Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01905

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01471 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 36 287 167 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь улс хоорондын тээвэр зууч Т ХХК-тай 2014 оны 10 сарын 8-ны өдөр №ТЗ/6/14/45 тоот гэрээг бичгээр байгуулан, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Европын орнууд, Австрали, Хонг Конг зэрэг дэлхийн олон улсаас хүнс, гэр ахуй, өргөн хэрэглээний барааг тус компаниар тээвэрлүүлж ирсэн. Австрали улсын Черч Двайт /Church & Dwight/ компаниас 29 нэр төрлийн нийт 9 876.18 австрали долларын үнэ бүхий барааг 2017 оны 3 сард  нийлүүлэхээр болж, Т ХХК-аар тээвэрлүүлэхээр 2017 оны 3 сард захиалга өгсөн ч, бараагаа хүлээн авч чадалгүй бизнесийн хувьд маш их хохирол амслаа. Гэрээний 3.1-д зууч нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болох Захиалга авах хуудасны дагуу ачааг тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, зохих ёсоор хүлээлгэж өгснөөр үүрэг дуусгавар болно, 6.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөгөө талдаа нөхөн төлнө, 6.3-т зууч нь ачаа тээвэрлэлтээс бусад тээвэр зуучийн үйлчилгээний үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгчид учирсан гэм хор, хохирлыг хариуцна гэж  заасан тул тээвэрлүүлсэн барааны үнэ 9 876.18 австрали долларыг төгрөгт хөрвүүлж,нийт 19 001 770 төгрөг,  борлуулсан бол нийт 17 285 397 төгрөгийн ашиг орлого  нийт 36 287 167 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь олон улсын ачаа тээврийг зохион байгуулах чиглэлээр  Х ХХК-тай 2014 оны 10 сарын 8-ны өдөр №ТЗ/6/14/45 тоот гэрээ байгуулж, ажиллаж ирсэн. Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ-ний 3.1.1, 3.2.1 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгч Х ХХК-аас тээвэрлэлт хийлгэхээр захиалга өгөх тохиолдолд захиалгын хуудсыг  бөглөж захиалга өгөх, Зууч /Т ХХК/-аас энэхүү гэрээний салшгүй хэсэг болох "Захиалгын хуудсыг хүлээн авч, үнийн саналыг үйлчлүүлэгчид хүргүүлснээр талуудын хооронд энэхүү гэрээнд заасан тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаа үүсэх юм.

 

Х ХХК нь худалдагч Австрали улсын Ч компаниас 29 нэр төрлийн нийт 9 876.18 австрали долларын үнэтэй ачааг Т ХХК-аар тээвэрлүүлэхээр  захиалгын хуудсыг бөглөж өгөөгүй, мөн Т ХХК-ийн харилцагч нь тээвэрлэгч байгууллагад ачааг хүлээлгэн өгөөгүй,29 нэр төрлийн барааг тээвэрлэх  харилцаа үүсээгүй тул хохирлыг Т ХХК барагдуулах хууль зүйн үндэслэлгүй. Х ХХК-аас гэрээнд заасан журмын дагуу эдгээр ачааг тээвэрлэх талаар захиалга өгөөгүйгээс гадна тус компанийн нийлүүлэгч буюу худалдагч Ч дэх компани нь эдгээр ачааг худалдагч болон тээвэр зуучийн нэрлэснээс өөр тээвэрлэгч Ж гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгсний улмаас талуудын хооронд уг асуудлаар маргаан үүсээд байна.

Ачаа илгээгч Ч гэх компани нь худалдан авагч болон тээвэр зуучийн нэрлэсэн  Т ХХК-ийн Австрали улс дахь түнш болох Фасипик Харвест гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч энэ талаар зааварчилгааг дагахгүй, өөр этгээдэд буюу Ж гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгсөн.

Австрали улс дахь Ж гэх компани нь эдгээр ачааг Ч компанид буцаан олголгүй, ачааг барьцаалан, өөрийн агуулахдаа өнөөдрийг хүртэл байлгасаар байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан 36,287,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 4 сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжийн хураамжид урьдчилан төлсөн 339,390 төгрөгийн 339,385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нотлох баримтаар авагдсан, үзлэг хийж бэхжүүлсэн цахим шуудангуудаас хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд байгаа 2017.02.01-ний өдрийн цахим шууданг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байх боловч уг нотлох баримтыг үгүйсгэж байгаа хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд байгаа 2017.03.13-ны өдрийн "Ачааны падаан"-ныг хэрхэн дүгнэж байгаа талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт заагаагүй байна. Өөрөөр хэлбэл дээрх баримт нийлүүлэгч Австралийн *Ч" компанийн тээвэр зуучлалын "Бэг транс" компани нь захиалагч "Х" ХХК-ийн захиалсан барааг худалдааны зуучлагч Т" ХХК-ийн Австралийн тээвэр зуучлалын "П" компани, түүний хариуцсан ажилтанд хүлээлгэн өгсөн гэж ойлгогдохоор байна.

 

Хариуцагч Т" ХХК нь хууль болон гэрээнд заасны дагуу захиалагчийн барааны ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг саадгүй зохион байгуулж, зохих ёсоор хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ өөрийн тээвэр зуучлалын Австралийн "П" компаниар гүйцэтгүүлсэн боловч уг тээвэр зуучлалын компанийн буруутай үйл ажиллагааны улмаас захиалагчид хохирол учраад байгаа тул уг учирсан хохирлыг худалдааны зуучлагч бүрэн хариуцах ёстой юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу худалдан авсан барааны үнэ 19 001 770 төгрөг, олох байсан орлого 17 285 397 төгрөг, нийт 36 287 167 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...,гэрээ байгуулагдаагүй, гэрээний харилцаа үүсээгүй” гэж маргажээ. /хх-ийн 1-3, 35-36/

 

Талууд хэрэгт гуравдагч этгээдүүдтэй цахим шуудангаар харилцсан, ачааны падаан гэх орчуулгын баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгчээ. /хх-42-49, 96-103/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй  бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр заажээ. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байх шаардлагатай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох гол баримт болгож байгаа хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан Фасифик Харвест ложистик компанид бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгсөн гэх баримт нь хэдийгээр орчуулгын товчоогоор орчуулуулсан боловч орчуулгын эх сурвалж болсон баримт нь цахимаас хуулбарлан авсан хэлбэртэй байна. Нотлох баримт цахим хэлбэрээр байж болох ч түүнд үзлэг хийлгэн бэхжүүлэх гэх мэт нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангасан байдлаар гаргаж өгөх ёстой.

Ийнхүү дээрх баримтуудыг нотлох баримт шинжлэн хэлэлцэх явцад судалсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан байх боловч тэдгээрийн агуулгыг тусгаагүй, уг нотлох баримтад хуульд заасан журмын дагуу үзлэгийн тэмдэглэл үйлдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл цахим мэдээллийн эх сурвалжийн агуулгыг тэмдэглэж, бэхжүүлээгүй байна. /хх-86-87, 124-126/

Хэргийн 86-87 дугаар талуудад цахим баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан. Уг үзлэгийн тэмдэглэлд хэргийн 79 дүгээр талд авагдсан цахим шуудангаас хуулбарлан авсан баримт хамрагдаж үзлэгт ороогүй.

Хэрэгт авагдсан бүх баримтыг шинжлэн судалсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд туссан ч агуулга нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэх зохицуулалтад нийцээгүй. Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасан ажиллагааг дутуу хийсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01471 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хан-Бүргэдэй” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                               ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                      Ш.ОЮУНХАНД