Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 00181

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/01061 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Сувдаад холбогдох

“Орон сууцны үнэ 796.700.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Ц.Мөнхтүшиг, Б.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Эрдэнэт Үйлдвэр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 21, 24 дүгээр зүйл, Монгол Улсын төрийн өмчийн хорооны даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/2496 дугаар албан бичиг болон 2012 оны 12 дугаар сарын 06, 14-ний өдрүүдийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн эчнээ хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн Ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар иргэн Сүрэнгийн Сувдааг компанийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилж, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр түүнтэй контракт нэртэй, компанид 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/402-12 дугаар бүртгэлтэй, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. С.Сувдаатай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/402-12 бүртгэлтэй Контракт нэртэй хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр бүлэгт Компанийн ажлын үр дүн сайн тохиолдолд, энэ контрактын дагуу компанид 3 жил ажилласны дараа, ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчид Улаанбаатар хотод 3 өрөө орон сууцыг

мебелийн хамт, тухайн худалдан авах үеийн зах зээлийн ханшаар компанийн хөрөнгөөр олгох шийдвэрийг компанийн Зөвлөл гаргана гэж заасан байна.

Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажлыг үнэлж дүгнэх эрх бүхий субъект болох Компанийн Зөвлөл ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд үнэлэлт дүгнэлт гаргаагүй, С.Сувдаа компанид 3 жил ажиллаагүй, компанийн Зөвлөлийн шийдвэр гараагүй байхад С.Сувдаа өөрөө компанийг төлөөлөн Будын эх ХХК-тай гэрээ байгуулан, 796.700.000 төгрөг шилжүүлэн Улаанбаатар хотод 180,3 метр квадрат талбай бүхий 4 өрөө байр, автомашины 2 зогсоол худалдан авсан нь контрактын дээрх заалтыг илт зөрчсөн байна.

С.Сувдаа Эрдэнэт үйлдвэр ХХК-д 2 жил ажилласны дараа, өөрөө компанийг төлөөлөн Будын эх ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр КО 411319502 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд төлбөр болох 796.700.000 төгрөгийг нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1896 дугаартай төлбөрийн даалгавраар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Орхон Худалдаа хөгжлийн банк дахь 407016667 дугаар данснаас Будын эх ХХК-ийн Голомт банк дахь 2105019084 дугаар дансанд шилжүүлсэн байна. Иймд эрх бүхий байгууллагын шийдвэргүй авсан орон сууцны үнэ болох 796.700.000 төгрөгийг иргэн Сүрэнгийн Сувдаагаас гаргуулан төлүүлж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Сувдаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан “...компанид 3 жил ажиллаагүй, компанийн Зөвлөлийн шийдвэр гараагүй байхад...”. гэсэн үндэслэлийн тухайд: 2012 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал С.Сувдаатай Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн контракт /Өндөр ур чадварыг ашиглах гэрээ/-ийг байгуулан ажиллаж ирсэн ба үүний агуулгыг хуульд заасны дагуу талууд өөрсдөө тодорхойлж, 4 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.

Мөн ...С.Сувдаа өөрөө Будын эх ХХК-тай гэрээ байгуулан орон сууцны төлбөр болох “.... мөнгийг шилжүүлсэн…” гэх үндэслэлийн тухайд: С.Сувдаа нь өөрөө дур мэдэн өөрөө өөртөө шийдвэр гаргаагүй, бусад орлогч нартай ижил хугацаанд ижил хэлбэрээр эрх бүхий удирдлагын шийдвэрээр шийдүүлсэн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд олон нийтэд анхлан тараагдаж, ил болсон, 2014 оны 12-р сард  Даваасамбуу, Б.Алтанхуяг, Б.Намхайнямбуу, Х.Өлзий-Орших, С.Сувдаа нарын орлогч захирлууд, зарим хэлтсийн дарга /санхүүгийн хэлтсийн дарга 5 Батжаргалсайхан/ нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн төлбөрийн шилжүүлгийн болон худалдагч байгууллагуудтай хийсэн орон сууцны гэрээ гэх баримтууд нотлох болно.

Нэхэмжлэлд дурдсан “...эрх бүхий байгууллагын шийдвэргүй авсан гэх тухайд:  Гүйцэтгэх удирдлагын багийн тэдний контрактад заасан зсуудлыг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн шийдвэрлэхдээ ганц С.Сувдаад зориулсан шийдвэр гаргаагүй, нийтлэг шийдвэр гаргасан байх бөгөөд Ерөнхий захирал Ц.Даваацэрэн энэ шийдвэрийнхээ талаар 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Уурхайчин соёлын ордонд УИХ-ын дарга З.Энхболдтой хийсэн уулзалт дээр Миний өмнө хариуцлага хүлээсэн удирдлагын багтаа, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээр нүүрээ улайлгаж явсан захирлууддаа би

энэ хэмнэлтээс байр авч өгсөн. Өөрсдөө баялгийг бий болгоод баялгийнхаа эх үүсвэрээс урамшуулал авсан юм. Би надад оногдсон эрхийн хүрээнд шийдсэн.

Нэхэмжлэлд дурдсан “...орон сууцны үнийг С.Сувдаагаас гаргуулан төлүүлж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хохиролгүй болгуулах...” гэх үндэслэлийн тухайд:

Энэ нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн өмнөх олон удаагийн захирлууд орлогч нарын авч байсан одоо ч авч байгаа нэгэнт тогтсон хууль зөрчөөгүй урамшуулал бөгөөд тус компанийг орон сууцны төлбөр шилжүүлэхийг адаагүй, нэхэмжлээгүй, харин Ерөнхий захирал нь хуулийн хүрээнд шийдвэрлэж олгосон урамшуулал бөгөөд үүнийг буцаан нэхэмжилж байгаа нь хуульд заасан шаардах эрхийн үндэслэлгүй нэхэмжлэл байна. Иймээс Б.Чинбат, Н.Энхболд нарын С.Сувдаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/01061 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаарзүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.141.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат давж заалдсан гомдолдоо:

Шудрага ёсны зарчмыг илтэд зөрчсөн тухайд:

Тус үйлдвэрийн ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч асан С.Сувдаа нь 2012-2015 он хүртэл 2,5 жилийн хугацаанд ажиллахдаа ажиллаж байсан хугацааныхаа бүх цалин урашуулал, нэмэгдэл хөлсийг бүрэн авч байснаас гадна 796.700.000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг ямар нэг тушаал шийдвэргүй, үндэслэлгүй авсан нь компанийн ажилтны 44 жилийн дундаж цалин хөлстэй тэнцэж байна. Энэ нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна.

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн тухайд:

С.Сувдаа нь яг ямар ажил хийж гүйцэтгэсэн, хэдэн төгрөгний хэмнэлт гаргасан, компанийн үр ашгийг хэдэн хувиар нэмэгдүүлсэн талаарх тайлан, дүгнэлт байхгүй байгаа нь түүнийг компанийг ашигтай сайн ажилласанд эергээр нөлөөлсөн гэж үзэх боломжгүй болгож байна. Мөн удирдлагын ямарч шийдвэр гараагүй байхад гэрчийн мэдүүлэгт дурдсан “нэр заагаагүй, тодорхой бус этгээдэд шагнал олгох нь зүйтэй гэж яригдсан аман яриа, асуудлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн С.Сувдаад орон сууц олгох албан ёсны шийдвэр байсан" гэж дүгнэж байгаа нь алдаатай юм.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэтэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх зохицуулалт нь "Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байх” тухай зохицуулалт юм. Өөрөөр хэлвэл уг зохицуулалтыг хэрэглэсэн тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн Эрдэнэт үйлдвэр ХХК нь хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан С.Сувдаагаас байрны үнийн дүнг буцаан шаардах эрхтэй байхыг тогтоох учиртай байтал нэхэмжлэлийн шаардлагыг уг хуулийн заалтаар хэрэгсэхгүй болгож буй нь хууль хэрэглээний ноцтой алдаа юм.

Шүүхийн 142/ШШ2017/00453 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийн материалд байхгүй нотлох баримтыг иш татаж үндэслэсэн тухайд:

2014 оны 12 дугаар сард Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2 жилийн хугацаанд эдийн засгийн хүнд нөхцөлд үр ашигтай хэмнэлтиин горимоор ажиллуулж үр дүнд хүргэж, хэмнэлт гаргасан менежментийн багийнханд контрактад заасан урамшуулал, хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан гэж шүүх дүгнэсэн. Хэргийн материалд Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн гаргасан тийм тушаал, шийдвэр байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт ... хэргийг хянан шийдвэрлэх үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэсэн байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 44 дүгээр зүйлд заасан шаардлагьгг хангаагүй нотлох баримтанд тулгуурлан, гэрч Б.Алтанхуяг, Д.Даваасамбуу нарын гэрчийн мэдүүлэгт байхгүй зүйлийг үндэслэх хэсэгт заасан нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Ийнхүү анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй, шудрага ёсны зарчмыг илтэд зөрчсөн зэрэг алдаа гаргасан байх тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХКомпани нь хариуцагч С.Сувдаагаас орон сууцны үнэ -796.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “...өөртөө дур мэдэн шийдвэр гаргаж аваагүй, ажил

олгогчтой байгуулсан контрактын гэрээний дагуу олгогдсон урамшуулал болох 796.7000.000 төгрөгний үнэ бүхий орон сууц худалдаж авсан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

 Шүүх нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний гаргасан орон сууцны үнэ 796.700.000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Ерөнхий захирлын шийдвэрээр бусад 4 захирлын адил урамшуулалд хамрагдсан, ...орон сууцыг сайн дурын үндсэн дээр олгосон байх тул буцаан шаардах үндэслэл тогтоогдохгүй байна...” буруу шийдвэр гаргасны улмаас компанид хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохиролоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй..” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч С.Сувдаа нь тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/438 дугаар тушааалаар Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд томилогдож улмаар 12 дугаар сарын 28-ны өдөр 5/402/-12 дугаар бүртгэлтэй хөдөлмөрийн контракт байгуулж ажилласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч С.Сувдаа ажил олгогч нарын хооронд  байгуулсан контрактийн гэрээний 4 дүгээр бүлэгт “...компаний ажлын үр дүн сайн тохиолдолд, ...компанид 3 жил ажилласны дараа ...Улаанбаатар хотод 3 өрөө орон сууцыг мебелийн хамт тухайн орон сууц худалдан авах үеийн зах зээлийн ханшаар компаний хөрөнгөөр олгох шийдвэрийг Компаний Зөвлөл гаргана” гэж заасны дагуу 3 өрөө орон сууц авах эрх үүссэн хэдий ч тэрээр тус компанид 2 жил ажиллаж байх хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зөвлөлийн шийдвэр гараагүй байхад Улаанбаатар хотод 796.700.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууц, автомашины 2 ширхэг гражыг компаний хөрөнгөөр худалдан авсан болох нь № 1896 дугаар бүхий төлбөрийн даалгавар, орон сууцны захиалгын гэрээ болон бусад баримтаар тогтоогдсон байна.

Түүнчлэн хариуцагч С.Сувдаад гэрээнд заасан урамшуулал буюу 3 өрөө орон сууц олгох эсэхийг тус компаний Ерөнхий захирлын эрх хэмжээнд хамаарах асуудал биш харин компаний Зөвлөл шийдвэрлэхээр Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний дүрэм болон талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан байхаас гадна хариуцагч ажлын тайланг гаргаж хөдөлмөрийн гэрээг дүгнүүлээгүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна.   

Нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний гаргасан орон сууцны үнэ 796.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Сувдаа эс зөвшөөрч маргаж байгаа буй тайлбар, татгалзлалаа баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч С.Сувдаа нь Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцагч орлогч даргаар ажиллаж байхдаа зохих зөвшөөрөл олгогдоогүй, гэрээнд заасан болзол биелэгдээгүй /3жил/ байхад 3 өрөө орон сууцны үнэ 796.700.000 төгрөгийг тус компаниас бэлэн бусаар шилжүүлж 3 өрөө орон сууц, 2 ширхэг граж худалдан авч улмаар хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй, шудрага ёсны зарчмыг илтэд зөрчсөн зэрэг алдаа гаргасан байх тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч С.Сувдаа нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнүүлж зохих урамшуулалаа нэхэмжлэгч байгууллагаас авахад энэхүү шийдвэр саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/01061 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг ”Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Сувдаагаас орон сууцны үнэ 796.700.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХК-д олгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаарзүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Сувдаагаас 4.141.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.141.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ