Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/860

 

 

    2022            07      04                                     2022/ШЦТ/860

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,  

Улсын яллагч У.Анхжаргал, 

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Гт холбогдох эрүүгийн 2208000001005 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд замчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Баруунтурууны  дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны энгэрийн 1 дүгээр гудамжны 8 тоот гэртээ өөрийн эхнэр Д.Лхамжавыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны энгэрийн 1 дүгээр гудамжны 8 тоот гэртээ өөрийн эхнэр Д.Лхамжавыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :                

- хохирогч Д.Лхамжавын...Ганзоригтой 2016 оноос гэр бүл болж амьдарсан, 2 хүүхэдтэй...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Г засвар хийж байсан хүмүүстэй архи уусан...Согтуурхаад байхаар нь Ганзоригийн найз Дамдинбазар луу утсаар залгаад Г худлаа согтоод, энд тэнд унаж маяглаад байна, чи найз юм чинь ирээд аваач гэж ярихад Г гэнэт хажуугаас орж ирээд намайг үсдэж байгаад миний нүүр толгой хэсэгт гараараа ээлжилж цохиод, толгойгоороо мөргөөд зодоод байсан, цагдаа ирж байна гэсэн чинь гараад зугтаасан юм...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 10-11 дүгээр хуудас/  

- шинжээчийн дүгнэлт : “Д.Лхамжавын биед баруун хацар, уруулын салстад язарсан шарх, баруун хацарт зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

- шүүгдэгч Гийн...Би 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун турууны 1-8 тоот гэртээ ажлынхаа Төгсбуянтай хамт засварын ажил хийгээд сууж байхад эхнэр Лхамжав орой 18 цагийн үед ажлаа тараад эмульс, 2 ширхэг 2,5 литрийн пиво авч ирсэн. Тэгээд бид 3 уг авчирсан пивыг хувааж уусан.Тэгээд уугаад сууж байхад орой 19 цаг өнгөрч байхад манай ажлын Гантулга, Болдбаатар, Эрдэнэбилэг нар гаднаас 1 шил 0,75 литрийн архи, 1 ширхэг 2,5 литрийн савлагаатай пивотой орж ирээд хувааж ууцгаасан. Тэгээд ууж дуусаад манай ажлынхан бүгдээрээ орой 20 цаг өнгөрөөд гарахаар болоод би хамт гарч доошоо дөхүүлж өгөөд буцаад гэртээ ороод ирэхэд эхнэр 2 хүүхдээ усанд оруулж байсан. Тэгээд эхнэр гэнэт уурлаад намайг архичин, гуйлгачин гэж хэлээд зайл гээд хөөгөөд миний өөдөөс хашхираад байсан...Бид 2 маргалдахад эхнэр намайг нүүр рүү 2, 3 удаа цохиод, өшиглөхөд нь...би хөлөөс нь барьж аваад, босож ирээд нүүр  рүү нь гараараа 5-6 удаа цохисон, эхнэрийн хамар, шанаанаас нь цус гарсан...Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

2.Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :  

       

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:    

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

2.3. Шүүгдэгч Г, хохирогч Д.Лхамжав нар нь нэг гэр бүлд хамтран амьдрагч нар байх ба тус шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  ”найзыгаа ирж аваач” гэж хэллээ гэх шалтгаанаар хохирогчийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар түүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд дэх “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-ны хуульчилсан тайлбар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т тус тус зааснаар шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзнэ.        

Иймд шүүгдэгч Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг:  

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй /хх-7, 10-11, 71, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн  хамт амьдардаг, Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангид замчин ажилтай, түүний хөрөнгө орлого, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-46-58, 66 шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч Гт оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.            

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий  төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР