Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/807

 

    2022         06           24                                    2022/ШЦТ/807

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Р.Мягмардорж,

Шүүгдэгч Ө.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Хад холбогдох 2225000140969 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, суух бүртгэлтэй, одоо Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Автомалл блокны үйлдвэр”-т байрлаж ажилладаг гэх, урьд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Х

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ө.Х нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошуу 21- 11 тоотод оршин сууж байхдаа фейсбүүк цахим орчинд “Тоёота кровн-204” маркийн автомашины хойд гэрэл зарна гэх зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн Д.А т өөрт байхгүй эд зүйлийг байгаа гэх итгэл төрүүлж, худалдан борлуулахаар тохирч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000 тоот дансаар урьдчилгаа гэж 150.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тухайн эд зүйлийг шилжүүлж буй мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн Хаан банкны 0000000 тоот данс руу 700.000 төгрөгийг нийт 850.000 төгрөгийг хохирогчоос шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ө.Х нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошуу 21- 11 тоотод оршин сууж байхдаа фейсбүүк цахим орчинд “Тоёота кровн-204” маркийн автомашины хойд гэрэл зарна гэх зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн Д.А т “өөрт байхгүй эд зүйлийг байгаа” гэх итгэл төрүүлж, худалдан борлуулахаар тохирч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000 тоот дансаар урьдчилгаа гэж 150.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тухайн эд зүйлийг шилжүүлж буй мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн Хаан банкны 0000000 тоот данс руу 700.000 төгрөгийг нийт 850.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан  болох нь:               

- Д.А ийн эзэмшлийн Хаан банкны 5091140966 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-10-р хуудас/

- Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 21/810 тоот албан бичиг, Ө.Хын эзэмшлийн Хаан банкны 0000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51-55-р хуудас/,

- хохирогч Д.А ийн...Фейсбүүк цахим орчинд кровн 204 маркийн автомашины хойд гэрэл зарна гэх зарын дагуу тухайн хүнтэй фейсбүүк хаягаар болон 95445837 дугаарын утсаар холбогдож байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкны 5135407695 тоот дугаартай данс руу 150.0 төгрөгийг урьдчилгаа мөнгө гэж шилжүүлсэн. 7 хоногийн дараа машинд тавьчхаад үлдсэн мөнгөө авъя гэсэн юм. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мессежээр эгчээ 67-55 ОРХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд өгчихлөө 99589638 дугаарын утсаар холбогдоорой гэсэн. Тэгэхээр нь өөрийн эзэмшдэг Хаан банкны 5091140966 тоот дугаарын данснаас 700.0 төгрөгийг Х эзэмшигчтэй 5135407695 тоот дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн хүний өгсөн дугаар луу холбогдох гэсэн боловч холбогдох боломжгүй байсан, 10 гаруй хоног хүлээж байгаад цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-17-р хуудас/

- шүүгдэгч Ө.Хын...Өөрийн ашигладаг Фейсбүүк хаягаас тоёота кровн 204 маркийн автомашины хойд гэрэл зарна гэх зарыг кровн эзэмшигчдийн фейсбүүк группэд байршуулсан ба уг зарын дагуу Д.А  гэх хүн надтай холбогдсон бөгөөд худалдаж авахаар тохироод урьдчилгаа 150.000 төгрөгийг миний 0000000 дугаартай миний нэртэй данс руу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Түүний дараа би тоёота кровн 204 маркийн автомашины хойд гэрлийг “Драгон” дээрээс унаанд тавьсан гэж хэлээд өөрийн 0000000 данс руу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан ба тухайн үед надад тоёота кровн 204 маркийн автомашины хойд гэрэл байхгүй байсан учраас би уг захиалсан гэрлийг Д.А  рүү явуулаагүй...Тухайн үедээ мөнгөгүй болоод өөрт байхгүй тоёота кровн 204 маркийн автомашины хойд гэрлийг байгаа мэтээр ярьж унаанд тавьсан гээд мөнгийг нь шилжүүлж авсан гэх мэдүүлэг /хх-75-76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-75-76, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд  болон шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.  

2.2. Тус шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмтэл үйлдэл тус тус нотлогдсон буюу залилах гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ө.Хыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

3. Хохирол, хор уршиг :        

Шүүгдэгч нь хохирогчид 850.000 төгрөг төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлсэн болно. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

Шүүгдэгч Ө.Х нь урьд 2015 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүнийг уг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-27, 83-88/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-27-29-30, 32, 34, 36, 41, 43, 45, 47, 49, 51-55, 75, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

2. Бусад асуудал      

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.             

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ө.Хыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хад оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ө.Хаас 850.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.А т олгосугай.   

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ө.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ГАНБААТАР