Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00188

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын

                               нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/01112 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-отгоны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-отгон, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинистаар ажилладаг ба Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 дугаартай тушаалаар ажлаас халагдан, ажилд эгүүлэн тогтоолгохоор Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүх Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарыг ажилд нь эгүүлэн тогтоосон байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01558 дугаартай дээрх шийдвэрийг давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцээд хэвээр үлдээж, улмаар Б.Алтан-Очирыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/1161, Г.Батсайханыг Б/1162 дугаартай тушаалаар тус тус ажилд эгүүлэн авсан байна. Нэгэнт шүүхээс эдгээр хүмүүсийг ажлаас халсан нь үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан, эдгээр хүмүүс нь ажилдаа орсон учраас ажилгүй байсан хугацааны олговрыг ажилгүй байсан 1 жил 5 сар 28 хоногийн хугацаагаар нэхэмжилж байна. Үүнийг тооцож үзээд Б.Алтан-Очир 55.953.120 төгрөгийг, Г.Батсайхан 64.951.424 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.”, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Журам батлах тухай 55 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн (а)-д ...ажилтанд ажлаас халагдсан болон ...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байна.

Нэхэмжлэгч Г.Батсайхан, Б.Алтан-Очир нарт ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын тооцоо, судалгааг гаргуулахаар Хууль, эрх зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 130/707 тоот албан бичгийг компанийн Эдийн засгийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус хэлтээс 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 108/ 200 тоот албан бичгээр нэхэмжлэгч Б.Алтан-Очирт 51,976,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Батсайханд 53,055,360 төгрөг олгохоор байгаа тооцоог хууль зүйн газарт ирүүлсэн. Иймд нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын нэхэмжлэлийн шаардлага бодит биш, үндэслэлгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/01112 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 51.976.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтан-Очирт, 52.910.400 төгрөг гаргуулан Г.Батсайханд тус тус олгож, Б.Алтан-Очирын нэхэмжлэлийн шаардлагаас 6.795.779 төгрөг, Г.Батсайханы нэхэмжлэлийн шаардлагаас 11.514.881 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 682,382 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан. Улсын Дээд шүүхийн тогтоол бол эцсийн шийдвэр бөгөөд шүүхийн тогтоолыг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болдог бөгөөд нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг бол мэдсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх” Гэтэл нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 08 дугаар сарын 31 -нд буюу Улсын Дээд шүүхийн тогтоол гарсанаас хойш 4 сар 5 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бодитой биш, үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.”, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Журам батлах тухай” 55 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн (а)-д “...ажилтанд ажлаас халагдсан болон ...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Алтан-Очирт 55.953.120, Г.Батсайханд 64.951.424 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн тооцоо судалгаагаа ямар аргачлал, журмыг үндэслэсэн нь тодорхой бус үүнийг шүүх хуралдааны явцад тайлбарлахдаа үндэслэл бүхий тайлбарлаж чаддаггүй.

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан” гэдэг нь ажилтан шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг авахаар ажил олгогчид хандаж гаргасан гомдлыг ажил олгогч шийдвэрлээгүй, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилтанд олгохоос татгалзсан, энэ асуудлаар ажилтан, ажил олгогч нар маргалдсан байхыг шаардах бөгөөд ажил олгогчийн шийдвэрийг ажилтан эс зөвшөөрч хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан, хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл ажилтан ажил олгогч нарын хооронд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох эсэх талаар маргаан үүссэн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Б. Алтан-Очир, Г.Батсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Дээрх нөхцөл байдлууд үүссэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан 1 жил 5 сар 28 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1558 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхийн магадлал тогтоол, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/1161, Б/1162 дугаар тушаал зэрэгт үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын Хүдрийн ил уурхайн экскаваторын машинистаар ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 дугаартай тушаалаар үйлдвэрийн бүсээс буюу малехитжсан чулууг зохих зөвшөөрөлгүй авч гарсан гэсэн зөрчилд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, 8.10 заалт, хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.4.6, 4.3, 4.3.5 заалтуудыг үндэслэн захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1558 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинистын ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар магадлал Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 508 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шат шатны шүүхийн шийдвэр магадлал тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/1161, Б/1162 дугаар тушаалуудаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайн уулын ажлын хэсэгт экскаваторын 5 дугаар зэргийн туслах машинистаар эгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг дээрх тушаалаар шийдвэрлээгүй байна.

Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шаардаагүй байсан бөгөөд ажилд эгүүлэн тогтоосон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар цалингийн асуудлыг шийдвэрлээгүй ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй, мөн хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар олговрыг олгоогүй байх тул энэ асуудлаар анхан шатны шүүхэд хандсаныг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн харьяаллын биш маргаан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр маргаж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг нэрлэн заасан ба 128.1.5-д заасан энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаанд хамааралтай болно.

Нөгөө талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж мэтгэлцэж байгаа боловч хяналтын шатны шүүхийн тогтоол уншин сонсгомогц хүчин төгөлдөр болох ёстой энэ үеэс хугацаа тоологдож эхэлсэн гэж үзэж хуулинд заасан хугацаа өнгөрсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болно. Шүүхүүдийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сар гаруйн дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал тушаал гаргаж нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн авсан байх тул хариуцагчийн шийдвэр гараагүй учраас нэхэмжлэгч нар цалин олговрын асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдол нэхэмжлэл гаргах боломжгүй байсан байна.

Иймд анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн эрхийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан аргаар үнэлэн шийдвэрлэсэн байх тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/01112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682.382 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ