Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1214

 

М.Т-, Э.Т-, Н.Э-,

                                                  Б.С- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнх-Од,

хохирогч Монгол Улсын Сангийн яамны хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаяр,

шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав,

шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,

шүүгдэгч Н.Э-ын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, хохирогч Монгол Улсын Сангийн яамны хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаярын гаргасан гомдлоор М.Т-, Э.Т-, Н.Э-, Б.С- нарт холбогдох эрүүгийн 201501000009 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. М.Т-, 1987 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

2. Э.Т-, 1987 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

3. Н.Э-, 1954 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 65 настай, дээд боловсролтой, барилгын инженер, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1 оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

4. Б.С-, 1970 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 49 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

М.Т- нь 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн М.А-ийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар***” ХХК, “Ал***” ХХК, “Х***” ХХК, “К***” ХХК-иудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, нийт 4.374.544.354 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг байгуулуулж, 4.084.172.065 төгрөгийн санхүүжилтийг авч, 2.979.123.876 төгрөгийн ажил гүйцэтгэж, улсын төсөвт нийт 1.105.048.189 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд:

- Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжигдэх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бичил паркийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт танил Ө.П-ын “К***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдэд нөлөөлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 407.900.016 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 375.656.371 төгрөгийн санхүүжилт авснаас 305.623.762 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 70.032.609 төгрөгийн хохирол учруулсан,

- Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах естой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг найз Э.Т-аар зохион байгуулуулж, хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

- Нийслэлийн Засаг даргын тамгын газрын улсын төсвөөс 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн найз М.Э-ы хамаарал бүхий “Х***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны хүүхдийн тоглоом, зам талбай, тохижилтын ажлыг 349.855.214 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 343.568.626 төгрөгийн санхүүжилт авснаас 157.061.703 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэн, улсын төсөвт 186.506.923 төгрөгийн хохирол учруулсан,

- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/04, 236/5, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар***”, “Ал***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***”, “Ал***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Ар***” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 дугаартай /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан,

- “Ал***” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/04 дугаартай /615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй/, мөн өдөр СХД/ТА/236/05 дугаартай /595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилт авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Э.Т- нь Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ар***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгүүлэн, улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ар***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Ар***” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр уг ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд, дэмжлэг үзүүлж “Ар***” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулан, уг ажлыг хийж гүйцэтгүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Н.Э- нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ар***” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Т-тай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийнхаа дансаар 1.217.221.617 төгрөгийн санхүүжилтыг авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцсон,

мөн дээрх үйлдлийн аргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ар***” ХХК-ний нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Ар***” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Т-тай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийнхаа дансаар 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр уг ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцож, улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан дээрх 2 үйлдлийн улмаас компанийнхаа дансаар авсан санхүүжилтээс 245.127.087 төгрөгийг хувьдаа авсан гэмт хэрэгт,

Б.С- нь “Ал***” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/04, 236/05 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ал***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Ал***” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/04 дугаартай /615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй/, мөн өдөр СХД/ТА/236/05 дугаартай /595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилтыг авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Т-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Э.Т-, Н.Э-, Б.С- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр уг хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн гэж үзэн шүүгдэгч М.Т-, Э.Т-, Н.Э-, Б.С- нарт холбогдох эрүүгийн 201501000009 дугаартай хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхийг дурдаж, тус хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор зарим шүүгдэгч, иргэний хариуцагчаас хөрөнгө хурааж, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тухай мөрдөгч, прокурорын холбогдох шийдвэрүүд тус тус хүчин төгөлдөр хэвээр болохыг дурдаж, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар уг захирамжийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 14 хоногийн дотор тус Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, уг шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч Монгол Улсын Сангийн яамны хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нар нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж улсын төсөвт 1.105.048.189 төгрөгийн хохирол учруулсан болохыг холбогдох хуулийн байгууллага шалган тогтоосон байхад анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар улсад учирсан хохирлын асуудлыг хэлэлцэлгүй орхисонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хохирогч байгууллага болох Сангийн яамны эрхийг хангаагүй. Мөн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 266 дугаартай шүүгчийн захирамжаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан “Улсад учруулсан хохирлыг шийдвэрлүүлэх тухай” гомдол, улсын яллагч, өмгөөлөгч нарын “Шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжид гаргасан гомдлуудыг давж заалдах шатны шүүхэд хянуулахаар шилжүүлсэн боловч тус шүүх “Сангийн яамыг төлөөлөх эрхгүй” хэмээн гомдлуудыг бүхэлд нь хянан шийдвэрлээгүйг зөвшөөрөхгүй байна. Тухайлбал шүүгдэгчийн өмгөөлөгч нар 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 266 дугаартай шүүгчийн захирамжид, мөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай шүүгчийн захирамжийн холбогдох хэсэгт тус тус гомдол гаргасан атал эдгээр гомдлуудыг бүхэлд нь хянан шийдвэрлээгүй нь хуулийн үндэслэлгүй, дээрх захирамжууд бүхэлдээ эсхүл аль нь хуулийн үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх бүрэн эрхтэй байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж, улсын төсөвт учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс гаргуулах арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Сангийн яамны гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 4 дэх удаагаа хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудал нь 3 дахь удаагаа байх. Эндээс үзэхэд энэ гомдол мөн юм уу, үгүй юм уу. Д.Ганбаяр гэж хүн өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасны дагуу оролцох ёстой субъект мөн эсэх талаар шүүх дүгнэлт өгнө үү. Яагаад гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар энэ асуудлаар маргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Давж заалдах гомдлын хугацааг сэргээсэн юм байна гэж ойлголоо. Сэргээсэн юм бол энэ гомдлоо яагаад танилцуулдаггүй юм бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нарт гаргасан гомдлыг танилцуулсны үндсэн дээр дээд шатны шүүхэд хүргүүлэх ажиллагаа хийгдээгүй. Хэрвээ ингэж хүргэгдээгүй бол давж заалдах шатны шүүх оролцогч нарт танилцуулаагүй гэх үндэслэлээр буцаах ёстой байсан. Практикт ийм л жишиг байгаа. Энэ ажил хийгддэггүй. Өнөөдөр өмгөөлөгч нар ямар гомдол гарсан талаар ч мэдэхгүй сууж байна. 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн гомдлыг өнөөдөр дахиж хэлэлцээд байгаа юм уу, анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сард гарсан хугацаа сэргээсэн захирамжийн дагуу шинээр гаргасан гомдлыг хэлэлцээд байгаа юм уу гэдгээ бид нар өнөөдөр мэдэхгүй сууж байна. Анхан шатны шүүхийн давж заалдах гомдлын хугацааг сэргээсэн захирамж үндэслэлгүй гарсан. 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаа тоологдоод дууссан гэж бодож байна. Энэ хугацаандаа яагаад гомдлоо гаргаагүй юм. Гомдол гаргах хугацааг хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол яагаад хугацаа сэргээлгэх хүсэлтээ энэ хугацаанд тавиагүй юм. Бид энэ асуудлыг 2 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн. 7 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргаж байгааг хэлэлцэж байгаа бол надад хэлэх тайлбар байхгүй. Яагаад гэвэл гомдол гаргах эрхгүй субъект гомдол гаргаж байна. Сангийн сайд гомдол гаргасан бол төлөөлж оролцох нь зүй ёсны хэрэг юм. Д.Ганбаяр гэдэг хүн гомдол гаргасан. Тэгээд эрх сэргээсэн захирамжаас хойш гаргасан гомдол юм уу, өмнө 7 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдол юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа тул буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Э.Т-ын өмгөөлөгч А.Зүмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн захирамжид гаргасан гомдлыг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 1 жилийн дараа хэлэлцээд байж байна. Үүний учир шалтгаан нь хуулийн мэдлэггүй байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашралтай, хуулийг нэг мөр болгоогүй, өөрөөрөө тайлбарлаж хэрэглэсний үр дагавар болж гарч ирээд байна. Хууль мэдэхгүй байна гэдэг хүндэтгэн үзэх шалтгаан биш. Өнөөдөр бид нар эрүүгийн хэрэг шийдвэрлээд байна уу, иргэний хэрэг шийдвэрлээд байна уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр гэх хүн гомдол гаргасан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх ойлголт байхгүй, оролцогч болон бусад оролцогч гэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хохирогч нь энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасан. Тэгэхээр хууль ёсны төлөөлөгчөөр зөвхөн шүүгч, прокурор, мөрдөгч тогтоож байж тэр хүн хэргийн оролцогч болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх нь нээгдэнэ. Ганбаярыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон шийдвэр байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан мөрдөгч эхлээд тэр хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг нь тайлбарласны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал оролцоно. Шүүхийн шатанд тэр хүн ажлаасаа гардаг, өөр нөхцөл байдал илрэх юм бол тэр хүнийг дахиад шүүхээс томилоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах болохоос иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа юм шиг хугацаатай итгэмжлэл олгочихоод нэхэмжлэлийн хугацаа дууссан учир гэдэг үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дундаас оролцож болохгүй юм. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шууд зогсоно гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хохирогч хуулийн дагуу шийдүүлмээр байна, хохирлоо төлүүлмээр байна гэдэг. Хохирол төлөх асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шийдэгдсэн асуудлыг дахиж хянуулах боломж байхгүй. Иргэний журмаар хохиролтой холбоотой асуудлаа шийдүүлээд, хохирогч маргаад явбал бүрэн нээлттэй. Үнэхээр энэ хүнийг хууль ёсны төлөөлөгч гэж үзэх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлтэй холбоотой гомдол гаргаагүй байгаа учраас иргэний журмаар нэхэмжлэх асуудал байна. Мөн Д.Ганбаяр нь хэргийн оролцогчийн эрхийг эдлээд гомдол хэлэлцүүлэх эрхтэй юу гэдэг дээр бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүгдэгч нарын өмгөөлөгчтэй санал нэг байна. 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2408 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн үндэслэлд хамаарах 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаргасан гомдолд дурдсан үндэслэлийг харьцуулаад тайлбар хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан. Явуулж болохгүй тохиолдол үүссэн тохиолдолд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийн хүрээнд яригдах асуудал нь шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хэлэлцэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь зөв үү, буруу юу, шийтгэх эсхүл цагаатгах тогтоол гаргах замаар хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь зөв үү, буруу юу гэдэг үндэслэлийг ярих юм шиг байгаа юм. Энэ хуралдаанаар миний тайлбар, санал бол энэ үндэслэлд дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байсан газраа зогсохыг ойлгож байна. Тэгэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь аваад үзэхээр шүүхэд шилжсэн байх үед шүүх хуралдаан явагдаагүй үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусвал уг асуудлыг заавал гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж эсвэл хэлэлцэхгүйгээр буцаана гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг шийднэ гэсэн ойлголт байхгүй гэдгийг өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас  2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж нь хууль зөрчөөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт байхгүй л болохоос биш, яг хууль зүйн агуулгаар нь аваад үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд үүсээд түүнийг нь ямар шийдвэр гаргасан гэдгээс хамаарахгүйгээр уг шийдвэрийн хууль зүйн үр дагавар нь хуульд нийцэж байна. Энэ хэрэг нь 4 дэх удаагаа давж заалдах шатны шүүхэд ирж байгаа. Өмнөх давж заалдах шатны хуралдаанд энэ талаар тайлбар хэлээгүй байсан тул хэлж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолтой холбоотой 2019 оны 7 дугаар сарын 16-ны гомдлыг харахаар хуулийн дагуу шийдэж өгнө үү гээд байгаа юм. Хохирогчид гэм буруу дээр маргаад байна уу, хохирол дээр маргаад байна уу гэдэг хоёр өөр ойлголт юм. Гомдлын үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийхэд гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар маргаад байна гэсэн агуулга харагдахгүй байна. Хохирлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргаад байгаа. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгаар харахаар эрүүгийн хэргийг аль ч байдлаар хянан шийдвэрлэсэн байсан шүүх уг хэргийн улмаас учирсан хохирлыг хэлэлцээд, хэрвээ хэлэлцэхгүй гэж үзвэл хохирлын асуудлыг хэлэлцэхгүй орхиод иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах эрхийг нээлттэй үлдээдэг зохицуулалт байгаа. Энэ гомдлын үндэслэлийг харахаар хууль хэрэглээний асуудалд давж заалдах шатны шүүх хэрвээ дүгнэлт өгвөл анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэл буюу хууль хэрэглээний үндэслэлд дүгнэлт хийвэл хохирогчийн зөвхөн хохирлыг хуулийн дагуу шийдвэрлүүлж өгнө үү гэдэг гомдолд үндэслээд уг захирамжийн хууль хэрэглээг буруутгах боломжгүй юм. Эрүүгийн хэргээр хохирлыг хэлэлцэхгүй орхисон бол иргэний журмаар гомдлоо шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтооно”, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”  гэж заасан. Тиймээс Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгч, прокурорын шийдвэр гарах ёстой. Шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тогтоосон этгээдтэй холбоотой маргавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг асуудлыг шүүх шийдвэрлэх ёстой. 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн адил Д.Ганбаяр гэдэг хүн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөн үү, биш үү гэдэг асуудлаар маргасан. Тус шүүхийн 20 дугаар тогтоолоор Яамны эрх зүйн байдлын тухай хуульд яам шүүхтэй харьцахдаа сайд төлөөлнө гэсэн байдаг. Төрийн нарийн бичгийн дарга шүүхтэй харилцаж байгаа харилцаанд яамыг төлөөлөх эрхгүй, нарийвчилсан байдлаар Яамны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан байдаг. Үүнээс харахад анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаа сэргээсэн захирамжийн үндэслэлд тогтоох хэсгийн 1 дэх заалтын үндэслэлд хуулийн зөрчил байна гэж үзэж байна. Яагаад гэхээр 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 6/2062 тоот сангийн сайдаас олгосон итгэмжлэл байгаа юм. Энэ өдрөөс хойш Д.Ганбаяр гэдэг хүн Сангийн яамыг төлөөлөх эрх үүссэн. Өөрөөр хэлбэл 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс өмнө төлөөлөх эрх байхгүй байсан. Тэр үед Сангийн яамыг төлөөлөх бүрэн эрх Яамны эрх зүйн байдлын тухай хуулиар Сангийн сайдад гомдол гаргах эрх нь байсан. Ингээд үзэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно. Д.Ганбаяр гэдэг хүн 6/2062 тоот итгэмжлэлийн дагуу хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол давж заалдах гомдол гаргах эрхийн хугацаа сэргээгдэнэ. Хугацаа сэргээх асуудал шүүхийн санаачилгаар хийгддэг асуудал биш. Харин оролцогчийн санаачилгаар хийгддэг ажиллагаа буюу шүүхэд гомдол гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзвэл оролцогч өөрөө санаачилга гаргаж хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргана. Уг хүсэлтийг шүүх хэрхэн шийдсэнээс хамаараад гомдол гаргах эсэхээ өөрөө шийдэх ёстой. 7 дугаар сарын 16-ны өдөр гомдлоо өгөөд, гомдлыг давж заалдах шатны шүүхээс хугацаа хэтрүүлсэн байна гэх үндэслэлээр буцаахаар 7 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдлынхоо хугацааг хойноос нь сэргээлгэх талаар анхан шатны шүүх рүү хүсэлт явуулж, анхан шатны шүүх гомдлыг хүлээн авч 7 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдлын хугацааг 11 дүгээр сарын 15-ны өдөр сэргээчихлээр шууд давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байна. Хохирогчийн төлөөлөгчийн хувьд хэзээ хүсэлт, гомдлоо гаргах нь хохирогчийн эрхийн асуудал. Гэхдээ аливаа оролцогчийн гомдол, хүсэлт түүнийг шийдвэрлэж байгаа процесс нь бүгд хуулийн дагуу зөв дарааллаар явах ёстой юм. Энэ хүний гомдлын хувьд хугацаа сэргээлгэх хүсэлтийн агуулга 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэсэн агуулгаар харагдаад байна. Миний ойлгож буй энэ зохицуулалтаар 11 дүгээр сарын 15-нд энэ хүний гомдол гаргах хугацааг сэргээсэн бол 11 дүгээр сарын 15-наас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эсэхээ оролцогч өөрөө шийдвэрлэх ёстой. Иймээс гомдол гаргах хугацааг сэргээхтэй холбоотой асуудалд дүгнэлт өгнө үү. Гомдол гаргагчид 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шуудангаар хүргүүлсэн. Үүнээс хойш тооцохоор 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дууссан. Энэ дууссан хугацаагаа сэргээлгэе гэсэн ямар ч хүсэл зориг илэрхийлээгүй. 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Д.Ганбаяр гэдэг хүнд итгэмжлэл олгосон байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “шүүх дараах үндэслэл тогтоогдвол хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана”, мөн зүйлийн 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтад “гомдол, эсэргүүцэл гаргагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий хүн, хуулийн этгээд биш” гэж зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа хэтэрсэн байна. Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай шүүгчийн захирамжид үндэслэн тухайн шүүхэд гомдол гаргаж болохоор заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх ба уг шийдвэрийн талаар энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй” гэж байна. Гэтэл сүүлд нь давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаахдаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг 14 хоног гэж зааж өгсөн байгааг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Э-ын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид эрүүгийн хэрэг хэлэлцэж байгаа учир Д.Ганбаярыг эрүүгийн хэргийн оролцогч биш гэж үзэж байна. Хэрэв эрүүгийн хэргийн оролцогч мөн гэж үзвэл оролцогчийг мөрдөгч, прокурорын тогтоолоор итгэмжлэгдсэн төлөөлөгч эсхүл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ч байсан тогтоож байж энэ хүн оролцох эрхтэй болох ёстой. Сангийн сайдаас итгэмжлэл аваад оролцож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хугацааг сэргээсэн асуудал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хугацааг сэргээсэн юм бол хугацааг сэргээсний  дараах ажиллагаанууд хийгдээгүй байна. Хугацаа сэргээсний дараа гомдлоо гаргана, гаргасан гомдлыг өмгөөлөгч нар танилцаад тайлбараа гаргана. Ингэж байж давж заалдах шатны шүүхэд ирэх ёстой. Энэ процесс ажиллагааг зөрчсөн. Иймд давж заалдах гомдлыг хэлэлцэх боломжгүй тул буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй. Өмгөөлөгчийнхөө байр суурийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг эхлээд 6 жил болж байгаа. МАНАН бүлэглэл Цахиагийн Элбэгдоржийн захиалгаар эхэлсэн хэрэг. Нүүрс хөтөлбөр гэж эхлээд татварын гэмт хэрэгтэн болоод энд 6 дахь жилдээ зогсож байна.  Намайг 6 сар цагдан хорьсон. Авлигатай тэмцэх газар шүүх рүү шилжүүлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг дуусахаас 30 гаруй хоногийн өмнө шилжүүлсэн байдаг. Тэгээд шүүх хуралдаан хийлгүй хөөн хэлэлцэх хугацаа дуусаад анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаар захирамж гарсан. Үүний дараа анхан шатны шүүхийн шүүгч бид нарыг гомдол гарга гэж албан бусаар уулзаж шахсан. Дараа нь энэ хэргийг шүүх хоорондоо шидэлцэх, сангийн яамнаас будлиантуулах маягаар гэмт хэрэг хийгээгүй хүмүүсийг гэмт хэрэгтэн болгохын тулд энэ үйл процесс явагдаж байна. Тэгэхээр энэ гомдлыг би дэмжихгүй байна. Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй.” гэв.

Прокурор Б.Мөнх-Од тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар М.Т-, Э.Т- нарт холбогдох хэргийг хэлэлцсэн. Шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар явагдаагүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нараас “шүүх хуралдаан явуулах боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас энэ асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул шүүгч шүүх хуралдааныг завсарлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай шүүгийн захирамж болон тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй. Тэгэхээр энэ шүүгчийн захирамж хууль ёсны гарч чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүлэг” гэж тодорхой заасан байгаа. Тэр бүлгийнхээ дагуу анхан шатны шүүх шийдвэрлээд, шүүх хуралдаанаа хийх боломжтой гэж үзэж байна. Тухайн үед хэргийг хянан хэлэлцээд шүүхээс хэргийг цагаатгах юм уу, шийтгэх тогтоолын аль нэгийг гаргах ёстой байтал захирамж гаргасан нь хууль ёсны байж чадаагүй. Д.Ганбаяр гэж хүнийг гомдол гаргах эрхгүй, энэ хэргийн оролцогч биш талаар яригдаж байна. Үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрх нь нээлттэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэн ч гомдол гаргах агуулга нь зохицуулагдсан. Тэр агуулгаараа гомдол гаргах бүрэн боломжтой. Энэ бол хуулийн хүрээнд явагдаж байгаа гомдол гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  2408 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны болж чадаагүй. Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай захирамжийг хүчингүй болгох эрх нь давж заалдах шатны шүүхэд нээлттэй байгаа учир энэ шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл, анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

Прокуророос М.Т-г 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн М.А-ийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар***” ХХК, “Ал***” ХХК, “Х***” ХХК, “К***” ХХК-иудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, нийт 4.374.544.354 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг байгуулуулж, 4.084.172.065 төгрөгийн санхүүжилтийг авч, 2.979.123.876 төгрөгийн ажил гүйцэтгэж, улсын төсөвт нийт 1.105.048.189 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд:

- Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжигдэх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бичил паркийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт танил Ө.П-ын “К***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдэд нөлөөлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 407.900.016 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 375.656.371 төгрөгийн санхүүжилт авснаас 305.623.762 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 70.032.609 төгрөгийн хохирол учруулсан,

- Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах естой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг найз Э.Т-аар зохион байгуулуулж, хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

- Нийслэлийн Засаг даргын тамгын газрын улсын төсвөөс 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн найз М.Э-ы хамаарал бүхий “Х***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны хүүхдийн тоглоом, зам талбай, тохижилтын ажлыг 349.855.214 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 343.568.626 төгрөгийн санхүүжилт авснаас 157.061.703 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэн, улсын төсөвт 186.506.923 төгрөгийн хохирол учруулсан,

- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/04, 236/5, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ар***”, “Ал***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***”, “Ал***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Ар***” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 дугаартай /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан,

- “Ал***” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/04 дугаартай /615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй/, мөн өдөр СХД/ТА/236/05 дугаартай /595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилт авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Э.Т-ыг Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ар***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгүүлэн, улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ар***” ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Ар***” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр уг ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд, дэмжлэг үзүүлж “Ар***” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулан, уг ажлыг хийж гүйцэтгүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Н.Э-ыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ар***” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Т-тай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийнхаа дансаар 1.217.221.617 төгрөгийн санхүүжилтыг авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцсон,

мөн дээрх үйлдлийн аргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ар***” ХХК-ний нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ар***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Ар***” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Т-тай “туслан гүйцэтгэгчээр ажиллах” гэрээг байгуулан, компанийнхаа дансаар 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртгөөр уг ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцож, улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан дээрх 2 үйлдлийн улмаас компанийнхаа дансаар авсан санхүүжилтээс 245.127.087 төгрөгийг хувьдаа авсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б.С-г “Ал***” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орчны тохижилт” СХД/ТА/236/04, 236/05 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, “Ал***” ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оиы 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, “Ал***” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/04 дугаартай /615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй/, мөн өдөр СХД/ТА/236/05 дугаартай /595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилтыг авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулж хамжигчаар оролцсон гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан ба энэ хэлэлцүүлгээр тэдгээрийн гаргасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журам зөрчигдсөн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” талаар гомдол, хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, уг асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр тогтжээ. 

 Ингээд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар /шүүх хуралдааныг нээх үе шатанд/ талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн эсэх асуудлаар санал авсны дараа шүүх хуралдааныг завсарлуулж, улмаар мөн өдрийн 2408 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарган прокуророос М.Т-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.Т-, Н.Э-, Б.С- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201501000009 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

2015 оны Эрүүгийн хууль болон 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, тэдгээрийн холбогдох зүйл, хэсэг, заалтаас үзэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тохиолдолд гэм буруугийн асуудалд зайлшгүй үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой.

Учир нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн хувьд л гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ба гэм буруутайд тооцоогүй тохиолдолд цагаатгадаг тул анхан шатны шүүх шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг шийдвэрлэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Нөгөөтээгүүр, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд гэм буруугийн асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран тогтоох нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх, хор уршгийг арилгах этгээдийг тогтооход ач холбогдолтой.

Иймээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны ажиллагааг дуустал нь явуулж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр уг хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн...” хэмээн дүгнэж, шүүгчийн захирамжаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, үзэл баримтлалд нийцээгүй байна.

Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн дурдсан тохиолдлууд илэрвэл шүүх тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т дурдсан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байхыг ойлгодог.

Анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй гэж үзвэл шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг тогтоосны эцэст дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ба ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасан шүүх хуралдаан явуулах ерөнхий нөхцлийг үйл ажиллагаандаа баримталж, мөн хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг анхаарвал зохино.

    Шүүгдэгчийн өмгөөлөгч нар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад “...хохирогч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр нь тус байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоогүй тул тэрээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээд биш...” хэмээн тус тус маргадаг.

    Сангийн яамны хувьд тус хэрэгт хохирогч байгууллагаар тогтоогдсон бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэр бүхий хэд хэдэн хүмүүсийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж байсан боловч тодорхой шалтгааны улмаас тэдгээр төлөөлөгч нар солигдож байжээ.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан.

    Хэргийн материалыг судлахад, анхан шатны шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжид Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Дорждагваас 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гомдол /64хх 241/ гаргажээ.

    Анхан шатны шүүх дээрх гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүхэд хянуулахаар шилжүүлсэн бөгөөд тус шүүх 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай шүүхийн тогтоол /65хх 19-24/-оор “...шүүхэд гомдол гаргах эрхгүй, хэргийн оролцогч биш этгээд гомдол гаргасан, мөн уг гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргаагүй...” гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр тухайн шүүхэд нь буцаасан байна.

    Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дээрх шийдвэрт нийцүүлэн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 6/2062 дугаартай албан бичиг /65хх 27/-ээр М.Т- нарт холбогдох эрүүгийн 201501000009 дугаартай хэрэгт цаашид хохирогч байгууллага болох Сангийн яамыг төлөөлөн оролцуулахаар Хууль, эрх зүйн газрын гэрээт ажилтан Д.Ганбаярыг 1 жилийн хугацаанд итгэмжлэн томилж, улмаар Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр нь хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр буцаасан шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гомдол /65хх 29-30/ гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хянаад 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 660 дугаартай захирамж /65хх 39-40/-даа уг хэрэгт Сангийн яамыг төлөөлөн оролцох эрх олгосон Д.Ганбаяр нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргаж, улмаар хэргийг давж заалдах шатны шүүхээр хянуулах болон тус хэрэгт хохирогч байгууллагын төлөөлөгчөөр оролцох эрхтэй болохыг дурджээ.

Анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай шүүгчийн захирамжаар М.Т-, Э.Т-, Н.Э-, Б.С- нарт холбогдох эрүүгийн 201501000009 дугаартай хэргийг нэгэнт шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.             

            Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Т-, Э.Т-, Н.Э-, Б.С- нарт холбогдох эрүүгийн 201501000009 дугаартай хэрэгт хохирогч Монгол Улсын Сангийн яамны хууль ёсны төлөөлөгчөөр Д.Ганбаярыг тогтоосон болно.

            Анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай шүүгчийн захирамжийг хохирогч Сангийн яамны хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаярт 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр /65хх 42/ гардуулсан ба тэрээр 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр давж заалдах журмаар гомдол /65хх 44-46/ гаргажээ.

            Энэхүү гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлд заасны дагуу прокурор, оролцогчид танилцуулсан /65хх 47-48/ байх бөгөөд анхан шатны шүүх хохирогч Сангийн яамны хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаярын гаргасан “Хугацаа сэргээлгэх тухай” хүсэлтийг хянаад, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2502 дугаартай шүүгчийн захирамжаар түүний хүсэлтийг хангаж, дээрх гомдлын хэтэрсэн гэх хугацааг бүхэлд нь сэргээж шийдвэрлэсэн /65хх 56-57/-ийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, М.Т-, Э.Т-, Н.Э-, Б.С- нарт холбогдох эрүүгийн 201501000009 дугаартай хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирлын асуудлаар гаргасан хохирогч Сангийн яамны хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаярын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2408 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Т-, Э.Т-, Б.С-, Н.Э- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл М.Т-, Э.Т-, Б.С-, Н.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Л.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН