Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 00180

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     А.Найгалмаагийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01049 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.Найгалмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Батхишигт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 34.758.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Найгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч А.Найгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Найгалмаа миний бие 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй 15.000.000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэй, 3.000.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэй, 5.000.000 төгрөг нийт 23.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан хүү алданги тооцох нөхцөлтэйгөөр Д.Батхишигт зээлдүүлсэн. Дээрхи гурван гэрээнээс гадна 2.000.000 төгрөг, 9.300.000 төгрөг, 4.000.000 төгрөгийг тус тус зээлдүүлж уг зээлүүдээ Д.Батхишиг нь төлж дуусгасан болно. Одоо шүүхэд нэхэмжилж байгаа дээрхи гурван зээлийн үүргээс 15.000.000 төгрөгний зээлээс 10.000.000 төгрөгийг төлсөн. 7.108.000 төгрөгийг хүүнд өгсөн. Харин 3.000.000, 5.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс нэг ч төгрөг төлөөгүй. Эхний зээл болох 15.000.000 төгрөгийн хувьд 15 сарын хүү 22.500.000 төгрөг үүнээс хүүнд төлсөн 7.108.000 төгрөгийг хасч 15.392.000 төгрөгийн хүү нэхэмжилж үндсэн зээлээс 200.000 төгрөгийг хасуулсаныг тооцон мөн 2017 оны 6 дугаар сард төлсөн 10.000.000 төгрөгийг хасч үндсэн мөнгө 4.800.000 төгрөг нийт 20.192.000 төгрөг, дараагийн үндсэн зээл 3.000.000 төгрөг, хүү 600.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг нийт 5.100.000 төгрөг, сүүлийн зээл 5.000.000 төгрөг 118 хоногийн хүү 1.966.000 төгрөг, алданги хуульд нийцүүлэн 2.500.000 төгрөг нийт 9.466.000 төгрөг болж байгаа юм. Д.Батхишиг нь 3 удаагийн гэрээгээр 23.00.000 төгрөг авсан нь хууль болон гэрээнд заасны хүү, алданги үндсэн төлбөрийн хамт нийт 34.758.000 төгрөг болсон байна. Иймд Д.Батхишигээс нийт 34.758.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Д.Батхишиг нь нэхэмжлэгч А.Найгалмаагаас 18.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд 5.000.000 төгрөгийг гардаж аваагүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 43.000.000 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг хариуцагч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01049 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Батхишигээс 16.896.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Найгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.861.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батхишигээс улсын тэмдэгтийн хураамжид 247.259 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Найгалмаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч болон нэхэмжлэгч нар нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан. Гэвч Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий мөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчид үндсэн зээл болон хүү төлөх үүрэг үүссээгүй юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбар нь зээлийн гэрээний арын хуудсанд байх мөнгө хүлээн авсан зээлдэгч гэсэн хэсэгт зурсан Д.Батхишигийн гарын үсгээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэн 5.000.000 төгрөгний зээлийн гэрээний шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь дээрх зээлийн гэрээний арын хуудсанд мөнгө хүлээж авсан зээлдэгч гэсэн гарын үсэг нь байхгүй. Мөн маргаан бүхий 5.000.000 төгрөгийг хариуцагч бэлэн болон бэлэн бусаар хүлээж авсан болох нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байхад шүүх нэг талыг барьсан хийсвэр дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 05-р сарын 30-ны өдрийн 15.000.000 2014 оны 06-р сарын 12-ны өдрийн 3.000.000 төгрөгний зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 43.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад 30.074.000 төгрөгийг буцаан авсан талаар маргаагүй, гэхдээ уг мөнгө нь өөр бусад гурван зээлийн гэрээнд тооцогдох ёстой төлбөр гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.1, 38-р зүйлийн 38.1-д зааснаар тус тайлбараа нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. 30.074.000 төгрөгийг өмнөх гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор шилжүүлсэн гэх нотлох баримт хавтас хэрэгг байхгүй. Гэтэл анхан шатны шүүх Зохигчдийн хооронд дээрхи маргаан бүхий гэрээнүүдээс гадна 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4.000.000 төгрөгийн, 2014 оны 10 дугаар 28-ны өдрийн 9.300.000 төгрөгийн гэрээнүүд байгуулагдаж төлбөр тооцоо хийгдэж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн 30.074.000 төгрөгийг хүлээн авсан тухай тайлбараар нотлогдож байна гэж дүгнэлт хийсэн хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь талуудын хооронд өөр зээлийн гэрээ байгуулагдсан нь 30.074.000 төгрөгийг бусад зээлийн төлбөрт төлсөн гэх нотлох баримт болохгүй юм. Тус хариу тайлбартаа холбоотой нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байхад Шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн хариу тайлбарыг үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.16-ны өдрийн 1049 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг үүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны агуу хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.Найгалмаа зээлийн гэрээний үүрэг 34.758.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...зээлийн төлбөрт нийт 43.000.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэсэн үндэслэлээр маргажээ.

Шүүх А.Найгалмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөрт 16.896.300 төгрөг гаргуулж, үлдэх 17.861.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний тухайд:

1/.Нэхэмжлэгч А.Найгалмаа 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлүүлэх, 14 хоногийн хугацаатай зээлсэн ба зээлийн хугацааг хэдэн сараар хэрхэн сунгасан болох нь тодорхой бус, гэрээнд талуудын гарын үсэг зурагдаагүй байх тул зээлийн хүү 233.333 төгрөг төлөхөөс /5.000.000 төгрөг х14хоног х10%=233.333 төгрөг/ зээлийн хүү 1.080.000 төгрөг төлсөн тул хариуцагчаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг нийт 7.500.000 төгрөг гаргуулах,

2/ 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сар 18 хоногийн хугацаатай, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн хүүд тооцож өгсөн, авсан талаарх нотлох баримтаа талуудын хэн хэн нь шүүхэд гаргаж ирүүлээгүй тул хариуцагчийн төлөх ёстой зээлийн хүү 780.000 төгрөгийг 11 дүгээр сарын 17 ны өдрийн зээлийн хүүд төлсөн 1.080.000 төгрөгт /233.333+780.000=1.013.333 төгрөг/ тооцож үндсэн зээл-3.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг бүгд 4.500.000 төгрөг гаргуулах,

3/ 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж зээлийн хугацааг сунгаж зээлийн хүү 15 сарын хүү 22.500.000 төгрөг төлөхөөс 7.108.000 төгрөг, үндсэн зээлнээс 10.200.000 төгрөг төлсөн тул үндсэн зээл 4.800.000 төгрөг, зээлийн хүү 15.392.000 төгрөг нийт 20.192.000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүх уг зээлийн төлбөрт тооцож 6.396.300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч А.Найгалмаа зээл 15.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн хугацааг сунгасан, 15 сарын хүү төлөх ёстой гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчдын гаргасан тайлбараар үгүйсгэгдэж байна.

Тухайлбал талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд сарын хүү 4 хувь гэж тодорхойлж бичсэн, тэрээр зээлийн хүүг 6 хувиар тооцож, тооцооны / хх-ийн 50 тал/ баримтыг нь шүүхэд өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн гэрээнд зээлийн хугацааг хэдэн сараар хэрхэн сунгасан талаар тодорхой заагаагүй, талуудын гарын үсэг зурагдаагүй байх тул хариуцагч Д.Батхишиг үндсэн зээл 15.000.000 төгрөг, зээлийн хүү 1.800.000 төгрөг, алданги төлөх үүрэг хүлээснээс зээлийн төлбөрт үндсэн зээл 10.200.000 төгрөг, зээлийн хүү 7.108.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.078.400 төгрөг нийт 20.386.400 төгрөг нэхэмжлэгчид буцааж төлсөн байх тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж  үзэхээр байна. / хх-ийн 50, 83 тал/

Учир нь зохигчид хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зээлийн төлбөр төлсөн, авсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу багасгаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 3.586.400 төгрөгийг алдангид тооцсон болно.

Хариуцагч Д.Батхишиг нь 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зээлсэн 15.000.000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан зээлийн хүү 1.800.000, алданги

 

3.586.400 төгрөг тус тус төлж зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн төлбөрт үндсэн зээл 3.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5.000.000 төгрөгний зээлийн төлбөрт үндсэн зээл 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг нийт 12.000.000 төгрөг төлөх нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын гаргасан тайлбар, эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч А.Найгалмаад зээлийн төлбөрт нийт 12.000.000 төгрөг хариуцагчаас гаргуулж олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 22.758.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч зээлийн төлбөрт нийт 43.000.000 төгрөг төлсөн болохоо нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний гаргасан “...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/01049 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Д.Батхишигээс зээл алдангид нийт 12.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Найгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22.758.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...хариуцагч Д.Батхишигээс улсын тэмдэгтийн хураамжид 247.259 төгрөг гаргуулж...” гэснийг “...хариуцагч Д.Батхишигээс улсын тэмдэгтийн хураамжид 206.950 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Батхишигийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.260 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ