Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 163

 

М.Т, Э.Т, Э.Э, Б.С нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1214 дүгээр магадлалтай, М.Т, Э.Т, Э.Э, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав, шүүгдэгч Б.С түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Х овогт М Т нь 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн М.А-гийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “А”, “А”, “Х”, “К” ХХК-иудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, нийт 4.374.544.354 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг байгуулж, 4.084.172.065 төгрөгийн санхүүжилт аван, 2.979.123.876 төгрөгийн ажил гүйцэтгэж, улсын төсөвт нийт 1.105.048.189 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд:

Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжигдэх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бичил паркийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт танил Ө.П-ын К” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдэд нөлөөлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчиж, 2011 оны 8 дугаар сарыи 17-ны өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 407.900.016 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 375.656.371 төгрөгийн санхүүжилт авснаас 305.623.762 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 70.032.609 төгрөгийн хохирол учруулсан,

Боловсрол, Соёл, Шинжпэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутагдэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “А” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “А” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг найз Э.Т-аар зохион байгуулуулж, хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

Нийслэлийн засаг даргын тамгын газрын улсын төсвөөс 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн найз М.Э-ы хамаарал бүхий “Х” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2-т заасныг зөрчиж, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны хүүхдийн тоглоом, зам талбай, тохижилтын ажлыг 349.855.214 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 343.568.626 төгрөгийн санхүүжилт авснаас, 157.061.703 төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэн, улсын төсөвт 186.506.923 төгрөгийн хохирол учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/04, 236/5, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “А”, “А” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “А”, “Аптантэнгэр” ХХК-аас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “А” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01, /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан,

“А” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/04 дугаартай /615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй/, мөн өдөр СХД/ТА/236/05 дугаартай /595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилт авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Э-ын Т нь Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “А” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “А” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгүүлэн, улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “А” ХХК-ний нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй,“А” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “А” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртөгөөр уг ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд, дэмжлэг үзүүлж “А” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулан, уг ажлыг хийж гүйцэтгүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1954 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, сантехникч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ын Э нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “А” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “А” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Ттай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийхаа дансаар 1.217.221.617 төгрөгийн санхүүжилтыг авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцсон,

мөн дээрх үйлдлийн аргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “А” ХХК-ний нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “А” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “А” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Т-тай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийхаа дансаар 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртөгөөр уг ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцож, улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан дээрх 2 үйлдлийн улмаас компанийхаа дансаар авсан санхүүжилтээс 245.127.087 төгрөгийг хувьдаа авсан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Увс аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, З овогт Б-ийн С нь “А” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/04, 236/05 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “А” ХХК- аас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “А” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/04 дугаартай /615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй/, мөн өдөр СХД/ТА/236/05 дугаартай /595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 192.151.786 төгрөгийн санхүүжилтыг авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч Э.Т-т холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч Н.Э-т холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч Б.С-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1214 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 2408 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Т, Э.Т, Э.Э, Б.С нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийн оролцогчид гомдол гаргах эрхийг тайлбарлаж, шүүхээс шийдвэрээ хуульд заасны дагуу хүргүүлсэн ч хэргийн оролцогчдоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” заасан хугацааны дотор тухайн захирамжид давж заалдах гомдол гаргаагүй байхад захирамж гаргасан шүүгч хэргийн зарим оролцогч болох М.Т, Э.Т, Н.Э, Б. С, өмгөөлөгч Б Ганпүрэв, Ш.Эрдэнэцэцэг нарыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн байранд дуудан уулзаж та нар гомдол гаргахгүй юм уу гэх мэтээр нөлөөлөхийг оролдсон ба хохирогч талаас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр давж заалдах гомдол гаргасан.  

Хохирогч Сангийн яам нь давж заалдах гомдол гаргахдаа гомдол гаргах эрхгүй этгээд буюу Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Д гаргасан, гомдлоор иргэний журмаар хохирол нэхэмжлээд байхад захирамжид гомдсон гэж үзэж хүлээн авч ердийн журмаар шүүх хурал хийх гэж оролдсоныг хэргийн оролцогчдоос эсэргүүцсэний дагуу анхан шатны шүүхээс хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн, тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д “гомдол, эсэргүүцэл гаргагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий хүн, хуулийн этгээд биш” гэж заасныг баримтлан дээрх гомдлыг хэлэлцэхгүйгээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсэн.

Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Ганбаяраас дээрх тогтоолд гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 660 дугаар захирамжаар гомдлыг шийдвэрлэсэн ч М.Т нарт холбогдох хэрэгт хохирогч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргаж, улмаар хэргийг давж заалдах шатны шүүхээр хянуулах болон тус хэрэгт хохирогч байгууллагын төлөөлөгчөөр оролцох эрхтэй болохыг дурдаж байна гэж дүгнэсэн нь хууль бус төдийгүй хэргийн оролцогч нарыг гомдол хэлэлцэх хуралд оролцуулаагүй, Ерөнхий шүүгчийн захирамжаар зөвхөн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 дугаар тогтоолд гаргасан гомдлыг хянаж шийдвэр гаргаснаас бус анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх асуудлыг шийдвэрлээгүй юм.

Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Г-с дахин давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн э/1375 дугаар албан бичгээр гомдлыг хэлэлцэхгүйгээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2502 дугаар захирамжаар давж заалдах гомдлын хэтэрсэн хугацааг сэргээж дахин дээд шатны шүүхэд хүргүүлсэн ба уг давж заалдах гомдлыг үндэслэн дээд шатны шүүх хэргийг хэлэлцэж Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т “...Энэ зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хууль болон 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, тэдгээрийн холбогдох зүйл, хэсэг, заалтаас үзэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тохиолдолд гэм буруугийн асуудалд зайлшгүй үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой гэж дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх хууль зүйн ямар үндэслэлээр М.Т нарын эрх зүйн байдлыг дордуулж дүгнэлт хийж байгаагаа магадлалд тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэхийн сацуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Сангийн яамны хууль ёсны төлөөлөгчийн, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг зөвлөлдөх тасалгаанд буюу шийдвэр гаргахдаа тодорхойлсон нь учир дутагдалтай болсон төдийгүй анхан шатны шүүхийн шүүгчийн давж заалдах гомдлын хэтэрсэн хугацааг сэргээсэн захирамжтай зөрчилдсөн, зөвлөлдөх тасалгаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тогтоосноор өмнө нь давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-ыг давж заалдах эрхтэй этгээд гэж захирамжаар тогтоосон, анхан шатны шүүх давж заалдах гомдлын хэтэрсэн хугацааг сэргээснээр давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээдийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдлыг хянаж үзэлгүйгээр хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Сангийн яамны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдож хууль ёсны төлөөлөгчдөөрөө дамжуулж эрх, үүргээ хэрэгжүүлж байсан ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг шуудангаар хүлээн аваад давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээд буюу Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Д гомдол гаргасныг шүүх буцааснаар захирамжид гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон атал анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бус этгээдийн давж заалдах гомдлын хэтэрсэн хугацааг хууль бусаар сэргээж хэргийг дээд шатны шүүхэд хүргүүлсэн, давж заалдах шатны шүүх эрх зүйн ноцтой зөрчлүүд байсаар байтал хянаж үзэлгүй гомдол гаргагчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд “... шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч. тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зөвлөлдөх тасалгаандаа Д.Г-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байтал хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Мөн анхан шатны шүүхийн хууль зөрчиж ирүүлсэн баримтыг үндэслэн хэргийг хэлэлцсэн асуудал бий. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хууль ёсны төлөөлөгч болохыг зөвлөлдөх тасалгаандаа тогтоосон юм бол үүнээс хойш гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэх ёстой байсан. Тус хэрэгт хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн гэдэгт хуралд оролцсон хяналтын прокурор, өмгөөлөгч нар маргадаггүй. Иймд хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.С-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1214 дүгээр магадлалын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гардан аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

Уг хэргийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 4, 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1. 7.2. 7.3. 7.4 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар захирамжийг хохирогчид 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шуудангаар илгээсэн бөгөөд үүнээс хойш 14 хоногийн дотор гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэж байна. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Г-ыг энэ хугацаанаас хойш хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр итгэмжлэл олгогдсон байхад давж заалдах шатны шүүх энэ үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр Д.Г-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шууд тогтоогоод хэргийг шийдвэрлэсэн нь 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, шүүгчийн захирамж гарснаар хугацааг сэргээж байгаа болохоос давж заалдах гомдлыг сэргээх ойлголт биш. Гэтэл гомдлыг сэргээсэн утгатай захирамж гаргаж, давж заалдах шатны шүүхэд өөрийн санаачлагаар хүргүүлсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хугацаа сэргээсэн асуудалд дүгнэлт хийлгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар захирамжаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохдоо уг захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтаар захирамжид гомдол гаргах журмыг зааж өгсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нийцүүлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байхаар зааж өгсөн байхад давж заалдах шатны шүүх уг гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг огт зөрчөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шууд зогсох үр дагавартай бөгөөд хэргийг заавал шүүх хуралдаанаар хэлэлцэх талаар нарийвчлан зохицуулсан зохицуулалт байхгүй, хуулиар хориглоогүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэриин үр дагавар ижил байхад давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн яг ямар заалтьг зөрчсөн болохыг дүгнэлгүйгээр хэргийг шийдсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргасан. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1214 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Э-ын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг хэлсэн саналдаа “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон учир хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн буюу гэм бурууд дүгнэлт хийхгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах болон шүүгдэгч Б.С-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын гаргасан гомдлыг үндэслэн М.Т, Э.Т, Э.Э, Б.С нарт нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос М.Т-г 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн М.А-ийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “А” ХХК, “А” ХХК, “Х” ХХК, “К” ХХК-иудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, 5 удаагийн үйлдлээр нийт 4.374.544.354 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг байгуулуулж, 4.084.172.065 төгрөгийн санхүүжилтийг авч, 2.979.123.876 төгрөгийн ажил гүйцэтгэж, улсын төсөвт нийт 1.105.048.189 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Т-ыг Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “А” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “А” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгүүлэн, улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжүүлсэн “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “А” ХХК-ний нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй,“А” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “А” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртөгөөр уг ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд дэмжлэг үзүүлж “А” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулан, уг ажлыг хийж гүйцэтгүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э-ыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “А” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “А” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Т-тай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийхаа дансаар 1.217.221.617 төгрөгийн санхүүжилтыг авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцсон,

Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “А” ХХК-ний нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “А” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “А” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Т-тай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийхаа дансаар 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртөгөөр уг ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцож, улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан дээрх 2 үйлдлийн улмаас компанийхаа дансаар авсан санхүүжилтээс 245.127.087 төгрөгийг хувьдаа авсан гэмт хэрэгт,

Б.С-г “А” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/04, 236/05 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “А” ХХК- аас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “А” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/04 дугаартай /615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй/, мөн өдөр СХД/ТА/236/05 дугаартай /595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 192.151.786 төгрөгийн санхүүжилтыг авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогдуулан М.Т-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар, Э.Т, Н.Э, Б.С нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаар талуудаас тодруулж тайлбар, дүгнэлт авч улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тус эрүүгийн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн 2408 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүхийн шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тохиолдолд хэргийн үйл баримт, гэм буруу, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтын хэрэглээний талаарх дүгнэлтийг зайлшгүй хийсэн байх ёстой.  

Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байх бөгөөд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн хувьд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ба шүүгдэгчийг гэм буруутайд тооцоогүй тохиолдолд цагаатгадаг тул анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль хэрэглээний ноцтой алдаа бөгөөд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамаарч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг нөхөн төлөх эсэх асуудал хөндөгдөх учиртай.

Иймд шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах, шүүгдэгч Б.С-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын гаргасан “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1214 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1214 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах, шүүгдэгч Б.С-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР