Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 19

 

.Л-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2018/00337 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Шарга сумын, Л-н нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч П.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Лр нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай гомдол гаргаж Захиргааны хэргийн шүүхээд шийдвэрлүүлэн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан билээ. Уг шийдвэр гарснаас хойш тухайн албан тушаалтан одоо хүртэл шүүхийн шийдвэр биелүүлээгүй байгаа бөгөөд биелүүлэх боломжгүй тухай албан бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсэн байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тасалбар болгон тогтоож өгнө үү. 2017 оны 02 дугаар сарын 21-нд ажлаас чөлөөлөгдсөн. Энэ ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаа үндэслэлгүй гэж Захирааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарч ажилд томилогдсон байгаа. Ингээд тухайн 07 дугаар сарын 16-ны өдөр миний цалинг тасалбар болгон олгогдохоор заасан байсан. Үүнээс хойш захиргааы хэргийн давж заалдах шат, хяналтын шатны шийдвэр гаргаад үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох бичиг баримтаа өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгүүлж өгөөч гэхэд одоо хүртэл ажилд аваагүй. Үүний дагуу 2017 оны 07 дугаар сарын 16-аас өнөөдрийг хүртэл өдрийн цалингаа нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан. Миний ажлын байрны талаар ярьлаа. Эхнээсээ манай байгууллагын бүтцэд байгаагүй гэдэг тайлбар яриад байгаа. Анхнаасаа намайг Засгийн газрын 55 дугаар тогтоолоор тээврийн авто замыг татан буулгаад Тамгын газарт шилжүүлсэн. Тухайн үеийн даргад удирдлагууд энэ газрын ажилтан гэж намайг тийшээ шилжүүлээгүй. Одоо байгаа бичиг баримтад танай бүтцэд оруул гэсэн юм биш. Удирдлагаар нь хангаад адил чиг үүрэг хэрэгжүүлж байгаа хүнтэй адил цалин тамгын газраас олгож байсан. У даргын шийдвэр тамгын газрын ажилтанг хамаагүй хүн халчихсан. Заавал бүтцэд байх гээд байгаа юм биш. Зүгээр чиг үүргээр нь хангаад тэнд нь ажиллаад багаж тоног төхөөрөмж аймгийн нөөц бололцоог ашиглаад ажиллуулж байгаа хувилбар. Харин цалинг тэнд ажиллуулаад захиалагчийн хяналтын зардлаас Тамгын газрын шийдвэрээр гаргаад явж байсан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын үндсэн бүтцээс геотиз зураг зүйн газраас ирдэг санхүүжилтээс нь нэг ч удаа цалин авч байгаагүй. Тэгэхээр үүн дээр бүтцийн талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэсэн боловч манайд хүндрэлтэй асуудал гарсан. Лр нь манайд замын хяналтын иженерээр ажиллаж байсан. 2015 онд манай бүтэц орон тоо шинэчлэгдсэн. Тэгэхэд Лрын орон тоо гэж байгаагүй. Саяхан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин бүтэц орон тоо батлагдсан. Буцаад авъя гэхэд бүтэц орон тоонд нь байхгүй. Иймэрхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Лр-г буцааж авах боломжгүй байсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргын тамгын газарт удаа дараа албан бичиг өгч байсан. Засаг даргын тамгын газраас саяхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст албан бичиг хүргүүлсэн байна лээ. Манайд албан ёсоор ингэж шийдвэрлэлээ гэсэн бичиг өгөөгүй. Буцаад ажилд авах гэхээр тиймэрхүү хүндрэлтэй асуудал байгаа. Тийм учраас одоогоор тухайн хүнийг ажилд аваагүй байгаа. Миний хувьд шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбогдуулан бүтцийн тухай яригдсан. Мөн нэг зүйлийг дурдахад Лрыг замын хяналтын сангаас цалинжуулах нь буруу юм гэсэн аудитын дүгнэлт удаа дараа гарсан. Дотоод аудитын газраас замын хяналтын зардлаар хүн цалинжих биш. Зөвхөн замын хяналтын зардалд зарцуулагдах ёстой. Төсвийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна гэсэн асуудал яригдсан. Буцаад тэр ажилд нь авах гэхээр аудит манайд дүгнэлт удаа дараа тавьсан байгаа. Тэгэхээр Аудитын тухай хууль, Төсвийн тухай хуулиудийг зөрчих болоод байгаа гэжээ.

 Анхан шатны шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 248 хоногийн олговорт 5.834.448 /таван сая найман зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол овогт П.Лт олгохыг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Лрын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 5.834.448 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 108.301 /нэг зуун найман мянга гурван зуун нэг/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Л давж заалдах гомдолдоо: Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.У холбогдох иргэний хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэжээ.

Уг шийдвэрт 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртлэх цалинг тооцохдоо зөрүүтэй тооцсон байх тул ажилгүй байсан хугацааны цалин болох 11 сар 9 хоног буюу 248 хоногийн дундаж цалин болох сарын 778,813 төгрөг, өдрийн 35.400 төгрөгөөр тооцож  нийт 8.779.343 төгрөгөөр тогтоож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Л нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох тухай харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ яаж тооцож тодорхойлсон нь ойлгомжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг танилцуулаагүй, хариуцагчид эрх, үүргийг тайлбарлаж танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх...” ажиллагааг хийгээгүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2018/00337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш.БАТТОГТОХ

                                ШҮҮГЧИД                                         Ч.ЭНХТӨР

                                                                                          Т.ЖАРГАЛСАЙХАН