Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00179

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  О.Байгалын нэхэмжлэлтэй,

                                хариуцагч Ж.Золбоод холбогдох

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01062 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : О.Байгалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Золбоод холбогдох,

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 114.366.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ж.Золбоогийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Байгал, хариуцагч Ж.Золбоо, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

Нэхэмжлэгч О.Байгал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Золбоо нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 100 000 000 төгрөгийг зээлж аваад 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Уг мөнгөний барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4 дүгээр хорооллын 25 дугаар байрны 09 тоотод байрлах 38 м2 талбайтай 3 өрөө байрыг барьцаалсан. Гэвч Ж.Золбоо нь 2016 оны 02 дугаар сараас хойш үндсэн мөнгөө ч төлөөгүй, хүү ч төлөөгүй төдийгүй бүр сүүлдээ уг өрийг өөрийн эхнэр болох Сувдаагийн дүү үл таних хүн рүү чихэж төлбөр төлөхөөс татгалзаж байгаа. Уг мөнгийг би Голомт банкнаас зээлээр авч өгсөн бөгөөд зээлийн хугацаа хэтэрсэн, банкинд би зээлийн хүүг төлж удаа дараа сунгалт хийлгэж байгаа боловч би өөрөө эдгээр хүмүүсийн өрнөөс үүдсэн хүү зээлийн хуримтлалаас болж одоогийн байдлаар 178 000 000 төгрөгний өртэй байна. Иймд Ж.Золбоогоос үндсэн зээл 76 244 500 төгрөг, алданги 38 122 250 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг барьцаанд тавьсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4 дүгээр хорооллын 25 дугаар байрны 09 тоотод байрлах 38 м2 талбайтай 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Золбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие иргэн О.Байгалаас 2013 оны 11 дүгээр сарын 21-нээс 2014 оны 4 сарын 22-ны хооронд буюу 5 сарын хугацаатай 100 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж өөрийн эхнэр Хадбаатар овогтой Сувдмаагийн дүү болох Хадбаатар овогтой Мөнхнайрамдалд бизнесийн зорилгоор ашиглуулахаар авч өгсөн ба өөрийн амьдран сууж байгаа байраа барьцаалсан болно. Барьцааны гэрээ хийсэн боловч гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэрээний хугацаанд мөнгийг төлж барагдуулах боломжгүй болсон тул иргэн О.Байгалтай ярилцаж тохиролцоод хүүг нь үргэлжлүүлэн төлж байхаар болсон. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хүүг сар бүр тасралтгүй төлж байсан. О.Байгал нь 2015 оны 2 сараас мөнгөний хүүгээ 4.5 хувь болгож өсгөсөн. Бид энэ хугацаанд 96 375 000 төгрөгийг зээлийн хүүнд, 23 756 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасч төлбөр хийсэн ба нийт 120 130 000 төгрөгийг төлсөн байна. Энэ нь анх хийсэн гэрээний дагуу зээлж авсан үндсэн мөнгөө 3.5 хувийн хүүтэй нь төлж барагдуулсан гэсэн үг юм. Гэтэл О.Байгаль нь 114 366 750 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөнөөс буюу байрны үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж гаргуулж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01062 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Ж.Золбоогоос үндсэн зээлийн төлбөрт 76 244 500 төгрөг, алданги 11 436 675 төгрөг нийт 87 681 175 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Байгалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 685 575 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.Золбоо нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-25-9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2101008497 дугаарт бүртгэлтэй 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШЗ2017/03756 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Байгалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729 784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Золбоогоос улсын тэмдэгтийн хураамжид 596 356 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Байгалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Золбоо давж заалдсан гомдолдоо:

Би О.Байгалиас 2013 оны 11 сарын 21-ээс 2014 оны 4 сарын 22-ныг хүртэл буюу 5 сарын хугацаатай 100.000.000 төгрөгийг сарын 3,5%-ийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж өөрийн эхнэр Хадбаатар овогтой Сувдмаагийн дүү болох Хадбаатар овогтой Мөнхнайрамдалд бизнесийн зорилгоор ашиглуулахаар авч өгсөн. Ингээд 2013 оны 12 сарын 21-ээс 2016 оны 1 сарын 23 хүртэл сар бүр тасралтгүй хүү төлж ирсэн ба энэ хугацаанд 96.375.000 төгрөгийг зээлийн хүүнд, 23.756.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасч төлбөр хийсэн ба нийт 120.130.000 төгрөгийг төлсөн байна. Энэ нь би гэрээнд заагдсан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Харин шүүхээс хугацаа хэтрүүлсний алданги 11.436.675 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд надаас шүүх үндэслэлгүйгээр 76.244.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа тул хасч тооцож өгнө үү гэжээ.

                                         ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Байгал нь хариуцагч Ж.Золбоод холбогдуулан үндсэн зээл 76.244.500 төгрөг, алданги 38.122.250 төгрөг нийт 114.366.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв дүгнэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, шүүхийн дүгнэлт хэргийн байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Хариуцагч Ж.Золбоо 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 100.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлж авсан ба энэ талаар талууд маргаагүй байна.

Шүүх хариуцагч Ж.Золбоогоос үндсэн зээл 76.244.500 төгрөг, алданги 11.436.675 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч О.Байгал хариуцагч Ж.Золбоо нар зээлийн гэрээний гол нөхцөл зээлийн хүү, хугацааны талаар харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба зээлийн хугацааг 2016 оны 2 дугаар сар хүртэл сунгасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч О.Байгал зээлийн гэрээний хугацааг сунгаж 2016 оны 2 дугаар сар хүртэл хариуцагч Ж.Золбоо зээлийн хүү төлж байсан гэж тайлбарлаж байх боловч зээлийн хугацааг хэрхэн сунгасан эсэх нь тодорхой бус гэрээг бичгийн хэлбэрээр сунгаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “...зээлийн гэрээг бичгээр байгуулна, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана...” гэж заасны дагуу хариуцагчаас зээлийн хүү тооцож авах эрх үүсэхгүй юм.

Хариуцагч Ж.Золбоогийн шүүхэд гаргасан “...үндсэн зээл 100.000.000 төгрөгнөөс 23.756.000 төгрөг төлсөн, зээлийн хүүд тооцож 96.375.000 төгрөг нийт 120.130.000 төгрөг төлсөн...гэх тайлбар, татгалзлалыг нэхэмжлэгч О.Байгал үгүйсгэж чадаагүй, тэрээр нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримт ирүүлэх хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Ж.Золбоо нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн төлбөрт нийт 167.500.000 төгрөг /үндсэн зээл-100.000.000+хүү 17.500.000+алданги 50.000.000/ төлөхөөс хариуцагчийн төлсөн 120.000.000 төгрөгийг хасч зээлийн төлбөрт 47.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.Золбоо нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох улсын бүртгэлийн 2101008497 дугаарт бүртгэлтэй 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ж.Золбоогийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539.172 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01062 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Ж.Золбоогоос үндсэн зээлийн төлбөрт 76 244 500 төгрөг, алданги 11 436 675 төгрөг нийт 87 681 175 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Байгалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 685 575 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.Золбоогоос зээлийн төлбөрт нийт 47 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Байгалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 66 866 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож,

Шийдвэрийн 4 дэхь заалтыг “...хариуцагч Ж.Золбоогоос улсын тэмдэгтийн хураамжид 596 356 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Байгалд олгож...” гэснийг “...хариуцагч Ж.Золбоогоос улсын тэмдэгтийн хураамжид 395 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Байгалд олгож...” гэж өөрчилж,

Шийдвэрийн 3, 4, 5 дугаар заалтыг 2, 3, 4 дугаар заалт болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ж.Золбоогийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539.172 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                      Б.БАТТӨР