Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 134/ШШ2018/00119

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Ю.А-ийн нэхэмжлэлтэй

ШО ХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 

Ш О ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн томилуулж, ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, амралтын мөнгөний зөрүү болох 7 хоногийн цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.А, түүний өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Ю.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    Иргэн Ю.А миний бие Шивээ Овоогийн нүүрсний уурхайн Уулын хэсэгт 2008 оны 07 дугаар сарын 14-нөөс эхлэн халагдах хүртлээ нийт 10 дахь жилдээ ажиллаж байна. Ажил амьдралын гараагаа эхлүүлсэн уурхайдаа үнэн сэтгэлээсээ ажиллаж ирсэн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр доорх шалтгаанаар ажлаас халагдсандаа гомдолтой байна. Үүнд: 1. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаар ээлжинд ажилд гарч байх үед экскаваторын сумны татуурга хугарч зогссон талаар машинч Б.Бар, туслах машинч Б.Базарзагд нар надад мэдээлсэн ба уг гэмтлийг ажил үүргийнхээ дагуу ээлжийн дарга, уулын диспетчер нарт мэдээлж мөн уулын дарга, хэсгийн дарга нарт утсаар мэдээлсэн болно.

2. 2018 оны 03 дугаар сарын 02-нд 2 дугаар ээлжинд ажилд гарч байхад эксковаторын подъёмны хөдөлгүүр гэмтэлтэй байсныг засварлаж 23 цагт бэлэн болгосон ба машинч Б.Бар, Б.Базарзагд нар цаашид үргэлжлүүлэн тухайн эксковатораар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа нүүрсний мөргөцөг рүү нүүдэл хийж байх үедээ явахын хөдөлгүүр буудсан гэх мэдээллийг өгсөний дагуу уулын диспетчерт 23:30 цагт мэдэгдэж ээлжийн даргын хамт очиж үзэхэд халалт ихтэй угаар үнэртэж байсан ба машинч Б.Бар нь одоо асааж болохгүй буудсан гэх шалтгаанаар шууд зогсоосон ч гидроэксковаторыг ажиллуулж, нүүрс гаргалтыг хэвийн явуулсан.

     3. 2018 оны 03 дугаар сарын 06-ны шөнийн 01:00 цагт эксковаторын ерөнхий хөдөлгүүр гэмтэлтэй байна гэж машинч Б.Бар, Л.Пүрэвсүрэн нар мэдэгдсэн ба би мөн л ажил үүргийнхээ дагуу уулын диспетчер, ээлжийн дарга нарт мэдэгдэж улмаар цахилгаан хангамжийн хэсгийн ээлжийн монтёрыг авчирч үзүүлэх шаардлагатай гэх шалтгаанаар ээлжийн даргын зөвшөөрлөөр зогсоосон. Дээрх байдлаас үзэхэд уурхайн уулын хэсэгт ажиллаж байгаа техникт гэмтэл байнга гардаг. Хэн нэгний буруутай ажиллагаанаас гарсан гэмтэл огт байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдлыг холбогдох хүмүүст мэдэгдэж байсныг минь л алдаа гэж үзэхгүй юм бол ажлаас чөлөөлөгдөх хэмжээнд хүрсэн алдааг би гаргаагүй учраас ажлаасаа үндэслэлгүй халагдлаа гэж үзэж байна. Миний бие 10 дахь жилдээ энэ уурхайд ажилласан. Одоо банкны зээлтэй, бага насны олон хүүхэдтэй, эхнэр ажилгүй амьдрал хүндрэх нь ойлгомжтой боллоо. “ШО ХК-д ажиллах хугацаандаа өөрийгөө нэр хүндтэй ажиллаж байсан гэж бодож байна. 2010 онд шилдэг залуу ажилтан, 2016 онд тэргүүний мастераар тус тус шагнуулж байсан. Мөн Шивээговь сумандаа нэр хүнтэй ажиллаж амьдарч байна.     

     Ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авах хүсэлттэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     Нэхэмжлэгч Ю.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“... Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Ш О ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, амралтын мөнгөний зөрүү болох 7 хоногийн цалинг олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Ю.Аыг “ШО ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.11, 7.2.16, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6, Захирлын зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлын байранд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдаж, удаа дараа зөрчил гарган компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөрийн гэрээг цуцлуулахаар зохицуулсан болно. Ю.Атой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.11-д “Ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсныг ажил олгогч ноцтой гэж үзсэн” 7.2.16-д “Ажилтан өөрийн анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл, аюулгүй ажиллагаа болон техник ашиглалтын заавар, горим зөрчиж аваар осол, саатал гарган байгууллагад хохирол учруулсан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагчаар цуцлахаар заасан байна. Ю.А нь тус компанийн Уулын нэгдсэн хэсэгт ээлжийн мастераар ажилладаг инженер юм.

         Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажлын байрны тодорхойлолтын 10.5-д “Ээлжиндээ уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх, уулын машин тоног төхөөрөмж, хүн хүчийг зөв зохион байгуулж, бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллуулах чиглэл баримталж байнгын удирдлагаар хангаж ажиллана” 10.7-д “уулын ажлын явцад /хөрс хуулалт, нүүрс олборлолт, технологийн зам талбай, мөргөцөг спуск засах, нүүрсний тааз цэвэрлэх, өрөмдлөгийн талбайг бэлтгэх, өрөмдлөгийн ажил гүйцэтгэх/ уулын машин, тоног төхөөрөмжийн технологийн горим, паспортыг мөрдүүлэх, зөөвөр нүүдлийн ажлыг биечлэн удирдаж, илэрсэн зөрчлийг тухай бүр засуулж ажиллана” гэсэн чиг үүргийг зохицуулсан болно. Гэтэл Ю.А ажлын байран дээрх тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг ноцтойгоор зөрчиж компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсан юм. Ю.А 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаар ээлж, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлж, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар ээлжинд ээлжийн мастераар ажилласан юм. Уг ээлжинд ажиллах хугацаанд 2018.02.07-ны өдрийн 2 дугаар ээлжинд мөргөцөгт ажиллаж байсан ЭКГ5А№04 эксковатор шанагаараа мөргөцөг цохиж, татуургаа хугалсан зөрчил гарсан. Ээлжийн  мастер ээлжийн хугацаанд тоног төхөөрөмжүүдийн зогсолт, эвдрэл гэмтэл саатлыг цаг алдалгүй арилгуулах ажлыг хариуцан зохин байгуулах үүргээ зөрчсөн. Ээлжиндээ уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх тоног төхөөрөмж хүн хүчийг зөв зохион байгуулж, байнгын удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүйгээс дээрх зөрчил үүссэн болно. Ээлжийн мастераар ажиллаж байж мөргөцөгт ажиллаж буй техник, ажилчдыг очиж шалгадаггүй, ямар эрсдэл үүсч болох үүссэн эрсдэлийг арилгах, ажил удирдан зохион байгуулж байнгын удирдлагаар хангаж ажиллах ёстой атал ЭКГ5А№04 эксковатор дээр очиж ажиллаагүй, зөвхөн бусдын хэлснээр ажил явуулсан. Үүнээс үүдэн компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол шууд учирсан. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлжинд ЭКГ5А№04 эксковаторыг мөргөцөг шилжүүлэх зөөх ажиллагааг ээлжийн мастер шууд удирдан, техник зохион байгуулалтын ажлыг хийх ёстой байтал, уг үүргээ зөрчин эксковаторыг машинч, туслах нарт даатгаж шилжүүлэх ажиллагааг явуулсан. Ээлжийн мастерын үүрэг нь эксковаторын ажлын талбайг бүрэн бэлдсэн мөргөцөгт шилжүүлэн зөөх ёстой. Ажлын талбай бэлдэнэ гэдэг нь эксковатор шилжин явах замыг бульдозероор түрүүлэн суулт үүсгэхгүйгээр хөрсийг нягтруулсан байх ёстой. Эксковаторыг шилжин явах үед машинчид зааварчилгаа өгч, болзошгүй эрсдэлийг тооцоолж, машинч туслахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, эрсдэл үүссэн тохиолдолд цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авах ёстой. Эдгээр арга хэмжээг цаг тухайд аваагүйгээс мөргөцөгт шилжин явж байсан эксковатор сул шороонд сууж башмак /гинж/ дугуйнаас мултарч эксковаторын явахын хөдөлгүүрийг халааж шатаах нөхцөл байдал үүссэн. ЭКГ5А№04 эксковатор нь 150 тонн жинтэй, 6000 волт цахилгаанаар ажилладаг, нүүрс гаргалтын ажлыг гүйцэтгэж байсан техник юм. Хэрвээ эксковаторын явахын хөдөлгүүр шатсан тохиолдолд багадаа 25 сая төгрөгийн шууд хохирол үүснэ. Ээлжийн мастерын буруугаас болж үүссэн ЭКГ5А№04 эксковатор нь нүүрс гаргалтын ажлыг хийдэг учир нүүрс гаргалт 24 цагаар тасарч төлөвлөгөөнд сөргөөр нөлөө үзүүлж сул зогсолтын болон засварын ажлын зардлын хохирол үүссэн.

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар ээлжинд ЭКГ5А№04 эксковаторын ерөнхий хөдөлгүүрт өглөөний 03 цагт гэмтэл гарсан тул ажиллуулахгүй зогсоосон гэсэн боловч өглөөний ээлж ирж эксковаторыг асаахад ямар нэг доголдолгүй хэвийн асч ажилласан байна. Ээлжийн мастер ээлжийн хугацаанд гарсан тоног төхөөрөмжүүдийн зогсолт, эвдрэл саатлыг газар дээр нь өөрийн биеэр очиж, үзлэг хийж, цаг алдалгүй засварлуулах ажлыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй атал гэмтэл гарсан гэх шалтгаанаар ЭКГ5А№04 эксковаторыг сул зогсоож компанид хохирол учруулсан зөрчлийг гаргасан. Ээлжийн мастер эксковаторын хөдөлгүүрт гэмтэл гарсан гэдгийг утсаар мэдээлэл авсан даруй өөрийн биеэр очиж үзэх үүргээ биелүүлээгүй, зөвхөн хөдөлгүүрт гэмтэл гарсан гэсэн мэдээллээр техникийг зогсоосон. Гэмтэл үүссэн нөхцөлийг өөрийн биеэр тодруулж, үзлэг хийх, цаг алдалгүй засварлуулах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлд цахилгаан хангамжийн хэсгийн ээлжийн монтёрыг авчирч эксковаторын ерөнхий хөдөлгүүрийг үзүүлсэн хэмээн дурдсан байна. Ээлжийн мастер нь цахилгааны монтёр дуудаж эксковаторын ерөнхий хөдөлгүүрийн гэмтлийг үзүүлэх ёсгүй. Учир нь монтёр бол цахилгааны шугам хариуцан ажилладаг ажилтан, дуудах ёстой ажилтан нь цахилгааны наладчик буюу цахилгаан тохируулгын инженерийг дуудаж үзүүлж дэс дараатай арга хэмжээ авч экскаваторыг ажилд оруулах арга хэмжээг авах ёстой байсан. Өөрийн үүргээ биелүүлэхгүй бусдын амаар эксковаторыг сул зогсоосноор нүүрсний гаргалтын төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлсөн. Ш О ХК нь хүрэн нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж “ТЭЦ-4” цахилгаан станцын нийт нүүрсний хэрэглээний 50 хувийг дангаараа хангадаг. Хүйтний улиралд Үндэсний аюулгүй байдлыг хариуцаж нүүрс гаргалт, борлуулалтыг тасалдуулахгүй, нийлүүлэх онцгой үүргийг төрийн өмнө хариуцан хүлээдэг байгууллага юм. 2018 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудад уурхайн нээсэн нүүрс дутмагаас ганц цэгээс нүүрс олборлож байсан. Энэ гол цэгт нүүрс олборлох ажлыг ЭКГ5А№04 эксковатор гүйцэтгэж байсан. ЭКГ5А№04 эксковатор ямар нэг шалтгаанаар зогсох нь нүүрс гаргалтын төлөвлөгөөт ажлыг тасалдуулах, улмаар байгууллагын орлого буурах, “ТЭЦ-4” станц болон бусад хэрэглэгчийн үйл ажиллагааг доголдуулах байдлыг үүсгэх нөхцөл байдлыг бий болгохоор байсан. Уурхайд 5 ээлжийн мастер 12 цагаар ээлжлэн ажилладаг. Гэтэл зөвхөн Ю.А ээлжийн мастерын ээлжинд удаа дараалан ЭКГ5А№04 эксковатор байж боломжгүй сул зогсолт, эвдрэлүүд гарч, компанид хохирол учруулсан юм. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ю.А нь надад ямар нэгэн буруу байхгүй, үүрэг хүлээхгүй мэтээр тайлбар гаргасныг огт хүлээн зөвшөөрөхгүй болно. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болсон Захирлын зөвлөлийн хуралд Ю.А нь өөрийн биеэр оролцсон бөгөөд уг хуралд өөрийн гаргасан зөрчлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч байсан юм. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Ш О ХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар 2018 оны 02 дугаар сарын 07, 2018 оны 03 дугаар сарын 02, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд ЭКГ5А№04 эксковаторт учирсан гэмтэл, зөрчил түүний шалтгааныг хэлэлцсэн бөгөөд ээлжийн мастер Ю.А, эксковаторын машинч А.Бар нарын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас Ю.Аын гаргасан зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлтэй бүрэн тохирсон, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчлийг ажилтан гаргасан үндэслэл нь тогтоогдсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын шийтгэлийн гурван хэлбэрийг зааж өгсөн хэдий ч ажилтны гаргасан зөрчлөөс шалтгаалж аль нэгийг сонгон хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Ю.Аын гаргасан зөрчил нь туйлын ноцтой бөгөөд Хөдөлмөрийн хууль хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн тул ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

Иймд дээрх байдлыг үндэслэн Ю.Аын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ю.Аын гаргасан нэхэмжлэлийг өмгөөлж, хуулийн туслалцаа үзүүлж шүүх хуралдаанд оролцож байна. Ю.Аыг халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх мөн амралтын мөнгө байгууллага гаргаж өгөх ёстой. Тийм учраас 14 хоногоор бодсон байдлыг буруу гэж үзэж хуулиар 21 хоногоор тооцож бодох ёстой. Нэхэмжлэл Ю.А шүүхэд ийм шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Энэ гаргасан нэхэмжлэлийг тайлбарлаж хууль зүйн туслалцаа үзүүлэх болно.

Нэгдүгээрт, Ю.Аыг ажлаас халсан үйл баримтын хувьд тогтоогдохгүй байна. Ажлаас халж байгаа байгууллага аливаа ажлаас халж байгаа тушаал шийдвэрээ шүүхийн өмнө хамгаалах үүрэгтэй. Шүүхэд тайлбар гаргаж хариуцагч гаргасан тайлбараа нотлох үүрэгтэй. Хариуцагчаас гаргасан дүрэм, журам, заавар нь хоорондоо зөрчилтэй, эрх хэмжээтэй нь эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, эрх хэмжээгүй этгээд эрх хэмжээгээ хэтрүүлсэн ийм баримт байна. Үүнд: 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Ш О ХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар Ю.А болон бусад этгээдэд сахилгын шийтгэл ногдуулах асуудал хэлэлцсэн. Ингэж хэлэлцэхдээ 02 дугаар сарын 06-ны өдөр, 03 дугаар сарын 02-ны өдөр, 03 дугаар сарын 06-ны өдөр гэх гурван өдрийн зөрчил гэх тохиолдол яригддаг, гэхдээ хариуцагч талын гаргаж өгсөн хэсгийн дарга Амгалан гэх хүний гаргаж өгсөн тодорхойлолтыг уншсан гэж хэлдэг. Энэ тодорхойлолт дээр 02 дугаар сарын 06-ны өдрийн зөрчил яригдаагүй, бичигдээгүй. 03 дугаар сарын 02, 06-ны өдрийг тодорхойлж олох байсан орлого үүнийг алдагдсан гэж нэрлэсэн. Мөн нотлох баримтад олох байсан болон алдагдлын тооцоо гаргасан. Тушаал дээр хөдөлмөрийн гэрээний 7.1.11, 7.1.16, дотоод журмын 10.6 гэх заалтыг үндэслэсэн. Эдгээр заалтууд нь хохирол учруулсан гэх заалтууд байдаг. Хөдөлмөрийн гэрээний 7.1.11 дээр ажилтны буруу ноцтой зөрчил гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуульд ноцтой гэж үзэх тохиолдлоор заасан болохоос ноцтой гэж үзэх үзэмжээр заагаагүй. Тухайн ажил олгогч ноцтой гэж үзнэ гэсэн нэг ийм заалтаар боломж олгосон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй, Хөдөлмөрийн тухай хуульд мөн үүнийг захирлын зөвлөлийн хурлаар ноцтой гэж олонхиороо гар өргөх юм бол ингэж үзэх гээд байгаа байдал. Энэ агуулгаас ноцтой гэж үзэх нь урьдчилж ийм тохиолдолд гэж заах ёстой байтал хэрвээ ийм тохиолдолд тэд нэг ингэж үзвэл гэсэн ийм заалт байж болохгүй. Тэгэхээр 7.2.11 өөрөө ийм ойлгомжгүй заалт. 7.2.11, 7.2.16 дугаар заалтад хохирол гэсэн заалт байна. 03 дугаар сарын 02, 03 дугаар сарын 06 гэсэн энэ өдрүүдийн тодорхойлолтоор техникийн комиссын акт гэсэн зүйл гаргасан. Энэ актын үндэслэл дээр 2018 оны 03 дугаар сарын 02, 06-ны өдрүүд машинчийн буруутай үйлдлээс болж гэж заасан мөртлөө Ю.Ад хамаатай болсон. Хурлаар нь болохоор гурван этгээд оролцсон энэ өдрийн асуудалд туслах машинч, машинч, Ю.А хамаарагдаж байгаа. Гэмтэлд машинч буруутай гэж бичсэн мөртлөө шалтгаан нь Ю.А гэж бичсэн. Тэгэхээр энэ акт тодорхойлолтоо зөв болгох гээд сүүлд нөхөж бичсэн юм шиг санагдаж байна. Яагаад гэхээр хоёр этгээдийг хоорондоо буруутай гэж тайлбарлан бичсэн. Өнөөдөр Ю.А буруутай юу гэдэг асуудал яригдана. 7.1.11 дээр ажилтны буруу гэж байна. 131.3-т мөн ажилтны буруутай үйлдэл яригдана. Эдгээр өдрүүдийн гэмтэлд Ю.Аын буруу ямар хамааралтай байсан бэ? үүнийг нягталж үзэхэд Ю.А харин ч буруугүй, тухайн хөдөлгүүр шатах юм бол 25-30 сая төгрөгийн шууд хохирол үүсдэг гэсэн Батмөрөнгийн мэдүүлгээр авч үзэх юм бол ийм эвдрэлээс урьдчилан сэргийлсэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй.

Мөн оронд нь гидроэксковатор ажиллуулж, үйлдвэрийн ажиллагаа зогсоогоогүй. Нүүрс олборлох үйл ажиллагаа хэвийн явагдах нь үйлдвэрийн үндсэн зорилго байгаа болохоос хариуцагч талын гаргасан олон тооцоололд авч үзэх юм бол хамааралгүй, харин ч чухал ажлаа орхигдуулаагүй. Амгалан болон Батмөрөн нар мэдүүлэгтээ олборлолт зогсоогүй гэсэн мэдүүлэг өгсөн. Ингээд үйлдвэрлэл зогсоогүй, хоёрдугаарт, эксковатор шатаагүй. Харин шатсан байх юм бол нэг өдрөөр биш олон өдрөөр зогсох болно. Хэрвээ эвдэрсэн бол худалдан авах асуудал яригдана, цаашид суурилуулах засварын асуудал мөн яригдах байсан. Шатсан бол нэг өдөр биш олон өдрийн олборлолт яригдах байсан. Засвар хийсэнтэй холбоотой техникийн комиссын актад ойлгомжгүй зүйл байна. Засвар хийхэд нийт 800 000 гаруй мянган төгрөгийн зардал гардаг. Тэгсэн мөртөө масло юм уу эрэг, боолт сольсон гэх ямар ч үг байхгүй засварын ийм ажлын зардал ийм ажилтны цалин гэж байна. Техникийн комиссын актад дээрх эвдрэлийг арилгахад гаргасан ажлын хөлсний зардал бичсэн. Энэ бичсэн зардал нь өөр байгууллагаас засварчин авчирч, өөр тарифаар бодсон ажиллуулсан юм шиг ойлгомжгүй тооцоо бичсэн байна. Нэмэлтээр хөлс тохирсон юм шиг, гэтэл эдгээр хүмүүс нь энэ байгууллагын ажилтан эвдрэл гарвал угаасаа засвар хийнэ. Эдгээр хүмүүс нь эвдрэл гарах юм бол засвар хийх зорилготой ажиллаж байгаа хүмүүс. Эвдрэл тухайн техникээс хамаарч эвдэрч байгаа эдгээр гэмтлийг тооцож засварлах зорилгоор засварчин ажиллаж байгаа. Энэ байгууллагын ажилтан нар энэ тохиолдолд ажиллана. Хоёр талаас хуульч нар байгаа болохоор нэг зүйлийг анхаарч авч үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Бид хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа учраас энд ямар зүйлийг ярих хэрэгтэй вэ гэхлээр бодит хохирол ярих олох ёстой байсан. Хохирлыг ялгаж ярих ёстой. Бодит хохирол гэдэг бол энэ ширээн дээр байгаа ном алга болохыг бодит хохирол гэнэ. Гэтэл энэ ширээн дээр байх боломжтой зүйл байгаа бол энэ нь бий болж байгаа зүйлийг хэлж байна. Иймээс ирээдүйд олох ёстой байсан орлогыг бодож тооцох нь бол хийсвэр зүйл. Олох байсан орлогыг хохирол гэж тооцдоггүй хөдөлмөрийн харилцаа. Харин олох ёстой байсан орлогыг Иргэний эрх зүйн маргааныг Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа. Тэгэхээр хариуцагч талын хэрэгт байгаа хохирол гэж үзэж байгаа зүйл дандаа хийсвэр зүйл. Энэ хийсвэр зүйл нь хөдөлмөрийн гэрээний 7.2.11, 7.2.16, 40.1.4 дээр хохирол гэсэн ойлголт болохгүй. Тушаал сонин гарсан, давтан үйлдсэн, ноцтой зөрчил гаргасан гэж хоёр өгүүлбэр байгаа. Ноцтой гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсан, үүнийг маргааны дунд ярьж болно. Товчхондоо хэлэхэд ноцтой гэдэг нь заавар, журам дээр эсвэл аюулгүй ажиллагааны журам дээрээс сонгон авч, энэ нь өөрөө ноцтой хохирол учраас гэж тайлбарласан байгаа. Харин давтан тухайн зөрчил удаа дараа гаргасныг дотроо мөн тус тусдаа сахилгын шийтгэл ногдуулаагүй байж болох ч тус тусдаа тогтоогдсон байна гэж заасан. Гэтэл 23-ны өдөр орж шийдсэн нь давтан зөрчил юм уу гэдгийг тогтооход хэцүү. Ингэхээр үндсэн хоёр шалгуураа ойлгох хэрэгтэй, хохирол учирсан юм уу, үгүй юм уу, үүнийг хэрхэн тогтоосон юм. Тогтоох нь хамгийн хэрэгтэй зүйл, үүнийг тогтоох үйл ажиллагааг ажил олгогч тогтоох үүрэгтэй. Акт үйлдэх эрхтэй нь механик гэж заасан. Акт гэдэг албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар дээр тухайн үйл баримтыг тодорхойлон гаргаж байгаа үйл баримтыг хэлж байгаа. Акт нь тухайн зөрчил гаргасан этгээдэд танилцуулагдсан байх ёстой, танилцуулж, зөвшөөрч байгаа, үгүй юм уу гэх эрхээр хангах ёстой, ийм үйл баримт бол байхгүй байна. Тэгэхээр зөрчил гэж үзэж байгаа гурван үйлдлийг хариуцагч тал хоёр үйлдэл гэж үзэж байгаа хурал дээр гурван үйлдэл яригдаж байгаа хэдий ч оруулсан санал нь хоёр юм. Энэ зөрчил нь нэг баримтад байна. Гэхдээ тогтоох ажиллагааг бүрэн хангаагүй. Тогтоох ажиллагаа нь ямар юм бэ гэхээр тухайн байгууллага энгийн нэг байгууллага биш, том байгууллага Монгол Улсад данстай уурхай, энэ байгууллага хөдөлмөрийн стандартыг өөрөө баталж, бүрдүүлж ажиллах ёстой байгууллага. Ийм байгууллагад ажиллаж байгаа этгээдүүд хөдөлмөр эрхэлж, цалин авахаас гадна, хэрвээ ийм эрсдэл үүсэх юм бол тогтоох ажиллагаа ажил олгогчийн үүрэг хэвээрээ байх ёстой. Ажилтан өөрөө зөрчил гаргаж ажлаас халагдсаны дараа өөрөө зөрчлөө нотлох гээд шүүхээр явна гэж байхгүй, энд ажил олгогч зөрчлийг нотолж тайлбарынхаа үндэслэлийг гаргах ёстой. Ингээд зөрчил тогтоогдоогүй учир зөрчил хуулийн дагуу тогтоогдох ёстой. Нэхэмжлэгч нь 2016 онд тухайн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, өөрийн тойрогтоо ялалт байгуулж, сумын иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байгаа ийм залуу. Энэ нь тодорхой эрх мэдэл нь олгогдсон, ажил үүрэг гүйцэтгэдэг ийм байгууллага, энд төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Энэ төлөөлөгчийн эрхийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.4-т Засаг дарга эрх бүхий албан тушаалтан хурлын төлөөлөгчийг ажлаас халах чөлөөлөх, өөрчлөх, шилжүүлэх, тохиолдолд тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид урьдчилан танилцуулж зөвшилцсөн байх гэж заасан. Өөрөөр хэлбэл Хурлын Төлөөлөгчийг ажлаас халахгүй гэж хэлээгүй халах болсон бол хийвэл зохих ажиллагааг хийсний үндсэн дээр ажлаас халах нь зохих. Ажиллагаа хийсний үндсэн дээр халах, магадгүй 40.1.2-т зааснаар халах юм бол тухай ажиллагаа хангагдаагүй бол хууль бус үүний нэгэн адил тухайн шийдвэр мөрдөгдөх ажиллагаа хийгдсэний дараа процесс ажиллагаа өөрөө хангагдана. Ингэхээр “ШО ХК-ийн Б/126 дугаартай Ю.Аыг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцээгүй байна. Энэ тушаал үндэслэлгүй учраас хохирсон этгээдийн эрх сэргэх ёстой. Нэгдүгээрт, өөрт хийгдэх байсан ажиллагаа хийгдээгүй, хоёрдугаарт, процесс ажиллагаа хийгдээгүй, ийм хоёр үндэслэлээр Ю.Аыг ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Дээрээс нь тусад нь нэмэгдүүлсэн шаардлагын хувьд амралтын цагийг тооцдог журам байдаг, энэ журмын 79.6-д ажилтанд үндсэн амралт болон доор дурдсан амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно гэж заасан. 6-10 жил ажилласан бол ажлын 5 ба түүнээс дээш өдөр үндсэн амралт өөрөө 15 хоног байдаг. Ямар ч албан тушаалтанд 15 хоног байхад Ю.Ад 14 хоног бодсон, тушаал дээр 14 хоног гэж бодсон үүнийг ямар ч албан тушаалтанд хуульд 15 хоног гэж заасан байхад үүнд ажилласан жил хамаарахгүй. Ажилласан жил болон ажлын нөхцөлөөс хамаарч хэвийн нөхцөлд ажилладаг бол 1-5 хоног, хэвийн бус ажлын нөхцөлд ажилладаг бол 6-10 хоног байдаг. Ингэхээр 14 хоног өөрөө алдаатай, хэрвээ хэвийн гэж үзэх юм бол 3 хоног,  хэвийн бус гэж үзэх юм бол 5 хоног нэмэх байсан. Уурхайн мастерын албан тушаалыг хуульчилсан акт гаргадаг эрх бүхий албан тушаалтны гаргасан хавсралтад байгаа. Үүнийг шүүх өөрөө судлаад үзэх боломжтой. Хэрвээ хариуцагч тал ажлаас сахилгын шийтгэлээр халагдсан тохиолдолд 14 хоног, өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа бол 16 хоног гэх мэт, ийм стандарт тогтоосон зүйл хуульд байхгүй, ийм үндэслэлгүй байхад хуульч хүн ойлгомжгүй тайлбар хийхгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл хууль байна, дээрээс нь ийм тохиолдолд халагдвал 14,  ийм тохиолдолд халагдвал 3 хоног гэсэн зүйл байхгүй. Хэрэгт байгаа Бар гэдэг хүнд 3 хоног амралтын мөнгө бодсон байна лээ, тэр зүйл бүүр болохгүй, гэхдээ би Барын өмнөөс яриагүй учраас үүнийг орхино. Харин Ю.Аын хувьд 14 хоног байх боломжгүй. Ийм учраас амралтын мөнгийг хуульд нийцүүлэн тооцож олгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Ээлжийн мастер Ю.Аын гаргасан зөрчил нь дараах хоёр зөрчлөөр харагдаж байна. ЭКГ5А№04 машинч Бар, туслах машинч Базарзагд гэсэн хүмүүстэй холбоотой. Захирлын зөвлөлийн хурлаар Ю.А, Бар, Базарзагд нарын гаргасан зөрчлийн асуудлыг авч хэлэлцсэн. Үүнийг мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн тодорхой дурдаж байна. Үүнд: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан ЭКГ5А№04  эксковаторын татуурга хугарсан асуудал, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлжинд гарсан нүүрсний мөргөцөг рүү нүүдэл хийж байх үедээ явахын хөдөлгүүрийг халаасан сул шороонд суулгаж 24 цаг сул зогсолт үүсгэсэн зөрчил гаргасан. Үүнд: Бар, Ю.А, Базарзагд нар мөн байсан. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн оройны ээлжинд ЭКГ5А№04 эксковаторын хөдөлгүүр буудсан шалтгаанаар 4 цаг сул зогсолт хийхэд, маргааш өглөө зүгээр ассан, үүнийг тодорхой ярих юм бол 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн татуурга хугалсан асуудал байгаа. Энэ асуудал дээр уурхай Ю.А руу дайраагүй, энэ нь Бартай холбоотой асуудал байсан учраас Бар шанагаараа мөргөцөг цохиж татуурга хугалсан. Гэхдээ ээлжийн мастерын ажлын байрны тодорхойлолтод тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааны зөрчил доголдол арилгах ажлын байранд анхан шатны удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй гэсэн үүргээ 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн татуурга хугалсан асуудал дээр зөрчил гаргасан. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн мастер дээр хоёр зөрчил байдаг. Нэгдүгээр зөрчил, Пүрэвсүрэн гэх туслах машинч гарах байсан. Тэр хүнийг өөрчилж Базарзагд гэх хүнээр сольж гаргасан. Удирдлагад хэлэхгүй график зөрчүүлсэн. Энэ нь уулын нэгдсэн хэсгийн ажиллах журмын 5.6-д ямар нэгэн байдлаар график зөрчихгүй гэсэн заалт. Гэтэл үүнийг Ю.А зөрчиж дур мэдэн өөр хүн гаргасан. Хоёрдугаарт, ЭКГ5А№04 экскаватор уурхайд хүрэн нүүрс олборлож байсан гол техник өглөөний ээлжинд засварт орж, оройны ээлжинд хүрэн нүүрс олборлохоор гарсан байгаа. Энэ ээлжинд хүрэн нүүрс олборлохоор гарсан гэдэг нь Бар болон Базарзагдад өгсөн Ю.Аын наряд мөн уурхайн нэгдсэн хэсгийн шуурхай тэмдэглэлд тодорхой байгаа. ЭКГ5А№04 эксковаторыг мастер биечлэн удирдаж байх ёстой, энэ нь ажлын байрны тодорхойлолтын 17-д заасан үүрэгт уулын ажлын явцад уулын машин механизм технологийн горим паспортыг мөрдүүлэх, зөөвөр нүүдлийн ажлыг биечлэн удирдах илэрсэн зөрчлийг тухай бүрд нь засаж хариуцан ажиллана. Гэтэл нүүрс гарга гэсэн үүрэг өгсөн мөртлөө өөрөө алга болсон, зөөвөр нүүдлийг машинч Бар туслах машинч Базарзагд нар хариуцан явуулсан. Нотлох баримтаар шинээр өгсөн журам байгаа тухайн журам ЭКГ5А№04 хир налуу байх, хэдэн градустай байх, замыг хэрхэн зассан байх талаар тодорхой дурдсан. Үүнд хөдөлмөрийн гэрээний 7.2-т ажилдаа хайхрамжгүй хандсан, хариуцлагагүй үйлдэл гаргаж, осол саатал гаргах гол нөхцөл үүгээр бүрдүүлж өгсөн. Бар, Базарзагд нар зөөврийн ажиллагааг өөрсдөө биечлэн явуулсан мастер ирээгүй. Ингээд сул шороотой хэсэг рүү 1500 тонн жинтэй эксковатор оруулж, дугуйгаа хий шороо ухуулж, дотор хөдөлгүүрээ маш их халааж зогсоосон. Үүний ар дээр Ю.А очсон. Тэр эксковатор хөдлөх боломжгүй, нам зогссон байсан. Үүнээс болж тухайн эксковатор сул зогсолт хийсэн хоёр ээлж сул зогссон. Уг нь тухайн эксковатор мөргөцөг рүү орж нүүрс олборлож байх ёстой экскаватор нүүрс олборлолтыг уурхай явуулдаг. Ш О ХК нь өөрөө Үндэсний аюулгүй байдал хангаж ажилладаг байгууллага, олборлолтоо зогсоох ТЭЦ-4 байгууллагын нүүрс зогсох юм бол манай уурхай маш том асуудалд ордог. Иймээс хөрсөн дээр ажиллаж байсан эксковаторыг нүүрс рүү оруулсан тэр шөнийн ээлжинд эвдэрсэн эксковаторыг засварлах боломж байхгүй, засварын баг байхгүй. Хавтаст хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн наряд дээр байгаа бүхэл бүтэн зургаан ажилтныг ажиллуулахын тулд нэмэлт цагаар гаргасан. Гурван машинч, гурван туслах ээлжийн механик дээр нь цахилгааны багийг авчирч мотор шалгасан. Гэрч Батмөрөнгийн мэдүүлэгт мотор халсан учраас шалгасан, ашгүй тухайн мотор шатаагүй байсан. Хэрвээ шатсан байсан бол шууд 25 000 000 төгрөгийн хохирол учрах байсан. Эксковаторыг хөдөлгөхийн тулд дахин хүнд механизм хэрэгтэй, 1500 тонн жинтэй зүйлийг хүнд жинтэй зүйлээр өргөх ёстой ингээд эксковатор кран авчирсан. Хэрвээ өөрөө хажууд нь байсан бол тухайн машин сул шороо руу орохгүй хажууд нь байсан бол эвдрэхгүй байсан. Ш О ХК-д сул зогсолтын тариф батлах тухай 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/66 дугаар тушаал байдаг. Үүнд сул зогсолтыг хэрхэн тооцох талаар тодорхой зааж өгсөн байдаг. Захирлын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болсон хурал дээр Ю.Аоос дээрх асуултууд асуугдсан. Та мөргөцөг шилжүүлэх үед та байсан уу? гэхэд байгаагүй энэ үйл ажиллагаанд таны буруутай үйлдэл байна уу? гэхэд миний буруу байна гэсэн. Гэтэл өнөөдөр шүүх дээр нэхэмжлэл гаргахдаа миний буруутай үйлдэл байхгүй би байгууллагад хохирол учруулаагүй гэсэн зүйл яриад зогсож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч танайх хохирлыг бодит хохирол гэж тооцдог танайх хийсвэр зүйл яриад байна ийм зүйл ярихгүй гэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын зүйл байдаг. Гэхдээ Ш О ХК нь Ю.Атой эд хөрөнгийн бүрэн хариуцлага байгуулсан ажилтан биш, бид нар эд хөрөнгийн хохирол Ю.Аоос шаардаагүй, харин таны ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдлээс болж компанид ийм ийм хохирол учирсан хохирлын асуудал ярьсан, бусдаар хохирлын асуудал нэхэмжлээгүй. Байгууллагад учирсан хохирлын асуудал ярьсан. Захирлын зөвлөлийн хурал дээр уулын нэгдсэн хэсгийн даргын үүрэг хэлэлцэгдсэн мөн уулын техникийн комиссын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр акт хэлэлцэгдсэн хурал өөрөө ширүүн явагдсан. Үндэсний аюулгүй байдал хамгаалах байгууллага 24 цаг сул зогсолт хийж болохгүй энэ зүйл байнга дурдагдсан. Үүнийг үгүйсгэхгүй байх байгууллагаас гаргасан техникийн комиссын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Үүнийг би нотлох болно. Нэгдүгээрт, 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/66 дугаартай тушаалаар нотолно, дараа нь хүн хүч ажилласан ажил тэмдэглэлээр мөн гэрч Батмөрөн, Амгалан нарын мэдүүлэг өнөөдөр нотлох баримтаар өгсөн Ю.Аын өөрийнх өгсөн нарядуудаар нотолж байна. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн бас нэг зөрчил байгаа мөн ялгаагүй дээрх гурван хүн байсан. Шөнийн ээлжинд ажиласан эксковаторын хөдөлгүүр буудсан гэх үндэслэлээр шууд зогсоосон бас нүүрс гаргалтыг зогсоосон тэр үед мөн ээлжийн мастер байгаагүй, Бар гэх хүнтэй утсаар ярьж уг нь өөрөө газар дээр биечлэн очиж ажлын байрны тодорхойлолтын 10-т ээлжийн ажлын үед гарсан тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл зогсолт зэргийг ээлжийн даргад мэдэгдэж арилгуулах ажлыг зохион байгуулна. Уулын нэгдсэн хэсгийн ажиллах журамд мөн ээлжийн механикийн үүрэг байгаа энэ үүргээ мөн биелүүлээгүй, уг нь тухайн газар очиж шалгаж асааж үзэж үнэхээр зогссон байна уу, эвдэрсэн байна уу гэдгийг мэдэж, хэсгийн даргад хэлж, засах арга хэмжээг тэр дор нь авах байсан. Гэтэл шууд хаяад явж, 4 цаг сул зогсолт хийсэн, тэгтэл маргааш өглөөний ээлж ирж эксковаторыг асаахад шууд ассан, энэ талаар гэрч Батмөрөн, Амгалан нар мэдүүлсэн, зогссон гэдгийг хавтаст хэргээс харах боломжтой. Мөн олох байсан орлогыг танайх нэхэхгүй энэ нь хохирол биш гэж байна. Бид нар өөрийнхөө техникийг 24 цаг сул зогоолгож бараг 30 цаг сул зогоолгосон байхад энэ цагийн бүтээлийг бодож хохирол гаргахгүй юм бол өөр юугаар хохирол тооцох юм бэ ийм хохирол учирсан гэж ярьж байна. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 02, 06-ны өдрүүдэд Ю.А ажлын байрны тодорхойлолт, уулын хэсгийн ажиллах журам, хөдөлмөрийн гэрээ, техник технологийн журам ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа дурдаж давтан зөрчил гэдгийг тайлбарласан тайлбар байгаа гэсэн зүйл хэлсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тайлбарын 15.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг сахилгын зөрчил хоёр ба түүнээс дээш гаргасан байхыг хэлнэ. Зөрчил бүр дээр сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй гэсэн байна. Ю.Аын гаргасан зөрчил нь тус бүрдээ тогтоогдсон, тус бүрдээ эрх зүйн акттай, удаа дараа давтан зөрчил гаргасан үүнийг үгүйсгэхгүй байх гэж бодож байна. Мөн тайлбарын 14.2-т хуулийн 40.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил орлогыг унагаах зэргээр түүний эрх ашигт нөлөөлөхөөр сөрөг үр дагавар бий болгосон уг ажилтны үйлдэлд эс үйлдэхүй байхыг ойлгоно гэж заасан. Энэ хүний зөрчилд үйлдэл байна уу байна, эс үйлдэхүй байна уу байна,  тэгэхээр юуг үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. Гэрээний талууд ажлын байр, ажлын үүрэг зэргээс ямар зүйлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан зөвшилцөн тогтоож, уг зүйлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. Хөдөлмөрийн гэрээний 7.2-т ажилтныг ямар зөрчил гаргах юм бол Ш О ХК гэрээг цуцлах юм бэ гэвэл, энэ зөрчил нь ажилтны гаргасан зөрчил хамаарч байна уу гэвэл хамаарч байна, хохирол учруулсан уу учруулсан байна.  Иймд Ш О ХК-ийн гаргасан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/126 тушаал хуулийн хүчин төгөлдөр байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ хүн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.4-т зааснаар энэ заалтад Засаг дарга, эрх бүхий албан тушаалтан гэж заасан байдаг. Энэ захиргааны хэргийн асуудал тиймээс хөдөлмөрийн эрх зүйтэй хамааралгүй гэж бодож байна. Гуравдугаарт, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага байгаа, нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг Ш О ХК зөвшөөрөхгүй байгаа, өөрийнхөө гаргасан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэмэгдэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Цалин гаргуулах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бөглөлт хийлгэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдугаар шаардлагаар цалин орж ирсэн ээлжийн амралтыг буруу бодсон ээлжийн амралтыг 20 хоногоор бодох ёстой гэсэн заалт орж ирсэн. Би үүнд эргэлзэж байна, ажилтан өөрийгөө ажлаас халагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Халагдсан хүн ээлжийн амралтын мөнгө нөхөж авна гэсэн зүйл ярина, гэтэл энэ нь халагдсан мөртлөө би ээлжийн амралтын мөнгө нэмж авна гэх юм, энэ нь өөрөө логикоор бодох юм бол ойлгомжгүй асуудал. Ээлжийн амралт гэдэг тухайн ажилтныг ажилд орсноос бодож явдаг жилд хэдэн сар ажиллана, тэр хугацаанд бодож амралтын мөнгө олгодог. Тэрнээс ажлаас сахилгын зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн хүн бүтнээр буюу 20 хоногоор тооцож авах боломж байхгүй. Үүнийг Монгол Улсын Эрүүл мэнд, нийгэм хамгааллын Сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаал ээлжийн амралт олгох заавар үгээр бодогдож ээлжийн амралт олгогддог. Ш О ХК-ийн хувьд ээлжийн амралтыг дутуу бодож олгосон зүйл огт байхгүй. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

 Зохигчдын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.А нь хариуцагч Ш О ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,

Ш О ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн тогтоож, ... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, амралтын мөнгөний зөрүү болох 7 хоногийн цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ.

Хариуцагчаас “... ажлын хариуцлага алдаж, удаа дараа зөрчил гарган компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулж, ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан ...” хэмээн маргана.

Нэхэмжлэгч Ю.А нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Ажилтан нь Ш О ХК-д 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өрмийн туслах машинчаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулагдсан талаар зохигчид маргаагүй.

 Ш О ХК-ийн гүйцэтгэх  захирлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.11, 7.2.16, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалтыг тус тус үндэслэн “... ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдаж, удаа дараа зөрчил гарган компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулж, ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч Ю.Аын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаар ээлжинд гарсан зөрчлийн талаар маргахгүй гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад тайлбарласан ба талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч Ю.А  нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлжинд ЭКГ5А№04 эксковаторыг мөргөцөгт шилжүүлэх, зөөх ажиллагааг удирдан зохион байгуулаагүй, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар ээлжинд ЭКГ5А№04 эксковаторын ерөнхий хөдөлгүүрт гэмтэл гарахад эвдрэлийн шалтгааныг тогтоож, засварлуулах үүргээ биелүүлээгүй сул зогсоож, тус компанид мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь Ш О ХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/42 дугаар тоот тушаалаар баталсан “Уулын нэгдсэн хэсгийн ажиллах журам”-ын 2.1, 2.2-ын ээлжийн мастерын ажлын үндсэн чиг үүрэг, Ш О ХК-ийн захирлын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Техникийн комиссын акт №49, ЭКГ-5А цахилгаан эксковаторын алдагдал боломжийн тооцоо, Уулын нэгдсэн хэсгийн дарга Л.Амгалангийн тодорхойлолт, тус компанийн гүйцэтгэх захирлын 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/66 дугаар “Төлбөрт үйлчилгээ, сул зогсолтын тариф батлах тухай” тушаал, түүний хавсралт, ажлын нарядын дэвтэр, уулын ажлын мэдээ, шуурхай нарядын дэвтэр, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн ээлжийн мастерын ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн чиг үүрэг нь “ээлжиндээ ажиллаж байгаа ажилтнуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажиллаж байгаа машин тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюул осолгүй ажиллах асуудлыг хариуцаж, зөрчил доголдлыг арилгуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ”,

10.5-д “... Ээлжиндээ ....байнгын удирдлагаар хангаж ажиллах”, 10.6-д ээлжийн хугацаанд гарсан тоног төхөөрөмжүүдийн зогсолт, эвдрэл саатлыг цаг алдалгүй хэсгийн удирдлага болон ээлжийн дарга, диспетчерт мэдэгдэн арилгуулах ажлыг зохион байгуулна”, 10.7-д Уулын ажлын явцад /хөрс хуулалт, нүүрс олборлолт, технологийн зам талбай, мөргөцөг спуск, нүүрсний тааз цэвэрлэх, өрөмдлөгийн талбайг бүртгэх, өрөмдлөгийн ажил гүйцэтгэх/... зөөвөр нүүдлийн ажлыг биечлэн удирдаж, илэрсэн зөрчлийг тухай бүр засуулж, ажиллах ...”-аар тодорхойлон заажээ. 

Гэтэл нэхэмжлэгчээс “... би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэж байхдаа нүүрсний мөргөцөг рүү нүүдэл хийж байх үедээ явахын хөдөлгүүр буудсан гэх мэдээллийг өгсөний дагуу уулын диспетчерт 23:30 минутад мэдэгдэж, ээлжийн даргын хамт очиж үзэхэд халалт ихтэй, угаар үнэртэж байсан ба машинч А.Бар нь одоо асааж болохгүй, буудсан гэх шалтгаанаар шууд зогсоосон ч гидроэксковаторыг ажиллуулж, нүүрс гаргалтыг хэьийн явуулсан,

2018 оны 03 дугаар сарын 06-ны шөнийн 01:00 цагт эксковаторын ерөнхий хөдөлгүүр гэмтэлтэй байна гэж машинч А.Бар, Л.Пүрэвсүрэн нар мэдэгдэхэд би ажил үүргийнхээ дагуу уулын диспетчер, ээлжийн дарга нарт мэдэгдэж, цахилгаан хангамжийн хэсгийн монтёрыг дуудаж үзүүлэхэд газардлагатай гэсэн учраас ээлжийн даргын зөвшөөрлөөр зогсоосон, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлжинд би тухайн үед галын аюулгүй байдлыг шалгахаар явсан байсан, ээлжийн даргад мэдэгдэж байсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлана.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ю.А нь 2018 оны 03 дугаар сарын 02, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд алдаа зөрчил гаргаагүй гэх боловч 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлжинд ЭКГ5А№04 эксковаторыг мөргөцөгт шилжүүлэх, зөөх ажиллагааг ээлжийн мастер удирдан, техник зохион байгуулалтын ажлыг хийх ёстой байсан ба энэ нь ээлжийн мастерын ажлын байрны тодорхойлолтын 10.7-д заасан үүрэг, 

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар ээлжинд ЭКГ5А№04 эксковаторын ерөнхий хөдөлгүүрт гэмтэл гарсан тохиолдолд ээлжийн мастер цаг алдалгүй засварлуулах ажлыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй байтал ЭКГ5А№04 эксковаторыг зогсоосон, түүнчлэн ажлын график зөрчүүлж А.Пүрэвсүрэнг тус ээлжинд гаргасан нь Уулын нэгдсэн хэсгийн ажиллах журмын 5.5, 5.6-д заасныг зөрчсөн, мөн ажлын байрны тодорхойлолтын 10.5, 10.6-д заасан үүргээ тус тус биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

Зохигчид хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах зөрчлийн нэр төрлийг тухайлан тусгасан байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээг талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт  нийцсэн гэрээ байна гэж үзэв.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь ажилтан Ю.Атой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.11-т “... ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас мөнгөн болон эд хөрөнгийн хохирол учруулсаныг ажил олгогч ноцтой гэж үзсэн бол”, 7.2.16-д “... ажилтан өөрийн анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл, аюулгүй ажиллагаа болон техник ашиглалтын заавар, горим зөрчиж аваарь осол, саатал гарган байгууллагад хохирол учруулсан бол” зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлийг харилцан тохиролцсон байна.

Дээрх зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил байх тул Ш О ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/126 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ю.А нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар ээлжинд гарч байхдаа галын цэг эргэхээр явсан байсан, түүнийг ээлжийн дарга мэднэ гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Ю.А нь “... сумын иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажилладаг, ...төлөөлөгчийн эрхийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.4-т Засаг дарга, эрх бүхий албан тушаалтан хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, өөрчлөх, шилжүүлэх тохиолдолд тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байх” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хийвэл зохих ажиллагааг хийсний үндсэн дээр ажлаас халах нь зохино” гэж маргана.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулдаг ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалт нь хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг заасан байна. Гэтэл тухайн нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн гэрээ, ажилтны хөдөлмөрлөх үйл ажиллагаатай холбоотой маргаан тул дээрх хуулийн зохицуулалт нь хамааралгүй юм. 

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ю.Аын Ш О ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,

Ш О ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн тогтоож, ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, амралтын мөнгөний зөрүү болох 7 хоногийн цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.ЦОГЗОЛМАА