Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 607

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Н.М-д холбогдох 

3 633 000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Г.Э, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Н.М нь 2013 оны 09 сарын 23-ны өдөр надтай уулзаад Архангай аймгийн Тариат сумын төвд хийх биеийн тамирын талбайг хийгээд өгөөч гэсний дагуу тус талбайг 2013 оны 09 сарын 23-ны өдрөөс 10 сарын 24-нийг дуустал 31 хоногийн хугацаатай хийж дуусган сумын комисст хүлээлгэн өгсөн. Мөн тус ажлыг хийхэд 56 ширхэг уут цемент орсон бөгөөд нэг бүрийн үнэ нь 13.000 төгрөг болсон. Үүний нийт үнэ 728.000 төгрөг болсон. Ажлын хөлсийг 3.500.000 төгрөгөөр тохирсон бөгөөд үүнээс Н.М нь 1.500.000 төгрөгийг өгсөн. Одоо ажлын хөлсний үлдэгдэл 2.000.000 төгрөг, 8 ширхэг дүнзний үнэ 200.000 төгрөг, нийт 2.918.000 төгрөгийг хариуцагч Н.М-аас  гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: 2012 оны намар Тариат сумын төвд биеийн тамирын талбай барих тендерийн ажлыг Улаанбаатар хотын Чонотын хөндий гэдэг ХХК гүйцэтгэхээр болж тус компаний захирал Д.Б Тариат сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Миний бие Чонотын хөндий ХХК-ийн захиралтай уг ажлыг суманд хийлгэхээр тохиролцсон ба Д.Э –д энэ тухайгаа АЗЗА компаний захирлын өрөөнд ярьсан нь үнэн. Тухайн үед Д.Э нь тус суманд сургуулийн биеийн тамирын талбай байгуулах ажилтай, хамтдаа хийе гэсэн. Гэхдээ бид ажлын хөлс тохироогүй. Тухайн үед мөнгөний хэрэгтэй гэсний улмаас Д.Б надад бэлнээр 4.000.000 төгрөг өгснөөс 1.500.000 төгрөгийг Д.Э-д 100.000 төгрөгийг эхнэр Д-д нь өгсөн. Үлдсэн 2.400.000 төгрөгөөс 6 тн цемент 1 тонныг нь 130.000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн үнээр бодож Тариат суманд амьдардаг С.Ж-с худалдан авч, үлдэх 1.620.000 төгрөгийг Тариат сумаас авч ажиллуулсан 4 хүний хөлсөнд өгсөн. Д.Б надад өөр хөлс мөнгө ч өгөөгүй. Тухайн ондоо намар орой болж хүйтэн орсон гээд Тариат сум ч компаний ажлыг хүлээж аваагүй. Дараа жил нь хүлээлгэн өгсөн эсэх, дутуу зардлаа авсан эсэхийг мэдэхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Н.М-тай хийсэн ажил гүйцэтгэх хэлцлийн дагуу тохирсон хөлсийг гаргуулах /ажил гүйцэтгэх аман гэрээний үнийн үлдэгдэл 2728000 төгрөг, шүүх хуралдаантай холбогдуулан гаргасан зардал, бодит хохирлыг /байр хоол, унаа, тээвэр, бусад зардал 705000 төгрөг/ нэхэмжилж байна. Найман ширхэг дүнз модны үнэ 200000 төгрөг, нийт 3633000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх шаардлага гарсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын агуулга нь ажил гүйцэтгэх хэлцлийн дагуу тохирсон хөлсийг гаргуулах, гэрээний өмнөх үлдэгдэл 2728000 төгрөг, шүүх ажиллагаатай гарсан бодит хохирлыг гаргуулах 775000 төгрөг, 80 ширхэг дүнз модны 200000 төгрөг нийт 3633000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн утга: М нь 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Азза-ххк-ын захирал Б-ийн өрөөнд Э-тай уулзсан. Архангай аймгийн Тариат сумын  төвд “ Эрүүл амьдрал “ биеийн тамирын тоглоомын талбайг байгуулахаар тохиролцсоны дагуу Эрдэнэбат нь 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр талбайг байгуулах үйл ажиллагааг эхэлж, 30 хоногийн хугацаатай 21 хоногт барьж дуусгаад комисст хүлээлгэн өгсөн боловч намар сэрүү орсон учраас тухайн үед Тариат сумын Засаг даргын бүрэлдэхүүн хүлээн авах комиссын хүсэлтээр 2014 оны хаварт нь хүлээж авсан байдаг. М нь ажил гүйцэтгэх хөлсийг анх 5000000 төгрөг гэж тохиролцож байсан боловч их байна гэсэн хүсэлтээр 3500000 төгрөг болгосон байдаг. Ажил гүйцэтгэлийн эхэнд урьдчилаад 1500000 төгрөг өгөөд үлдэгдэл хөлсийг ажлын үр дүнг хүлээн авсны дараа өгөхөөр тохиролцож ажлыг эхлүүлсэн. Ажил гүйцэтгэх явцад 56 ширхэг уут цементийг М нь одоогоор Э ах та гаргаж байгаач гэхэд ажлын гүйцэтгэлд зориулж 56 ширхэг уут цементийг Э өөрөөсөө гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад 56 ширхэг уут цемент орж байгаа. 2014 оны хавар тоглоомын талбайг хүлээлгэн өгөөд Мөнхсайханаас одоог хүртэл үлдэгдэл 2000000 төгрөг, 56 ширхэг уут цементийн 728000 төгрөгийг авч чадалгүй цагдаа, шүүхийн байгууллагад хандсан байдаг. Энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил 3 сарын хугацаатай явагдаж байна. Анх 5 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авснаар хэрэг үүсгэсэн байдаг. 2018 оны 04 дүгээр сард шүүх хуралдаан хойшилж, Мөнхсайхан нь эвлэрэх санал тавьсан байдаг. Тухайн үед М Э-тэй 1500000 төгрөгөөр тохиролцох санал тавьсан байдаг боловч үр дүнд хүрээгүй. Тохиролцохын өмнө дүрс дуу бичлэгийг хийсэн байдаг. Дүрс, дуу бичлэгийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. М өөрийн үйл хэргээ тайлбарласан бичгийг үйлдэж гарын үсэг зурсан байдаг. М нь Архангай аймгийн Тариат сумын “Эрүүл амьдрал” хүүхдийн тоглоомын талбайг байгуулахаар тохиролцон үнэ хөлсийг Э-д өгөхөөр амласан байдаг. М нь Чонотын хөндийн ххк-тай тохиролцож түүний захирлаас тодорхой хөлсийг авсан байдаг. Тариат сумын Засаг даргаас 2012 оны 04 дүгээр сард тендер зарлаад тухайн тендерээр “Чонотын хөндий” ХХК нь “Эрүүл амьдрал” хүүдийн тоглоомын талбайг барьж байгуулахаар болсон байдаг. “Чонотын хөндий” ХХК-ны захирал Б нь М-тай 5000000 дээш мөнгөн дүнгээр тохиролцсон байдаг. Үүнийг Эрдэнэбат сайн мэддэггүй. Тухайн тохиролцооны үндсэн дээр АЗЗА ххк-ын захирал Б-ийн өрөөнд Э-р хийлгэхээр болсон. Энэ нь давхар гэрээ байгуулсан гэсэн үг юм. Эцсийн үр дүнд Э тоглоомын талбайн ажлыг гүйцэтгэсэн. Захиалагч нь М, Э нар байсан байна. Үүргийн гүйцэтгэлийн хувьд шаардах эрх, М-аас нэхэмжлэх нь зүйтэй. Анх тохиролцсон хүн нь М.  Ямар объектыг хэрхэн яаж хийх талаар тохиролцож ажлын бүрэлдэхүүнийг Э өөрөө гаргасан. Гэрээний үр дүнг бол хэрхэн тохиролцсоныг Э, М хоёр мэдэж байгаа. Бичгээр хийсэн хэлэлцээр байхгүй, аман хэлэлцээрийн дагуу М-ы мэдүүлэг бичигдмэл нотлох баримт бусад гэрчийн мэдүүлэг болон дүрс бичлэгийг үзэх юм бол бид нэхэмжлэгч Э, Иргэний хууль болон бусад хуулийн дагуу шаардах эрхтэй гэж үзэж байна. Э-ын гэр нь Улаанбаатар хотод харьяалал нь Архангай аймагт байгаа. Тийм учраас шүүх хуралдаанд ирж очих зардал шүүн таслах ажиллагаанаас болсон гэж үзээд гэм хорын хохирлыг нэхэмжилж байна. Гэм хорын бодит хохирол буюу 705.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг бол хавтаст хэргийн хүрээнд тодорхой баримтыг хүрээнд нэхэмжилсэн. Шүүн таслах ажиллагаанд 2017 оны 03 сарын 06, 2017 оны 07 сарын 17, 2017 оны 11 сарын 06, 2018 оны 04 сарын 13 гэх мэтчилэн хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд хойшлох болгонд нэхэмжлэгч талд бодит хохирол учирч байсан. Иргэн М, Э хоёрын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг шүүх тогтоож ямар төрлийн хэлэлцээр байсан, шаардах эрх нь хэнд байсан, үүрэг нь хэнд байгааг шүүх шийдэхийг хүсэж байна. Улсын тэмдгийн хураамж төлсөн гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүрээн зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2012 он, 2013 он уу гэдгийг ялгааг харах ёстой байсан. Гэрчийн мэдүүлгээр 2012 оны намар 09 сар, 10 сард энэ үйл ажиллагаа явагдаж байсан гэдгийг нотолдог. М нь өөрийн тайлбартаа 2012 он гэсэн тайлбар хэлсэн байдаг. Энэ байдлаас харахад 2012 оны намар болжээ, өнөөдөр энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ажлын гүйцэтгэлийн талаар гол маргаан байдаг. М-ы хүсэлтийн дагуу Э, М хоёр  өмнө нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзвэл ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл маргаан бүхий талбайг М-ы мэдэлд хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгсөн бол өгсөн гэдгээ нотлоогүй учраас үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлага биш байна гэж үзэж байна. М-ы хувьд хариуцлага хүлээх учиргүй юм байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Цементийн хувьд өөрийнхөө материалаар барьсан гэдгээ нотлоогүй энэ хэсэг бол нэхэмжлэлд хамаарагдах үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй үндэслэл болохгүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэв. 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь Н.М-аас 3 633 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

1.Ажлын хөлс 2 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Хариуцагч Н.М нэхэмжлэгч Д.Э-тай Тариат суманд хүүхдийн тоглоомын талбай барих ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар / хх-14х, 117х/,  А.Б-ийн тодорхойлолт / хх-91х/, гэрч Ч.Б-ийн  мэдүүлэг / хх107х/, гэрч Д.Ж –ын мэдүүлэг /хх-198х/, гэрч П.Ч-ийн мэдүүлэг / хх-208х/ зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний талууд ажлын үр дүн бий болохоос өмнө хөлсний зарим хэсгийг буюу бүхэлд нь төлөх талаар тохиролцох боломжтой бөгөөд хэдийгээр хариуцагч тал ажлын хөлс тохиролцоогүй гэх боловч гэрч Д.Ж-ын мэдүүлэг, А.Б-ийн тодорхойлолтоор ажлын гүйцэтгэлийн хөлсийг 3 500 000 төгрөгөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Уг тоглоомын талбайн ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо хүлээлцсэн эсэх тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй боловч хүүхэд тоглох зориулалтын дагуу ашиглагдаж байгаа болох нь гэрч П.Ч-ийн мэдүүлэг / хх-208х/-ээр тогтоогдож байна. Мөн хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан хүүхдийн тоглоомын талбайг гэрэл зургаар харуулсан баримтыг хариуцагч тал маргаагүй тул ажлын гүйцэтгэлийн үр дүн доголдолгүй гэж үзлээ.

Тариат сумын хүүхдийн тоглоомын талбайн ажил эхлэхэд хариуцагч Н.М нэхэмжлэгчид 1 500 000 төгрөг төлсөн үйл баримтыг талууд маргаагүй зөвшөөрдөг. Иймд ажлын хөлс үлдэгдэл 2 000 000 төгрөгийг хариуцагч Н.Мөнхсайханаас гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгох нь зүйтэй. 

2. Нэхэмжлэгч 56 уут цемент ажлыг гүйцэтгэхдээ ашигласан, уг цементний үнийг гаргуулна гэж нэхэмжилж байгаа, хавтаст хэргийн 218 дугаар хуудсанд 2,8 тн цементний үнэлгээ авагдсан боловч боловч өөрийн 56 уут цементээр ажил гүйцэтгэсэн гэдгээ баримтаар нотлоогүй тул цементний үнэ 728 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. 

3. Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Н.М ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд хандахад гарсан зардал 705 000 төгрөг нэхэмжилсэнээс 

Нэхэмжлэгч Д.Э .... хаягт оршин суудаг болох нь ... дугаар хорооны засаг даргын 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 1402 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт Улаанбаатар хотоос шүүхэд ирсэн буцсан шатахууны зардалд баримтаар / хх 227-230, 235-238, 245, 246х / нотлогдож байгаа нийт 303500 төгрөгийг  хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол мөн гэж дүгнэн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон үлдэх 401500 төгрөгийг баримтаар нотлогдохгүй байх тул гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. 

 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас “Э миний ажилчдад олгосон цалин,  шатахууны зардлын жагсаалт” гэсэн гар бичмэлийг нотлох баримтаар өгсөн боловч энэ нь хариуцагчид учирсан хохирлыг нотлохгүй байна. Мөн мэргэн гүн аудит ХХК-д үнэлгээний хөлс 40 000 төгрөг төлсөн баримт байх боловч нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ажлын хөлсөнд үнэлгээ гаргаагүй учир энэ зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

4. Найман ширхэг дүнз модны үнэ 200 000 төгрөгийг 2018 оны 04 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэхэмжилсэн боловч энэхүү шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзсан болно. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа хэмжээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч Н.М-аас  нийт 2 303 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагаас 1 329 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 61650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.М-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгийн хураамж 51806 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: 

Хариуцагч тал 2012 оны намар биеийн тамирын талбай барих ажил хийсэн гэж тайлбарладаг, Тариат сумын Засаг даргын зөвлөл Чонотын Хөндий ХХК нарын “ Эрүүл амьдрал” талбайн ажил гүйцэтгүүлэх гэрээ болон ажлын төлөвлөгөө / хх 114-116х, 118-119х/,  хавтаст хэрэгт авагдсан байх боловч энэ нь нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Н.М нарын тоглоомын талбайн ажлыг хэзээ гүйцэтгэсэн хугацаанд хамааралгүй байна. Мөн нэхэмжлэгч Д.Э хариуцагч Н.М нарыг талбайн ажил гүйцэтгэж байсан хугацааны талаар гэрч нар өөр өөр мэдүүлжээ. 

Харин ажлын хөлс төлөх үүргийн гүйцэтгэлийг шаардах хугацааны тухайд гэрч Д.Ж-ын “ Би Э-тай 2013-2014 оноос хойш 2 удаа уулзсан, таарах бүртээ М-с мөнгө нэхэмжилж байгаа тухай хэлж байсан “ гэх мэдүүлэг, гэрч С.Б-гийн “2016 онд Хөвсгөл аймагт ажил хийж байхад Эрдэнэбат манай захиралтай очиход дутуу цалингаа өгөөч гэхэд Э нь би М-с мөнгөө аваагүй байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Д.Э Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд ажлын хөлс төлөхийг шаардаж байсан болох нь тогтоогдож байна. 2017 оны 05 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Д.Э шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 76.2, 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхдээ

1.Дараахь зардлын баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй болно.  

-2017 оны 01 сарын 24-ний өдрийн АР-УБ чиглэлд зорчсон тийзний үнэ 23400 төгрөг /хх-221х/, 2017 оны 01 сарын 23-ны өдөр УБ-АР чиглэлд зорчсон тийзний үнэ 23400 төгрөг / хх-222х/-г нэхэмжлэгч Д.Э шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байсан үед ирсэн буцсан замын зардал байх бөгөөд ямар зорилгоор гарсан зардал нь тодорхойгүй 

-Н.Б, У, С нарын АР-УБ, УБ-АР чиглэлд зорчсон тийзний баримтууд нь нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй 

-2017 оны 03 сарын 22-нд Д.Насанжаргалд 100 000 төгрөг бэлнээр Д.Э-аас шилжүүлсэн баримт нь нэхэмжлэлийн шаардлагад ямар хамааралтай баримт болох нь тодорхойгүй 

2. Нэхэмжлэгч талаас өгсөн дараахь баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй болно. 

-Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгсөн хариуцагч Н.М-ы ярьж байгаа дүрс бичлэг нь хариуцагч хэнтэй ярьж байгаа дүрс байхгүй, хэдийд хийгдсэн нь тодорхойгүй

-хавтаст хэргийн 226, 231-234, 239-244, 247-249 дүгээр хуудсанд авагдсан зардлын баримтууд бичвэр харагдахгүй баларсан 

-Э миний ажилчдад олгосон цалин гэсэн гар бичмэлийн хуулбар / хх-92х/, хүүхдийн тоглоомын талбайн жишиг зураг / 94х/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангахгүй

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч Н.М-с 2 303 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 329 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 61650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.М-аас улсын тэмдэгийн хураамж 51806 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН