Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт хаягийн бүртгэлтэй, одоо тус аймгийн Есөнбулаг сумын Индэр багийн 13-17-11 тоотод оршин суух, Монгол овогт Пүрэвдоржийн Лхагвабаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Лхагвабаатар, хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Лхагвабаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Лхагвабаатар нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай гомдол гаргаж Захиргааны хэргийн шүүхээд шийдвэрлүүлэн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан билээ. Уг шийдвэр гарсанаас хойш тухайн албан тушаалтан одоо хүртэл шүүхийн шийдвэр биелүүлээгүй байгаа бөгөөд биелүүлэх боломжгүй тухай албан бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсэн байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тасалбар болгон тогтоож өгнө үү. 2017 оны 02 дугаар сарын 21-нд ажлаас чөлөөлөгдсөн. Энэ ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаа үндэслэлгүй гэж Захирааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарч ажилд томилогдсон байгаа. Ингээд тухайн 07 дугаар сарын 16-ны өдөр миний цалинг тасалбар болгон олгогдохоор заасан байсан. Үүнээс хойш захиргааы хэргийн давзж заалдах шат, хяналтын шатны шийдвэр гаргаад үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох бичиг баримтаа өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгүүлж өгөөч гэхэд одоо хүртэл ажилдаа аваагүй. Үүний дагуу 2017 оны 07 дугаар сарын 16-аас өнөөдрийг хүртэл өдрийн цалингаа нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан. Миний ажлын байрны талаар ярьлаа. Эхнээсээ манай байгууллагын бүтцэд байгаагүй гэдэг тайлбар яриад байгаа. Анхнаасаа намайг Засгийн газрын 55 дугаар тогтоолоор тээврийн авто замыг татан буулгаад Тамгын газарт шилжүүлсэн. Тухайн үеийн даргад удирдлагууд энэ газрын ажилтан гэж намайг тийшээ шилжүүлээгүй. Одоо байгаа бичиг баримтад танай бүтцэд оруул гэсэн юм биш. Удирдлагаар нь хангаад адил чиг үүрэг хэрэгжүүлж байгаа хүнтэй адил цалин тамгын газраас олгож байсан. Ууган-Эрдэнэ даргын шийдвэр тамгын газрын ажилтанг хамаагүй хүн халчихсан. Заавал бүтцэд байх гээд байгаа юм биш. Зүгээр чиг үүргээр нь хангаад тэнд нь ажиллаад багаж тоног төхөөрөмж аймгийн нөөц бололцоог ашиглаад ажиллуулж байгаа хувилбар. Харин цалинг тэнд ажиллуулаад захиалагчийн хяналтын зардлаас Тамгын газрын шийдвэрээр гаргаад явж байсан. газрын харилцаа барилга хот байгуулалтын үндсэн бүтцээс геотиз зураг зүйн газраас ирдэг санхүүжилтээс нь нэг ч удаа цалин авч байгаагүй. Тэгэхээр үүн дээр бүтцийн талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэсэн боловч манайд хүндрэлтэй асуудал гарсан. Лхагвабаатар нь манайд замын хяналтын иженерээр ажиллаж байсан. 2015 онд манай бүтэц орон тоо шинэчлэгдсэн. Тэгэхэд Лхагвабаатарын орон тоо гэж байгаагүй. Саяхан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин бүтэц орон тоо батлагдсан. Буцаад авъя гэхэд бүтэц орон тоонд нь байхгүй. Иймэрхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Лхагвабаатарыг буцааж авах боломжгүй байсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргын тамгын газарт удаа дараа албан бичиг өгч байсан. Зсага даргын тамгын газраас саяхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст албан бичиг хүргүүлсэн байна лээ. Манайд албан ёсоор ингэж шийдвэрлэлээ гэсэн бичиг өгөөгүй. Буцаад ажилд авах гэхээр тиймэрхүү хүндрэлтэй асуудал байгаа. Тийм учраас одоогоор тухайн хүнийг ажилд аваагүй байгаа. Миний хувьд шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбогдуулан бүтцийн тухай яригдсан. Мөн нэг зүйлийг дурдахад Лхагвабаатарыг замын хяналтын сангаас цалинжуулах нь буруу юм гэсэн аудитын дүгнэлт удаа дараа гарсан. Дотоод аудитын газраас замын хяналтын зардлаар хүн цалинжих биш. Зөвхөн замын хяналтын зардалд зарцуулагдах ёстой. Төсвийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна гэсэн асуудал яригдсан. Буцаад тэр ажилд нь авах гэхээр аудит манайд дүгнэлт удаа дараа тавьсан байгаа. Тэгэхээр Аудитын тухай хууль, Төсвийн тухай хуулиудийг зөрчих  болоод байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч П.Лхагвабаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Лхагвабаатар нь хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдуулан Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч П.Лхагвабаатар нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын тээвэр авто замын асуудал хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн, улмаар П.Лхагвабаатар нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоогдсон болох үйл баримт нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 687 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 682 дугаартай захирамж зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж, мөн зүйлийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байхад Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийдвэрийг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь бүтэц орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүх дээр дурдсан хууль зүйн факт буюу үйл баримт, түүний нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч П.Лхагвабаатарын ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг бодитойгоор биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

Шүүхийн шийдвэр бодитойгоор биелээгүй буюу зөрчигдсөн эрх болох цалин хөлсөө авч чадаагүй бүхий л хугацааны цалинг тооцон олгох нь зүйтэй юм. Иймээс ажилтны ажилгүй байсан хугацааг Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гарсны маргааш буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 248 хоногоор тооцон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлох журмын дагуу тооцож 23.526 *248=5.834.448  төгрөг болж байна.

Иймд нэхэмжлэгч П.Лхагвабаатарын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 248 өдрөөр тооцож олговорт 5.834.448 төгрөгийг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Лхагвабаатарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 5.834.448 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 108.301 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 248 хоногийн олговорт 5.834.448 /таван сая найман зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол овогт Пүрэвдоржийн Лхагвабаатарт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Лхагвабаатарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 5.834.448 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 108.301 /нэг зуун найман мянга гурван зуун нэг/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Ц.ҮЙТҮМЭН