна...” хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.

... анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон эдгээр баримтыг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02447 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 218 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй, улмаар Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдлийг хэвээр үлдээх боломжтой байна.

Нэхэмжлэгч “X” ХХК нь хариуцагч “Т” ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 36 287 167 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч “Т” ХХК шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өөрийнх нь  буруутай ажиллагааны улмаас гадаадаас бараа тээвэрлэх гэрээ байгуулагдаагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч зохигчийн хоорондох эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлоогүй байна.

Зохигч нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээнд нэхэмжлэгч “X” ХХК нь үйлчлүүлэгч, хариуцагч “Т” ХХК нь зуучаар оролцжээ.

“Т” ХХК нь нэхэмжлэгчийн захиалгын дагуу түүний ачааг тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, тээвэрлэгчтэй зохих гэрээг байгуулах, шаардлагатай төлбөр тооцоо, тохиролцоог хийх үүрэг хүлээсэн, харин өөрөө тээвэрлэлтийг хийх үүргийг хүлээгээгүй байхад хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тээвэрлэлтийн гэрээнийх гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.-д зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1.-д зааснаар аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Хариуцагч “Т” ХХК нь аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд тээвэр зуучлал явуулдаг байх тул түүнийг худалдааны зуучлагч гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч “X” ХХК нь хариуцагчийг Австрали улсын “Черч энд Двайт” компаниас худалдан авсан барааг тээвэрлэх ажлыг зохион байгуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, барааны үнэ 9 876 австрали доллар буюу 19 001 770 төгрөг, олох байсан орлого 17 285 397 төгрөг нийт 36 287 167 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгчийн харилцагч Австрали улсын “Черч энд Двайт” компани нь хариуцагч байгууллагын зөвлөсөн тээвэрлэгч болох “Пасифик харвест” компанид барааг хүлээлгэн өгөөгүй, өөр этгээдэд хүргэсэн, өгсөн зааврыг дагаагүй гэж тайлбарласан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчийн хооронд ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу тээвэр зуучийн захиалга өгсөн, худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал тээвэр зуучийн зөвлөсөн байгууллага, хаягаар ачааг илгээсэн, гэж үзжээ.

Улмаар тээвэр зууч ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж, барааны үнэ 9 876 австрали доллар буюу 18 687 411 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413 дугаар зүйлийн 413.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 218 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1., 227 дугаар зүйлийн 227.3.-т” гэснийг “Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 252 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН