Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00552

 

Ж.Зейнелийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00440 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00045 дугаар магадлалтай,

Ж.Зейнелийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захирагчид холбогдох,

захирагчийн албаны усны машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Зейнел, өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Зейнел шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би "В", "С" ангиллын жолооч мэргэжилтэй. 2007 оноос эхлээд Цагааннуур тосгоны захирагчийн албаны ундны усны хангагч, жолоочоор ажиллаж эхэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүрэл Ундны усны машиныг түрээсийн гэрээгээр эзэмшиж, гэрээний дагуу хөлс авч ажилласан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ намайг ямар ч шалтгаангүйгээр, ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхэд халдсан. Миний бие жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд жолоодох эрхээ хасуулаагүй. Иймд Ж.Зейнел намайг урьд эрхэлж байсан Цагааннуур тосгоны захирагчийн албаны усны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захирагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Зейнел нь тус тосгоны албаны усны автомашины жолоочоор ажиллаж байсан. Гэвч түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дуусгавар болсон цаашид замын хөдөлгөөнд автомашин жолоодон оролцуулахгүй байх тухай Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Цагааннуур тосгон дахь цагдаагийн хэсгээс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дугаартай мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлтэй танилцаж үзэхэд Ж.Зейнелийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байсан. Иймээс ажил олгогчийн ажилтан Ж.Зейнелийг ажлаас чөлөөлсөн эрхийн акт нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн "Ж.Зейнел намайг урьд эрхэлж байсан Цагааннуур тосгоны захирагчийн албаны усны жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай" нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00440 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Зейнелийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захирагчийн албаны усны машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захирагчийн албаны санхүүгээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00045 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00440 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00045 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Зейнел нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болохыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Цагааннуур тосгон дахь цагдаагийн хэлтсээс Цагааннуур тосгоны захирагчид Д.Есболатад 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн Б/21 дугаартай мэдэгдлээр нотлогдсон гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Цагааннуур тосгон хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Серикболын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дугаартай мэдэгдлийг хүлээн авсан Цагааннуур тосгоны захирагч 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ж.Зейнелтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/10 дугаартай захирамж гаргахаас өөр гарц байгаагүй юм. Нэхэмжлэгч Ж.3ейнелд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хугацаа нь дууссан жолооны үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 200 нэгж буюу 200,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 3112 зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 29/1347 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон. Ж.Зейнел нь цагдаагийн байгууллагаас захиргааны шийтгэл хүлээсэн нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл ба энэхүү нөхцөл байдал арга хэмжээ давхардаагүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл нь орчин тойрондоо аюултай зүйл бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодоход заавал хуулиар тусгай шаардлага тавих ба өөрөөр хэлбэл хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байхыг шаарддаг юм. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-д заасан үндэслэлийг заавал баримтлах байсан гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар 1 сарын өмнө заавал мэдэгдэх хуудас өгөх журамтай юм. Гэтэл ажил олгогчийн тушаалд дурдсан албан ажлын шаардлагыг харгалзан
Ж.Зейнел нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байхад түүгээр цаашид ажил гүйцэтгүүлэх буюу тээврийн хэрэгсэл жолоодуулах боломжгүй байсан бодит нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй. Ажил олгогч нь эрх бүхий байгууллагын албан шаардлагыг үндэслэн Ж.Зейнелтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-д зааснаар дуусгавар болгосон нь хууль зөрчсөн үйл ажиллагаа биш гэж дүгнэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00440 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00045 дугаартай магадлалыг тус тус хүчингүйд тооцож, Ж.Зейнелийн урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захирагчийн албаны усны машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ

 Ж.Зейнел нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны захирагчид холбогдуулан усны машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ж.Зейнел нь усны машины жолоочоор ажиллаж байгаад тосгоны захирагчийн 2020.02.18-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Уг тушаалд, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.1, 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 дэх заалтыг баримталж, жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан, автомашин жолоодуулахгүй байх талаар тосгоны цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс ирүүлсэн шаардлага, жолоодож байсан автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй түр саатуулсан байдал, тосгоны оршин суугчдыг цэвэр ундны усаар тасралтгүй хангах ажлын шаардлагатай гэсэн үндэслэл дурджээ.

Тушаалд заасан үндэслэл ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг шийдвэртээ тодорхой заах шаардлагатай бөгөөд Б/10 тоот тушаалд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ерөнхий зохицуулалтыг баримталсан байх ба нэхэмжлэгчийг мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль шалтгаанаар ажлаас халснаа тодорхой заагаагүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, цагдаагийн хэсгийн мэдэгдэлд ийм агуулга тусгагдаагүй байна.

Ж.Зейнелийн жолооны ВС ангиллын үнэмлэхийн хугацаа дууссан, энэ үйлдэлд түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох арга хэмжээ ногдуулсан нь тогтоогджээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангахдаа хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00440 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00045 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ